
Бэлгийн цөөнх нэрийн дор гадуурхагдсан хүмүүс их бага хэмжээний дарамтанд өртсөн байдгаас, нийгэмд дуу хоолойгоо илэрхийлэх зориггүй болчихдог гэдгээ өөрсдөө хэлж байсан юм. Бүгд л эцэг эхээс төрж, мах цуснаас бүтсэн болохоор бусадтай адил тэгш эрхтэй байж, үр удмаа үлдээх эрхтэй гэдгээ нийгэмд ойлгуулж, нийтэд адлагдахгүй байх нь тэдний чин хүсэл юм.
Тиймээс ч манай нийгмийн хүн амын тодорхой хувийг эзэлдэг бэлгийн цөөнх дуу хоолойгоо илэрхийлж, өөрсдийгөө ойлгуулах үүднээс олон арга хэмжээ зохион байгуулж байна. Энэ сарын 20-ноос эхлэн 14 хоногийн хугацаанд зохион байгуулагдаж буй “ЛГБТ Тэгш эрх бахархлын өдөр”-ийн нээлт “Гламуре” галарейд уран зургийн нээлтээр эхэлсэн юм. Энэ үеэр бэлгийн цөөнхүүд цугларч уран зураг үзэж сонирхон, нэгэн үдшийг дуу хууртай өнгөрөөлөө. Тэд өөрсдийн дуу хоолойгоо урлагаар дамжуулан нийгэмд түгээж, ойлгуулахыг хүссэн гэдгээ хэлж байна.

Тэр ч утгаараа урлаг соёлын оддыг үйл ажиллагааныхаа нэг хэсэгт оролцуулсан гэв. Түүнчлэн “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагваа, “Моханик” хамтлаг, дуучин Чойжоо нар хүрэлцэн ирж ая дуугаа өргөж, нийгмээс гадуурхагдсан гэх тэдгээр хүмүүст урам зориг хайрласан юм.
Лесби, гей, бисексуал, трансжендер буюу бэлгийн цөөнх гэгдэх хүмүүс бусад шиг тэгш эрхтэй гэдгийг нийгэмд ойлгуулахад чиглэсэн тус арга хэмжээний үргэлжлэл болох “Цэнхэр тэнгэрийн цаана” кино наадам энэ сарын 27-нд “Хан-Уул” соёлын төвд болох аж. Ийм кино наадам Монголд хоёр дахь удаагаа зохион байгуулагдах гэж байгаа юм. Тус кино наадам нь энэ жил илүү өргөжин гадаадын 17, монголын 2 киноноос бүрдсэн хөтөлбөрийг толилуулах аж.


















П.Урнаа
Сэтгэгдэл (3)