Би хоосноос баялаг бүтээсэн

"Монгол цонх" группын ерөнхийлөгч, БГД-ийн иргэдийн төлөөлөгч Нэмэрийн Буянжаргал

“Монгол цонх” групп үүсгэн байгуулагдаад 15 гаруй жил болж байгаа. Дотроо салбар хэд хэдэн үйлдвэртэй, нөхөр нь саяхнаас гэргийдээ бүх ажлаа хүлээлгэж өгөн шинэ технологи дээр ажиллаж байна. БГД-ийн ИТХ-д хөл тавьсан, саяхан Алтангадас одонгоор энгэрээ мялаасан” Миний ярилцлага хийх хүний албан намтар ийн үргэлжилнэ. Аливаа ярилцлагыг хийхэд ярилцагч сайн ярьдаг хүн байгаасай гэж заримдаа дотроо залбирах үе бий. Энэ л ярина даа гэж зорьж очиход тал хуудас хүрэхгүй яриатай ирэх үе байдаг бол яг ямар нь мэдэгдэхгүй “битүү морь” шиг хүмүүстэй ярьж үл ханах тохиолдол гарна. Чухамдаа энэ эрхэм бол хоёр дахь ангиллын хүн байлаа. Бид хоёр уулзсан цагаасаа салах хүртэл бизнес ярив. Гэр бүлээрээ хамтран бизнес хийсэн учраас жижүүрийн гэж нэрлэгддэг хамгийн энгийн “Та гэр бүлийнхээ хүнийг танилцуулаач” гэдэг асуулт хүртэл бизнестэй нь уялдчихна. Нөхөр нь 3 дахь дээд сургуульдаа сурч байгаа бол эхнэр нь 3 сургууль дүүргэсэн. Тэдний ертөнц, ажил амьдралын замнал үнэхээр сонирхол татам байлаа.

-Юуны өмнө Алтангадас одонгоор энгэрээ мялаасанд баяр хүргье. Төдийлөн олны өмнө ил гараад байдаггүй нууцлаг эрхэмтэй хэрэг болгон уулзах болсон маань бас учиртай.Сар шинийнбаярын үеэр тэр олон шагналтнуудаас та хамгийн түрүүнд шагналаа авч байгаа нь нүдэнд туслаа л даа?

-Ер нь шагнал авна гэдэг улс эх оронд юу хийсэн, бүтээсэн, ард иргэдэд юу нь танигдсан, ямар бүтээл хийсэн гэдгээрээ тодотгож гарч ирэх байх гэж боддог. Миний хувьд 1990 оноос хойш хувийн салбарт ажилласан. Анх цэргээс халагдахдаа бизнесийн зах зухыг мэддэг болж халагдсан л даа. Би  зурж бичдэг, сийлдэг, чулуу цохидог байсан. Эрдэнэтийн Хялганатын 234-р ангид 1984-1987 онд цэргийн  алба хаасан. Эрдэнэтийн Хялганатад Сэлэнгэ мөрөнд хүмүүс усанд орж байгаад нас бардаг тохиолдол олон байсан. Тэр болгоны хүмүүсийн зургийг зурж, чулууг нь цохиж бас буян хийж явсан. Тэгээд техникумийн самбар зурж, нөгөө алдарт лоозон бичдэг байлаа шүү дээ. Тухайн үед бүгдыг гараар зурж бичдэг байсан. Одоогийнх шиг компьютер хулдаасан хэвлэл гэж байсан биш дээ.Бас би багаасаа мах комбинатад өссөн 5-р ангиасаа зуны амралтаар модон заводад үртэс зөөж дэвтэр номны мөнгөө олдог байсан тэр үеээс л миний бизнес эхэлсэн боловуу гэж боддог.

Ингээд тухайн үед 1987 онд цэргээс халагдахдаа өвөл, зуны хувцастай 10 мянган төгрөгтэй, мотоцикльтой халагдаж байлаа. Тэр үед чинь их мөнгө байлгүй яахав. Тэгээд халагдаад Төвийн геологид ажиллаж байсан. Миний хувьд геологич байлаа гээд газар ухахгүй, мод огтлохгүй гэсэн нэг үзэл бий. Тэгээд би геологич мөртлөө барилгын салбарт орчихсон. Хүмүүст амьдрах дулаан орон сууц ,гэрэл гэгээ өгөх цонх хийх зэрэг нь буянтай ажил юм гэж бодож энэ салбарт орсон юм.

-Танай “Монгол цонх” компанийг хүн болгон мэддэг болж. Монголд шинэ тутам зүйл болох вакум цонхыг анх зах зээлд нэвтрүүлэх хүртэл мэдээж бишгүй урт зам туулсан байх?

-Би 1989 онд хувийн зардлаараа Чех руу жуулчлалаар явж байлаа.1990 онд зах зээл нээгдсэн үе. Чех яваад ирэхэд чинь 10 мянган төгрөгөөр л явчихдаг байлаа шүү дээ. Чех рүү очоод буцаад ирэх бүх вагоны зардал нь 702 төгрөг байсан. Ингэж хувийн зардлаараа яваад 1990 оноос хойш компани  байгуулан ганзагын наймаа хийж эхэлсэн дээ. 1990 оноос хойш олон салбарт хүч үзэж унах босох олон олон зүйлийг үзлээ дээ гэхдээ энэ нь амьдралд том сургамж болж байгаа юм .

Бид монголд анхны 24 цагийн хоолны газар бас нээж байлаа. Манайх хорооллын эцэст “Хөх бух” гэдэг компанитай байсан, сүлжээ маягийн 24 цагаар өдөр шөнөгүй ажилладаг хэд хэдэн хоолны газартай байлаа. 1998 оноос барилгын салбарт орсон. Өөрсдөө барилга барьж, анхны вакум цонхыг оруулж ирлээ. Ийм шинэ технологи байна гэхээр нь өөрөө газар дээр нь очиж сураад монголд оруулж ирсэн. Тэр цагаас хойш маш олон үйлдвэрүүд бий болсон байна. Миний шавь нар тус тусдаа үйлдвэрийн дарга, мастер болчихсон энэ бусад үйлдвэрүүдийг авч яваа хүмүүс бий.

Манайх вакум цонхны үйлдвэр “Монгол цонх” гэдэг чинь брэнд боллоо шүү дээ.Цонхны үйлдвэрээс гадна хэд хэдэн үйлдвэрт хувь эзэмших, хөрөнгө оруулах зэргээр ажиллаж байна. Энэ болгон маань хүмүүст хүрээд яг бодитоор юм хийсэн нь харагдаад энэ одонг  олгосон болов уу гэж бодож байна.

Гол нь миний хувьд ямар нэг төрийн байгууллагад ажиллаж байгаагүй, өмч хувьчлалаар улсаас нэг ч үйлдвэр, эд зүйл авч байгаагүй. Ер нь бол хоосон газар дээр баялаг бүтээсэн гэсэн үг л дээ.

Аливаа бизнес дээр хамгийн түрүүлж хийсэн хүн хождог

-Та бизнес хийхийн хажуугаар улс төрд бас хөл тавьсан. ДИТХ-аас ерөнхийдөө улс төрийн гараагаа эхэлж байх шиг байна. Яагаад гэнэт улс төрийг сонирхох болов?

-“Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас” гэдэг дээ. Хүн нэгэнт юм бүтээгээд, хийж байгаа ажил нь тогтворжоод ирэхийн цагт нийгэмдээ хандах хандлага нь бас өөр болдог. Тэгээд нас ахиад ирэхээр нутаг орондоо, нийгэмдээ сайн сайхан юм хийхсэн гэж бодогддог юм байна. Миний хувьд 2008 онд дүүргийн иргэдийн төлөөлөгч болсон. Дүүрэг, хорооныхоо 100, 100-н ахмадуудад зориулж баяр ёслолын үеэр “Гранд” ресторандоо хүлээн авалт хийдэг. Энэ мэтээр нийгэмдээ хандсан юм хийгээд эхлэхээр оршин суугчид“Та бид нарыг төлөөлж ИТХ-д байх ёстой” гэдэг дээ.

-Яг дотор нь орохоор уур амьсгал ямар байна. ДИТХ-д та үгээ хэлэх гээд иргэдийн төлөөлөл болж суулаа. Шинэ хүнийг хавчдаг хандлага манайд бүх шатанд ажиглагддаг?

-Шинэ хүн гэхээсээ одоо энэ хурал дээр би ганцаараа хуучин хүн. 2008-2012 оны үед бол би шинэ байсан байх. Тэр үеийн дүүргийн хуралд байсан хүмүүс бүгд намайг мэднэ. Тэр үеийн болохгүй байгаа зүйлийг л хэлж байсан. Та нар энэ иргэдийнхээ саналыг 2012 онд авч чадахгүй шүү. Иргэдээ дэмжсэн бодлого явуулахгүй байна гэж би шүүмжилж ирсэн

-Ингэхэд энэ олон нам байхад та яагаад заавал МАХН-ыг сонгох болсон юм. МАХН бол улс төрийн гялбаа нь бас тийм ч тод харагдаж өгөхгүй байгаа шүү дээ?

-Би хоёр нам салахаас өмнө МАХН-д байсан. Тэгээд нэг хэсэг нь МАН гэж гарахад үзэл бодол, нэг юмандаа тууштай гэдэг утгаараа энэ намдаа үлдсэн. Би их сургуульд байхдаа ч, удирдлагын академид байхдаа ч нэг ширээнд суусан бол төгсөн төгстөлөө тэндээ л суудаг. Зүгээр нэг хичээл хийхэд хүртэл ширээ сандалаа солихгүй байх нь чухал байдаг. Тэр утгаараа аливаа үзэл баримтлалыг нэг дагавал тэр бүр хамалеон шиг хувираад байдаггүй.Гэхдээ үүнийг амьдрал дээр бодох л ёстой юм гэж бодох болсон Учир нь болохгүй зүйлийг болж байгаа мэтээр хараад сууж болохгүй биз дээ

Нам гэдэг чинь бас их “балай” юм. Гаднаа шударга ёс гэж ярина дотроо шударга зүйл гэж огт байдаггүй Албан тушаал хөөцөлдсөн хов жив ярьсан хүмүүс ямар нэгэн даргыг дулдуйдаж бараг хажууд ньдолоочих шахаад цүнхийг нь барьж явж, далласан газар нь ил гарч далайсан газар нь далд орно. Тийм хүмүүс ер нь албан тушаалд очдог юм шиг .Жирийн гишүүдээ анхаарна гэж байхгүй. Хамаатан садангаа татдаг. Тэгээд сонгууль дөхөөд ирэхээр л гишүүддээ хайртай болдог.

-Вакум цонхыг та анх зах зээлд нэвтрүүлжээ. Гэтэл одоо энэ төрлийн үйлдвэрүүд маш олон болсон. Олноо дагаад чанарын хувьд бас асуудал байдаг бололтой. Яг ижилхэн технологи байхад яагаад зарим нь сайн зарим нь муу болоод байгаа юм бол доо?

-Монголчууд голдуу өөрсдөө сэтгэхгүй, энэ юу хийж байна, эдний юм ашигтай байна гээд. Ний нуугүй хэлэхэд намайг дагаад амьдралынхаа зүг чигийг аваад явдаг хүмүүс олон байгаа. Намайг юу л хийнэ дагаад хийдэг. Тэгэхлээр бизнесийн нууц гэж байх ёстой. Ер нь аливаа бизнес дээр хамгийн түрүүлж хийсэн хүн л хождог. Вакум цонх муудаж байгаа нь энэ ашигтай юм байна гээд хийж үзээгүй мөртлөө энэ салбарт орчихсон хүмүүс нэрийг нь унагаад чанарыг нь муутгаж байгаа хэрэг. Бид анх хүний амьдралд цонх гэдэг нь гэрэл гэгээ нэмж сайхан энерги өгдөг гэдэг утгаараа энэ бизнест хөл тавьж байлаа. Эхнэр бид хоёрын сэтгэлийн юм болохоор их ч амжилттай явсан.

Цонхноос эхэлсэн бидэнд өөр олон үйлдвэр байна. Мэдээж бизнес дандаа дардан замаар явах биш блокны үйлдвэр оруулж ирэх гэж байгаад хулхидуулсан тохиолдол ч байна. Хятадад одоо 200-аад сая төгрөг өгчихөөд авч чадахгүй байна. Гэрээ хийгээд тоног төхөөрөмжөө бүгдийг нь тохироод урдчилгаа 200 саяыг өгчихгүй юу. Очоод бүтээгдэхүүнээ авах гэсэн чинь нимгэн төмрөөр чанар муутай хийчихсэн. Чанарыг нь сайжруул, энэ биш байна гэтэл маргаан үүсээд Хятадын шүүхээр явах уу, яахав гээд бодож байна. Гэхдээ хятадууд яг газар нутаг дээрээ бол өөрийнхөө талд шийдчихдэг.

-200 сая төгрөг хаяна гэдэг хайран л юм. Манай Засгийн газар туслах боломж байхгүй юу?

-Зөндөө явсан. Төр засагт хандаж, Хятадын элчин сайдынхантай ч уулзаж үзлээ. Хятадад хулхидуулчихсан монголчууд олон байдаг юм байна. Тэр чанаргүй бүтээгдэхүүнийг нь авчихаар би хохирчихно. Авахгүй гэхээр мөнгөө авч чадахгүй болчихоод байна.

Ажлыг багаас нь хийж байгаад дээшээ явсан хүн л ажлыг мэднэ

-Танайх гэрлийн шинэ технологи нэвтрүүлэхээр бэлтгэж байгаа талаар дуулсан юм байна. Эрчим хүчээ хүртэл гаднаас гуйх нь халаг байдаг манайд энэ үнэхээр чихэнд чимэгтэй сайхан мэдээ байна?

-Миний байнга ярьдаг,зорьдог зүйл аль болох монголын ард түмэнд хэрэгтэй зардлыг нь багасгах юм хийхсэн л гэж хүсдэг. Жишээ нь цахилгааны төлбөр танайд энгийн гэрэл ашиглаад сард 20 мянган төгрөг гардаг байлаа гэхэд тэр шинэ технологиор бол 10 мянган төгрөг гарах ёстой. Хүндээ ашигтай, цаад хангаж байгаа станцуудад ч цахилгааны хүрэлцээгүй байдалд нь дэм болох юм. Ийм хэмнэлттэй шинэ технологи оруулж ирэхээр дахиад компани байгуулаад  байна.

Айл өрхөөс эхлээд дүүрэгт замын гэрэлтүүлгэд сард 10 сая төгрөг зарцуулдаг байхад 5 саяыг нь хэмнэхэд бас л хэмнэлт. Цаашлаад сум, аймгийн хэмжээнд аваад үзэхэд тэр оныхоо гэрэлтүүлэгт зарцуулдаг төсөв нь тал талдаа хэмнэгдээд байх юм. Ингэм хэмнэлт гарсанаар эрчим хүч үйлдвэрлэж байгаа станцуудад ч хэмнэлт гарч ирнэ. Энэ хавраас эхлээд захиалсан газрууд бий. Шинэ баригдаж байгаа том үйлдвэрүүд бүх гэрэлтүүлгээ манай оруулж ирж байгаа шинэ технологиор хийхээр хандаж эхэлсэн.

-Айл өрх ийм гэрэлтүүлэг тавья гэвэл яаж тавих уу?

-Манайх тэр шинэ технологийн ламп, гэрэлтүүлгийг худалдаалаад эхэлнэ. Газар дээр нь бид лабораторийн туршилт хийнэ. Жишээ нь танайд очоод танай гэрлийг асаагаад электрон багажаар  туршина. Цагт танайх хэчнээн киловаттыг хэрэглэж байна. Тэгээд нөгөө шинэ технологийн лампаа солиод яаж буурч байгааг тодорхой харуулна. Киловатт буурна гэдэг чинь тэр мөнгөнд хэмнэлт гарч байна гэсэн үг. Тэр гудамжны, айлын бүх гэрэлтүүлгэн дээр харьцуулалт хийнэ. Тэр тоног төхөөрөмж бүгд орж ирж байгаа.

-Зах зээлд нэвтрүүлэхэд хэр хугацаа шаардагдах вэ. Эх орондоо үйлдвэрлэнэ гэсэн үг үү?

-Энэ төрлийн гэрэлтүүлгийг Макаод үйлдвэрлээд дэлхий нийтэд түгээж байгаа юм. Монголд бол үйлдвэрлэхгүй, авчраад тэрэнд нь зориулж солих л үйл ажиллагаа хийнэ. Энэ замын гэрэлтүүлгүүд байна. Зарим нь асдаггүй, зарим нь өдөр шөнөгүй асаж байдаг. Зарим нь анивчаад зарим нь бүдэг тусдаггүй гэрлүүд байна. Тухайн хувь хүн, аж ахуй нэгж өөрсдөө зардлаа хэмнэхийн тулд манайтай харьцаад лампуудаа солиулах л учиртай. Танилцуулга хийгдэж байгаа. Аяндаа айл өрх, албан газрууд, гэрэлтүүлгийн компаниуд энэ гэрэлтүүлгийг үзээд туршилтыг нь хийгээд ирэхээр бидэнд ямар ашигтай юм, бид нарын мөнгөнөөс хэмнэгдэх юм байна гэдгийг ойлгоно.

-Та бол ажил олгогч. Шинэ технологи оруулж ирэхээр ажилчдынхаа тоог нэмэх болох уу, аль эсвэл байгаа ажилчдынхаа хэмжээнд ажлаа хийх үү?

-Нэмнэ гэдэг бас учир дутагдалтай. Манай удирдлагууд ажлын байр нэмэгдүүлнэ гэж маш их ярьдаг. Тэгсэн хэрнээ хувийн компаниуд ажилд авна гэж байнга зар өгөөд ажилтан ирдэггүй. Төрийн хүмүүс ерөөсөө үүнийг олж хардаггүй шиг байгаа юм. Зар сонин аваад үзээрэй. Зургаан хуудас нь ажилд авна гэсэн зар байгаа. Ажилд орно гэсэн хэдхэн хүний утасны дугаар байгаа. Бодит байдал энэ. Нэг бол хүмүүс ажил хийх сонирхолгүй бэлэнчлээд сурчихсан. Эсвэл залхуу болчихсон. Монгол хүн болгон бараг шууд ажил эхлээд дарга болчих юм боддог. Бүр доороос нь багаас нь  хийж байгаад дээшээ явсан хүн л ажлыг мэднэ үү гэхээс. Ажилтан олж авна гэдэг хэцүү. Манайхан бол цалин аваад хэд хоног архи уучихдаг, ажил тасалдаг. Тэр бол хаа сайгүй байдаг асуудал.

-Танай ажилчид ихэнх нь монгол биз дээ?

-Ер нь манайхан бүгд монгол. Улирлын чанартай болохоор өвөлдөө амраачихдаг. Яг ажиллаад удчихсан ажлаа мэддэг хүмүүсээ дээш нь дэвшүүлээд явдаг л даа.

-Бизнес хийж байгаа хүнд хүний нөөц их чухал. Та энэ тал дээр ямар бодлого баримталдаг вэ?

-Хүмүүсийг аваад ажиллууллаа. Ажилд сургаад овоо болгоод иртэл өөр шинээр байгуулагдаж байгаа үйлдвэрүүд юмуу нөгөө үйлдвэрүүд маань манай сургасан ажилтныг илүү цалин өгнө гээд аваад явчихдаг. Хэн тэр хүнийг бэлтгэсэн юм? Би зааж сургаж байна. Тэгсэн нөгөө хүн чинь бүх юмаа сурж авчихаад нэг үгээр “биеэ үнэлээд” тийшээ явчихаж байна. Тэрний толгойд юм хийгээгүй бол тэр хэн ч биш л байхгүй юу. Тийм учраас хүмүүс бодох ёстой. “Энэ толгойд хэний хөрөнгөөр юм хийсэн юм, хэний хүчинд би мэргэжилтэн болсон юм” гэж.

Манай хүмүүс бол гайгүй. Шилэгдсэн улсууд ч байгаа, шинэ улсууд ч байгаа. Яг гараад явсан  манай хуучин ажилчид бол бүгд мэдэж байгаа. Жил бүрийн 12 дугаар сарын 25 болгонд манайд урд нь ажиллаж байгаад гарсан нягтлан, үйлдвэрийн дарга, мастер хүмүүс тусдаа уулзаж “Монгол цонх”-ынхон шинэ жилээ хийдэг гэж байгаа юм. Бид нарыг оролцуулахгүйгээр нууцаар хийдэг. Сая шинэ жилийн өмнө төлөөлөл нь ирээд“Бид нийлээд шинэ жилээ хийдэг юм. Энэ жил бид компани дээрээ ирж хийх гэсэн юм” гээд манай ресторан дээр ирж уулзсан. Тэгэхлээр энд ажиллаж байх хугацаандаа хүмүүс ямар эв нэгдэлтэй болдог нь бас харагдаж байна. Одоо ч гэсэн манай ажилчид нэгийгээ байхгүй бол нөгөө нь нөхдөг. Хамт олон гэдэг маань багаар ажиллана гэсэн үг.

Улс төрийнхөн дунд багаар ажиллах гэдэг нь өөрийнхөө багийг бүрдүүлэх гэдэг ойлголт байдаг. Уг нь бол тэр байгаа баг дээр өөрөө ороод багийн зохион байгуулалтанд оруулж ажиллахыг хэлдэг. Гэтэл би энэ ажил дээр очсон юм чинь өөрийнхөө багийг бүрдүүлнэ гээд бүгдийг нь халчихдаг. Хоёр өөр утга байгаа биз? Ирсэн дарга маань энд байгаа ажлаа мэддэг хамт олонтой нэгдээд хамт олныг жинхэнэ бүрдүүлээд тэр дунд нь ороод багаар ажиллах ажиллагааг нь горимонд нь оруулах ёстой. Өөрөө ирэнгүүтээ бүгдийг нь солиод өөрийнхөө багийг авчирдаг. Тийм учраас аливаа ажил амархан нурдаг нь тэр.

Би хүн ажилд авахдаа шударга зан, ажилсаг, шинийг бүтээгч багаар ажиллах чадвартай талыг нь хардаг. Ер нь тэгээд бидний үеийн хүмүүс чинь хүнтэй хэд гурван үг солиод энэ ямар хүн бэ гэдгийг зөн совингоороо ч юмуу мэдчихдэг болоод байгаа.

-Хүмүүс өндөр цалин хараад ажлаа орхидог гэж та ярьж байна. Тэгвэл шинэ ажилд орох гэж байгаа хүн юун дээр анхаарах ёстой вэ?

-Ажилд орох гэж байгаа хүмүүсийн дийлэнх нь юу хийхээ мэдэхгүй байж цалин хэд вэ гэж асуудаг. Уг нь “Би юу хийх вэ?” гэж асуух ёстой шүү дээ. Жишээ нь та жолооч байх юм бол хийх ажил нь ойлгомжтой. Гэтэл энэ цонхны болон бусад үйлдвэрт тэр хүн технологи мэдэх үү.Ер нь хүмүүс  “Би юу хийхийг мэдэхгүй. Та нар сургах юмуу тэгээд цалин хэдээс эхлэх вэ. Би бүрэн юмаа хийгээд чадвал цалин хэд хүртэл нэмэгдэх вэ?” гэж асууж тодруулах хэрэгтэй. Ингэвэл сайхан яриа өрнөж болно. Тэгэхгүйгээр цалин хэд вэ тэдээс доош бол ажиллахгүй гэж байгаа бол тэр цэвэрлэгч ч хийж чадахгүй хүн байж магадгүй.Цэвэрлэгчээр орлоо гэж бодьё, гадаах талбай цэвэрлээтэх гэхэд би хүнээс ичиж байна гээд хийхгүй бол тэр яаж цалин авах юм.

 

Биднийг боксын холбооны удирдах зөвлөлд байхад тамирчид хамгийн олон медаль хүртсэн

-Ер нь бол хувиараа бизнес хийж байгаа хүн бараг 24 цагийн турш завгүй байдаг юм шиг байгаа юм. Тэрний ард гэр бүл их чухал. Эрэгтэй хүн гэр бүлийн ноён нуруу гэж ярьдаг бол эмэгтэйчүүд болохоор хүчирхэг эр хүний ард хүчирхэг эмэгтэй байдаг гэж өөрсдийгөө дөвийлгөдөг. Аль аль талаасаа хамтдаа хөгждөг байх л даа. Гэр бүлийнхээ талаар энэ дашрамд яривал?

-Би эхнэртэйгээ 1996 онд танилцаж одоо18 жил амьдарч байна. 1990 оноос хойш ганзагын наймаа хийгээд 1996 он хүртэл явлаа. Тэр үед улсын төсөвт ганзагын наймаачид гол үүрэг гүйцэтгэдэг  байсан. Яагаад гэвэл монголоос ямарваа юм авахгүй, зарахгүй. Хятадаас Орос руу, Хятадаас Польш руу ч юмуу улс улсын хооронд наймаа хийгээд тэндээс мөнгө олж ирдэг. Яг энэ манай үйлчилгээний төв баригдсан газарт бид хоёр анх танилцаж байлаа. Одоо хоёр хүүтэй. Том хүү 16-тай. ТИС-ийн лицейд сурч байгаа. Бага хүү 8-тай. Нэгдүгээр сургуульд сурдаг. Ер нь энэ бизнесийн ард хүний хань голлох үүрэгтэй явдаг энэ бүх он жилүүд одоо буи болсон бүх бизнесүүдийг бид хамтдаа хийсэн босгосон бүтээсэн. Бид хоёр анхны 24 цагийн хоолны газар нээж байлаа, Тяньжинаас тавилга оруулаад УИД-т тавьж зардаг байлаа. Одоо би бүх бизнесээ эхнэртээ өгсөн тэр ажлаа сайн мэддэг. Шинэ компаниа хөл дээр нь босгох дээр өөрөө ажиллаж байна. Яг үйл ажиллагаа нь тогтчихсон “Монгол цонх плаза”,“Монгол цонх” групп,“Монгол цонх констракшн”, “Монцо трейд” гээд компаниуд, цонхны үйлдвэр,ресторан, биллярд, зочид буудал, караоке, дэлгүүр зэрэг нь юу хийх нь тодорхой, яаж ажиллах  нь тодорхой.

-Эхнэр хүн хамгийн сайн гүйцэтгэх захирал байдаг гэдэг. Таны итгэлийг ер нь хэр дааж байна. Санаанд хүртэл хийж чадаж байна уу?

-Тийм шүү. Хийлгүй яахав. Хүн хүнд итгэж ажиллахгүй бол болохгүй. Итгэхгүй бол тэр чинь бүх зүйл болохгүй юм шиг харагдана. Ядах юм байхгүй л дээ, итгэх л хэрэгтэй.

 Бид хоёр жилдээ 1-2 удаа гадаад явж амардаг.Зундаа 2-3 аймгаар явж аялдаг зуршилтай. 2009 онд боксын дэлхийн аваргаар Итали явж байлаа. Тухайн үед би Монголын олимпийн боксын холбооны удирдах зөвлөлийн гишүүн байсан. Манай эхнэр эмэгтэйчүүдийн боксын холбооны удирдах зөвлөлийн гишүүн байсан. Тэгээд бид хоёр тэр үед тодорхой хэмжээгээр ивээн тэтгээд Италийн Милан хотод тамирчидтайгаа цуг очоод тэндээс алт мөнгө хүрэлтэй ирж байлаа.

-Сайхан дурсамж байна. Яагаад боксын спортод тэгж орох болов?

-Ер нь бол багадаа боксоор хичээллэдэг байсан. Тэгээд хуучин удирдлагууд Цогбаатар дарга, Үйтүмэнтэй бид найзууд учраас боксыг дэмжье хөгжүүлье гэсэн байдлаар оролцож байсан. Тухайн үед бид боксын холбоонд байхад монголын хэмжээнд хамгийн олон медаль авсан жилүүд байсан. Яг тэр үед анхны олимпийн алт, мөнгөн медаль авсан. Дэлхийн аваргаас алт, мөнгө, хүрэл авсан. Нийгмийн өөр ажил гэвэл, Монголын цонх, хаалга үйлдвэрлэгчдийн холбоог санаачлан үүсгэн байгуулсан. Хэнтий аймгийн Батноров сумын нутгийн зөвлөлийн дарга. Хэнтий аймгийн нутгийн зөвлөлийн тэргүүлэгч. Надад нэлээн олон гуншин бий.

Би 3 дээд сургууль төгссөн ч Барилгын коллежид сурна

-Гэр бүл гэдэг таны харж байгаагаар яг юу вэ. Та өөрийнхөөрөө гэр бүлийг юу гэж тодорхойлох вэ?

-Гэр бүл гэдэг чинь төлөвлөлт. Тэр үед 90-ээд онд шууд байр авах гэхээр мөнгө нь хүрэхгүй. Тийм учраас эхлээд байр түрээслэсэн. Би цэргээс халагдахдаа мотоцикльтой халагдсан учраас бас муу ч үгүй хуучны нэг “Москвич”-тай байсан. Тэгээд яахав, хүний сонирхол, шунал гэж байдаг шүү дээ. Шунал зөв байх ёстой. Зөв байвал зорилгод хүрэхэд чинь хөшүүрэг болж өгдөг. Буруу байх юм бол ажил нурж эхэлдэг. Тэгээд зорилгоо нэгэнт тодорхойлчихсон. Байр авахгүй нь тодорхой юм байна. Байр авах мөнгөө яаж хийх вэ, тийм учраас эхлээд байр хөлслөх ёстой юм байна гээд л. Ер нь бол хамгийн гоё юм чинь хоёр талаасаа хамтын хөдөлмөр хийгээд амьдралаа цуг босгож ирэх. Тэрнээс биш одоогийнх шиг байртай, машинтай бол сууна гэж бодох биш. Тэгвэл нөгөөх чинь хөрөнгөөрөө далайлгана шүү дээ. Тэгээд яахав явцын дунд байртай болоод байраа зараад томруулаад зарчмаараа явна шүү дээ. Хүн мэдээж нэг өрөө байртай насан туршдаа байхгүй. Тэрэн шиг хүн болгон аль 90-н хэдэн оны “Москвич”-тэй яваад байхгүй биз дээ. 2000 оноос эхлээд Америкаас 470 оруулж ирж хэд хэдийг зарж байсан. Анхны Hummer H3, Крайслер гэх мэт автомашин оруулж ирж борлуулж байсан. Одоо надад lexus570, Крайслер300, Жи-500, Wrangler Jeep, Range Rover зэрэг хэд хэдэн автомашин байна.Энэ бол бидний хөдөлмөрийн үр шим юм даа.

Би гэр бүлээ ярих гэхлээр ажлаа ярих болдог. Энэн дээр нэг онцлог байгаа. Жишээ нь нэг нь төрийн албанд ажилладаг бол гэр бүл ярьж болж байгаа юм. Бид хоёрын хувьд хоосноосоо эхлээд өдий хүртлээ хамт ажилласан. Хов хоосон байсан газар хэд хэдэн барилга босголоо. Энэ болгоныг хамтдаа хийлээ.Гэр бүл гэдэг маань бизнесийн хувьд зайлшгүй хамт яригддаг. Энд нэг юм хийсэн ч хоёулаа хамтдаа зөвлөдөг, ямарваа нэг асуудал гарсан ч тэрийгээ хамтдаа ярилцдаг.

-Хүүхдийн хүмүүжлийн тал дээр яаж зохицуулж байна. Хоёулаа завгүй байгаа шүү дээ?

-Хүүхдийн хүмүүжил бас их сонин. Цаанаас нь тэгж бурхан харсан юмуу. Манай том хүү гэхэд бид хоёр ерөөсөө хичээл номыг нь хийлгэж байгаагүй. Тэгсэн чинь манай том хүү зурагт үзсээр байгаад англи хэл сурч Хонгконг руу дагуулаад явсан чинь бид хэдэд орчуулагч хийж байгаа юм. Англи хэл биеэ даагаад сайн сурсан байсан. Гэтэл ерөөсөө англи хэлний курст ч явуулаагүй. Манай том хүү ноднин ТИС-т очиж шалгалт өгөөд тэнцчихсэн, энэ жил урилгаар орсон. Манай бага хүү хоёрдугаар анги. Хоёр сая хүртэл нэмж хасна. Нэмж хасах тоо тоолох нь бол агуу. Сая сургуулийнхаа тооны олимпиадад ороод хүрэл медаль авсан. Сүүлд нь мэдээд хүүхдүүдээрээ бахархаж байгаа юм. Бид завгүй явж байхад хүүхдүүд маань бас биеэ даагаад овоо доо гээд.

Ер нь бол манай хуучны заншил байна шүү дээ. Эмчийн хүүхэд эмч болно, цэргийн хүний хүүхэд  цэрэг болно гэдэг. Энэ нэг хуучны заншил уялдаж яваад байсан одоо бол өөр болжээ  хөдөөний  хүүхэд гадаад хэлний дээд сургууль төгсчихөөд дарга болно гээд явж байна. Малчид одоо байхгүй болчихоод байна. Зарим үед гадаадын том том үйлдвэрүүдэд очиж ажиллаад тэр сайхан юмыг нь сурч ирээд энд хийвэл зүгээр байгаа юм. Хамгийн гол нь монгол дотооддоо баялаг үйлдвэрлэж чадаж байвал хөгжинө. Одоо манайхан чадаж байна.Хүнсний ногоо бүгд Эрээнээс орж ирдэг байсан бол одоо бол өөрснөө тариад хангадаг болчихлоо төр засаг сайн дэмжээд өгөөсэй.

Би одоо болтол сурч байна. Би МУИС, Удирдлагын академи төгссөн. Одоо хуулийн чиглэлээр сурч байна. Магадгүй 1-2 жилийн дараа би барилгын ТМС-д сурч болно шүү дээ. Хүн 2,3 дээд сургууль төгсчихөөд ТМС-д сурна гэдэг ичих юм биш. Энд барилгын шинэ технологийн сургалт нээгджээ гэвэл би сурна. Монголд байдаггүй шинэ сургалт гараад ирвэл би сурахыг л бодно шүү дээ. Яг монголын хөрсөн тохирох технологи, зааж байгаа орц нормыг сурч байж ажилдаа хэрэгжүүлнэ  гэхээс халуун орны юмыг сурч ирээд энд хийнэ гэж байхгүй.

-Бизнесмэн хүн цаанаасаа төрдөг үү. Одоо бол бүх нээлттэй бизнес хийх арга зүйг хүртэл сурч болж байна. Тэгэхэд яагаад бүгд бизнесмэн болж чадахгүй байна. Яагаад тодорхой хэсэг нь амжилтанд хүрээд нэг плита наасан ч гоё наагаад байхад бусад хүмүүс нь чаддаггүй юм бол?

-Бизнес хийнэ гэдэг маань уйгагүй хөдөлмөр л дөө. Хүн шантаршгүй байх ёстой. Юм болгоныг эхэлж зүрх сэтгэл дотроо хийж төлөвлөөд тэрнийхээ дагуу хүрэх арга замаа төлөвлөнө. Аливаа юмыг шантрахгүй үнэн сэтгэлээсээ хийх юм бол заавал амжилтанд хүрнэ.

Ярилцсанд баярлалаа.

Б.Уян

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (28)

  • Зочин
    Сайхан ажилсаг хөдөлмөрч гэр бүл байнаа. Амжилт хүсье. Цонхоо улам сайн хийгээрэй.
    2017 оны 12 сарын 01 | Хариулах
  • zochin
    avgain nuhurn hujaa bnaa hoeulaa tern yaahav ajilsag baihn chuhal dajgui l yum
    2014 оны 10 сарын 06 | Хариулах
  • xxxx
    ugaasaa manaih chin duuren hujaagiin erliiz bolson shuu dee
    2014 оны 09 сарын 24 | Хариулах
  • Зочин
    Яг хужаа байх чинь
    2014 оны 09 сарын 24 | Хариулах
  • Tuugii
    Teneg Hun bn. Udii nasalchigaad. Hunii hudulmuriig Shuldag nuhur shig bn, yum surchaad yavchdag ch geh shig. Anhnaasaa turshlagatai Hun avch tsalinjuulj chadahgui tsalin baga bdg biz. Tegeedl yuuch medkuu Hun avchaad. Hun yu Nii tuld ajildiin ger bulee tejeeh gej tsalin avah gej ajildgiig meddeggui maanag yum bishuu
    2014 оны 09 сарын 12 | Хариулах
  • Зочин
    Bi emee baina gej harlaa sh de .Sonin hun bn.
    2014 оны 09 сарын 09 | Хариулах
  • Зочин
    manj huvtsas umchjee
    2014 оны 09 сарын 08 | Хариулах
  • Зочин
    Онгироодуу, цагаан, ходолморч хун байна
    2014 оны 09 сарын 08 | Хариулах
  • zochin
    Yooh yu omschihson yum be Tataj uhlee!!!
    2014 оны 09 сарын 08 | Хариулах
  • Зочин
    Хэдэн жилийн өмнө манай ээж гэртээ цонх хийлгэсэн чинь настай хүнийг аймаар хулхидсан байна лээ шүү танай ажилчид. Маш муу цонх. Шинэ хийлгэсэн юмыг нь авч хаялтай биш дахиж зөндөө мөнгө төлж өөр хүмүүсээр янзлуулсан ш д
    2014 оны 09 сарын 08 | Хариулах
  • bgerel
    Яасан онгироо юм бэ. хэн ч асуугаагүй байхад би ийм тийм машинтай, гадаадад амардаг гээд л. яахав байж болно л доо, хамгийн инээдтэй хэсэг нь би дүүргийнхээ ахмадуудыг өөрийн ресторандаа авчирч хүлээн авалт хийдэг, тэгээд тэд нар маань маань намайг энэ хүн ИТХ-д байх ёстой гэдэг гэнээ хаха
    2014 оны 09 сарын 08 | Хариулах
  • munguu
    za 2 naizdaa ajliin amjilt husie,ta 2 mini uneheeriin hudulmurch humuus shuu.
    2014 оны 09 сарын 07 | Хариулах
  • kkkk
    jinxen mongoliin nepeep nyygadaj bgaa xyjaa bna xyjaa stapaitai noxop be
    2014 оны 09 сарын 07 | Хариулах
  • mmm
    ger buliin bat buh chanariig hadgalsan hudulmurch ,ajilsag mongoliin baharhal bolohuits saihan ger bul bn.az jargal husye
    2014 оны 09 сарын 07 | Хариулах
  • зааван эр
    муухай царайтай энүүний бааранд янхнууд ширээний хүүхэн хийж баригдаа биз дээ.
    2014 оны 09 сарын 07 | Хариулах
  • зочин
    муухай царайтай хог вэ? энүүний бааранд нь баахан биеэ үнэлэгч баригдаа биз дээ.
    2014 оны 09 сарын 07 | Хариулах
  • зочин
    эргүү хувцасладаг эр вэ
    2014 оны 09 сарын 07 | Хариулах
  • Hereglehch
    Mash muu tsonh hiideg um bna ler er n bitgii zahial gej helmerr bna
    2014 оны 09 сарын 06 | Хариулах
  • Зочин
    W
    2014 оны 09 сарын 06 | Хариулах
  • Hereglegch
    Tsonhk n ih chargui um bna le. Tegeed duudlaga uguheer irehgui demii um bna ler . Char muu
    2014 оны 09 сарын 06 | Хариулах
  • Зочин
    yum uzeegui ooriigoo shudraga geed bodson teneg bn
    2014 оны 09 сарын 06 | Хариулах
  • Билгээ
    Ажлын амжилт хүсье, Сайхан ярилцлага байна
    2014 оны 09 сарын 06 | Хариулах
  • drgreser
    Mangar , bodoltoi hotsrogdson gar bna
    2014 оны 09 сарын 06 | Хариулах
  • Зочин
    МАХН-ЫН ЦОГТБААТАР Л ЭНИЙГ ШООЛООД БАЙДАГ.УЛСТӨРД БАС САНААТАЙ ГЭЭД Л
    2014 оны 09 сарын 06 | Хариулах
  • Зочин
    Ineed hurchihlee
    2014 оны 09 сарын 06 | Хариулах
  • Зочин
    Teneg ongiroo gar bna
    2014 оны 09 сарын 06 | Хариулах
  • Mal baina daa
    Iim bolovsrolgui Teneg yumnuyd zugeer biz ee khiigeed yav daa Biee archilj chadakhgui mungunii gakhai l baina
    2014 оны 09 сарын 06 | Хариулах
  • Зочин
    Бас нэг ардчилсан намын өгөр тэнэг үү, хэдэн оны феодал вэ андуурсан гар вэ
    2014 оны 09 сарын 06 | Хариулах
  • zochin
    Sumtai gar bnaa he he yo ter umssun malfa feel tag Feodal shinjtei manu hun bnaa
    2014 оны 09 сарын 06 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025