
Хөөрхөн Ганаагаас Single MOM!
Энэ зуны турш үзэгчдийг догдлуулж их хүлээлт дагуулж байсан “Зүрхээр наадагч” өчигдөр нээлтээ хийлээ. Киноны зохиолыг бичиж гол дүрд нь тоглосон залуухан чадварлаг жүжигчин бүсгүй А.Ганчимэгийг Скандал булан онцоллоо. Түүний амьдрал тэр чигээрээ урлаг бас дахин урлаг.
Оюутан болоод л найруулагчдын хараанд өртлөө:

Оюутан байхдаа гол дүрийн жүжигчнээр шалгарч найруулагчдын хараанд өртсөн жүжигчин А.Ганчимэг өнөө цагийн залуу эмэгтэй жүжигчдийн дунд авьяас чадвараараа тэргүүлж яваа нэгэн. Жүжигчин болох гараагаа Хүүхдийн ордноос эхлүүлж, дараа нь СУИС-ийг 2010 онд төгссөн тэрээр оюутан байхдаа хэд хэдэн киноны гол дүрд тоглоод амжсан билээ.
Төгсөх жилээ ДБЭТ-аас ажиллах урилга авч түүний амьдралын шинэ хуудас нээгдсэн. Тэр бүр жүжигчид тэнцээд байдаггүй Драмын театрт тэр хамгийн залуухан жүжигчнээр уригдан орсоноор хэр чадвартай гэдэг нь харагдаж байгаа юм.

Хайрлаж хүндэлж басхүү айж эмээж явдаг ахмад, алдарт жүжигчидтэй нэг тайзан дээр хамт тоглоно гэхээс зүрх нь амаараа гарах шахаж байсан оюутан охин А.Ганчимэг ороод сарын дараа л ээнэгшин дасаж эхэлсэн гэдэг.
Алдартай жүжигчид болон зарим багш нартайгаа хамтран гол болон туслах дүр бүтээж эхэлсэнээр түүний жинхэнэ жүжигчин болох гараа эхэлсэн гэдэг. Драмын театрт орохоосоо өмнө хэд хэдэн дэлгэцийн уран бүтээлд тоглочихсон түүнд тайзны бүтээл мэдээж хэцүү байсан ч түүнд хамгийн их туршлага, мэдлэг олгосон газар Драмын театр хэмээн тэр хэзээд хэлдэг.

Драмын театр баяртай!

Ийнхүү бага цалинтай ч гэлээ Драмын театрын жүжигчин гэж дуудуулж явах нь түүнд сайхан байсан гэдэг. Гэвч залуу хүний хувьд өөрийгөө сорьж үзэхийн тулд “Хувьсал” продакшнтай албан ёсны гэрээ хийж Драмын театраас гарсан. Хоёр жил Драмын театрт ажиллаж байгаад чөлөөт уран бүтээлч болсон А.Ганчимэг арвин туршлагатай, чадварлаг жүжигчин гэх жижигхэн шошготой болчихсон эмэгтэй жүжигчдийн эгнээнд багтаж чадсан гэдэг.
Хүн бүхний хайрыг татдаг “хөөрхөн Ганаа”

Түүний анхны бүтээл “Халуун сэтгэл” дэлгэцийн бүтээл. Бүтээсэн дүрийнх нь ихэнх нь эерэг дүр байдаг Ганаагийн гадаад төрх эсрэг дүрийнх гэхээр хэний ч санаанд буухгүй байгаа биз.
Хорин хэдхэн настай байж олон арван кинонд дүр бүтээсэн жүжигчин А.Ганчимэгийн тоглосон киног зах зухаас нь дурдахад “Помогети нас 2 буюу Хувиаргүй нислэг” , “Хэцүү анги”, “Амьдралын амт”, “Нэг хоёрын гурваа”, “Наран мандах нутаг”, “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” зэрэг кинод гол болон туслах дүрүүдийг бүтээжээ. Үүнээс гадна богино хэмжээний хэд хэдэн кинонд гол дүр бүтээсэн А.Ганчимэгийн бүтээсэн дүр бүхэн үзэгчдийн таашаалд нийцэж, хайрыг нь татдаг увидастай.

Залуухан хэрнээ дүрээ эвлэгхэн өөрийнхөө хэмжээнд бүтээчихдэг түүнд мэргэжлийн жүжигчин хүнд байх авьяас чадвар бүрэн байдаг хэмээн найруулагчид дүгнэдэг. Харин хэр мэргэжилдээ үнэнч, жүжигчин хүн ямар байх ёстойг утга төгөлдөр харуулж чадах үгүй нь А.Ганчимэгээс өөрөөс нь шалтгаална.
Дөнгөж хорь гарсан хэрнээ найруулагчдаас өндөр үнэлгээ авч олон үзэгч фэнүүдээсээ үргэлж талархал, урмын үг сонсож хайр халамжийг нь харамгүй хүртэж байгаа А.Ганчимэг энэ их найдвар, хайр хүндэтгэлийг хэр үнэ цэнэтэй, утга төгөлдөр авч явахыг ёстой л цаг хугацаа харуулна.
Хамгийн залуу Соёлын тэргүүний ажилтан

Ганаа “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” кинонд гол дүрээ маш чадварлаг бүтээж тус киноныхоо нээлтэн дээр СТА цол тэмдэгийг авсан юм. Ийнхүү хамгийн залуу Соёлын тэргүүний ажилтан болсон А.Ганчимэг арай эрт шагнал авлаа гэх “халдлаганд” өртсөн. Зөв л дөө. СТА гэх энэ шагнал ийм үнэ цэнэгүй болчихсон юмуу аль эсвэл А.Ганчимэг ийм шагнал авах хэмжээний том бүтээл туурвисан уу гэх бас нэг асуултын тэмдэг түүнийг тойрсоор.
Мэргэжил нэгт нөхдөөс нь эхлээд хөндлөнгийн хүмүүс ч түүнд шагналынх нь дагуу олон шүүмжлэл илгээсэн. Үүнээс болж шагнал гардуулсан ССАЖЯ-ны сайд Ц.Оюунгэрэл, А.Ганчимэгтэй зэрэгцэн хэвлэл мэдээллийн баатар болтлоо шүүмжлүүлсэн билээ.
Хайр, харуусал

Хөөрхөн, хайр татам авьяаслаг жүжигчин А.Ганчимэг бусад шиг олон эрчүүдтэй нэр холбогдож явсангүй. Түүнд магадгүй эрчүүдтэй уулзаж учрах зав зай ч гараагүй биз. Эрчүүдтэй болзож зогсохын оронд өдөр бүр дүрээ бүрэн дүүрэн гаргах гэж бэлтгэл сургуулилт хийдэг байсан гэдэг.
Яагаад гэхээр тэрээр оюутны ширээнээс босож амжаагүй байхдаа л гол дүрийн жүжигчнээр тоглож эхэлсэн шүү дээ. Түүнд нэр холбогдож явсан ганцхан эр хүн байсан нь хөгжмийн зохиолч Л.Балхжавын хүү Б.Чингүүн. Түүний бүтээсэн богино хэмжээний кинонуудад нь тоглож байхдаа дотноссон гэдэг ч тэдний харьцаа гүнзгий байсангүй.

Эрчүүдэд нүүр өгч тэр бүр уулзаж учраад байдаггүй А.Ганчимэгийн араас Б.Чингүүн нэлээд гүйсэн боловч тэдний дурлалын романс богино настай байсан.
Олон жил ганц бие явсан хөөрхөн Ганаа “Зэрлэг цэцэгсийн хүлэмж” кинонд хамт тоглосон багын найз Б.Энхтүвшин гэх мэргэжил нэгт залуутай романс үүсгэж төд удалгүй бие давхар болсон. Түүний анхны эр хүн гэгддэг Б.Энхтүвшин МУГЖ С.Жавхлангийн “Миний найз” дууны клипэнд тоглосон бор жаал гэдгийг хэн хүнгүй л мэдэж байгаа.

Жирэмсэн болсноо нууцалж, охиноо ганцаараа өсгөж байгаагаа ч нуусан тэрээр өнөөдрийг хүртэл үнэн хариултыг өгөөгүй. Солонгост жүжигчний мэргэжлээр сурдаг Б.Энхтүвшин болон А.Ганчимэг нар Хүүхдийн ордонд хамт сурдаг байхдаа бие биенийгээ таньдаг байсан гэдэг.
Нэг кинонд тоглоод дотноссон тэдний хайрын түүх хөөрхөн үртэй болсноор хөндийрч өдгөө хайр сэтгэл биш энгийн харилцаатай байдаг гэж дуулдана лээ. Үүнд хэн хэн нь ямар ч хариулт өгөөгүй. Хөөрхөн охиноо хамтдаа өсгөж хайрын түүхээ дахин эхлүүлэх үү гэдгийг цаг хугацаа л харуулах байх даа.
Ээж А.Ганчимэг

А.Ганчимэг амаржаад сарын дараа олны өмнө гарч ирсэн. Төрөөд бага зэргийн жин нэмсэн болохоос угийн хөөрхөн царай, сайхан инээмсэглэлээр тэр фэнүүдийнхээ өмнө цоо шинэ хүн буюу ээж А.Ганчимэгээр гарч ирлээ. Харахаар л хайр хүрмээр аз жаргалдаа бялхаж ядан байдаг хөөрхөн А.Ганчимэгийн гэрэл гялбуулсан нүднийх нь харц цаанаа л гунигтай, ээж болоод ч тэгж харагдсан уу басхүү намба суусан байсан. Гэсэн ч угийн хүмүүсийн хайр татам тэрээр төрөөд сарын дараа уран бүтээлдээ орж цоглог ээж гэдгээ баталж өчигдөр нээлтээ хийсэн “Зүрхээр наадагч” киноныхоо нээлт дээр дахин гэрэл цацруулан ирсэн юм.
Арай л эрт ээж болчихов уу?

Түүнийг хайрлаж, хүндэлж явдаг фэнүүдээсээ “Цагаасаа эрт ээж болж. Урлагаасаа хөндийрлөө” хэмээн шүүмжлэл хүртсэн. Гэвч фэнүүдийнхээ итгэлийг алдаагүй гэдгээ нотолж ийн дахин хөөрхөн ээж А.Ганчимэгээр эргэж ирлээ. “Ийм хөөрхөн бүсгүйг охинтой нь яаж орхиж явж чадаж байна” гэж уулга алдаж санаа зовж байгаа хүмүүс ч олон бий. Гэсэн ч хөөрхөн Ганаа ганцаараа охиноо өсгөж байгаадаа огтхон ч санаа зовж сэтгэлээ чилээсэн шинжгүй “Гранд” сэтгүүлийн шинэхэн дугаарт ярилцлага өгсөн байна лээ. Ээж Ганаад фэнүүд нь улам хайр хүрсэн гэдгээ цахим хуудсаар дуулгасан. Яагаад түүнийг ингэж фэнүүд нь хүчтэй шүүмжилсэн гэхээр түүнд дэндүү хайртай болохоор тэгсэн байх л даа. Ингээд хөөрхөн А.Ганчимэг болон өхөөрдөм охин хоёрын амьдрал, уран бүтээлд нь өндөр амжилт хүсье.










М.Сонор
Сэтгэгдэл (15)