Үхэл дуудсан барилгууд...

Нэг л өглөө сэрээд харахад бараг л дөрвөн зүг, найман зовхис бүрт шинэ барилгууд сүндэрлэх шахсан нэг л их хурдтай “хөгжил”-ийн цаг үед бид амьдарч байгаа мэт. Аягүй бол эрх баригчид их хотынхоо өнгө зассан хөгжил цэцэглэлтэд онц үнэлгээ өг гэж ард нийтдээ тулгах биз. Учир нь тэдний сэтгэлийн нүдэн дээр сайхан барилга баригдаж байгаа ч, харах нүдэнд гашуун үнэн харагддаггүй. Эсвэл харахыг хүсдэггүй ч байж болох юм.


Тэр гашуун үнэн нь өнөөх гял цал өнгөөр түрий барьсан, өндөр үнэтэй барилгуудын эргэн тойронд болдог ослууд юм. Сэтгэл хэрдхийлгэм аймшигт ослуудын тухай мэдээлэл сүүлдээ иргэдийн чихэнд байдаг л нэг осол мэт хүрдэг болсон гэхэд болно. Гэтэл тэр бүхний цаана хэчнээн хүний халуун амь царцаж байгаа билээ дээ. Барилгын ажил явагдаж байгаа талбай дайны талбар мэт эрдэнэт хүмүүсийн амийг авч байгаа асуудалд бид хэрхэн хандах ёстой болж байна вэ?


Өдөр бүр осол гарч байгаа барилгын салбарт зөвшөөрөлгүй орж ирж, хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа газруудын буруутай үйл ажиллагаанаас гадна зөвшөөрөл авсан хэрнээ хулхи гүйцэтгэлтэй ажилладаг хариуцлагагүй газруудын балаг ч олон байгаа юм. Ерөөс зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй олон барилгын чанартай чанаргүйг дагаад өндөлзөх асуудал цөөхөн биш. Хаана ямар барилгаас төмөр унаж, тархи толгой хагалах бол, кран унаж яаж дарж алах бол гэсэн айдас хүмүүст байдаг болсныг хэлэх хэрэгтэй.
Хайран сайхан залуусын, хайрлам хөөрхөн дүү нарын амь нас хохирсон тохиолдол өч төчнөөнөөрөө тоологдоно. Эцэст нь энэ бүх хэрэг эзэн холбогдогчгүй болж, хариуцлага хүлээх хүнгүй үлддэг нь бодит дүр зураг.  


Манай улсад сүүлийн гурван жилд барилгын салбарт 1203, үйлдвэрлэлийн осолд 1280 хүн өртөж, тэдгээрээс 213 нь эрдэнэт амиа алдсан гэсэн харамсалтай тоо баримт бидний өмнө байна. Харин он гарсаар 12 хүн нас баржээ. Эдгээр осолд  18-аас доош насныхан буюу хүүхдүүд өртөж амь насаа алдсан тохиолдлууд олон байгаа юм.  

Баримт 1: “Тэнгис” кино театрын урд баригдаж байсан 16 давхар барилгын дээрээс унасан бэхэлгээний төмөр зам дээр явсан оюутан залуугийн толгой дээр унаж амь насыг нь хохироосон.  
Баримт 2: “Макс” группын захиалан гүйцэтгүүлж байсан “Crown center”-ийн барилга дээрээс долоон метрийн урттай, бэхэлгээний төмөр замын хөдөлгөөнд оролцож явсан машины дээр унаж 36 настай залуугийн амь насыг хохироосон.

Баримт 3: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр “Саппоро”-гийн тойргоос 3, 4-дүгээр хороолол руу эргэдэг замын хажууд баригдаж байсан барилга дээр ажиллаж байсан кран унаж дэргэдүүр нь өнгөрч явсан 12 настай охины амийг хөнөөсөн.  
Баримт 4: Энэ сарын 8-нд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр дэх “River Stone” хотхоны барилга дээр ажиллаж байсан гурван залуу унаж амь насаа алдсан бөгөөд хамгийн бага нь 17 настай байсан.  
Баримт 5: Хамгийн сүүлд л гэхэд энэ сарын 23-нд Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд “Илсон деволопмент” компанийн захиалгаар “Зуншин” компанийн барьж буй “Труэ-Эл” орон сууцны 103 дугаар барилгаас 18 настай эмэгтэй унаж амь насаа алдсан хэрэг гарсан юм.
Эдгээрээс үзэхэд барилга дээр гарч буй осол аваарууд нь ихэвчлэн бүрэн бус өргүүрийг ашиглах, мэргэжлийн бус хүмүүс ажиллаж байсантай холбоотой харагдаж буй юм. Дүрэм журмын дагуу бол осол гараад байгаа дүүжин өргүүрүүдийг улсад бүртгүүлж мэргэжлийн хяналтын байгууллагаас ажиллах тусгай зөвшөөрөл авах ёстой байдаг. Тусгай зөвшөөрөл авсан магадлан итгэмжлэгдсэн байгууллагууд тухайн ажлыг гүйцэтгэх ёстой байдаг. Барилга дээрх туслан гүйцэтгэгч компани мэргэжлийн байгууллага байх ёстой байтал зардал мөнгөө хэмнэх зорилгоор өөрсдөө хийх, гадны хүнээр хийлгэх тохиолдол олон байдаг нь осолд хүргэдэг аж.  
Харин ослын гол буруутан нь ерөнхий гүйцэтгэгч компани байдаг. 43 хувь нь техникийн бүрэн бус байдал, 28 хувь нь өндөрт ажиллах заавар зааварчилгаа аваагүй мэргэжлийн бус хүнтэй, 38 хувь нь хөндлөнгийн байгууллагын хяналт байхгүй, зураг төсөл муу гэсэн судалгаа гарсан байгаа юм.


Одоогоор байдлаар Улаанбаатар хотод 3000-аад орон сууцны барилга баригдаж байгаагаас 260 нь нэн аюултай түвшинд ажиллаж байгаа гэдэг дүнг тавьжээ. Үүнээс 150 барилгыг он гараад улсын ахлах байцаагчийн шийдвэрээр зогсоох болсон байна.
Гэвч үүнд тавьж буй хяналт шалгалт тун дутмаг бөгөөд 500 гаруй барилга баригдаж байхад ердөө 10-хан байцаагч ажилладаг гээд бодохоор тун өрөвдөлтэй тоо. Хүний амь насанд хүрчихээд хариуцлага хүлээж, хэрэг үүрсэн байгууллага байдаггүй нь хачирхалтай.
Энэ тал дээр  МХЕГ-аас “Манайх хэрэг үүрүүлэх тал дээр ажилладаггүй. Зөвхөн хяналт шалгалт хийдэг” гэсэн утгатай байр суурь илэрхийлсэн. Тэгэхээр барилгын салбарын осолтой холбоотойгоор хууль шүүхийн байгууллага тааруу ажиллаж байна уу гэдэг асуудал гарч ирж байна. Мөн хариуцлага тооцох хууль эрхзүйн орчин үгүйлэгдэж байна уу гэдэг нь анхаарал татсан асуудал юм.


П.Урнаа

 

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (2)

  • зочин
    барилгын компаниудыг хатуу шийтгэж хариуцлага тооцуулахгүй бол цаашид хэдэн хүний амь насаар тоглох биз
    2014 оны 10 сарын 14 | Хариулах
  • jaja
    aimshigtai ym xezee taivan saixan amidrah ym boldoo ur huuhdee tsetserleg surguulid ni yvuulhaas ch aih ym busad ornuud huniihee tuluu ih sxn l bdg ym bnlee manai uls ch medkuueee.ydaj ur huuhdiin min uyed saixan tsag ireesei bileedeee
    2014 оны 09 сарын 25 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025