Цаг үе бүхэн баатраа төрүүлдэг. Энэ цагийн тайзны урлагийн хамгийн залуу, хамгийн хөөрхөн, хамгийн чадварлаг жүжигчин А.Ганчимэг арван жилийн онц сурлагатан, ангийнхнаасаа нэг жилээр өрсөж дунд сургуулиа дүүргэсэн гялалзуур охидын нэг.
Аавынхаа зөвлөгөөгөөр СУИС-ийн жүжигчний ангид орж мөн л дипломоо гардаагүй байхдаа Драмын театраас урилга хүлээж авлаа.
Товчхондоо түүний уран бүтээл, урлагийн карьер дардан, өгсүүр замаар тасралтгүй өссөөр өнөөдрийг хүрчээ.
Хамгийн сүүлд Драмын театраас гарч “Хувьсал” продакшнд орсон тэрээр энэ удаад “Зүрхээр наадагч” киноныхоо зохиолыг бичиж, дүр бүтээлээ.
Түүнтэй ярилцсанаа хүргэе.
-Монголын хамгийн дур булаам царайлаг эмэгтэй жүжигчин, хамгийн сайн боловсрол, хүмүүжилтэй тэгсэн хэрнээ найз залуу, нөхөргүй гэх тодотголууд таныг дагадаг байлаа. Харин өнөөдөр миний өмнө хувийн амьдралын тухайд гэр бүлтэй, ээж болсон, хувьсгалын талбарт бол 26-хан насандаа кино зохиол бичсэн, өөрөөр хэлбэл олон өөрчлөлтийн дараа та анх хэвлэлд ярилцлага өгөх гэж байна. Чимээгүй байсан өдрүүд чинь их учраас фенүүд чинь ч их санасан нь мэдрэгдэж байгаа. Сонин сайхан юу байна?
-Яанаа, ямар гоё тодотголууд вээ, санаа зовчихлоо. Чимээгүй байсан гэж үү? Би тэгж бодохгүй байна. Сонин хачин ч их байгаа. Өнгөрсөн 9-р сард нээлтээ хийсэн “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” кинондоо тоглосон. Кино маань он дамжин гарч, “Юнивишн” видео сангаар дамжиж одоо ч үзэгчдэд хүрсээр байна.
“Хувьсал” продакшн маань 3-р сард “Хайр” драмын жүжиг тавьсан. Би тоглоогүй ч арын албанд нь ажилласан. Хамгийн сүүлд “Зүрхээр наадагч” кинон дээрээ ажиллалаа. Хувийн амьдралын тухайд хүний амьдрал цагийн аясаар өөрчлөгдөж, баяжиж байдаг шиг миний амьдрал ч гэсэн баяжиж л байна.
-“Зүрхээр наадагч” гэж сонин л нэр юм. Яагаад ингэж нэрлэсэн бэ?

-Киноны зохиол нэг жилийн хугацаанд бичигдсэн. Нэрээ өгөх дээрээ бид гурав нэлээн юм болсон. Хамгийн түрүүнд нэр л хүмүүст хүрэх учраас зөв, оновчтой нэр өгөх хэрэгтэй. Нэг өдөр Урнаа эгч /жүжигчин У.Уранчимэг.сурв/ “Зүрхээр наадагч” гэвэл яаж байна гээд.
Бид хоёрын хувьд эхлээд шууд сонсоход харгис, нөгөө талаар инээдтэй ч юм шиг санагдаад. Энэ нэрээ олон хүнээс асуухад олон янзын хариулт өгч, сүүлд нь утга зохиолын салбарын хүнээс асуулаа. Тэр хүн жаахан сахилгагүй, дэггүй мэдрэмж төрж байна гэсэн. Бидний хүсч байсан нэрний зорилготой таарсан учраас энэ нэрэн дээрээ тогтсон л доо.
-Кино зохиолыг өөрөө бичсэн гэсэн. Зохиол бичих, ер нь бичгийн боловсрол тухайн хүний боловсролын ерөнхий түвшинг тогтоочихдог гэж болно. Энэ авьяас чадвар тань дунд сургуульд онц сурдаг байсны гялбаа юу, эсвэл?
-/инээгээд/ Муу сурдаг бол байгаагүй ээ. Дунд сургууль, их сургуулиа онц дүнтэй төгссөн. Гэхдээ яг зохиолч гэж бас болохгүй л дээ. Бичиж эмхэтгэсэн нь би болохоос Урнаа эгч, Ганаа эгч бид гурвын хамтын бүтээл.
-Та хэрвээ жүжигчин болоогүй бол ямар мэргэжил сонгох байсан бол? Жүжигчний мэргэжил сонгосон нь магад таны гадаад төрх, хөөрхөн царайтай холбоотой байх гэж бодогддог, би зөв таасан уу?
-Үгүй ээ, би ердөө ч тэгж боддоггүй. Би хувьдаа жүжигчин болно ч гэж боддоггүй байсан. Багадаа нугардаг, Хүүхдийн ордны дугуйланд явдаг байсан болоод ч тэр үү, мэргэжил сонгох мөчид аав маань, СУИС-д орох байлгүй дээ гээд. Тэгээд л нээрээ би жүжигчин болъё гэж шийдээд мэргэжлээ сонгож байсан. Хэрвээ жүжигчин болоогүй бол сэтгүүлч ч юм уу, ямартай ч оффисын ажилтан болох байсан болов уу.
-Та СУИС-ийг төгсөөд л драмын театрт жүжигчнээр оччихсон. Энэ бол жүжигчдийн хувьд том үнэлгээ, том боломж гэж болно. Гэтэл нэг л өдөр драмын театраа орхиж, “Хувьсал”-ыг сонгосон. Шалтгаан нь юу байсан бэ?
-Би өөрийгаа их азтай гэж боддог. Сургуулиа бүрэн дүүргэж, дипломоо аваагүй байж драмын театрт ажиллах боломж олдсон.
Театрын шалгалт болоод ажиллах болсноо мэдчихээд “Би сургуулиа арай төгсөөгүй, дипломоо аваагүй байгаа” гэхэд минь найруулагчид, “Хонхны баяраа хийгээд, дипломоо аваад хүрээд ирээрэй” гэж билээ. Театрт олон уран бүтээлчидтэй ажиллаж чамгүй их зүйлийг сурсан.
Харин театраас гарах алхмыг хүн бүхэн янз янзаар хүлээж авсан. Зарим нь зөв, хөгжих хэрэгтэй гэхэд зарим нь Монголдоо ганц академик театрыг орхино гэдэг буруу гэдэг ч юм уу.
Хүн бүхэн өөрийнхөө зөв гэсэн алхмыг хийдэг. Би өөртөө зөв гэж бодсон алхмаа л хийсэн. Яагаад гэвэл би залуу хүн учраас өөрийгөө тал талаараа хөгжүүлье, сорьж үзье гэсэн бодол байсан.
Театрт байгаад байвал надад хуваарилсан дүр дээрээ л ажиллана. Жишээ нь, киноныхоо зохиолыг бичиж, уран бүтээлүүдийнхээ маркетинг дээр ажиллах гэх мэтээр “Хувьсал”-д өөрийгөө илүү өргөн, олон талаар хөгжүүлэх боломж нээгдэж байгаа. Нөгөө талаар сэтгэл санаа нийлсэн хүмүүстэйгээ уран бүтээл хийж, хамтран ажиллах сайхан. Бид гуравт цаашид хийхээр төлөвлөж байгаа маш олон зүйл байгаа. Энэ бүхнийг хийх хүсэл, зориг, оргилуун сэтгэл байгаа учраас тэр том театрыг орхисон.
-Ингэхэд “Зүрхээр наадагч”-аас хүмүүс юуг ойлгоосой гэж та зорьсон бэ?
-Энэ дэлхий бол маш олон хүний бөөгнөрөл. Олон янзын хүмүүс байдаг ч тэд бүгд л хүүхэд байсан. Хамгийн аз жаргалтай, гэрэл гэгээтэй бүхнээр дүүрэн байдаг үе бол мэдээж хүүхэд нас. Гэтэл хүүхэд болгон ийм байж чаддаг билүү? Харамсалтай нь үгүй. Тэр хүүхдүүд маань сайхан амьдрах ёстой, гэр бүлтэй байх ёстой. Товчхондоо, хайр, хайрын үнэ цэнэ, гэр бүлийн үнэт зүйл, нөхөрлөлийн тухай кинонд маань гарна.
-Нээрээ ээж болсонд баяр хүргэе! Ээж болсон мэдрэмжээсээ хуваалцаач?
-Баярлалаа. Эмэгтэй хүний хамгийн аз жаргалтай, юугаар ч илэрхийлэх аргагүй мэдрэмж юм билээ. Амьдралдаа тийм сайхан мэдрэмж байдгийг төсөөлж ч байгаагүй юм шиг санагдсан. Өр зүрхнээс жинхэнэ утгаараа хайр мэдрэгдэж, үнэхээр нэг тийм аз жаргалтай, амар амгалан тэгсэн хэрнээ ардаа түгшүүртэй ч юм шиг мэдрэмж дүүрэн байсан.
-Та жинхэнэ холливуд жирэмслэлт хийсэн. Хөл хүнд болсон л гэсэн, төрлөө л гэсэн, хөөрхөн Ганчимэг яг хэвээрээ кино авардс дээр гарч ирсэн. Ямар нэг дэглэм, жор байна уу?
-Үгүй дээ. Юу ч байгаагүй. Жирэмсэн болохоороо аймаар өөх идмээр санагддаг эсвэл чихэрлэг юм идмээр санагддаг ч юм уу, ямартай ч апетит өөрчлөгддөг гэж сонсож байсан. Би ер тийм өөрчлөлтөнд ороогүй.
Хэвийн идэх хэмжээгээрээ идэж, ажлаа ч хийж байсан. Ардаа ажилтай шүү гэдэг мэдээлэл далд ухамсарт суучихсан учраас тийм хянуур байсан ч байж болох юм. Би 2 болчихлоо, 2 хүний порцоор иднэ эсвэл 2 жил гэртээ сууж хүүхдээ өсгөнө гэсэн мессеж далд ухамсарт байсан бол өөр байсан байх ч юм билүү.
Ийм зүйлсийг өөртөө хязгаарласан байсан учраас энэ тал дээр асуудал багатай хүүхдээ тээсэн.
-Таныг харьцангуй олон жил ганц бие, элдэв нэр хочгүй эрхэмсэг амьдарсныг чинь мэдэх юм. Нэг л өдөр жүжигчин залууг сонгож, фенүүдээ гонсойлгосон. Ганчимэгт эр хүний ямар зан чанар таалагддаг вэ?
-Гонсойлгосон гэж үү дээ? Үгүй байлгүй дээ, хэхэ. Эр хүн зүгээр л эр хүн шиг байх хэрэгтэй. Эр хүн ч гэлтгүй эмэгтэй хүнд үнэнч зан чанар, чин үнэнч хандлага хамгийн чухал юм болов уу гэж бодож байна. Үнэн гэдэг өөрөө хамгийн хүчтэй зүйл.
Тэрнээс биш хөгжилтэй, ухаалаг, гүндүүгүй гээд бараг л амны уншлага болох шахсан тодотголууд их бага хэмжээгээр л хэмжигдэх болохоос хүн болгонд байдаг л шинж чанарууд юм билээ. Хэдэн жилийн өмнө яг энэ асуултанд огт өөрөөр хариулж байснаа маш сайн санаж байна. Тэгэхээр би их өөрчлөгдөж байгаа юм байлгүй ...
Б.Ялгуун
Үргэлжлэлийг "Гранд" сэтгүүлийн шинэ дугаараас ...

Сэтгэгдэл (6)