
... Тэр бол энгийн л нэг залуу. Фэйсбүүктээ 30 найзтай, нэг ч лайкгүй бүсгүйчүүдэд 3 метрээс илүү ойртож үзээгүй. Азгүйтэл түүний утасны сүлжээг хүртэл “дарамтална”. Алтайхүү /”Камертон”-ы Л.Ган-Эрдэнэ/ нэг ажилдаа удаан тогтдоггүй, үргэлж асуудал үүсгэж байдаг. Амиа хорлох гэж 27 удаа оролдсон ч бүтээгүй. Гэвч нэг өдөр түүнд гэнэтийн учрал тохиолдсон. Нэгэн хөөрхөн бүсгүйн машинд мөргүүлэнгүүтээ анхны харцаар дурлаж орхив оо. Ундрам /Б.Мишээл/ бол чадварлаг, өсөх ирээдүйтэй сэтгүүлч. Өөртөө итгэлтэй, бардам, давуу талаа маш сайн мэддэг аятайхан бүсгүй.
Түүний бичсэн баян залуус охидын сэтгэлээр хэрхэн тоглодог талаарх нийтлэл шуугиан тарьснаар цаашид төсөл болгон үргэлжлүүлж ном бичих боломж тохионо. Тэр гэнэт баяжсан тэнэгдүү залууг ангуучлахаар болдог. Харин азгүйтлийн хаан Алтайхүү золоор олдсон үнэтэй салонд 100 хувь үнэгүй үйлчлүүлэх эрхийн картаараа орж байхдаа жинхэнэ од шүүрнэ.
“Тасарчихсан” баян эр Зандан /Аглуу/ түүний тэнэг үйлдлээс болж тогон массажны аппаратанд цохиулж эмнэлэгт хүргэгдэн шкафных нь түлхүүр Занданд үлддэг. Цэвэр арьсан гутал, брэндийн хослол, хэтэвч дүүрэн мөнгө, ойроос барааг нь ч харж байгаагүй үнэтэй Бенз түүнийх болно.
Аргагүйн эрхэнд шүүгээний түлхүүр солигдсондоо өмссөн ч Алтайхүү эмнэлэг дээр очиход Зандан аль хэдийнэ ой санамжаа алдсан байлаа. “Намайг ийм болгосон хүнийг шоронд хийнэ” гэсэн Зандангийн үгнээс айсан Алтайхүү гарч одно. Гэтэл үнэтэй машиных нь хажууд дурласан бүсгүй Ундрам нь зогсож байна. Обьектоо оллоо гэж ихэд баярласан бүсгүй эхэндээ машин түүнийх гэж мэдэхгүй дорд үзнэ. Зандан эмнэлгийн цонхоор түүний гутал, машины түлхүүрийг шидэж өгөн “юмаа мартчихаж, би хэвтлээ” гэж өөрөө ч мэдэлгүй Алтайхүүг авардаг.
“Даам гарсан нь”
“Тэр бол би Би бол тэр” хэмээх үгний утга энэ хүрээд тайлагдаж байгаа юм. “Үргээлэг”-ээр их хотыг байлдан дагуулсан “Prime Pictures”-ийн “Cross Animation”-тэй хамтран бүтээсэн “Давхар цохилт” кино өчигдөр албан ёсны нээлтээ хийв. Улаан хивс, сүртэй нээлтийн ёслол, шинэ кино алгасахгүй үздэг ССАЖЯ-ны сайд Ц.Оюунгэрэл аль аль нь байсангүй.
Цэрэндалай нэрээрээ өхөөрдүүлэн дуудуулах болсон жүжигчин Г.Анхбаяр найруулж, зохиолыг Б.Батбаяртай хамтран бичсэн байна. “Луйврын хот”-оос хойш Анхаа үнэхээр энэ төрөлд чамгүй авьяаслаг болохоо харуулж яваа билээ. Түүний дүр бүрд үзэгчид дуртай, хийсэн уран бүтээл бүрийг нь шимтэн үздэг.
Продюссерээр “Ньюс” агентлагийн залуу эзэнтэн Г.Анархүү ажиллажээ. Аргагүй л их хотын соёл, өнгө төрхийг тодорхойлж буй шижигнэсэн залуус, чадварлаг жүжигчид нэг баг болсных киноноос хотын соёл нэвт ханхалж байв. Жүжигчдийн хувцас сонголт, хэрэглэж байгаа зүйлс, жижиг деталь нь хүртэл өнгөлөг юм. Үнэхээр “даам” үзүүштэй өнгөлөг, гоо зүйн өндөр мэдрэмж төрүүлэхээр болжээ.
Топ Э.Одгэрэл яасан ч хөөрхөн, ялдам жүжиглэдэг юм. Түүний чадвар урд урдахаасаа ахисан байлаа. Цуутай хулгайч Зандан /Аглуу/-гийн сэтгэлт бүсгүйн дүрийг тэр бүтээдэг.
Гайхалтай нь тэр хоёр үнэхээр сайхан хосолж байв. Э.Одгэрэл шиг энхрий, ялдамхан, зөөлөн турьхан бүсгүй ямар ч эр хүний хажууд чимэг болох нь дамжиггүй. Аглуугийн жүжигчний чадвар бол хэлүүлэлтгүй “даам”.
Энд бас өөр нэг тод томруун магтууштай “даам” байсан нь “Камертон”-ы Л.Ган-Эрдэнэ. Яг дүрдээ тохирсон, байгаа байдал тэр дүрээ гаргаж байгаа нь үнэхээр ОК байлаа. Кунфү Пандаг санагдуулам болхидуу хэрнээ цайлган, тууштай, олон талсттай эгдүүтэй дүрийг тэр гаргав. Үзэгчид түүнийг харах болгонд өхөөрдөн инээхээс аргагүй байлаа. Үнэндээ түүнийг ийм сайн жүжиглэнэ, дүрдээ орно чинээ төсөөлсөн үзэгч бараг байгаагүй бизээ.
“Гэртээ харих зам”
“Үргээлэг” бидэнд БНХАУ-аас монголд хууль бусаар орж ирэн ажиллаж буй хятад иргэдийн ард чухам хэн байдаг ээдрээ, гогцоог үзүүлэхийг зорьсон. Дандаа бусдаас бурууг эрж, ад үзэхээс илүүтэй хамар дороо байгаа элэг нэгтнүүдээ хуурсан мафийн сүлжээг хар гэсэн санаа юм даа гэсэн бодлыг би тэндээс тээн гарсан, тэрийгээ ч бичиж байлаа.
Харин “Давхар цохилт” гэж юу вэ? Зандан бол сүүдрээсээ өөр ямар ч ул мөр үлдээдэггүй хулгайч. Түүний гараар дамжин ховор үзмэрүүд хилийн чанадад гардаг. Кино хэдий уран сайхны хэтрүүлэгтэй боловч алдарт Батаарын яс хүртэл хуурамч эд гэсэн санааг цухалзуулав. Гүрэн дамнасан хулгайн сүлжээний нэгээхэн хэсэгт монголчууд ажилладаг. Маш нууцын зэрэглэлтэй энэхүү наймааны асуудлыг хөндсөн болохоор магадгүй холбогдох төрийн байгууллагынхан киноны нээлтэнд ирэхээс жийрхжээ гэх бодол төрөв. Богдын музейгээс хулгай хийх даалгавар аван Зандангийн оронд Алтайхүү ажиллах боловч бүтэлгүйтдэг. Бодит амьдрал дээр музейн үзмэр алддагдсан талаарх мэдээлэл гарч л байдаг тэгтлээ сонирхож хайхрах нь хэд билээ. Тэгсгээд л мартчихдаг билээ.
Сүүлийн үеийн кинонуудаас сэтгүүлзүйн салбарыг сэдэв болгон сонгож, сэтгүүлчийг тойруулан үйл явдлаа зангидсан ганц кино бол “Давхар цохилт”. Гол дүрийн сэтгүүлч бүсгүйн дүрийг Анхаагийн найз бүсгүй залуу жүжигчин, оюутан Б.Мишээл бүтээв. Угаас манайд нөхөр нь кино хийвэл эхнэр нь гол дүрийг бүтээдэг бичигдээгүй хууль бий. Нөгөөтэйгүүр магадгүй Б.Мишээлийн урлагийн цаг яг энэ мөчлөгт таарсан ч байж мэднээ.
Ундрам /Б.Мишээл/ эрэн сурвалжлах сэтгүүлзүйн чиглэлээр ажиллаж амьдралаараа дэнчин тавьж баян залууг өөрийн биеэр урхидах оролдлого хийдэг. Мэдээж кино тул хэтрүүлэг байгаа ч энд нэг тайлбар заавал хиймээр байна. Эрэн сурвалжлах сэтгүүлзүй гэж юу юм, үнэхээр ийм маягаар ажиллаж, бичих нь зөв үү гэдэг дээр уншигчдад ойлголт өгөх үүднээс ганцхан жишээ дор өгүүлье.
Эрэн сурвалжлах сэтгүүл зүй нь эрх мэдэл бүхий хувь хүн, байгууллагын хууль бус, ёс суртахуунгүй үйлдлийг илчилж олон түмэнд мэдээлдэг. АНУ-ын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн нийгэмлэгийг үндэслэгч Роберт Грин “Тодорхой хувь хүн байгууллагын нууцлахыг хүсч буй мэдээллийн гүнд нэвтэрч, нийгмийн эрх ашгийг хөндсөн чухал асуудлыг дэлгэж тавих зорилгот нийтлэл, нэвтрүүлгийг эрэн сурвалжлах сэтгүүл зүй” гэнэ хэмээн тодорхойлсон байдаг.
Сэтгүүлзүйн түүхэнд дэлхийн хэмжээнд домог мэт яригддаг алдарт Пулитцерийн сэтгэцийн эмнэлгийн тухай цуврал нийтлэлийг эрэн сурвалжлах сэтгүүлзүйн хамгийн сонгодог жишээ гэж үздэг. Сэтгүүлч эмнэлэг рүү нэвтрэхийн тулд сэтгэцийн өвчтний дүрд чадварлаг хувирч жүжиглэж чадсан. Учир нь Пулитцерийг үзсэн таван эмчийн дөрөв нь шизофрени гэх онош тавьсан байдаг. Хэдэн долоо хоногийн турш өвдөөгүй өвчнөө эмчлүүлж байхдаа Пулитцер тус эмнэлгийн өвчтнүүд хүйтэн орчинд хагас өлсгөлөнгийн байдалтай, балмад хэрцгий харьцаан дунд эмчлүүлдэг болохыг нарийн баримттай дэлгэж бичсэн юм. Энэхүү нийтлэлийн дараа хотын дарга сэтгэцийн эмнэлэгт бүрэн шинэчлэл хийсэн гэдэг.
Харин “Давхар цохилт” дээр гарч буй тохиолдол бол сэтгүүлзүйн Олон улсын ёс зүйн харти-г зөрчсөн үйлдэл юм. Зүгээр байгаа хүнийг санаатайгаар өдөөн турхирч мэдээлэл салгаж авах хориотой. Дээхнэ үед хоёр залуу сэтгүүлч биеэ үнэлэгчийн дүрд хувиран энгийн хүмүүсийг өдөж нийтлэл бэлтгэх оролдлого хийгээд өөрсдөө хувь хүний нэр хүндэд халдсан хэргээр хариуцлага хүлээж байсан жишээг сэтгүүлзүйн сургуулиудад Сэтгүүлчийн ёс зүй хичээл дээр иш татдаг билээ. Тэгээд ч Алтайхүү юуг ч нууцлаагүй бөгөөд тийм нэг баян залуу байснаар нийгмийн эрх ашгийг хөндсөн зүйл огтхон ч байхгүй тул онолын үүднээс харвал сэдэв биш юм. Хэлбэр нь зөв боловч, агуулгын хувьд багахан логикын алдаа гарах шиг санагдлаа.
Кинонд уран сайхны хэтрүүлэг, сонирхолтой болгох давс хужир мэдээж байх тул энэ хүрээд зогсоё. “Давхар цохилт” үзэгчдийг эхнээс нь дуустал инээлгэж, ялангуяа Э.Одгэрэл “Аргагүй сайхан бүсгүй юмаа” гэх шивнээг үзэгчдийн суудлаас авч байв. Гайхалтай нь сүүлийн үеийн кино бүр СТА хэмээх “цэцэг”-тэй байсан бол энд байсангүй. Ядаж Э.Одгэрэл ч болохноо ганц тэмдэг авах байлгүй гэж бүр хэвшил болсон маягаар үзэгчид хүлээсэн ч нээлт тун даруухан боллоо.
Ойрын хэдэн сар ийм даруухан нээлттэй, үзэгчид нь өндөр сэтгэгдэлтэй кино үзээгүй тул ёстой давхар цохилтонд орсон мэдрэмж төрөв. Баяр хүргэе “Prime pictures”, “Cross Animation”, баяр хүргэе Анхаа, продюссер Г.Анархүү, баяр хүргэе бүх баг хамт олонд нь. Та нар үнэхээр уриандаа хүрч Амжилтаа ахиулж чадлаа.

У.Цахирмаа
Сэтгэгдэл (11)