
НАЙДАНГИЙН ТҮВШИНБАЯР та суут хөвгүүн юм аа. МОНГОЛ хэмээх зургаан үсэгтэй нэрийг дэлхийд таниулж буй гавьяанд тань талархаад баршгүй нь. МОНГОЛ түмэн өчигдөр хайртай хүүгээ дахин харлаа, үзлээ, хайртай хүүгээрээ бахархлаа, бахадлаа, хайртай хүүдээ баярлалаа. "Лондон-2012” зуны олимпийн XXX наадмын зургаа дахь өдөр Монголчууд мөнгөн медаль хүртлээ. Ийнхүү Н.Түвшинбаяр “Олимпийн анхны аварга” хэмээх намтрын хуудаснаа “Олимпийн анхны хос медальтан” хэмээх бас нэгэн гайхамшигт амжилтыг нэмэн зузаалав...
Энэ бол хэдхэн сарын өмнөх явдал. Бардамнал омогшил дүүрэн мөч. Олимпийн анхны хос медальтан төрсөн тэр өдрүүдэд монгол түмэн цээжиндээ багтаж ядсан бахархал, баяр хөөртэй явлаа. Н.Түвшинбаярыг 2008 оны Бээжингийн олимпод зодоглохоор явахад медаль хүртэнэ гэж хэн ч таамаглаж байгаагүй нь үнэн. Тэрээр битүү “морь” байв. Гэвч тэр үед дасгалжуулагч Насантогтох “Манай Түвшээ нэг унасан хүндээ дахиж унадаггүй, гартаа их бяртай хүүхэд. Яахав шуугиж ярихгүй байгаа нь ч дээр. Хэл амны сүүдэр тусчихна. Энэ хүү юм дуулгана даа” хэмээн олимпийн өмнөхөн дотныхоо хүмүүст хуучилж байсан гэдэг. Үнэхээр тэрээр багшийнхаа итгэлийг алдаагүй. Монголын ард түмэн түүнийг “Хясаанд нуугдсан сувд” хэмээн тодорхойлсон нь ийм учиртай.

Юутай ч жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд зодоглосон Монголын хүү олимп дараалан шигшээ барилдаанд шалгарч, дэлхийд данстай тамирчин болохоо харуулсан. Басхүү “Бээжин-2008”-ын алтан медаль аз байгаагүйг нотолсон билээ.
Тэртээх зуны ХХIX наадмын дараа бэртэл гэмтэлийн улмаас спортын амьдралаас бага зэрэг хөндийрсөн түүнийг их спортдоо эргэн ирэх эсэх талаар хүмүүсийн дунд хүлээлт үүсээд байсан нь нууц биш юм. Нэгэнт тамирчны үүргээ нэр төртэй биелүүлж, олимпийн тэнгэрт эх орныхоо алтан соёмбот далбааг намируулж, төрийн дууллыг анхлан эгшиглүүлсэн болохоор тайван амьдралыг сонгох эрх түүнд байсан. Гэсэн ч тэр энэ замыг сонгоогүй. Бэлтгэл сургуулилтаа өмнөх шигээ хийж чадаагүй түүний Бээжингийн олимпоос хойшхи тэмцээний эхлэл 2009 оны Зүүн Азийн наадмаар эхэлжээ. Жиндээ орох, формдоо дасах, та бидний мэдэх , мэдэхгүй тамирчин хүний нарийн ширийн асуудал, бэрхшээлүүд тулгарч, тэмцээнүүдэд багагүй ялагдал хүлээсэн нь түүнийг хайр найргүй шүүмжлэгчдийн өмнө “сөхрүүлэхэд” хүргэсэн.
Тиймдээ л “Н.Түвшинбаяр аваргын алдрыг азаар авсан” хэмээн эндүүрэгсдийн тоо ихэссэн хэрэг.
Уг нь мундаг аваргаа мундагаар нь байлгаж, бэртлийг нь эдгэртэл сэтгэлийг нь мохоочихгүй байх эрхэм үүрэг сэтгүүлч бидний үзэгний үзүүрт оршиж байлаа. Харамсалтай нь түүний бие шархирч бэртэл нь эдгэрэхгүй явах тэр хар өдрүүдэд бидний хэсэг нөхөд “балбасаар” дараагийн олимпитой золгуулсан нь даанч тоогүй. Аваргаа гэх ард түмний итгэл ч мохсон байж болох юм. Ер нь бүх зүйл өөрчлөгдсөн л дөө. Гэхдээ ганцхан зүйл өөрчлөгдөөгүй, хувираагүй. Тэр нь тамирчин хүний тэсвэр тэвчээр, хатуужил, эр зориг. Бас аваргын зангараг.
Бээжингийн татамид өнгөлөг байж, өөрийгөө тунхагласан шигээ Лондонд ч тэр мэдрүүлээд өгсөн. Аварга хүн аваргаараа төрдөг болохыг харуулсан. Гарлаа, өрлөө, дэвлээ гэдэг шиг... Хэлэх үгээрээ биш хийсэн үйлдлээрээ, барилдсан барилдаанаараа тэр ойлгуулсан, ухааруулсан юм. Түвшээ аварга шигшээд шалгарч мөнгөн медалийн төлөө Солонгосын тамирчинг юүко үнэлгээгээр дийлсэн тэр мөчид монгол хүн бүр нүдэндээ нулимстай зогссон нь мэдээж. Учир нь энэ үед түүний Бээжингийн олимпоос өмнө авсан ужиг бэртэл сэдэрсэн ч шүд зуун барилдсаар мөнгөн медалиа өвөртөлсөн явдал юм.
Энэ л түүний давуу тал. Гуулин улсын эр Азийн наадмын хошой аварга, Азийн АШТ-ий хошой мөнгөн медальт гээд шилдгүүдийн нэг байсан гэхээр...
Ийнхүү дэлхийн шилгүүдийг ээлжлэн сөхрүүлсэн тэрээр алтан медалийн төлөө дэлхий болон Европын аварга, ОХУ-ын жүдоч Тагир Хайбулаевтай өрсөлдөн ялагдсан. Ямар нөхцөлд, ямар барилдаан болсныг тив дэлхийн хүн бүр харсан, үзсэн. Эндээс л Монголчууд Түвшээ аваргаараа улам бүр омогшсон. Бас түүнийг хайрласан, хүндэлсэн. Түүнээс хүлцэл өчсөн. “Ээ дээ бэртэл аваагүй бол ч...” хэмээн бид бүгд мянга толгой сэгсэрэвч аварга маань харин эсрэгээрээ “унасан бөхөд шалтаг мундахгүй гэдэг шиг одоо эргэж гэмшээд яахав” хэмээн гүдэс шулуухан хэлсэн нь түүний мөн чанарыг илтгэх мэт санагдсан. Энэ л монгол эр хүний, тэр тусмаа тамирчин хүний зан юм. Ийм алдар гавьяа, хүч чадлын эзэн тэрээр манай сэтгүүлээс анх удаагаа тодруулсан спортын “Гранд мэн”-үүдийг өнгөлж, цомын эзэн боллоо. Тэр өөрийгөө харуулсан. Бүр батлан харуулсан. Бид олимпийн хос медальтантай. Омогших эрхтэй түүнээр.
Мөн Азийн наадмын алтан медалийн төлөө Казакстаны Раковыг ялснаар Монголын жүдочид энэ наадмаас гурав дахь алтан медалийг шигшээ багтаа авчирсан юм. Аваргаар амьсгалсан энэ долоо хоног цахим ертөнцийнхөнд ч тун таатай байсан гэнэ шүү. Учир нь манай тамирчид Азийн наадамд чансаагаа харуулж, алт, мөнгө, хүрэл медалийг ээлж дараалан хүртэж, эх орныхоо далбааг мандуулж байгаа болохоор тэр. Тэрдундаа аварга Н.Түвшинбаяр алт авсанд түүнийг хайрлаж, хүндэлж, биширч шүтдэг фэнүүд нь сошиал сайтууд дээр баярлаж талархсан, урам хайрласан үгсийг харамгүй бичицгээж байна. Улстөрийн нөхцөл байдлаас болж Монгол Улс хямаргаант байдалд ороод байсан 2008 онд Олимпийн анхны аварга болж Монголчуудаа эв нэгдэлд уриалж байсан тэрбээр цахим ертөнцийн цэцэн болжморуудын хэрүүлийг ч зогсоогоод байна гэхэд болох байх.

Бүр өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлснээс болоод шоронгийн хаалга татах дээрээ тулаад байгаа цахимын болжморуудад ч түүний буянаар эвлэрсэн гэнэ шүү. Эв хагарсан хэсэг хүмүүсийг төдийгүй улс орондоо амар тайван байдлыг дагуулж чадаж ирсэн түүнд цаашдаа ч эх орныхоо нэрийг дэлхийд олон удаа цуурайтуулж Монголын бахархал хэвээрээ, аварга нэрээ нэр төртэйгөөр хадгалж авч үлдээрэй хэмээн хүсье. Манайд салбар салбараас төрсөн аварга олон. Харин энэхүү нэр хүндтэй аварга гэх тодотголдоо эзэн шиг байж чаддаг нь тун цөөн шүү.



Р.Эрдэнэболд
Сэтгэгдэл (37)