
Хүн хорвоо дээр үр удмаа үлдээх гэсэн ганцхан өгөгдөлтэй төрдөг. Хүний эрх мэдэл, эд хөрөнгө, албан тушаал, нэр хүнд, өнгө мөнгөнөөс юу ч үлдэхгүй. Нүцгэн ирсэн шигээ, нүцгэн л буцах жамтай. Гагцхүү өөрийн тань үргэлжлэл болох үр удам чинь л үлдэнэ...
Тэгвэл амьдралын энэ үнэнээс зөрөөд байгаа юм шиг нийгэмд адлагддаг хүмүүс өөрсдийн дуу хоолойгоо хүргэхийг зорьжээ. Бэлгийн цөөнх гэх нэрийн дор харьяалагддаг эдгээр хүмүүс нийгэмд байр суурь эзэлж, дуу хоолойгоо хүргэхийн тулд “ЛГБТ Тэгш эрх бахархалын өдөр”-ийг зохион байгуулж байна. Бид Лесби, гей, бисексуал, трансжендер буюу “ЛГБТ” төвийн гүйцэтгэх захирал Н.Анараатай ярилцсан юм.
-Та өөрийнхөө тухай яриач. Өөрийнхөө бэлгийн чиг хандлагыг анх хэзээ мэдсэн бэ, Энэ зүйл удамшдаг уу. Танай удамд тийм хүн байсан уу?
-Би Лесби, гей, бисексуал, трансжендер буюу ЛГБТ төвийг үүсгэн байгуулагчдийн нэг. 1997 оноос хойш бэлгийн цөөнхийн эрхээр ажиллаж байгаа. Анх Энэтхэгт оюутан байхдаа л анхны үндэсний эрхийн семинарыг 1997 онд хийж байсан. \инээв\ Түүнээс хойш бэлгийн цөөнхийн эрхийн хөдөлгөөн гэж юу юм, эрхийнхээ төлөө яаж тэмцдэг вэ, хүмүүс тэр тэмцлийг хараад яаж дэмждэгийг хараад маш их урамшиж байсан. Бэлгийн цөөнх хүмүүсийн төлөө, тэдний төлөө, хамгийн гол нь би өөрийнхөө төлөө тэмцэж эхэлсэн. Эцсийн дүндээ би өөрөө тэр бэлгийн цөөнхийн нэг. Өөрийхөө амьдрал, орон зай, эрхийг бий болгохын төлөө л явж байна даа.
Миний хувьд өөрийгөө 10 наснаасаа хойш мэддэг байсан. Бэлгийн чиг баримжаа гурван төрөл байдаг. Ижил хүйсийн, эсрэг хүйсийн, аль аль хүйсийн. Яагаад бэлгийн гурван чиг баримжаатай төрдөг юм бэ гэдэг асуудал шинжлэх ухааны өмнө одоо хүртэл нууц хэвээрээ байна. Гэхдээ цаанаасаа тийм төрдөг гэдэг нь нотлогдсон. Манай удамд тийм хүн байгаагүй.
-Гэхдээ хүмүүс бэлгийн чиг баримжааг олдмол гэж ойлгодог шүү дээ?
-Олдмол гэж ерөөсөө байхгүй. Бэлгийн чиг баримжаа төрөлхийн байдаг ба өөрчлөгдөх боломжгүй. Ихэнхдээ бэлгийн бойжилтын насанд илэрдэг. Тэрнээс биш хүнд уруу татагдах замаар ч өөрчлөгддөггүй.
-Найз бүсгүйтэй гэж сонссон. Түүнийхээ талаар ярьж болох уу?
-Өө надад найз бүсгүй байхгүй ээ, ганц бие. \инээв\ Ганц бие болоод одоо бараг дөрвөн жил болох гэж байна. Цөөнхийн хүний эрх дээр ажиллахад хүнээс маш их энерги зарцуулагддаг. Хажууд маань тэрийг ойлгодог, хүлээн зөвшөөрдөг хүн байхгүй бол өөрөө жишээлбэл нуугдмал хүн байлаа гэхэд их хэцүү. Тэр утгаараа ганц бие яваад байдаг юм болов уу гэж боддог. Өөр янз бүрийн асуудал бас байгаа л даа. \инээв\
-Та тэгэхээр Энэтхэгт боловсрол эзэмшсэн байх нь. Монголдоо оюутан байж үзсэн үү?
-Би монголдоо ч, гадаадад ч боловсрол эзэмшсэн. Энэтхэгт хуулийн чиглэлээр сурсан. Япон улсад “Хөгжих эрхээр” магистр хамгаалсан юм.
-Яг одоо ямар ажил эрхэлж байна?
-Төвийнхөө үйл ажиллагааг чиглүүлээд явж байна. Манай төв энэ жил шинэ баг бүрэлдэхүүнтэй болж, урьд нь байсан гүйцэтгэх баг тэр чигтээ шинэчлэгдсэн. Монгол улс ядуу буурай орноос дэвшээд, дунд түвшиний орлоготой орон болчихсон. Тэр утгаараа гадаадаас санхүүжилт дэмжлэг авч чадахаа больчихсон. Нөгөө талаар манай төрийн бус байгууллага дөрөвхөн гишүүнтэй маш жижигхэн байгууллага ч гэлээ, маш олон дэмжигч гишүүдтэй. Бид нарын хүсч байгаа хэмжээнд хүмүүст мессеж хүрэхгүй байна.
-Монголын нийгэмд өөрийгөө хэр түвшинд, ямархуу амьдралтай амьдарч байна гэж дүгнэдэг вэ?
-Олон хүнээс би өөрийгөө азтай гэж бодож явдаг. Надад дээвэр байгаа, би идэх хоолтой, өмсөх хувцастай. Хоёр идэхгүй хоосон хонохгүй амьдарч байна. Дээрээс нь би гадаадад боловсрол эзэмшсэн. Би ганцхан төрийн бус байгууллагынхаа цалингаар амьдарч чадахгүй шүү дээ, хэлний мэдлэг, бусад боловсрол надад байгаа учир би маш азтай хүн. Зарим хүмүүс намайг “ээ чааваас энэ хүн бэлгийн цөөнх өрөвдөлтэй амьтан” гэж хардаг байх. Би бол өөрийнхөө хувьд тийм биш. Би яагаад хүнээр өрөвдүүлэх ёстой юм, би зүгээр л хүн учраас байгаагаараа л баймаар байна шүү дээ. Өөрөө өөрийгөө болгоод л явж байна.
-Ингэхэд Ганбууштай холбоотой байдаг уу?
- Хүнтэй холбоотой байлгүй яахав. Хүйсийн тэмдэглэгээгээ хийлгэж, албан ёсоор эрх зүйн бичиг баримтаа солиулахад бид нар тусалж байсан.
-Бэлгийн цөөнхүүд гадаад орнууд руу гарч амьдрах тохиолдол их гэж сонссон юм байна, Монголдоо амьдрах нөхцөл боломж, бололцоо хүнд байдаг уу?
Хүний мөн чанар бол өөрийнхөө мэдрэмжээр юуг хэцүү, юуг амархан гэж ялгах явдал. Монголд амьдрах хэцүү юу, хэцүү. Амьдарч болохооргүй юмуу гэхэд бас тийм биш. Гэхдээ яагаад хүмүүс явдаг вэ гэдэг асуудал бий. Мөнгөтэй боломжтой цөөхөн хэд нь явж, боломжгүй нь үлддэг. Манай нийгэмд амьдрахад хэцүү зүйл зөндөө тулгардаг, өөрийнхөөрөө амьдрах боломж маш цөөхөн. Жишээлбэл хэн ч тоож харьцахгүй, янз бүрийн харцаар ширтэнэ, ажлынхан чинь араар чинь шивнэлдэнэ гээд л. Эрүүл мэндийн асуудал гарлаа гэхэд эмнэлэг дээр очиж хандахад яагаад ийм болчихсон юм бэ гэж л асуудаг. Уг нь бол тэр хүний яагаад ийм болсон нь чухал биш шүү дээ, юунаас үүдсэн яаж эмчлэх нь л чухал байтал манайд хэтэрхий шүүдэг хандлага ажиглагддаг.
Монголд 20 жил бүр 40 жил хамт амьдарсан хүүхэдтэй хосууд байдаг. Эцсийн дүндээ тэд нар өөрийнхөөрөө амьдарч чадахгүй болохоор монголоос явдаг. Тэрнээс биш эх орноосоо явахыг хэн л хүсэх вэ дээ. Хүн эх орондоо л хамгийн аз жаргалтай, сэтгэл тэнүүн байдаг. Би энэ орны иргэн, би энэ орны хүн, би хүн амынх нь нэг хэсэг гэсэн тэр мэдрэмжээр л амьдардаг.
-Та бэлгийн цөөнхийн өмнөөс дуугарч, үзэл бодлоо зоригтойгоор илэрхийлж байгаа хүнийхээ хувьд бэлгийн цөөнхийг нийгэмд юу гэж ойлгуулахыг хүсч байна вэ?
-Бэлгийн цөөнх бол зүгээр л надтай, чамтай адил жирийн хүн. Харин хэнийг хайрладаг вэ гэдгээрээ л магадгүй ихэнх хүмүүсээс өөр. Ихэнх хүмүүс эсрэг хүйсийнхээ хүнд татагддаг бол, бэлгийн цөөнх бол ижил хүйсийнхээ хүмүүст татагддаг. Өөр ямар ч ялгаа байхгүй. Бүгд л ээж ааваас төрж, нэг л нийгэмд хүмүүждэг. Нийгэмд байгаа үнэт зүйлс бид нарын ч гэсэн үнэт зүйл. Гэтэл бид нарыг тэр нийгмийн гадна хардаг. Бараг чөтгөрөөс унасан, тэнгэрээс буусан мэт хардаг.
-Бэлгийн цөөнх хүмүүс нийгмийн харилцаанд ороход ямар хүндрэлүүд тулгарч байна вэ?
-Өөрөөрөө байж чаддаггүй. Ямар нэгэн байдлаар дүр эсгэж амьдардаг. Дүр эсгэж байгаа тухайн хүн хэзээ ч эрх чөлөөтэй байж чадахгүй байгаа гэсэн үг. Үүнээс үүдэж маш их стресст ордог. Гадны нөлөөллөөс ирж буй хандлага, хүчирхийлэлд өртөх гэх мэт асуудал гардаг.
-Монголд одоо хэд орчим бэлгийн цөөнх байгаа гэсэн тоо баримт байдаг вэ?
-Дунджаар хүн амын 10 хувь нь гэж үздэг.
-Гадаадад олны танил бэлгийн цөөнх одууд их байдаг. Монголд тийм хүмүүс хэр их байдаг бол?
-Байдаг. Нийгмийн бүхий л салбарт байдаг. Соёл урлаг, шинжлэх ухаан, улс төрд гээд л. Би тэр хүмүүсийг нэрлэж болохгүй. Яагаад гэвэл өөрийнхөө бэлгийн чиг баримжаа, хүйсээ илэрхийлэх үү үгүй юу гэдэг тухайн хүний хувийнх нь сонголт байдаг учраас бид нар тэр хүмүүсийн өмнөөс тэр хүн ийм тийм гэж хэлэх эрх хэзээ ч байхгүй. Тэр хүн хэзээ нэгэн цагт өөрийнх нь амьдрал, өөрийнх нь сонголт гэж үзсэн тохиолдолд өөрөө хэлэх ёстой. Одоогоор “намайг хэлчих ээ” гэдэг хүн хэзээ ч байдаггүй.
-Танай төв бэлгийн цөөнхийг хамгаалах тал дээр ямар ямар үйл ажиллагаа явуулж ирэв ээ?
-Бид үйл ажиллагаагаа нийт зургаан хөтөлбөрт хувааж явуулдаг. Үүнд нөлөөллийн, эрх зүйн, эрүүл мэндийн, залуучуудын, трансжендер, хөдөө хүрч очих зэрэг хөтөлбөрүүд багтсан. Эдгээр хөтөлбөрүүд хоёр түвшинд явагддаг ба нийгэм рүү болон олон нийтэд чиглэсэн. Манай нийгэм бэлгийн цөөнх хүмүүсийг бусдын л адил энгийн хүн гэдгийг мэдэхгүй ялгаварлан гадуурхдаг учир бид энэ талаар нөлөөлөл хийх ёстой юм байна гэж бодсон.
Нөлөөллийн хүрээнд бид хамгийн түрүүнд нийгэм рүү чиглэсэн мэдээлэл өгөхийг зорьсон. Бэлгийн цөөнх хүмүүс нь төрөлхийн төрдөг, хэзээ ч өөрсдөө сонгож төрдөггүй, өөрийнх нь хүслээр болчихдог зүйл биш гэдгийг ойлгуулахыг хүссэн.
Мөн энэ жилээс эхлэн манай төв урлаг, соёлыг дэмжих тал дээр анхааран ажиллах болно. Яагаад гэвэл урлаг гэдэг бол хүний зүрх сэтгэлд хүрэх хамгийн дөт арга. Дуу хөгжим, уран зураг, кино, гэрэл зураг, гэх мэтээр хүний зүрх сэтгэлд хүрэх аргыг ашиглах ёстой юм байнаа гэдгийг ухаарсан. Бэлгийн цөөнхийн дуу хоолой нийгэмд байхгүй болохоор урлагаар дамжуулан гаргаж ирэх нь зөв юм болов уу гэж бодсон.
Эрх зүйн хөтөлбөрийн хүрээнд бэлгийн цөөнх хүмүүсийн асуудлаар шинээр боловсруулагдаж байгаа болон одоо мөрдөгдөж байгаа хууль тогтоомжид санал оруулах, засварлах тал дээр анхаарлаа хандуулж байгаа. Бид хэдий болтол ялгаварлан гадуурхалтын тухай хуультай болно гэж хүлээж суух вэ?
Нөгөө талаас бэлгийн цөөнх хүмүүсийн эрх нь зөрчигдсөн тохиолдол гарвал хэргийг нь баримтжуулах, шаардлагатай бол цагдаад мэдээллэх, цагдаад хэргээ үүсгүүлэхэд нь туслах энэ бүх үйл явцад нь бид тусладаг. Мөн баримтжуулсан зүйлүүдээ судалгаа болгож олон улсын хүний эрхийн байгууллагууд руу нөлөөлөл хийхээр явуулдаг.
Эрүүл мэндийн хөтөлбөрийн хүрээнд бэлгийн цөөнх хүмүүсийн эрүүл мэндийн тал дээр анхаардаг. Хүмүүс бэлгийн цөөнх, тэдний эрүүл мэндийн асуудал гэж сонсохоор яагаад ч юм шууд ХДХБ, ДОХ толгойнд нь буудаг. Гэтэл энэ нь бодит байдал мөн үү, мөн. Гэхдээ тэрнээс илүү бодит байдал нь тэдний сэтгэл санааны асуудал. Энэ асуудлуудаа эрүүл мэнд, эмнэлгийн гаруудад хэлээд очход хүлээж авдаггүй. Лесбиян, гей, бисексуал, транс хүмүүсийн сэтгэл санаа, стресс бүгд өөр өөр. Жишээ нь Лесбиян эмэгтэйчүүдийн хамгийн том асуудал бол хүүхэдтэй болох, хиймлээр үр суулгуулах, гей залуучуудынх бэлгийн эрүүл мэнд, транс хүмүүсийнх хүйсийн шилжилт гэх мэт тэдний асуудал болгон тусдаа. Гэтэл бэлгийн цөөнх хүмүүс адгуус амьтад биш хүнээс төрж, хүний дунд өссөн болохоор хүүхэд төрүүлж хүн шиг амьдарч үр удмаа үлдээхийг л хүсдэг.
Бэлгийн цөөнх залуучууд дотроо маш их айдас хүйдэстэй амьдардаг. Хэн нэгэн намайг мэдчихээд зодох вий, ажлаас халчих вий, дээрэлхэх вий гэсэн бодол тээж явдаг. Яагаад гэвэл бэлгийн цөөнх болгон их бага хэмжээгээр дарамтанд өртсөн байдаг. Тэр дарамт зүрхэнд нь орсон учраас өнөөдөр нийгэмд дуу хоолойгоо илэрхийлж чадах зориггүй болчихдог. Иймд манай төрийн бус байгууллага бэлгийн цөөнх залуучуудад өөрөөрөө амьдрах итгэлийг өгөх, тэднийг нэгтгэх зорилготой.
Хөдөө хүрч очих хөтөлбөрийн хүрээнд хотод явуулж буй үйл ажиллагааныхаа талаарх, энэ их мэдлэг мэдээллийг аль ч өнцөг булан бүрт түгээх зорилготой.
П. Урнаа
Сэтгэгдэл (37)