Рок поп урлагийн талбарт өөрийн гэсэн хэв маягтайгаар хөл тавьж чадсан залуу дуучин А.Хишигдалай анхны бие даасан тоглолтоо хийлээ. Шоунаас төрсөн од нэртэй хүүхдүүд төдийлөн хол явж гавьдаггүй жишгийг тэр харин эвдэж байгаа гэхэд болох юм. Тэрийгээ ч харуулж “амьд” тоглов. Сонирхолтой нь түүний фенүүдийн олонх нь эмэгтэйчүүд гэдгийг харж болохоор байсан юм. Дуучин гэгдээд тийм ч их хугацааны ард гараагүй ч бусдыг бодвол харьцангуй олон дуутай түүний тоглолтод реппэрүүдийн десант буусан гэдгээрээ өөр бусад тоглолтуудаас ялгарч байсан гэхэд болно. Харамсалтай нь залуусын шүтээн болсон тэдний олонх нь тайзан дээр сархад хүртсэн байдалтай гарцгааж, тоглолтын эзний нүүрийг улайлгасан юм. Уг нь А.Хишигдалайн найз залуу “Опозит” хамтлагийн дуучин А.Гантулга найз бүсгүйнхээ анхны бие даасан тоглолтыг “тасархай” болгох гэж л хип хоп хамтлагуудыг бултаар нь дуудсан гэсэн. Гэтэл нөгөөдүүл нь хэтрүүлж хөөрөөд жаахан эвгүй харагдчихдаг. Гэхдээ тэд А.Хишигдалайн тоглолтыг унагаачихаагүй л дээ.
Хөгжмийн урлагт чамгүй хугацаанд зүтгэж байгаа акулууд хүртэл “амьд” тоглохоос татгалздаг болсон энэ цаг үед тэр амьд хөгжим гэдгийг утгаар нь мэдрүүлсэн тоглолт хийж чадсанд нь талархах нь хэрэгтэй болов уу. Тэр анхны бие даасан тоглолтоо амжилттай болж, бодсоноос нь илүү олон хүн ирсэнд чин сэтгэлээсээ баярлаж байгаагаа хэлж байсан. Тэгвэл бид түүнд амжилт хүсч байна.
П.Урнаа
Сэтгэгдэл (8)