
Би заримдаа бүр өөрийгөө ч мэдэхээ байчихаад байгаа ш дээ. Гэгээн цагаан өдөр, эв эрүүл, сав саруул гэрээсээ гарч яваад энэ олон жил амьдарсан хот дотроо төөрчихвөл яах уу? Эхлээд өөрийгөө чимхэж үзлээ, гудамжаар нэг надтай ижил төөрсөн хүмүүсийг хараад би айсан. Яг л дэлхий сөнөхийн өмнөх зөгнөлт киноны хэсэг шиг “Би хаана байна аа?”, “Тийшээ яаж хүрэх вэ?” гэж хүмүүс орилолдоод л. Тэнд ч автобусны хаалга онгойж яг зомбитой кинон дээр гардаг шиг хүмүүс гоожиж унаад л. Ээ бурхан минь ... Энэ бүх хэргийн эзэн бол энэ золиг шүү дээ, 500 төгрөгөөр өдөржин хотоор аялах тасалбар.

Эхний өдөр төөрсөн биш хотын удирдлагууд иргэдээ тасхийтэл загнасан. Тавдугаар ангийн хүүхэд ч ойлгох маршрут байхад төөрөөд байхдаа яахав дээ гэж ирээд л тэр талаас бидэн рүү сум тавилаа. Тэгээд яасан байх нь маргаашнаас нь би л лав 5 дугаар ангийн хүүхдээс илүү ухаантай гэдгээ батлахын тулд логик сэтгэлгээгээ ашиглан маш амжилттай 4 дамжиж ажлынхаа ойролцоо ирсэн шүү дээ. Тэгээд нөгөөхөө цахим хуудсандаа бичсэн чинь “Пөөх тэр нэвтрүүлэгт орсон юмуу, хэзээ зурагтаар гарах вэ, баяр хүргэе” гэдэг байгаа. Би ичсэндээ дуугүй л байсан. Хөөрхий намайг зурагтаар гарна гэж хүлээж байгаа найздаа энэ нийтлэлийг уламжилна аа.
Та нар ер нь анхнаасаа л шал дэмий хөдөө амралт, зугаалгаар явсан юм ш дээ. Тэгээд л нээх жилийн жилд наадам өнгөрөв үү үгүй юу, би тэр ч сумынх, энэ ч сумынх, манай тэдэн жилийн ой гээд бүгдээрээ хөдөөний хүн болчихдог. Хотын ихэнх хүн хөдөө наадмын хуушуур эргүүлж байх хооронд энд үлдсэн хэд нь ажлаа ёстой яралзтал хийсэн. Хотын удирдлагууд маш мэргэн шийдвэр гаргаж хотын төвөөр хий дэмий “сэлгүүцдэг” машинтай хүмүүсийг 50 мянган төгрөг төлж явах эрх авахаар болгосон. Лизинг, бусад төлбөр, хоногийн хоолоо арай чамай залгуулдаг эгэл боргил иргэдийн нуруун дээр 50 мянган төгрөгний татвар лантуу шиг л буув. Хүчтэй эсэргүүцэлтэй тулгаран түр хойшлогдсон ч хийхээ тулбал нэг л өглөө машинуудыг нэг захаас нь ачаад эхлэх билээ.
Энэ сард хөгжилтэй зүйл ч бас байсан. Духны үрчлээгээ жаахан тэнийлгэе байз. Халх голын ялалтын түүхт 75 жилийн ойг тэмдэглэв ээ. Орос, Монгол тус бүр 75, 75 залуу нийлж аялал хийхээр болсон юм. Нэг л хүн дутуу гэдэг шиг нэг л юм дутаад болдоггүй. Манайхан хурдтай сэтгээд дор нь гаргаад ирсэн. Халх голын дайнд гурван орон оролцсон, япон залуусаас 75-ыг бас бүрэлдэхүүндээ оруул гэж мэгээд зохион байгуулагчдыг багагүй сандаргав. Бодит үнэн бол тэр билээ. Гэхдээ биелээгүй л дээ. Цагийг нь тулгаж сэтгэдэг бидний зан “баг алаад” бүх зүйл жин тан болчихсон байхад төлөвлөгөөг өөрчилж арай л барсангүй.
Бодоод байхад эрчүүд гомдоллох нь бас аргагүй л юм гэмээр нэгэн үйл явдал бас болов. Үгүй нээрээ хэнийх нь эхнэр, охид мөнгө угааж байхад хэнийх нь гэртээ оймс угаагаад сууж байдаг юм. Манай Ерөнхий сайдын эхнэр охид айхавтар их мөнгө угаагаад л, угаагаад л байсан юм байх. Энгийн ардууд бол атаархаж харж, сонсож оймс, дотуур хувцсаа угаахаас хэтрэхгүй шүү дээ. Гэхдээ зүгээр, ямар ч ядуу хүнд савангийн мөнгө олддог шүү дээ. Хиргүй л байхад дотроосоо ч, гаднаасаа ч цэвэрхэн байхад тэр муу мөнгө ер нь юу юм, тэ?

Бүдүүн байж болно, бүдүүлэг байж болохгүй

Хамартай байж болно, харалган байж болохгүй ... гэж эхэлдэг энэ сарын трэнд шүлгээр цаашаа үргэлжлүүлье. Хатуухан үг сонссон хүн ганцхан Хотын орлогч Ц.Гантөмөр биш. “Улс орны эдийн засгийг унагаад хаясан тэр чацгыг юу ч гэсэн яадын” гэсэн үгийг нийтлэлч Баабар сайд А.Гансүхэд хаяглав. Энэ даруухан саарал толгойт эрхэм яагаад ч юм жиргээчдийн нүдэнд орсон хог мэт үзэгддэг.
Өнгөрсөн сонгуулиар их хуралд заларсан түүнийг буурал А.Гансүх гэдгээр нь хүмүүс илүү танимхайрдаг бол улс төрийн хүрээнийхэн “Женко”-гийн утсан хүүхэлдэй хэмээн ил шулуухан хэлдэг. Ураг садныг нь хөөвөл Сү.Батболдын хүргэн гэж байгаа. Хаа хаанаа том артай мань эрийн талаар жиргэсэн эхний хүний амыг бариад удаагүй байтал Ц.Оюунгэрэл сайдын дүү Ц.Бат буурал сайдыг байж сууж чадахгүй болтол нь өдсөн юм байх.
Чааваас даа, 5700 удаа мань эрийг жиргээгээр дамжуулан жийсэн юм байх. Сайд хүн ч яахав, жиргээч инженерийг төдөх юмгүй л хэцүү нэртэд суулгачихав. Сайд эгч нь ч яаж ч чадахгүй байхыг бодоход учир үл мэдэгдэх зангилаа гогцоо тэдний ард байх шигээ. Хэзээний хорон үг, хоржоонтой инээдтэй Баабар А.Гансүхийг зүгээр өнгөрөөсөнгүй, чацгаар нь дуудаж, төрд гайгаар наалдсан адгийн шаар, ингэж бичлээ гээд намайг хоривол хорино биз, хоригдож үзээгүй биш гэж ил цагаахан адарлаа. А.Гансүхийг чацга уу, эсвэл үгүй юу, цаг хугацаа л харуулах байх даа.
Хараалгаж загнуулах, хоригдох бүр дүүрчээ. Нэгэн нартай өглөө ажлаасаа халагдсан томчуудын цуваа хөврөв. Д.Билэгтийн талаар бичсэн бэх хатаж амжаагүй байхад суудлаас нь аваад л чулуудчихлаа. Экс гишүүн Д.Дондог 10 жил нэг сар чанга дэглэмтэй хорих ангид ял эдлэх болж, сайдын зөвлөх Л.Гансүх өргөст торны цаана суугаад буй. Д.Билэгтийн араас УМБГ-ын дарга хурандаа Ц.Батсүх мөн суудлаасаа ховхорсон. Энэ үйл явдлууд нэг шугаманд зэрэгцэн бичигдэх болсон шалтгаан нь хэтэрхий ойрхон болсон учраас тэр юм.
Нэг нь халагдаж, нөгөө нь дээлээ нөмөрсөн хар өдрүүдэд ардчилал идээ бээрээ цэвэрлэж эхэллээ гэсэн сүржин малгай хийсэх л юм билээ. Зарим нэг хүмүүс хоригдсон зөвлөхөө эргэж өмөлзсөн бол эргүүлсэн нь айсандаа өмдөндөө дусааж тэрүүгээр нэг ярианы эзэн болсон. Улс төр ч тэгээд хүнийг уяхан туяхан болгоод мөлийлгөчихдөг эд юм уу даа. Жинхэнэ монгол эр хүн юун өмдөндөө дусаах, чоно чацга алдахаар зоригтой байдаг гэж аль бага сургуульд байхдаа уншсан санагдах юм.

Зарим нь шоронд дусааж байхад зарим нь тэнд үржил селикцэд орж бас амждаг гэвэл та итгэх үү? САЙН АХ-тай Г.Сарангэрэл хэмээх бүсгүй 1,6 жилийн хорих ял аван гэнэн хонгор нүдээ бүлтэлзүүлэн шүүхийн танхимд чичирч суусан. Яг ял сонссоны дараахан “Та жагарын орны жимс ид, би бие давхар болжээ” гэдэг шиг юм боллоо ш дээ. Хуулинд жирэмсэн эсвэл бага насны хүүхэдтэй эмэгтэйн ял эдлэх хугацааг хойшлуулдаг.
Хорь хүрэхгүй настай охинд хуулийн цоорхойгоор мад тавиулаад манарч суух хооронд манай хүн эрхэм гишүүн О.Баасанхүүгийн эсрэг гомдол гаргаж 10 тэрбум төгрөг нэхэмжилж манангий нь хутгав. Нэр төрд халдсан гэдэг утга агуулгаар нэхэмжлэл гаргах хэмжээний гүйлгээ ухаан тэр бүсгүйд байжээ. Хурандаа нарын Х.Тэмүүжингийн эсрэг үгсэн хуйвалдсан бичлэг цацагдаж Г.Сарангэрэл сүүлдээ цэвэр ариун бүсгүй болох шатанд ороод байна. Найз залуугийнхаа хүүхдийг тээж буй жирийн монгол бүсгүй Х.Тэмүүжинтэй шүргэлцээ ч үгүй байж мэдэх нь л дээ. Шоглоомтой, тоглоомтой, бөөрөнхий ч хорвоо юм даа.

Одоо бүгдээрээ хувцсаа тайлцгаая. Юу яах гэж байгаа юм гэж, мөстэй ус дээрээсээ асгаж буй бичлэгээ фэйсбүүкт тавьж лайк цуглуулахгүй юу. Тэгж ярих юм бол энэ үйл ажиллагааг hotbucketchallenge-аар эхлүүлсэн хүмүүс чинь Ц.Алдармаа, Д.Оюунтунгалаг хоёр шүү дээ. Тэдний хийдгийн хажууд энэ зэрэг бол зүгээр л хүүхдийн тоглоом. Уг нь Баяраа өөрөө уначихсан юм байна лээ ш дээ гэдэг шиг ус асгах, хандив өргөх хоёрын аль нэгийг л сонгох юм ш дээ. Манайхан усаа ч асгаж галбираа гайхуулаад давхар хандиваа өгөөд байгаа тун гүйцэтгэл сайтай хүмүүс шүү.

“Алх хаана байна, алхаа мартчихсан байна ш дээ”. БНХАУ-ын дарга Ши Зиньпин бороотой өдөр өөрөө шүхрээ барин манайд даруухан газардсан. Очиж очиж түүний оролцсон хүндэтгэлийн чуулган дээр З.Энхболд алхаа мартаад байхдаа ч яахав. Шидэт дохиур биш л дээ, гэхдээ чуулганыг алхны тогшилтоор л нээх ёстой. Ашгүй хөлгүй, гаргүй, хөдөөний аль нэг сумынх биш, алх ер нь амьгүй болохоор нуувчнаас хурдан олдсон. Хэцүү, хэцүү. Эсвэл халуун оронд амарч, наранд биеэ хэт шарахаар энэ мэтийг мартах ой санамжаа алддаг ч юм уу, мэдэхгүй. Ямартай ч Ши даргыг ирээд явсны дараа сэтгэл онгойв. Зарим нь ирэхэд нь бүр шүлэг хүртэл зориулж угтсан болоод ч тэрүү долларын ханш зугуухан бууж байна. Хувь заяаны тохиол юм даа.

Жудо бөхийн дэлхийн аваргын тэмцээнд С.Мияарагчааг явуулах цагтаа явуулаагүй байж Цагаанаа ялагдах тэр агшинд “Мияарагчаагаа мөн ч их үгүйллээ дээ” гэж санаашрах хүмүүсийг ойлгохгүй юм. Дэлхийн аваргын олимпийн хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Х.Цагаанбаатар эхний тойрогт гоц мөргөж, удаах барилдаанд Киргизийн бөх Жанибековийг торгуулиар ялсан ч ОХУ-ын Муса Могушковд ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүлэв. Хэдхэн мөрөнд багтах мэдээ л бид дуулах шив дээ. Хусмаа чамласан хүүхэд шиг хошуугаа унжуулаад яахав, сонголтоо анхнаасаа зөв хийх ёстой байсан юм.
Спортод хүртэл шударга ёс гэж уланд гишгэгдэж, ар, өврийн хаалга, ахаа, эгчээ гэж гүйсэн нь алдар нэр олдог хөөрхий нийгэмд бид амьдарч байна. Цагаанаа одоо больчих хэрэгтэй ш дээ.

Намар ... Есдүгээр сарын 1. Гудамжаар нэг нүд эрээлжлэм өнгийн хувцастай, зарим нь шошгоо ч аваагүй хүмүүс зөрөөд л. Яг энэ үед “Гала” хамтлагийн хувцаслалт юу ч биш шүү дээ. Хөл хөдөлгөөн ихсэж ямартай ч хотын даргын буянаар зав байгаад хурдан сэтгэж байвал 500 төгрөгний билетээ тас атган зорчиж байна.
Сониноос, элит давхаргынхан орж гардаг баартай болсон шүү дээ. M1NT хэмээх баарны анхны Баасан гаригт гаднаа дотроосоо хоёр дахин их хүн орж чадахгүй үлдэн хаалга үүдийг нь эвдэн байж дайрсан гээд л бодчих. Орчин, дуугаралт бүх юм нь nice M1NT-д би ч гэсэн саатсан. Юун эдийн засгийн хямрал, юун стресс, юун бухимдал гэмээр бид хэзээ ч бухимдаж байгаагүй юм шиг ялдам инээж нэгэн үдшийг доргио өнгөрөөв.
Цэцэрлэгийн гадаа хонон хонон дугаарлаж буй энэ өдрүүдэд анх удаа хадам ээжээс холхон биш ойрхон бай гэж райм хийх нь халаг хүргэн бэрүүд ухаарлын нулимс унагав. Хадам ээждээ хайртай гэж хадамтай хүн болгон чангаар хэлж тэвэрсэн биз ээ. Сургуулийн хүүхдийн порм 150 мянга болж цэцэрлэгийн хахууль 500 шүргэв. Улсын сургуульд ороход зэрэглэл өндөр нь 5 саяыг нэхэж халаас тэмтэрсэн ч эцэг эхчүүд өгье л гэсэн. Гэвч сурагчид гурваар суух нь гаслантай.

Ямартай ч эх орны ирээдүй болсон хүүхэд багачууд, оюутан залуус энэ бүх бэрхшээлийн дундуур шантралгүй зүтгэсээр нэгэн хичээлийн шинэ жил эхэллээ. Есөн сарын сюрприз Путины айлчлалаар эхэлнэ. Бидний их ажлын өдрүүд эхэлж байна. Хэчнээн хэцүү байсан ч шантрахгүй шүү, бүгдээрээ амьдарсаар л байх болно. Хичээл зүтгэлтэй хүнийг бурхан шагнадаг гэдэг дээ. Хичээцгээе!
"Гранд" сэтгүүл №50
Сэтгэгдэл байхгүй байна