
“Давхар цохилт” уран сайхны кинонд Алтай гэх хүүгийн дүрд тоглосон “Камертон” хамтлагийн дуучин Л.Ган-Эрдэнэтэй цөөн хором ярилцсан юм.
Кинонд тоглох саналыг ер нь анх хэрхэн хүлээж авсан бэ. Дэлгэцийн бүтээлд тоглоно гэхээр ямар санагдаж байв?
-Тус киноны продюссер Б.Навчаа болон Г.Анхаа нар надад анх кинонд тоглох уу гэдэг санал тавьсан. Би эхлээд бол шууд л үгүй гэсэн хариултыг өгсөн. Гэтэл намайг “Чи эхлээд зохиолыг нь уншаад үзчих” гэсэн юм. Би зохиолыг нь уншиж үзчихээд “Та нар намайг тэгээд үнэхээр чадна гэж бодоод байгаа юм уу” гэсэн чинь “Чи чаднаа л” гэсэн.
Дараа нь би гэр бүлийнхээ хүнтэй ярилцаад “Хайр нь чадах болов уу” гэж асуухад “Миний хайр чаднаа” гэхэд нь урам орж, киноны дүрийг хүн авчих вий дээ гээд л, бид хоёр гялс утасдаад л шийдсэн дээ.
-Таны тоглосон Алтайхүү гэж дүрийн тухайд асуумаар байна. Тэр ер нь ямар хүн бэ?
-Алтайхүү гэдэг бүтэлгүй мөртлөө цагаан цайлган сэтгэлтэй, азтай хүүгийн дүрийг бүтээсэн. Ерөнхийдөө бол манай нийгэм дэх залуусын дунд байдаг тийм нэг сонин дүр гэхэд болно. Энэхүү дүрийг бүтээсэндээ баяртай байгаа.
-Яг киноны зураг авалтанд ороход хэцүү байсан уу?
-Хэцүү байгаагүй. Ер нь бол гайгүй боломжийн байсан шүү.

-Таны хувьд анх удаа кинонд тоглож байгаа. Дахиад киноны санал ирвэл тоглох уу?
-Тийм ээ. Анх удаа тоглолоо. Дахиж тоглох үгүй маань энэ киноноос л шалтгаалах байх даа. Энэ киноны дүрээрээ үзэгчдэд хэр хүрч чадах вэ гэдгээс л шалтгаална.
-Өөрийгөө хэр тоглосон гэж дүгнэв ээ?
-Мэдэхгүй. Өөрийгөө дүгнэж үзсэнгүй. Найруулагч маань л “За болж байна, сайн байна л” гээд байсныг бодоход дажгүй л болсон байх. Гэхдээ би өөртөө итгэлтэй байсан.


П. Урнаа
Сэтгэгдэл (21)