
Мэргэжлийн сумо бөхийн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргалыг анх Япон бүсгүйтэй гэр бүл болоход Монголчууд төдийгүй аав нь хүртэл таатай хүлээж аваагүй. Нэг хэсэгтээ л хэвлэлээр гоочлуулсан Хакухо нэгэнтээ гэр бүлийнхээ хүнийг танилцуулж, анх яаж танилцаж байснаа хэлсэн удаатай.
Тэрбээр “Миний эхнэрийг Саяако Вада гэдэг. Бид анх захидлаар танилцаж байсан. Тухайн үед би 18 настай, манай хүн 19 настай байлаа. Бүтэн зургаан сарын турш захидлаар харилцаад уулзаж, бие биедээ хайртай болсон доо. Хүний нутагт барилдаж, бэртэл аваад байхад үргэлж миний дэргэд байж, намайг сэтгэл санаагаар дэмжиж, халамжилдаг байсан хүн бол миний гэргий. Анх намайг япон бүсгүйтэй гэрлэх шийдвэр гаргахад нутаг нэгтнүүд минь тийм ч таатай хүлээж аваагүй. Харин одоо бол тэдний бодол өөрчлөгдсөн. Саяако Вада бид одоо нэг охин, нэг хүүтэй. Манай хүн монгол хоол хийхдээ их сайн. Тэр ч бүү хэл, хааяа жаахан уугаад шартсан үед бантан хийж өгдөг. Эхнэр маань надтай үерхэж эхлэхдээ монгол хэлийг шаргуу судалж, ёс заншлын зах зухаас суралцсан” хэмээн ярьсан билээ. Хакухотой гэрлэхээсээ өмнө жил дараалан хүү, охин төрүүлсэн Саяако Вада нь тун удахгүй гурав дахь хүүхдээ төрүүлэх гэж байгаа аж. Том охиндоо Д.Юнрэнцоо буюу Амиу гэж нэрлэсэн бол удаах хүүгээ Д.Мөнхжаргал буюу Махато хэмээн нэр хайрласан гэдэг. Тэгвэл бүхнээс нуусан гурав дахь хүүхэддээ ямар нэр хайрлах бол Хакухо өөрөө бодчихсон байгаа биз аягүй бол.




М.Сонор
Сэтгэгдэл байхгүй байна