Харь оронд сурч боловсорсон Монголчуудаа нутагтаа буцаж ирэхийг уриалахгүй бол гэмтэй болсон цаг билээ. Тэгвэл Санкт-Петербург хотын Хөгжмийн дээд сургуулийг хийлч мэргэжлээр төгссөн анхны Монгол оюутан М.Хулан эх орондоо эргэн ирээд удаагүй байхдаа бие даасан тоглолтоо хийлээ. Сурч мэдсэнээ түмэн олонд толилуулах, бусадтай хуваалцах гэсэн харамгүй ертөнцтэй энэ бүсгүйн анхны тоглолтыг үзсэн хүмүүс түүгээр бахархаж байгаа болов уу. Түүнтэй ярилцсанаа хүргэж байна.

-Уулзах хүсэлтийг минь хүлээн авсанд талархлаа. Өөрийгөө манай уншигчдад тодорхой танилцуулаач?
-Намайг Мөнхсайханы Хулан гэдэг. Одоо 24 настай. Санкт-Петербург хотын Хөгжмийн дээд сургуульд хийлч мэргэжлээр суралцан бакалавр, магистр зэрэгтэй төгсөж ирсэн. Тус сургуулийг төгссөн анхны Монгол хийлч болсондоо маш их баяртай байдаг. Манай гэр бүлийн тухайд аав, ээж хоёр маань хоёулаа төрийн байгуулагад ажилладаг. Би нэг дүүтэй айлын том охин.
Би Хөгжим бүжгийн коллежид суралцаж байгаад 2009 онд Орос руу явж суралцсан юм. Тэгээд энэ жил Монголдоо буцаж ирсэн.
-Яагаад заавал хийлч болчихов. Хэн чамайг энэ салбарт хөтлөв?
-Анх зургаан настайдаа хийлийн бэлтгэлд явж, долоон настайдаа сургуульд нь элсэн орж байлаа. Надад хамгийн анх хийл зааж байсан багш н.Алтанцэцэг гэж хүн байдаг. Манай ээж, аав хоёр урлагт маш их дуртай хүмүүс байдаг. Миний ээж балетийн бүжигчин болохыг мөрөөддөг байсан гэсэн. Тэр мөрөөдөл нь биелээгүй болохоор охиноо урлагийн мэдрэмжтэй, урлагийн хүн болгоё гэж шийдсэн гэдэг. Тэгээд Хөгжим бүжгийн коллежийн элсэлтийн шалгалт нь эхэлсэн байхыг хараад намайг бүртгүүлж, шалгалтанд оруулж байсан. Тэр үед би шалгалтанд нь тэнцсэнээр хийл хөгжимтэй амьдралаа холбож байлаа.
-Өөрийг тань чамгүй амжилтууд гаргаж байсан гэх юм билээ. Тэр талаараа сонирхуулаач?
- 2002, 2004, 2006 онуудад Ж.Чулууны нэрэмжит Өсвөрийн хөгжимчдийн уралдаанд нэгдүгээр байр эзэлж байлаа. Мөн 2002 оны зун ОХУ-ын Якутск хотноо болсон Хийлчдийн олон улсын мэргэжлийн уралдаанд оролцож байсан. Тэр үед би дөнгөж 4, 5 дугаар ангийн хүүхэд байснаа санадаг юм. Тэрнээс хойш Турк, Макао, Чехэд зохион байгуулагдсан олон улсын тэмцээнүүдэд тодорхой амжилттай оролцож байсан.
Харин оюутан болсноосоо хойш 2012 онд Ромын филармоний театрт мөн Рива Делгарда хотын тайзнаа, Берлиний филармонид амжилттай тоглоод ирсэн.

-Өөрөө залуу хүн. Анхны бие даасан тоглолтоо хийхээр зориглосон талаараа ярьвал ямар вэ. Ер нь таны тоглолт бусад хийлчдийн тоглолтоос ялгарах онцлог нь юу байсан бэ?
-Миний суралцсан Орос орон бол маш агуу. Ялангуяа Санкт-Петербург хот соёлын өндөр түвшний хот. Тийм болохоор тэр орноос сурсан мэдсэн зүйлээ ард түмэндээ тайлагнахыг хүссэн. Өөрийнхөө хэр авьяастайг таньж мэдье гэдэг үүднээс тоглолт хийхээр зориглосон. Харин тоглолтын нэрээ заавал италиар нэрлэх болсон нь учиртай. Итали хэл бол хөгжмийн хэл хэмээн яригддаг шүү дээ.
Миний тоглолт юуны түрүүнд зохиолууд буюу программаараа онцлог юм. Чайковскийн Вальс Герцог оркестртой тоглож байгаагаара онцлог. Урьд нь зөвхөн төгөлдөр хууртай тоглож байсан бол би соло болон оркестртой тоглолоо. Есөн хөгжмийн зохиолчийн арван хэдэн бүтээл тоглогдсон. Гэхдээ хоорондоо маш нарийн уялдаатай зохиолууд юм.
-Ингэхэд Ч.Дээгий, О.Байгаль гэсэн олонд танигдсан хийлчдээс таны арга барил ч юмуу, ялгарах зүйл ер нь юу гэж та хэлэх вэ?

-Ч.Дээгий эгч бид хоёр нэг багшийн шавь. Хөгжим бүжигт н.Алтанцэцэг багшаас суралцаж төгссөн. Тэднээс юугаараа өөр вэ гэдгийг үзэгчид л ялгаж хэлэх байх гэж бодож байна.
-Таны хамгийн том мөрөөдлийг асуумаар санагдлаа?
-Надад маш их мөрөөдөл бий. Хамгийн том нь гадаад орны оркеструудтай хамтран тоглох, мөн Италийн мастерийн гаргасан Страдивари гээд маш үнэтэй хийл дээр тоглож үзэх, тийм хийлтэй болохыг мөрөөддөг. Гэхдээ тэр хэдэн тэрбум төгрөгийн үнэтэй л дээ. \инээв\ Үнэ болоод чанараас хамаараад хийл хөгжим өөр өөрөөр дуугардаг. Аль болох үнэтэй хийл гоё шүү. Хөгжим сайн байх нь тоглолтонд их хамааралтай юм билээ. Сайн хөгжимтэй бол сайн л тоглолт хийнэ.
Бас нэг мөрөөдөл минь Монголд хөгжмийн сургууль байгуулж сурсан мэдсэнээ олон хүүхдүүдэд заахыг хүсдэг. Энэ мөрөөдөл минь үнэтэй хийлтэй болохоосоо арай биелэх боломж ойрхон. \инээв\
-Цаашид яг уран бүтээлийн чиглэлдээ юу хийхээр төлөвлөж байна?
-Удахгүй CD-ний ажилд орохоор төлөвлөсөн байгаа. Гадаадын уралдаан тэмцээн рүү өөрийгөө сориод бичлэг явуулж, оролцож ур чадвараа харуулахыг боддог. Цаашид өөр олон тоглолт хийнэ. Энэ удаа ганцаараа тоглолт хийсэн бол, цаашид дөрвөл хөгжимчидтэй хамтарч тоглоно гэж бодож байна.
-Баярлалаа. Амжилт хүсье.


П.Урнаа
Сэтгэгдэл (5)