Бидний “Зүрхээр наадагч”

Намар иржээ. Салхи сэвэлзээд л модны навчис үл анзаарагдам хэрнээ шаргалтсаар нэг л мэдэхэд моддыг орхин хагадран унана. Хэзээ ч навчтай байгаагүй юм шиг, хэзээ ч хараа булаам ногоон өнгөөр салхины үзүүрт сагсалзан бардам байгаагүй юм шиг мод гунигтай нүцгэн хоцорно. Ийм нэгэн намрын сэрүүн салхи сэвэлзсэн өдөр “Тэнгис” кино театрын гадаа би догдлон зогсоно.

Гартаа “Зүрхээр наадагч”-ын урд хожид харагдаж үзэгдээгүй гоёмсог урилгыг атган зогсохдоо нэг л мэдэхэд өөрөө ч мэдэлгүй догдолж орхив.

Зүрхэнд минь гуниг дүүрнэ

Зүүдэнд чи минь надтай байгаач

Зовхинд минь нулимс дүүрэн бүрхэн байх шиг

Зоргоороо хайрлана аа ...

Хонхны дуу шиг яруухан тэр л хаврын

Дурлал шиг гэгээн өдрүүд баяртай

Чамд тэмүүлэх миний сэтгэл шиг

Мартаж чадамгүй зургаан сар минь баяртай ...

“Хувьсал” продакшны уран бүтээл болгон, ялангуяа дуу нь үзэгчдийн сэтгэлд тодхон байх шиг бүгд л харц нь бодолд автаж даган амандаа аялж байна. Тэр бүтээл тавигдаж байх үе, тэр дуу хит болж байхын нандин дурсамж надад бас байлаа. Гэгэлзсэн намрын хүн би ганцаараа биш ажээ. Яг ийм нэг намар “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”-ийн үүдэнд догдлон зогсоод асгартлаа уйлан харисан санагдана. Харин энэ удаад алчуураа мартаагүй байгаа гэж нягтлан нягтлан зогслоо.

Энэ үдшийн гол баатар бол мэдээж киноны продюссер, ерөнхий найруулагч У.Уранчимэг хатагтай. Кино зохиолыг бичсэн залуу жүжигчин А.Ганчимэг яг жилийн өмнө дурлалт хархүүгийнхээ гараас хөтлөн улаан хивсэн дээгүүр хайрын мишээл гялбуулан алхан орж байж билээ. Хэзээд гал цогтой эргэлдсэн алаг нүдээрээ бидний зүрхийг урхидаж орхидог жүжигчин Д.Ганцэцэг тэр үед gang стилээр гарч ирж байв.

Гурван бүсгүйн өмнөх дүр төрхийг бодон одоо ямар харагдах бол гэсэн догдлол хэн бүхэнд буй нь илэрхий. У.Уранчимэг яг л хэвээрээ, илүү эрхэмсэг, илүү тансаг сонголт хийсэн харагдана. Гануухай ээж болсон тул жин нэмж багагүй буурь суужээ. Д.Ганцэцэг эмэгтэйлэг гэгч нь гал улаан даашинзаар гангарч нөгөө л дүрлэгэр нүдээрээ инээвхийлсээр явж орлоо. Азийн топ модель О.Мөнхдалай олон бүсгүйчүүдийн харцыг булаахаар дэгжин хархүү юм. Гол дүр Гануухайтай зэрэгцэн алхаж хурсан олны харааг булаав.

Зүрхээр наадагч гэж хэн бэ?

Бидний мэдэх юм шиг хэрнээ мэдэхгүй, анзаардаг юм шиг анзаардаггүй асрамжийн газрын амьдрал дэлгэцнээ хөвөрлөө. Ээжийгээ санаад мэгшин уйлах охин, гэр бүлийн халуун уур амьсгалыг мэдрээгүйдээ хорссон сэтгэлээ тайлах гэж бусдыгаа дээрэлхэх нэгэн, тэр олон өнчин өрөөсөн дундаас үеийн охиноо онцлон хайрлаж хамгаалах бяцхан хүү, бүгдэд нь хатуурхах боловч тэдний л төлөө дотроо хэрсүүжих насаар эгчмэд охин.

Амьдралын эрхээр тэд тус тусын зам мөрөө хөөнө. Хамгийн сул доройг нь дэргэдээ авсан Тэргэл /Уранчимэг/ бүсгүй баян эрчүүдийг Ялгууны /Ганчимэг/ хөөрхөн царайг ашиглан сэгсэрнэ. Тэр хоёр бол хайрлах, энэрэх сэтгэлгүй зүрхээр наадагчид. Гүнж шиг тансаг амьдрал, брэнд хувцас, үнэтэй машин, тансаг сууц сүйхээтэй хоёр бүсгүйн амьдрал өдрөөс өдөрт цэцэглэнэ.

Тэдний дараагийн бай томоохон группын өв залгамжлагч хархүү байлаа. Тэр нь асрамжийн газарт өөрийг нь халамжилж байсан Эрхэс гэдгийг Ялгуун эхэндээ гадарлах ч үгүй. Гэсэн ч өөрийн мэдэлгүй татагдсаар нэг мэдэхэд Тэргэлтэй амласан амлалтаа мартаж дурлаж хайрласан байдаг. Зүрхээр наадагчид ч гэсэн шархлах сэтгэл бий. Хүн сайхныг идэж сайныг өмсөж зүүх авч эцсийн бүлэгт хайр үгүй бол тэр бүхэн юу ч биш гэсэн санаа нь киноны гол философи.

Яах гэж зүрхээр наадав?

Асрамжийн дөрвөлийн нэг Энхжин /Ганцэцэг/ зах дээр тэрэг түрдэг, хогийн цэг дээр хүүхдээ өсгөн тарчиг амьдрахын зэрэгцээ архичин нөхрийнхөө ая эвийг олох гэж зүдэрнэ. Санамсаргүй байдлаар Тэргэл түүнийг таньж хогийн цэг дээр очно. Нийгмийн хамгийн дээд каст баячуудын хорооллын хатагтай доод цэг хүртэл явсан энэ хэсэг манай нийгмийн ялгааг тодхон харуулав. Баян эрсийг сэгсрэхдээ нүдээ ч цавчдаггүй хатуу хатагтай энэ мөчид шалдаа бууж асгартлаа уйлж байлаа. Өчигдөр хэн байснаа мартаад өнөөдөр бусдыг танихаа байчихсан хүмүүст энэ хэсэг гарцаагүй нэгийг бодогдуулах биз ээ. Хүн хүнээрээ дутдаг хорвоо шүү дээ. Хүн болгон амьдрах өөр өөрийн арга барилтай. Мөнгө гэгч зүйл хүнийг яаж ч эвдэж болох хэдий ч урд нь хэн явснаа мартаж болохгүй билээ. Магадгүй бид ч гэсэн нүдээ ч цавчилгүй бусдын зүрхээр наадчихаад юу ч болоогүй юм шиг исгэрч явдаг юм биш биз? Тэргэл тийм мянга мянган хүмүүсийн алдааг зөвтгөж, алдаагаа засахыг сануулсан хэв шинжит дүр байлаа. Өнгөц харахад залуу охиныг ашиглаж мөнгөний төлөө үхэн хатан шунаглаж буй цэвдэг сэтгэлтэн мэт боловч тэр дотроо бодолтой хүн. Мөнгийг өөрсөд шиг нь хүнд амьдрал туулсан хүүхдүүдийн зовлонг хугаслах гэж л цуглуулсан байдаг. Энэ кинонд бохир наргиа, болсон болоогүй эротик сцен байхгүй ч гэсэн эцсийн эцэст хүний хувь тавилангийн талаар өгүүлж буй нь бас нэгэн алга таших шалтгаан байлаа. Ингэх гэж л зүрхээр нааджээ. Хэн ч гэсэн бусдын зүрхээр наадаж, бусад дээр гишиглэн оргил өөд мацах боловч би сайхан амьдрахын тулд бусад хүн сайхан амьдрах ёстой, бусад хүн сайхан амьдрахын тулд би бас сайхан амьдарч гэмээнэ бие биедээ тусална гэдгийг бодох цаг иржээ.

У.Уранчимэг VS А.Ганчимэг

Би энэ эмэгтэйн насыг асуумааргүй, үнэхээр мэдмээр ч үгүй байна. Их дайчин, гайхалтай төрмөл авьяастай, маш нарийн торгон мэдрэмжтэй гэдгийг нь түүнийг харах бүрдээ уран бүтээлийг нь үзэх бүрдээ мэдэрч байна. Хэн түүний насан дээр ингэж гал цогтой бүжиглэж, сарны алхаа хийж, залуу охидуудыг “үнсэж тавьж” чадах вэ? Чадахгүй байх. Хэн түүний насан дээр ийм тачаангуй харагдаж, секси дүр төрхөө харуулж камерын өмнө усны хувцастай нүүр бардам харц дээгүүр зогсох вэ? Чадахгүй байх. Хэн түүн шиг дүрээ төгс гаргаж, өөрөө киногоо найруулж продюссерлэж, таван гартай юм шиг супер уран бүтээл хийх вэ? Барахгүй байх. Нас бол зүгээр л тоо гэдгийн баталгааг тэр биеэрээ үзүүллээ, Браво!

Амаржсан даруйдаа уран бүтээлдээ бүсээ чангалан орсон Гануухай энэ удаад У.Уранчимэгт аргагүй “чирэгдэв”. Магадгүй энэ дүр түүний анхны эсрэг гэж хэлж болох дүр байх. Даруухан хайр татам охин, ямар ч маяггүй энгийн сэтгэл татам Ганаад бид дасжээ. Тэр энэ кинон дээр аальгүйтэж байна, эрчүүдийг урхидаж байна, хааяа бяцхан залжин төрх харуулж байна. Товчхондоо урд хожид харж байгаагүй Ганаагийн аальгүй инээмсэглэл үзэгчдийн зүрхийг урхидав. Зохиж байна, Браво!

Яалт ч үгүй төрсөн, тэлсэн биед өөрчлөлт гаралгүй л яахав. Хөхүүл гэдэг нь илт анзаарагдахаар “дэлбэрэх” шахсан цээжтэй хэсэг сэтгэл зовоов. Ихэвчлэн будаггүй харагдсан ч хөөрхөн байдаг түүний төрх энэ удаад нүүр будалтаар амилав. Аргагүй ядарсан царай мэр сэр үзэгдэнэ. Төрнө, нялх хүүхэд асарна, хажуугаар нь уран бүтээл хийнэ гэдэг амар ажил биш. Тэр бүгдийг Ганаа хэрэндээ зохицуулжээ. Бүжгийн хэсэг дээр ч гэсэн бүх чадлаа дайчлан гаргасан. Гэхдээ яаж ч мачийсан У.Уранчимэгт хүрэх хүн зөвхөн Ганаа биш урлагийн ертөнц даяар хайхад асуудалтай тул түүнийг зэмлэх гэсэнгүй.

Ямартай ч тэр дүр дээрээ муугүй ажиллажээ. Зүрхээр наадагчаа ч сайн хийсэн. Багагүй жин нэмсэн, байрагшуу Ганаа бидний өмнө ийн орон зайгаа дахин бататгав. Урагшаа, бүсгүй минь!

Цор ганц ханхүү О.Мөнхдалай

Азийн топ модель О.Мөнхдалай амьдрал дээр ч энэ кинон дээр ч төгс эр хүний дүрийг үзүүлэв. Хэдийнэ гэр бүлийн амьдралд хөл тавьсан хариуцлагатай аав энэ удаад бийлэгжүү айлын өв залгамжлагч хүүгийн дүрийг бүтээв. Эрэгтэй жүжигчид л гэхээр “лапша” шиг болсон хэдийгээ харж дассан бидэнд шинэ хүн сонихон мэдрэмж төрүүлж байв. Дүр сонголтыг маш сайн хийж аргагүй тохирох хүнээ олжээ гэсэн бодол төрөв. О.Мөнхдалай дүрээ гаргаж байгаа нь, дэлгэцэнд харагдах байдал нь өөлөх юмгүй цэмцгэр байлаа. Кино урлагт нэгэн ханхүү төржээ гэж хэлсэн ч хэтрүүлэг болохгүй болов уу. Браво! О.Мөнхдалай, амжилт хүсэе!

 

Зүрх догдолно ...

“Хувьсал”-ын уран бүтээлүүд үргэлж зүрхэнд, тархинд хүрдэг. Энэ удаад үнэхээр зүрхээрээ наадуулсан мэдрэмж төрлөө. Жүжигчин Д.Ганцэцэг тийм хөөрхөн атлаа киноны турш будаггүй хог ухаж, хүн амины хэргээр шоронд сууж, хүүгээсээ салж буй агшин сэтгэл эмтрэм. Ийм амьдрал туулж буй мянга мянган эмэгтэйчүүдийг тэр төлөөлсөн. Аз жаргалтай төгсгөл бүх хүнд байгаасай гэж кино зохиолч зөгнөхдөө түүнд ашгүй сайхан ирээдүйг бэлдсэн байлаа. Тэгээгүй бол үзэгчид түүний өмнөөс тун тавгүй мэдрэмжтэй үлдэх байсан биз.

Бүсгүйчүүд хийсэн кино болохоор мэдээж эмэгтэй хүнд илүү ойр бүтээл байв. Юу юунаас илүү гэр бүл, хайр, үр хүүхэд нандин. Эмэгтэй хүн амьдралын ханиа зөв сонгохгүй бол хүүхэд нь яаж амьдрахыг хэн ч таашгүй билээ. Тийм л алдаанаас болж асрамжийн газарт мянга мянган хүүхдүүд хаягдсаар байна. Өнчин өрөөсөн тавилан нийгэмд тийм ч гэрэл гэгээтэй харагддаггүй тул ирээдүйд тэднийг юу хүлээж байгааг таамаглах аргагүй. “Зүрхээр наадагч” бидэнд ийм нэгэн сигнал өглөө.

Сонголтоо анхнаасаа зөв хийж, хэн хэнийхээ өмнө хариуцлагатай амьдарч юу юунаас илүү хүүхэд бүр инээж, тэр л нас нь гэгээлэг байгаасай гэсэндээ “Хувьсал”-ынхан бидний зүг халуун сэтгэлээр амилсан уран бүтээлээ нисгэв. Таатай байна.

Намрын орой кино театраас гараад гэртээ харих замд түмэн бодол толгойд эргэлдэв. Хүн эцсийн эцэст хайр, аз жаргалын төлөө л амьдардаг. Түүнийхээ төлөө тэмцэхдээ магадгүй хийх хийхгүйг хийдэг байх. Тэр тусмаа эх хүн, эмэгтэй хүн гэр бүлээ, хайртай хүнээ, дотны хүмүүсээ аз жаргалтай байлгах гэж тэдний төлөө гэж хичээсээр магадгүй бүгд Тэргэл шиг, Энхжин шиг амьдардаг юм болов уу? Үзэгч та бүхэнд “Зүрхээр наадагч” юу бодогдуулах бол?

У.Цахирмаа

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (2)

  • bb
    Zasss chi uuruu chadhuu?? uuruu lag kino hiicheed olon yum yari zaa.. goy l kino bna leeshd.. Mongoldoo l anh udaa iim gadaadiin yum shig kino uzej uzlee.. buh zuiliig hosolson uneheer uran buteel bolj chadsan bna lee shuu.. Ta buhend ulam iluu amjilt husiy..
    2014 оны 09 сарын 28 | Хариулах
  • mm
    bainga l orilson charlasan tenemel zovson zudersen uil yavdal. Chaddag yum bol Forest Gump shig, Kim Ki Dukiin kino shig kinonuud hiildee
    2014 оны 09 сарын 10 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025