Бөхөд дургүй монгол хүн гэж байхгүй биз. Монголчууд бид эртнээс нааш үндэсний бөхөө дээдэлж ирсэн түүхэн уламжлалтай ард түмэн. Гэвч орчин үед монгол бөхчүүд ард түмнээ баясгаж, баярлуулах нь бүү хэл, сэтгэлд нь сэв суулгаж, улам доромжилж байна гэх яриа газар аваад удаж байна. Яагаад гэхээр сүүлийн үеийн бөхчүүдийг тарианы бөх үү, төрмөл бөх үү гэдгийг ялгахын аргагүй болсон юм.

Дээхнэ үеийн бөхчүүдийн бие хаа, жудаг ёс, боловсон харилцааны хаана нь ч орчин үеийн бөхчүүд хүрэхгүй. Хийлчихсэн бөмбөг шиг хөөчихсөн, гэнэт тариагаар адгуус шиг хүчтэй болж, бие бялдраа сэргээшээр “галзууруулсан” бөхчүүд наадмын маргааш хий нь гарсан шаар шиг л болчихдог. Төрмөл биш таримал, тарианы бөхчүүд сүүлдээ булхайгаа нууж дийлэхээ больж, ил цангаандаа гараад байна. Захаасаа сэргээш хэрэглэсэн нь хагас хугас илэрч хэд гурван сар, жилээр эрхээ хасуулаад дахиад хэнэг ч үгүй барилдаад явж байх болж.
Ж.Мөнхбат аварга 85 кг жинтэйдээ улсын наадамд түрүүлж байсан бол өнөө цагийн жирийн нэгэн бөх л дор хаяж 110 кг жинтэй болчихсон. Мөн дээхнэ үеийн бөхчүүд унаган бяраа хөлс хөдөлмөрөөр уламж нэмж, хүч чадлаа дээд цэгт нь хүргэхийн зэрэгцээ монгол бөхийн уужуу тайван зан, ёс жудгийг утгаар нь хадгалж явж чадаж байлаа. Харин яагаад орчин үеийн бөхчүүдийн ааш авир адсага шиг болж, ард түмнийхээ өмнө яс булаалдсан ноход шиг зодолдож шившгээ тарих болсныг нарийвчлан үзвэл допинг буюу сэргээш хэрэглэхээр тухайн хүний бие бялдар, хүч чадал зохиомлоор богино хугацаанд гэнэт нэмэгдэхээс гадна зан аашинд нь ч өөрчлөлт ордог аж. Үүний улмаас л өнөөгийн бөхчүүд барилдаж байх явцдаа ухаанаа алдсан юмуу гэмээр ааш авир гаргаж, ард түмний цэнгэл наадмын зүлэг ногоон дэвжээг нохой зодооны талбай шиг болгох нь элбэгшжээ. Түүгээр зогсохгүй сэргээшнээс болж насаараа ганц бие амьдарч байгаа бөхчүүд ч байдаг хэмээн өөр хоорондоо шивнэлддэг юм байна лээ. Учир нь допинг буюу сэргээшийг олон жил хэрэглээд ирэхээр хүний зан ааш болон бие организм нь өөрчлөлтөд орж, биеийн хүч чадал нь доройтож, эр хүний чадвараа хүртэл алддаг тухай мэргэжлийн эмч нар дурьдсан нь бий.

Хүү төрвөл “Бөх болоорой” хэмээн зөвхөн монголчууд бид л ерөөдөг байлаа. Харин ойрын жилүүдэд бөхчүүдийн увайгүй зан, жудаггүй үйлдлээс болж хүүхдээ ингэж ерөөх хүн цөөрсөн биз. Уг нь бөхчүүдийг гүндүүгүй, уужуу тайван жинхэнэ монгол эрчүүдийн төлөөлөл болсон хүмүүс хэмээн үнэлж дүгнэдэг. Харин одоо бол яг эсрэгээрээ, монгол бөхчүүд гудамжинд хэрүүл зодоон хийж, арван жилийн бацаануудаас ялгарах юм ер алга болсон гэхэд дэгсдүүлсэн болохгүй л байх. Янз бүрийн эм бэлдмэл хэрэглэснээс болоод барилдаж эхлээгүй байхдаа л хар хөлс нь цувж, хамаг байдгаараа уурладаг энэ цагийн бөхчүүд эцэстээ барьц сонгохыг илүүд үзэн барилдахчаа аядах мэт. Ийнхүү монгол бөх биш “турбо”-той бөхчүүд, допингийн бөхчүүд хэмээн янз бүрээр нэрлэгдэх болжээ. Энэ байдал удаан үргэлжлэх юм бол “Монгол бөх” гэх энэ тодотгол энэ глобалчлалын эринд улам л бүдгэрэх биз ээ.
Нэгэн наадамд амжилт гаргах гэж өөрийгөө төдийгүй өргөн олноо хуураад хаа ч хүрэх билээ. Зөвхөн улсын наадамд барилддаг бөхчүүд биш аймгийн наадам, бүр сумын наадамд зодоглодог бөхчүүд хүртэл уураг, допингийн төрлийн бэлдмэлийг утгаар нь хэрэглэж сурсан хэмээн яригдах болж. Олны үг ортой гэдэг болохоор энэ бүхэн үнэнд тун ойрхон таарна л даа. Тэгээд ч бөхчүүдийн бай шагнал улам өсөж байгаа тул бөхчүүд сэргээш хэрэглэх нь улам газар авч байгаа байх л даа.
Энэ жилийн тухайд анх гурван бөх сэргээш хэрэглэсэн хэмээн Монголын Үндэсний Бөхийн Холбооноос албан ёсоор зарлачихаад хэсэг хугацааны дараа гурав биш хоёр болж хувирлаа. Жилийн жилд энэ асуудал үргэлж хэл ам дагуулсаар эцэстээ өөр хоорондоо хэрэлдэж бие биеийнхээ булхайг дэлгэцгээдэг.
Гурван бөх байснаа яагаад хоёр болчихов? гэдэг асуулт олон хүний анхаарлыг татсан нь зүй. Энэ их сонин. Анхны шинжилгээний хариунаас гурван бөх гэж ирээд хоёр дахь шинжилгээнд явах дээрээ тулахад хоёр болж хувирсан хачирхалтай явдал хаа хүртэл үргэлжлэх бол. Уржнан жил хоёр бөх сэргээш хэрэглэсэн нь илэрсэн тул нэг нь чимгээ хураалгаж, нөгөө нь барилдах эрхээ хэдхэн сараар хасуулсан. Ингээд олныг үл нуршин сэргээш хэрэглэсэн бөхчүүд ямар шийтгэл хүртсэнийг сонирхцгооё.
Улсын арслан Х.Мөнхбаатар
- Улсын арслан Х.Мөнхбаатарын тав, зургаа долоогийн давааг хүчингүй болгож,
“ Чимэг”-ийг хураах шийдвэр гарсан. Үүнд арслан Х.Мөнхбаатар МҮБХ-ны тэргүүн буюу “дархлагдсан тэргүүн” хочтой Р.Нямдоржтой тэрсэлдэж, бие биенийхээ нууцыг дэлгэсэн. Ийнхүү Улсын арслан Х.Мөнхбаатарт тавын даваанд унасан улсын начин Ж.Оргилд өсөх идэр чимэг, зургаагийн даваанд унасан улсын начин Ж.Амартүвшинд улсын харцага цол, долоогийн даваанд унасан улсын начин Т.Санчирт улсын заан цол олгосон билээ.
Улсын начин Б.Сугаржаргал
- Уржнан жилийн баяр наадмын сэргээшийн гол баатар улсын начин Б.Сугаржаргалыг зургаан сарын хугацаар барилдах эрхийг нь хассан. Б.Сугаржаргал улсын начин цол хүртсэн тул Баяр наадмын комиссоос түүний цолыг хураалгүй, харин барилдах эрхийг нь зургаан сараар хасч, харж үзсэн талтай.
Үүнээс өмнө үндэсний их баяр наадмаар авсан допингийн шинжилгээнд олон бөх “унаж” байсан. Сүүлийн 12 жилийн хугацаанд нийтдээ 13 бөхөөс допинг илэрсэн гэсэн мэдээлэл байна. Допингтой нэр холбогдсон бөхчүүдийн дотор А.Сүхбат, Д.Батбаяр, Ц.Сумьяабэйс, Ц.Мягмарсүрэн, Лхагвасүрэн, Д.Рагчаа, Г.Эрхэмбаяр, Ч.Цогбаяр,Б.Соронзонболд нарын бөхчүүдийн нэрс багтсан байдаг. Бөхчүүдийн хэрэглэсэн допингийн гэх бодис нь ихэвчлэн нандролон юм. Нандролон гэдэг нь булчингийн массыг огцом нэмэгдүүлж, хүч чадлыг гэнэт нэмэгдүүлэх үйлчилгээтэй эд ажээ.
Үүнээс гадна монгол бөхчүүдээс олимп, дэлхийн дэвжээнд өрсөлдөж байхдаа допинг хэрэглэсэн хэмээн эрхээ хасуулж, медалиа хураалгаж байсан нь ч бий. 1972 оны олимпийн наадамд Б.Буядаа мөнгөн медаль хүртсэн допинг хэрэглэсэн илэрсэн тул медалиа хураалгасан түүхтэй. Хожим МУГТ О.Пүрэвбаатарын шинжилгээний дээжээс фурасемид гарсан нь мөн допинг хэрэглэсэнд тооцогдсон. Мөн улсын аварга Д.Сумьяабазар Азийн наадамд оролцохдоо мөн допингийн төрлийн бодис илэрч, олон улсын дэвжээнд барилдах эрхээ тодорхой хугацаагаар хасуулсан намтартай.
Зөвхөн бөхчүүд ч бус жирийн залуучууд хүртэл уураг, допингийн төрлийн бэлдмэлийн талаар мэдлэг өндөртэй болсон гэсэн шүү. Харц булаам сайхан биетэй бөхчүүд байх л юм. Гэвч тэднийг төрмөл ч биш, таримал ч биш харин тарианы бөхчүүд гэж олон нийт ярилцах болсныг өөрсдөө ч мэддэг биз ээ.
Ямартай ч энэ жилийн сэргээшийн дуулиан нэгэнт дэгдээд байна. Харин хэдэн бөхийн нэр допингтой холбогдож, ямар шийтгэл хүлээж, бас ямархан дуулиан тарихыг цаг хугацаа харуулах биз ээ. Мөнгө төгрөг муутай, танил тал муутай бөхчүүд нь л сэргээш хэрэглэсэн хэмээн хэлүүлж илчлэгддэг гэнэ лээ. Мөн Бөхийн холбоотойгоо сайн “ярьж” чадвал ийм асуудал гарахгүй гэж бөхчүүд нь өөр хоорондоо ярилцдаг гэсэн.
Тэгэхээр энэ жил ямар “азгүй тахиа” нь сэргээш хэрэглэж нүдний булай болох бол?
Гэхдээ ичих булчирхайгаа нэгэнт гээчихсэн бөхчүүд өвөр хоорондоо хэрүүл хийж, зодоон нүдээн болж, сэргээш хэрэглээд хэдэн сар, жилээр эрхээ хасуулчихаад ичих ч үгүй дахиад барилддаг нь гэм биш зан болжээ. Энэ жил хэн нь допингтой “учирчихаад” ичих булчирхайгаа алдахыг харж л сууя.

М.Сонор
Сэтгэгдэл (28)