Хэрүүлийн алим хуваалцаж бие биедээ эр бяраа гайхуулсан олны танил одонцорууд болон УИХ-ын ямбатай гишүүдийн алдарт зодоонуудын зах зухаас уншигчид маань санаж байгаа болов уу. Гадны орнуудад хэрвээ улс төрчид, олны танил эрхмүүд хариуцлагагүй үг хэлж, буруу үйлдэл хийсэн бол ард түмнээсээ албан ёсоор уучлал гуйдаг. Шаардлагатай асуудлуудыг хуулийн дагуу шийддэг.
Харин манайд уучлал гуйх нь бүү хэл, хууль шүүхээр ч зөв шийдэгдэж байгаа нь мэдэгдэхгүй намждаг уламжлалтай. Түүнчлэн цуутай зодоонд холбогдсон нөхдүүдийн тоо нэлээн хэдээр ч тогтохгүй. Олны танилын дээр нэртэй зодоонч гэдгээрээ танигдсан нөхдүүд уг нь бол Монголын ирээдүйг бэлтгэж байгаа эцэг, эхчүүд шүү дээ.
У.Хүрэлсүх & Г.Баярсайхан
УИХ-ын гишүүн асан У.Хүрэлсүх, Г.Баярсайхан нар чуулганы хуралдааныг дуулиант зодооноор эхлүүлж шуугиан тарьж байсан билээ. Намдаа хайртай улс төрчид гэдгээ харуулсан тэд арай ч ард түмнийхээ өмнө гар зөрүүлээгүй. Чуулганы танхимаас гарч зодолдсон.
Түмний өмнө өндөр хариуцлага үүрч төрийн ордон дахь зөөлөн сандалд тухалсан эрхэм гишүүд маань ийн нанчилдаж байхад олны танил одонцоруудын зодоон юу ч биш байлгүй. Ер нь тэгээд олны танил одонцор нэртэй нөхдүүд, улстөрч гэх сэтэртэй нөхдүүд олон нийтийн өмнө биеэ авч явахдаа, хэн нэгэнтэй зодолдохынхоо өмнө “би хэн бэ” гэж өөрөөсөө нэг асуух хэрэгтэй болов уу.
Ямартай ч эрхэм гишүүдийн энэхүү зодоон хэсэгтээ шуугиан дэгдээсэн ч У.Хүрэлсүх гишүүн суудлаасаа татгалзсанаар намжсан билээ.
Их аваргын адис үргэлжилсээр...

Дургүйгээ хүргэсэн нэгэнд адис өгч байгаа аятай хаа явсан газраа нударга зөрүүлэх хоббитой нэгэн бол Их аварга Д.Дагвадорж. Түүнээс адис авсан хүмүүсийн жагсаалт МҮОНРТ-ийн захирал М.Наранбаатар, Б.Дөлгөөн гэхчлэн үргэлжилнэ. Төрсөн нутгийнхаа баяр наадмаар нутгийн ах М.Наранбаатарыг зодож нутгийнхаа Цагдаагийн хэсэг дээр очсон байдаг.
Их аваргын энэ мэт үйлдэл танхайн хэрэгт хамаарагддаг болохоор хэдэн сар хоригдох юмуу, эсвэл нөхөн төлбөрөө бүрэн барагдуулах ёстой байдаг. Үүнээс болж нэг нутгийн хоёр эрхмийн хэрүүл зодоон хэвлэлээр нэг үргэлжилж байгаад намжсан. Гэсэн ч Их аваргын зодоон дуусаагүй ээ.
“Петровис”-ын Ж.Оюунгэрэлийн хүү Б.Дөлгөөнтэй нэлээд ширүүн зодоон үүсгэсэн. Их аваргын адил хэзээд зодоон нүдээн хүүхэн шууханаараа алдартай Б.Дөлгөөн аваргаас адис авах биш эсрэгээр нь адис өгсөн. Аваргын хамрыг чихэж эцэс сүүлдээ зуушны хутгаар хацрыг нь зүссэн зоригтой эр.
Нэг нь гуч гарч, нөгөө нь дөч дөхөж яваа энэ хоёр эр хоёулаа гэртээ намбайгаад, хүүхдүүдээ хүмүүжүүлээд сууж баймаар. Гэтэл эсрэгээрээ бааранд хэр хүмүүжилтэй хүмүүс гэдгээ харуулж явна. Дүүргийн шүүхэд шилжсэн тэдний зодооны хэргийн заргад Их аварга ялж, Б.Дөлгөөн хохирлыг нь барагдуулсан гэнэ лээ.
Улсын харцага Г.Намсрайжав & Цагдаа

Их хотын түгжрээнээс болж жолооч, зорчигчдын уур нь барагдаж эцэс сүүлдээ замын цагдаагаа хүртэл бариад зодчих дээрээ тулсан билээ. Үүний нэг тод жишээ бол улсын харцага Г.Намсрайжав төрийн цагдаагийн нармайг нээсэн хэрэг.
Замын цагдааг зодож байгаа бичлэг нь олон нийтэд цацагдсанаар улсын харцага Г.Намсрайжав гэдэг нь тодорхой болсон юм. “Бөх хүн бүдүүн өвсөнд” гэгчээр шүүхээс гурван сар хорих ял сонссон.
Ард түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээдэг, уужуу тайван гэх тодотголтой бөхчүүдийн маань уурыг хүртэл барж байгаа энэ замын түгжрэл хэзээ нэг шийдэгдэх юм бол доо. Зөвхөн бөхчүүдийг ч биш олон түмнийг энэ стресс гэдэг өвчнөөс ангижруулахад замын түгжрэлийн асуудлыг шийдэх нь тун ч чухал байна даа.
УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ & Прокурор
УИХ-ын гишүүний суудлаас нь түдгэлзүүлэх дээр нь тултал прокурортой хэрүүл зодоон хийсэн хүн бол З.Баянсэлэнгэ хатагтай.
Хувийн ашиг сонирхлоороо нөгөө л гишүүдийн үхэн хатан тэмцээд байдаг нам, эвслээсээ болж тэрбээр шүүхийн хаалга татах дээрээ тулсан нэгэн. Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор О.Мөнхбаатарын биед халдсан хэргээр шүүхэд дуудагдсан З.Баянсэлэнгийн эл хэрэг нотлох баримт дутуу гэсэн дүгнэлтээр хаагдсан. Намынхаа төлөө жагсаал цуглаанд идэвхтэй оролцож хэд хоног өлсгөлөн зарласны үр дүнд тэрбээр УИХ-ын танхимд заларч чадсан. Өлсөж, цангаж, даарч хөрөн байж олсон энэ суудлаа нэг прокурортой ам зөрж, гар хүрсэн төдийгөөс болж өгнө гэж гонж хэмээн З.Баянсэлэнгэ дотроо шивнэсэн биз.

Загвар өмсөгчдийн нанчилдаан


Загвар өмсөгч сайхан залуучууд хоорондоо зодолдож бие биенийгээ цус нөжтэй нь хутгасан хэрэг гарсан. Чих тавиад сонсох нь ээ, үг хэлээ олчихоор явган ярианаас болж тэдний зодоон эхэлсэн гэдэг. Хэргийн эзэн хэнгэрэгийн дохиур нь загвар өмсөгч н.Ирмүүн гэх монгол нэртэй казак залуу. Түүний өрсөлдөгч нь загвар өмсөгч Н.Эрдэнэцогт буюу мисс С.Төгсөөгийн экс. Энэ хоёр сайхан залуугийн дунд явдаг байсан нэгэн мисс бүсгүй тэр хоёрыг цусаа гартал зодолдоход хүргэсэн хэргийн эзэн.

Загвар өмсөгч Н.Эрдэнэцогтыг н.Ирмүүн “гомо” гэж дуудаж, хариуд нь түүнийг “казак” хэмээн хэлснээр тэдний зодоон эхэлжээ. Тэд нэгэн тэмцээний үеэр хэн хэнийхээ хувцсыг урагдтал зодолдож хурсан олны нүдийг орой дээр нь гаргасан бөгөөд шүүхийн хаалга арай татчихалгүй асуудлыг дарсан байдаг. Хов зөөсөн хүүхний үгнээс болж салбарынхаа нэр хүндийг унагаасан тэднийг жинхэнэ эрчүүд гэх үү, учраа олоогүй хүүхдүүд гэж тодорхойлох уу, бүү мэд ээ.

Хоёр эрийг зодолдуулдаг сүрхий бүсгүй хэн бэ?
Онцгой содон дуу хоолойгүй хэрнээ царай зүс, бие хаагаараа урлагийн Янжинлхамуудын тоонд багтдаг дуучин Агий буюу П.Алтанцэцэг гуч дөхөж яваа хэрнээ одоо хэр найз залуугүй хэвээр. Хаана ч явсан харчуулын харцыг булааж эцэс сүүлдээ хооронд нь зодолдуулах дээрээ тулдаг.
Агий хурдан найз залуутай болж шоу цэнгээнийг үймүүлэхээ болиосой хэмээн халаглах шоучид олон бий. Баар саванд зодоон боллоо гэж сонсож байсан болохоос биш буудалцаж, хүйтэн мэсээр бие биенийгээ гэмтээсэн гэж барагтай л бол дуулдаж байсангүй. Тэгвэл орчин үед яг л кинонд гардаг шиг зүйлүүд ар араасаа хөврөх болж. Юу гэхээр хоёр залуу Агийг булаацалдаж бие бие рүүгээ гал нээсэн хэрэг “I Loft” бааранд болсон билээ. Золоор хүн бэртсэн хэрэг гараагүй, тэгсхийгээд намжсан гэдэг.
Төрийн соёрхолтын найр
Төрийн соёрхолт дуучин Д.Болдын найранд уригдан очсон реппэр Quiza, “On and Off” продакшны найруулагч С.Ононбат нар маргалдаж сүүлдээ зодооноор төгссөн юм. Зүгээр ч нэг найр наадам биш төрийн соёрхолтын найран дээр уригдсан нөхдүүд ийм ааш зан гаргасанд дуучин Д.Болд ихээхэн зэвүүцсэн гэдэг. Энэ хэрүүл зодооноос болж найрын баяр хөөр унтарч нэг ёсондоо тарсан юм билээ. Угийн бие биетэйгээ үг хэлээ ололцдоггүй байсан тэд ганц хоёр хундага хатуу юм балгасан биш төрийн соёрхолтын найран дээр шуугиан тарьж, хурсан олныг тараасан гэдэг. Олны танил нэртэй юм бол олон нийтийн газар бие зөв авч явж хаана, хэнтэй байгаагаа сайтар ухамсарламаар юм.
У.Хүрэлсүх & Э.Мөнх –Очир

Хэзээд зангидсан гарынхаа чилээг гаргах гэж дайрдаг УИХ-ын экс гишүүн У.Хүрэлсүхийн зодоон үргэлжилж байна. УИХ-ын гишүүд байхдаа зодолдож хэвлэлийн баатар болсон У.Хүрэлсүх, Э.Мөнх-Очир нарын зодооны уг шалтгаан он удаан жил үргэлжилж, нэг л өдөр тэсэрсэн гэдэг. Үг хэлээр биш зодоон нүдээнээр шийдэгдсэн тэдний тэмцэл нэлээн том асуудал байсан болоод л бие биенийгээ заамдах дээрээ тулсан биз. Нэг нь цаг үргэлж элит гарал үүслээрээ ихэрхэдэг байхад нөгөөх нь булчинлаг бие хаагаараа илүүрхэх дуртай хүмүүс юм.
Ц.Нямдорж & Ж.Сүхбаатар

Тэгвэл дараагийн нэг жишээ нь Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Нямдорж хийгээд Ж.Сүхбаатар гишүүний талаарх мэдээ. Хэдийгээр энэ хэрэгт Ж.Сүхбаатар гишүүн хохирогч болсон ч эх үүсвэр нь түүний хэвлэлд өгсөн ярилцлага. Залуу улстөрчийн зангараг гаргаж “Улс төрийн нам өөрчлөгдөх ёстой. Нам яагаад өөрчлөгдөх ёстой гэхээр одоогийн зохион байгуулалтын улмаас тодорхой бүлэг, мэргэжил чадваргүй, ёс суртахуунгүй этгээдүүд албан тушаалд очиж байна. Үүнийг МАХН-д ч гэсэн шинэчлэх талаар ажиллаж байгаа. Улстөрчид өөрчлөгдөж, шинэчлэгдэх цаг болсон. Шинэчлэгдэж чадаагүй нь зайгаа тавьж өгөх цаг болж” хэмээн ярьсан нь Ц.Нямдорж даргын уурыг хүргэж зодоон хийхэд хүрсэн гэдэг.
МАХН-ын Бага хурал болсон өдөр сонинд хэвлэгдсэн уг ярилцлагыг Ц.Нямдорж сайд уншсан даруйдаа уур бухимдлаа тэр хавиар нэг дэлгэж, эгээтэй л үсэрч цовхроогүй юм байх. Маргааш нь Ж.Сүхбаатар гишүүн рүү ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж архины шил чулуудаж, “Чамайг би байхгүй болгоно” гэх утгатай сүрдүүлэг, заналхийлэл хөврүүлсэн байна. Улмаар тэрхүү бухимдлаасаа гарч чадахгүй олон өдөр явсны эцэст өрөөнд нь орсон Ж.Сүхбаатар гишүүнийг заамдаж, цамцных нь товчийг тасдаж, хоолойнд нь улаан эрээн ором гаргаад авчээ.
Энэ бол Хууль зүй, дотоод хэргийн сайд, тэр дундаа парламентад насаа элээж буй Ц.Нямдоржийн хувьд гаргаж болшгүй үйлдэл. Үгүй ядах нь аа л түүнтэй бараг л нас чацуу аав минь ийм хэрэг өдүүлээд явбал үр хүүхэд бид чинь нүүрээ хаана хийхээ мэдэхгүй болмоор санагдана. Гэтэл Ц.Нямдорж сайдад “Шинэчлэгдэж чадаагүй нь зайгаа тавьж өгөх цаг болж” хэмээсэн Ж.Сүхбаатар гишүүний үг өөрийг нь өөрт нь зураглаад өгчихсөн бололтой.
Т.Дэлгэрмөрөн & М.Баярмагнай

Дуучин Т.Дэлгэрмөрөн “Женко” Х.Баттулгын хүү Б.Жавхлан нар жүжигчин М.Баярмагнайг зоджээ гэх шуугиан дэгдсэн. Зодоон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Face” клубт эхэлж, 11 дүгээр хороололд үргэлжилжээ. Хэргийг сөхвөл дуучин Т.Дэлгэрмөрөн “Face” шөнийн клубт үйлчлүүлж байсан жүжигчин П.Эрдэнэзаантай маргалдаж улмаар зодолдох эх үүсвэр тавигдсан байна.
Энэхүү зодоон “Женко” Х.Баттулгын хүү Б.Жавхлан Т.Дэлгэрмөрөнг, жүжигчин М.Баярмагнай П.Эрдэнэзааныг өмөөрснөөс ширүүсчээ. Үүний дараа Т.Дэлгэрмөрөн “Женко” Х.Баттулгын хүүгийн хамт баарнаас зугтаж гарчээ. Тэгээд М.Баярмагнай руу “Бид 11 дүгээр хороололд байна. Хүрээд ир. Эр улс байна даа. Эвлэрье” гэж ярьжээ. Үнэхээр тийм юм байх гэж бодсон М.Баярмагнай Т.Дэлгэрмөрөн дээр очиж эвлэрсэн ч, шил архи хувааж уусны дараахан Т.Дэлгэрмөрөн болон түүний нөхөд М.Баярмагнайг бүлэглэн зодож, гарыг нь хугалснаар зодоон дуусгавар болсон гэдэг.
Зодоонч Золоо

Энэ биендээ багтахааргүй ааг омогтой жүжигчин Г.Золзаяа эрчүүдээс дутахааргүй зодоон, нүдээний эзэн. Анхны нөхөр жүжигчин Б.Тамираас салсан даруйдаа ганц бие ээж болсон тэрбээр хэсэг найз бүсгүйчүүдтэйгээ нийлж шоудсан.

Шоу цэнгээн нь ихэдсэн үү гэхээс багадаагүй жүжигчин бүсгүй нэг л өдөр шүүхийн хаалга татах дээрээ тулсан билээ. Найз бүсгүйчүүдтэйгээ нийлж нэгэн бүсгүйг бүлэглэн зодсон хэргээр шүүхийн хаалга татаж 6 сар тэнсэн харгалзах ялаар шийтгүүлж байсан.
Түүнчлэн хохирлыг 30 сая төгрөгөөр барагдуулах болж хохирогч бүсгүйгээс уучлал гуйснаар түүний шоуны балаг дуусгавар болсон гэдэг.
Ц.Алдармаа & Д.Оюунтуул

“Шинэ үе” продакшны жүжигчин Ц.Алдармаа, Д.Оюунтуул нар хоорондоо маргалдаж, бие бие рүүгээ халуун ус цацаж түлэгдэж үхэх дээрээ тулцгаасан. Тус хамтлагийнхан Орхон аймагт тоглолтоор очсон байх үед хэрэг гарсан.
Тоглолтынхоо дараа тэд маргалдаж, улмаар бие бие рүүгээ халуун ус цацсан гэдэг. Үүний улмаас жүжигчин Д.Оюунтуул 65 хувийн түлэгдэлтэй буюу амь нас нь дээсэн дөрөөн дээр эмнэлэгт хүргэгдэж ирсэн. Мөн Ц.Алдармаа ч түлэгдсэн хэмээн өөрийн цахим хуудсан дээр түлэгдсэн зургаа тавьж “би ч гэсэн хохирогч” гэж зарласан.
Эх сурвалжийн хэлж байгаагаар тэд юутай ч гурван цагийн турш хэрэлдсэн бөгөөд чухам юунаас болж ийнхүү хэрэлдсэн нь тодорхой бус байдаг. Ямар ч байсан бие бие рүүгээ ус цацахын өмнөхөн авьяастай, авьяасгүй гэсэн үгсийг хоорондоо шидэлцэж байсан гэдэг.
Ийнхүү хошин шогийн хоёр жүжигчний хэрүүл эцэс сүүлдээ шүүх дээр шийдвэрлэхээр болж өдгөө Сонгинохайрхан дүүргийн шүүхэд хэрэг шилжээд байгаа. Энэ хоёр бүсгүйн хэрүүлээс болж “Шинэ үе” продакшн нь одоо хүртэл уран бүтээлээсээ түр завсарлаад байгаа билээ. Эхлээд хамтлагийн ахлагч Бооёо, жүжигчин Г.Ундармаатай маргалдаж Г.Ундармаа хамтлагаасаа гараад удаагүй байхад энэ халуун усны хэрүүл гарсан. Хамтлагийн хоёр багана болсон хүний хэрүүл шуугиан доодост нь нөлөөлж ийм дээрээ тулсан гэлтэй.
Н.Номтойбаяр & Г.Нямдорж

Төрийн ордны хойно байрладаг "Le Triskell" бааранд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр хүн рүү хутга барьж дайрч, сүрдүүлсэн хэрэг нэг хэсэгтээ л олон нийтийн анхаарлыг татсан. Энэхүү хэргийн эзэд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, “Мунзуй” хочит Г.Нямдорж нар бөгөөд хэрэг явдлын үеэр тэд бие биенийгээ хутгаар сүрдүүлсэн, бусдын биед гэмтэл учруулсан гэх.

Уг асуудлаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр мэдээлэл хийж, бусад руу хутга бариагүй, Г.Нямдорж намайг хутгаар гэмтээхийг завдсан гэх мэдээллийг өгч байсан юм. Харин уг мэдээллийг иргэн Г.Нямдорж үгүйсгэсэн. Ямартай ч цагдаагийн байгууллагаас танхайрсан гэж үзэн Н.Номтойбаярт уг нь хэрэг үүсгэж байсан ч, тэр гэм буруугүй үлдсэн.
Дашрамд дурдахад, УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, “Мунзуй” хочит Г.Нямдорж хоёрын зодооны үеэр “Шинэ дэлхий” телевизийн захирал Ч.Энх-Эрдэнэ зүүн гуяндаа хутганы шарх авсан бол Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргасан 36 настай Б хэвлийн тус газраа хутгалуулсан гэдэг. Өөрөөр хэлбэл, хутга барьсан, бариагүй гэж маргалдаад буй иргэн Г.Нямдорж, эрхэм гишүүн Н.Номтойбаяр хоёрын маргаанаас үүдэн хоёр ч хүн бэртсэн байхад хэргийн гол хоёр эзэн гэмтэж бэртээгүй үлдсэн нь сонирхолтой.
Ийнхүү тэдний эцэс төгсгөлгүй хэрүүл, зодоон сүүлдээ хэвлэл мэдээллээр нэг үргэжилж хэдэн сар дамжиж байгаад өдгөө намжаад буй. Зүгээр нэг оюутан бацаанууд л бааранд зодоон үүсгэдэг болохоос биш хэд хэдэн эхнэрийн эр нөхрөөс, хэдэн арван хүүхдийн эцэг болтлоо өсч “дэвжсэн”, ард түмнийхээ өмнө өндөр хариуцлага үүрсэн хүн хутга бариад бааранд явж байна гэвэл хэний ч зүүдэнд оромгүй явдал.
Цаг үеэ дагаад юм хөгжихийн хэрээр ийм хэлбэрийн хэрүүл зодоон газар аваад байна уу, аль эсвэл энэ хүмүүс чинь бие бие рүүгээ хутга барьж, халуун ус цацах дээрээ тултал тийм их стресс, уур бухимдалтай нийгэмд амьдраад байна уу, бүү мэд. Ямартай ч тэд олны танил, УИХ-ын гишүүд гэдгээ хаана ч, хэзээ ч өөрөө өөртөө сануулж явбал зүгээр юм болов уу даа. Хэрүүл маргааны алийг тэр гэхэв. Гэхдээ хэрүүл ч гэсэн учир утгатай, хэмжээ хязгаартай байх ёстой.
М.Сонор
Сэтгэгдэл (16)