“Төмөр” Тайсон хүний амь аварчээ

Муу нэр, луу данстай нэрт боксчин Майк Тайсон хүний амь аварчихаад  тун даруухан загнасан талаарх  мэдээлэл олны анхаарлыг гойд татаад байна. 20 насандаа мэргэжлийн боксын гурван холбооны аваргын бүсийг гурвууланг нь зүүж, дараа нь Америкийн гоо бүсгүйг хүчиндсэн хэргээр шоронд сууж, гарч ирснийхээ дараа Эвандер Холифилдийн чихийг рингэн дээр хазаж дуулиан тарьж явсан Майк Тайсоныг дэлхий нийт “Bad boy”-ын тод жишээ гэж үздэг. Гэтэл Майк Тайсон хэдхэн хоногийн өмнө автомашины осолд орж, хариугүй амь тавих гэж байсан мотоциклч залууд сэтгэл гарган тусалжээ.

Мотоцикл унах дуртай 29 настай залуу Стивен Стаббз Лас-Вегасын ойролцоох замд давхиж яваад машинтай мөргөлдөж, олон метрийн зайд шидэгджээ. Тэрбээр хэсэг хугацаанд ухаан алдаад сэргэтэл толгой дээр нь “Төмөр” хочит Майк Тайсон зогсоод “Одоохон тусламж ирнэ, чи харин нүдээ л битгий аниарай. Нүдээ аньж болохгүй шүү.  Хүмүүс ээ, наашаа битгий ойрт. Энд хүн осолдсон байна” хэмээн хашгирч байсан гэнэ. Үүнийг харсан Стивен эхэндээ “Үхэхийн өмнө хий юм үзэж байгаа нь энэ юм байх даа” гэж боджээ. Гэвч үнэхээр Майк Тайсон толгойг нь түшээд суучихсан, түүний гурван найз нь хавь ойрын хүмүүсийг өөрт нь ойртуулахгүй хамгаалан зогсож байж. Үүнд итгэж ядсан Стивен утсаараа Тайсоны зургийг авахад алдарт боксчин инээмсэглэжээ.

Удалгүй түргэн тусламжийн тэрэг иртэл Стивен эмнэлэг хүрэх замдаа ухаан алдсан ч эргээд сэргэж чаджээ.

Стаббз  “Тэр надад тусалчихаад зүгээр л яваад өгсөн. Түүнд ямар нэг байдлаар талархснаа илэрхийлж бэлэг явуулья гэтэл “Тайсон эрүүл амьдралын хэв маяг барьж байгаа тул дарс гэх мэт зүйл бол хэрэггүй” гэж төлөөлөгч нь хэлсэн. Тэгэхээр нь би шинэхэн жимсний цуглуулгыг талархсан захидалтайгаа илгээсэн” гэж ярьсан байна.

Тайсоны төлөөлөгч талархлын илэрхийлэл болсон бэлгийг хүлээн авснаа мэдэгджээ. Харин Стаббз одоо эргээд мотоциклын нуруун дээр гарахын тулд дахиад хэд хэдэн хагалгаанд орох ажээ. Гэхдээ Майк Тайсон аминд нь санаа тавьсан тул удахгүй бүрэн эдгэж, дахин хурдан хүлгээ унана гэдэгт эргэлзэхгүй байгаагаа Стаббз хэвлэлд итгэлтэйгээр ярьжээ.

М.Мөнхжин

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (2)

  • зочин
    Сайн байна. Хүний амь нас аварвал алдар нэр өсдөг юм.
    2014 оны 09 сарын 27 | Хариулах
  • Зочин
    Сайн байна. Хүний амь аварвал алдар нэр өсдөг юм.
    2014 оны 09 сарын 27 | Хариулах
  • t1 er bna
    uheh geed hevtej bj zurag darna ain
    2014 оны 09 сарын 26 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025