Кино найруулагч М.Ивээл:
“Оскар”-т бүтээлээрээ орохыг мөрөөддөг
Бидний энэ удаагийн зочин Монголын урлагийн цуутай сайхан гэр бүл, найруулагч О.Машбат, МУГЖ жүжигчин Н.Батцэцэг нарын отгон хүү М.Ивээл.
Алс холын Америкт 9 жил амьдарсны дараа эх орондоо ирүүтээ хөдөө нутгийг зорьж монгол ахуйг илтгэсэн “Цэн тогоруу” киног гэр бүлээрээ бүтээсэн эднийхэн уран бүтээлийн олз омогтой буй. М.Ивээл тус киноны найруулагчаар ажилласан бол ах М. Бишрэлт зохиолыг нь бичиж, ээж нь дүр бүтээж, аав нь хянаж ажилласан байна.
М.Ивээл багаасаа л ээж аавыгаа даган кино урлагийн гайхамшгийг мэдэрч, эргэж буцалтгүйгээр татагдан орсон гэдэг. Үеийнхэн нь мөрөөдөж зүрхлэмгүй агуу мөрөөдөл дотроо тээж яваа энэ залуугийн дотоод ертөнцөд уншигч таныг хөтлөе.
-Таныг бага байхдаа кинонд тоглож байсан гэдгийг хүмүүс мэднэ. Тэр кинонд тоглож байсан үеийн дурсамжаас тань яриагаа эхлэе?

-Би бага байхдаа “Цагаан сүүний домог”, “Зүүдэнд ирсэн хонгорхон ижий” зэрэг кинонуудад тоглосон. Тэр үед би 10-аад настай байсан юм. Дараа нь 15 настайдаа “Вансэмбэрүү” киноны туслах дүрд тоглосон. Анх би их санаандгүй байдлаар кинонд тоглосон. “Цагаан сүүний домог” гэдэг кинон дээр ээжийгээ эргэхээр очоод Жийгээ найруулагчийн нүдэнд өртөж билээ. Намайг ээжтэйгээ харьцаж байхыг минь хараад “Батцэцэгийн хүүг ер нь кинонд тоглуулъя” гэдэг санаа гаргасан. Би тэр үед пробонд орж байгаагаа өөрөө ч мэдэхгүй цээжил гэсэн юмыг нь цээжлээд л ээж дээрээ гүйж очоод “ээж би юм уншиж байна” гээд л үзүүлээд байсан нь гайгүй болж таараад дүрд тоглуулахаар шийдсэн. Тэр үед аав “Зүүдэнд ирсэн хонгорхон ижий”-гийн зохиолыг бичиж байсан болохоор миний жүжиглэхийг хараад Ивээл ер нь гайгүй тоглочихож магадгүй юм байна гээд намайг бас сорилд оруулсан. Тэрнээс биш хүүгээ тоглуулчихъя гээд шууд аваагүй л дээ. Тэр үеэс л би кино гэж ямархуу зүйл байдгийг мэдэрсэн. Авъяас чадвар, хөдөлмөр их шаарддаг хэцүү зүйл байдгийг хожим ухаарч, их ч зүйл сурсан.

-Тэгвэл тэр үед шууд кинонд тоглосон явдал, нэг талаар авъяас удамшсаных байх нь?
-Нэг талаас тэгж бодох сайхан. Гэхдээ би өөрөө дүгнэхгүй байх, үзэгчид л дүгнэлтийг өгөх ёстой л доо. Намайг авъяаслаг байсан уу, үгүй юу гэдгийг. \инээв\

-Таны ээж, аав урлагийн элитүүд. Амьдрал дээр хэр сайн эцэг, эх бэ?

-Миний хувьд их сайн аав ээж. Намайг жаахан байхад их зөв хүмүүжүүлж өсгөсөн гэж боддог. Ер нь миний аливаа юманд дүгнэлт гаргаж сурах нөхцлийг маш сайн гаргаж өгдөг. Хүүхэд ч гэсэн хүн гэдэг утгаараа, орчин тойрноо харж байж өөрийн гэсэн дүгнэлт гаргаасай гэдэг. Надад ингэх ёстой, тэгэх ёстой гэж хэлэхийн оронд, учрыг нь сайн тайлбарлаж зөвлөдөг байлаа. Чиглэлийг нь маш сайн зааж өгдөг дөө.
-Эцэг эхээрээ хэр их зэмлүүлдэг байв?


-Зэмлүүлэх үе байлгүй л яахав. Ер нь зодож цохиод байдаггүй байсан. Манай ээж хэдэн үг хэлэнгүүт би аль хэдийнэ гэмшээд суучихна. Тэгэхээр ээж маань “миний хүү ингэх буруу шүү” гээд л их сайн ухааруулах байдлаар харьцана.
-Та өөрийгөө тодорхойлбол?
-Би аливаа юмыг эвээр хийх гэж оролддог. Хамгийн гол зүйл нь хүн юу хийх гэж байгаагаа маш сайн ойлгох явдал гэж би боддог. Юм болгоныг тайлбарлах гэж их оролддог.

-Таны мөрөөдөл юу вэ?

-Ер нь би хүмүүсийг аль болох том зүйл мөрөөдөөсэй гэж их боддог. Ийм нэг англи хэллэг байдаг юм. Сар луу онилж буудахад, сарыг онохгүй байсан ч гэсэн оддын дунд бууна гэдэг. Түүн шиг би 100 хувийг мөрөөдөөд 80 хувь дээр буух нь, 50 хувийг мөрөөдөөд 50 хувь дээр бууснаас илүү дээр гэж боддог. Ирээдүйн миний мөрөөдөл “Канын” пестивалд оролцож үзэх, Америкийн “Академи авардст” оролцох, бүүр наашилбал “Сандентс” хувийн хэмжээний фестивальд оролцох, аль нэгэнд нь тэргүүн байр эзлэх юмсан гэсэн мөрөөдөлтэй.
Ер нь үзэгчдэд хүрсэн кино хийх юмсан гэж бодох юм. Кино бол мэдрэмжийн урлаг, миний киног үзсэн тэр мэдрэмжээ хүмүүс арав хорин жилийн дараа ч мартахааргүй тийм л киног бүтээж аль болох олон хүнд хүргэх юмсан гэж бодож байна даа.
-“Цэн тогоруу” киногоо амжилттай найруулж, амжилттай нээлээ. Энэ киноны санааг анх яаж олж байв?


-Тус киноны агуулгыг жилийн өмнөөс гаргаж эхэлсэн. Уянгын хайрын тухай кино хийе гэж бодож явсан. Киноныхоо зохиолыг би ах М.Бишрэлтэйгээ хамтарч бичсэн. Түүнээс хойш агуулга, өгүүлэмж, үйл явдал бүрэлдсээр байсан. Ах бид хоёр зохиолыг Америкт бичээд Монгол руу ээж аав хоёроор уншуулж засуулахаар явуулдаг байлаа.
Киноны гол агуулга хайр гэдэг зүйлийг харуулахыг зорьсон. Хайр бол хоёр урсгалтай зам. Хүмүүс ганцхан урсгалд нь илүү их анхаарлаа төвлөрүүлдэг. Тэр нь хүнээр хайрлуулах гэж их улайрдаг. Би энэ киногоороо бусдаас хүсэж хүлээхгүйгээр бусдыг хайрлах ямар сайхан байдгийг өөртөө болоод залуучуудад мэдрүүлэхийг хүссэн.
-Киноны зураг авалтыг хаана хийсэн бэ?


-Архангай аймгийн Батцэнгэл суманд Тамирын голын эрэг дээр хийсэн. Кинонд МУГЖ Б.Магсаржав, МУГЖ Д.Гүрсэд, МУГЖ Н.Нэргүйбаатар, МУГЖ Н.Батцэцэг, Ардын жүжигчин Д.Мэндбаяр гээд олон сайхан алдартай хүмүүс тоглосон. Би багаасаа тэднийг шүтэж өссөн хүүхэд хэрнээ, энэ киног найруулаад тэднийг удирдаад явна гэхээр эхэндээ нэг л сонин, эмээх сэтгэгдэл төрж байсан. \инээв\
-Жүжигчдээ ямар шалгуураар сонгож авсан бэ?


-Киноныхоо зохиолыг бичиж байхдаа дүрүүдээ дотроо төсөөлдөг байсан. Төсөөлж байгаа тэр дүрийг жүжигчдээр дамжуулж үзэгчдэд яаж хүргэх вэ гэж их боддог. Тийм болохоор миний толгойндоо төсөөлсөн дүрийг сайн хүргэж чадах хүнийг сонгохоос гадна, тоглолт тааруулж тоглож чадсан жүжигчдийг сонгосон. Жүжигчид маань их сайн тоглосон ялангуяа гол дүрийн жүжигчин Э.Идэрболд, Б.Оюун-Эрдэнэ, Б.Баянмөнх нар. Мөн Б.Жүрмэддорж гээд залуугийн их сонирхолтой дүр байгаа.
-Гадаадаас ирээд удаагүй байж, монгол ахуйг харуулсан кино хийхэд хүндрэл гарч байв уу?

-Хүндрэл байсан. Гэхдээ зохиолын үйл явдлыг бичиж байхад ээж аав хоёр маань монгол ахуйг үргэлж сэргээн сануулж байсан. Тэр утгаараа дөхөм болж, бас зураг авалтын үед ч дандаа хамт байсан болохоор амар байсан.
-Монголын нэг сумын хөгжлөөс эхлээд, өөрийн чинь үеийн залуучуудын сэтгэлгээ хэр түвшинд явж байна гэж харж байна ?
-Ирээд нэг их удаагүй байгаа болохоор одоо дүгнэлт хийхэд хэцүү л юм. Ирэнгүүтээ киноны ажилд шууд орсон болохоор гадуур явж хүнтэй уулзах нь хүртэл ховор байлаа. Залуучуудын хөгжил гэхээсээ илүү, Монгол улс маань их хөгжсөн байна. Намайг анх 2005 онд гадаад руу явж байхад залуучууд паркын тэнд байдаг Выставка гээд барилгын тэнд уулзъя гэж ярьдаг байсан. Одоо их олон өндөр байшин барилга баригдаж нөгөө Выставка нь хүртэл олдохоо байчихсан юм байна лээ шд. \инээв\
2000-аас 2005 онд кино гарах нь хүртэл ховор байсан бол энэ жил 30-аад кино гарч байгаа гэж би сонссон. Ингээд бодохоор монголын нийгмийн маркетинг тал талаасаа хөгжиж их өрсөлдөөнтэй болсон гэж бодож байна.
-Ирээд хэр их кино үзсэн бэ, ар араасаа гарч байгаа энэ олон Монгол киног мэргэжлийн хүний нүдээр дүгнэж үзэв үү?

-Сүүлийн үед гарсан нэлээд олон кино үзсэн “Лардьма”, “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, “Ану хатан”, “Алсын удирдлага”, “Шарга даага”, саяхан гарснаас бол “Миний хайр”-ыг үзэж амжлаа. Ер нь бүх кино сайхан л болсон байна. Кино бүтээх техник нь ч хурдан хөгжжээ. Гэхдээ би хүмүүсийг “Алсын удирдлага”, “Шарга даага” гэх мэт урлаг шингэсэн киног үзээсэй гэж боддог. Ийм киногоор үзэгчдэд хүргэж байгаа утга санаа их зөв, агуулга сайтай ч хүмүүс бага үздэг юм шиг санагдлаа.
Монголын кино урлаг цаашид улам сайн хөгжих боломж байна. Эдийн засаг сайжрах тусам хүмүүсийн кино үзэх чадвар нэмэгдэнэ. Тэр тусмаа дан ганц залуучууд гэлтгүй нас насны ангилалтай үзэгчид гарч ирнэ. Ирээдүйд дунд насны, ахимаг насны хүмүүс ч кино үзэх болсноор киноны сэдэв улам өргөжнө гэж боддог.
-Хувийн амьдрал, гэрлэлтээ төлөвлөж амжсан уу. Ээж аав чинь мэдээж эмээ өвөө болохыг хүсэж л суугаа байх?

-Одоогоор байхгүй. Ер нь кинотойгоо л гэрлэчихсэн яваа хүн шүү дээ би. \Инээв\ Би гэрлэлтийг хойшлуулдаг газар удаан байчихсан болохоор одоохондоо тийм төлөвлөгөө алга. Гэхдээ надад таалагдсан, тохирсон хүн байвал маргааш нөгөөдрөөс ч үерхэх бодолтой байна. Дараа жил ч гэрлэчихэж болно шүү дээ. Одоо миний бүх сонирхол кино урлаг руу төвлөрчихөөд байгаа.
-Таны ээж маш гайхалтай, үзэсгэлэнтэй эмэгтэй. Хөвгүүд ээж шигээ хүнтэй, охид аав шигээ хүнтэй гэрлэнэ гэж ярьдаг?
-Намайг бага байхад ээж “миний хүү ээж шигээ л хүнтэй гэрлээрэй” гэхэд нь би “ээж та одоо юу яриад байгаа юм бэ” гээд л эсэргүүцдэг байсан. Одоо бодоход ээжтэйгээ хамт байдаг болохоор бүр дасчихсан болоод ч тэр үү, ээж шигээ л хүнийг хардаг юм билээ. Хоёр төрлийн дурлал хүнд байдаг. Харангуут татагдаж дурлах, нөгөөх нь дасаж дурлах. Хүний амьдралд энэ хоёр хоёулаа хосолж байх юм бол сайхан гэж би боддог. Ээж шигээ хүнийг хайдгаа өөрөө ч мэддэггүй байх л даа.
Нөгөө талаар хүн хаана ч байсан төрсөн орон гэр хамгаас чухал. Бага байхдаа хүнтэй хэрэлдээд гэрээ санаад их уйлж байсан. Тэр үед ээж аавынхаа байгаа газрыг л гэр гэж тооцдог байсан. Ирээдүйн эхнэр маань надад энэ сэтгэгдэлийг төрүүлж чадахаар л хүн байгаасай гэж боддог.
-Гадаадад боловсрол эзэмшсэн залуус ихэвчлэн тэндээ сууршихаар оддог. Эндэх орчин нөхцөл сэтгэлд нь хүрдэггүй юм шиг. Өөрөө эх орондоо үлдэх үү?
-Ойрд бол монголдоо байна. Гэхдээ гадаад руу ч явна, монголдоо ч эргэж ирсээр байх болно. Ер нь ажлынхаа дагуу л ирж, явна. Түрүүн хэлж байсан шигээ Монгол хүн “Оскар”, “Канын” фестивалд оролцож, хувь нэмрээ оруулж чадна гэж найдаж байгаа. Нөгөө талаар Монголд бас кино хийж өөрийн уран бүтээлээ хүргэнэ. Тодорхой зүйл байхгүй ч гэсэн ийм л бодолтой явна даа.
-Цаашдын уран бүтээлийг төлөвлөгөө байгаа юу?
-Яг тодорхой товлоогүй л байна. Ямартай ч дараагийн уран бүтээл маань өмнөхөөсөө эрс өөр байх болно. Яагаад гэвэл миний сурч мэдсэн зүйл гэвэл кино хийх болгондоо өөрийгөө шинээр нээх явдал гэдгийг Америкийн Ф.Т.Андерсан хэмээх найруулагч мэдрүүлсэн. Тэр хүний хийдэг кинонууд хоорондоо маш өөр өөр, тэгсэн мөртлөө маш сонирхолтой. Би тийм л найруулагч болмоор байна.
Танд баярлалаа. Амжилт хүсэе!
Ярилцсан П.Урнаа
Сэтгэгдэл (2)