
Монгол Улсын Засгийн Газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Монгол тууль хөтөлбөрийг хэрэгжүүлэх үүднээс өнөөдөр “Хаан туульс, туулийн өргөө”-г Богд хааны ордон музейд нээлээ.

Нээлтийн ёслолын арга хэмжээг ССАЖЯамны Соёлын Өвийн Хэлтэс, Соёлын өвийн төв, Монголын театрын музей, Богд хааны ордон музейн захиргааны хамт олон хамтран зохион байгуулсан юм.

Гол зорилго нь нүүдлийн соёл иргэншил, аман өвийн баялаг уламжлалаараа дэлхийд дээгүүрт ордог Монголчуудын хувьд соёлын давтагдашгүй уугуул төрхөө хадгалж үлдэх, өвлүүлэн уламжлуулахад оршжээ.

Тус өргөөний нээлтийн үйл ажиллагаанд ССАЖЯ-ны сайд Ц.Оюунгэрэл, ССАЖЯам СӨХ-ийн дарга Ц.Цэндсүрэн, СӨТ-ийн захирал Г.Энхбат, БХОМузейн захирал О.Мэндсайхан нар хүрэлцэн иржээ.

Мөн МУСГЗ, Төрийн хан хуурч Ц.Цэрэндорж, Туульч А.Балдандорж, Цуурч Б.Наранбат нар хуурдаж, цуурдаж өргөөнийхөө жаврыг үргээсэн билээ.

Цуурч Б.Наранбат ирсэн олонд иддэг ааруулаараа хүртэл цуурдаж болдгийг харуулж, Ц.Оюунгэрэл сайдад цуурдаж сурахыг зөвлөн наргиад авсан. Хариуд нь сайд цуурын дугуйланд явна аа хэмээн олон нийтийн өмнө ам гарав.

Цаашид тус өргөөнд туульч, болон цуур хөгжмөөр хичээллэгч нарыг байнга элсүүлэн авч заах сургах үйл ажиллагаа явагдах аж. Мөн Монгол туулийн бүх төрөл зүйлийг хамарсан дуу, дүрс бичлэг, гар бичмэлийн эх хэрэглэгдэхүүний хөмрөг бүрдүүлж ажиллах юм байна.







П.Урнаа
Сэтгэгдэл байхгүй байна