
Ийм нэгэн хэлц моодонд орж байсан цаг саяхан. Хайр дурлал хүн төрөлхтний мөнхийн сэдэв гэдэг шиг байр монголчууд бидний мөнхийн сэдэв юм. Өчигдөр Зууны манлай Ардын жүжигчин Л.Цогзолмаа хотын даргын тушаалаар хоёр өрөө байртай болов. Үлгэр жишээ элит гэр бүл ямар байдгийг үр, хүүхдүүд нь утгаар нь харуулж яваа тул бидний дийлэнх нь түүнийг бийлэгжүү, “төрийн асаргаан”-д орохооргүй амьдардаг гэж ойлгодог.
“Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2, 29.1.6-ийн “г” заалт, 29.2 дахь хэсэг, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар болон Монгол Угсаа ХХК-ний хооронд байгуулсан “Үүрэг гүйцэтгэх тухай” гэрээний дагуу гачигдалтай иргэдэд олгох орон сууцны фондод шилжин ирсэн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Хилчний гудамж 27 дугаар байрны 2 тоот 48,43 м2 талбай бүхий 2 өрөө орон сууцыг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Лувсанжамцын Цогзолмаад олгосугай” гэжээ.
Энэ албан тоотоос үзэхэд АЖ Л.Цогзолмаа гуайг яах аргагүй “гачигдалтай иргэд” тоонд оруулсан байх юм. “Шүр эгч зочид буудлынхаа нэг өрөөнд ч болсон ээжийгээ амьдруулахгүй настай хүнийг ингэж зовоож байх гэж ий ий” гэж яруу найрагч Б.Галсансүх цахим хуудсандаа постлосон байв. Ач, зээ нартайгаа 4 өрөө нэртэй хуучны байранд чихэлдэж амьдардаг гэж ойр тойрныхон нь бололтой хүмүүс мэдээллээ бас хуваалцсан харагдлаа.
Урлагийнхны урилга заллагаар дуулах ханш хаданд гарч модонд авирсан байхад хоёрхон л хүн илүү ч үгүй дутуу ч үгүй 50 мянгаар дуулдаг. Тэр нь манай хоёр АЖ буурай Г.Хайдав, Л.Цогзолмаа хоёр.
Энэ талаараа Г.Хайдав гуай “Цооцоо маань хоёулаа одоо больё гэдэг. Харин би урлагт зүтгэж, ард олныхоо өмнө үүрэг хүлээсэн хүн болохоор сэтгэлийг нь бодоод тайзнаа гарах ёстой” гэж хуучилсан удаатай. Нээрээ ч урлагийн тогоонд нэг л орсон бол ард түмний хүсэл, бодлыг сонсох ёстой билээ. АЖ хэмээх хүндтэй цолыг зүгээр ч нэг авчихдаггүй. Энэ хоёр буурай аль аль нь бүх амьдралаа урлагийн төлөө зориулж, цаг наргүй явж ирсэн билээ.

Л.Цогзолмаа урлагт зүтгэхийн зэрэгцээ Монгол улсын эмэгтэй хүн болсон үүргээ биелүүлж 5 хүүхэд төрүүлсэн. Хэвийн цагаар ажилладаг бүсгүйчүүд ч олон хүүхдээс дөлөх болсон цагт тэр завгүй ажлын хажуугаар хүүхдүүд гаргаж өсгөж хүмүүжүүлсэн, дээрээс нь насаараа сайхан эмэгтэй тодотголоо хадгалж нүүр царай, үлгэр дуурайлал болж яваа нь бахархам. Эмэгтэй хүнийхээ хувьд асар их сорилт, бэрхшээл, тэвчээр, ухаан зааж энэ амьдралыг туулжээ.
Түүний хүүхдүүд АЖ Н.Сувд, “Монгол ньюс” группийн ерөнхийлөгч Ц.Балдорж агсны гэргий Н.Шүр, төгөлдөр хуурч, ХБК-ийн сургалт хариуцсан дэд захирал Н.Ганчимэг, дуучин Н.Ганхуяг, кино судлаач Н.Туяа нар салбар салбартаа хувь нэмрээ оруулж яваа хөдөлмөрч хүмүүс билээ. Улс эх орондоо Монгол улсын САЙН иргэн бэлэглэхээс илүү гавьяа эмэгтэй хүнд үгүй билээ.
Ганцхан жишээ энд хуваалцмаар байна. Г.Хайдав гуай Орост тоглолтоор очоод Оросын ардын жүжигчин найзындаа уригджээ. Шил толь болсон хачин тансаг гоёмсог байшин 30-40 орны төв театрт уригдан дуулж улс орныхоо нэрийг гаргаж, урлагт 66 жил зүтгэсэн бас ч үгүй юм үзэж нүд тайлсан Г.Хайдав гуайг хөл алдуулж байсан гэдэг. Гаднаа төрийн хамгаалалттай, төрийн халамжинд сэтгэл тэнэгэр амьдардаг тэдний хажууд манай гавьяат, хөдөлмөрийн баатруудын ахуй амьдрал ёстой чигчий хуруунд нь ч хүрэхгүй ядмаг ажээ.

Бид урлагийн үнэ цэнийг үнэхээр ингэж л үнэлдэг. Хойшдоо ч үнэлсээр байх уу?
Сайн нөхөр, хөдөлмөрч зан, үр хүүхдүүдээ зөв өсгөж хүмүүжүүлсэний ачаар АЖ Л.Цогзолмаа гуай өнгөтэй өөдтэй амьдарч яваа нь нэг бодлын аз шүү дээ. Заавал тартагтаа тулж, модоо барьсан хойноо түмний өмнө уйлж зовлонгоо тоочиж байж төрийн хайр хишгийг хүртэх ёстой гэж үү?
Г.Хайдав гуайд Ю.Цэдэнбал дарга Их дэлгүүрийн хажууд 54 метр квадраттай 3 өрөө байр өгч магнайг нь тэнийлгэж байсан гэдэг. Сүүлд байраа сольж Сансарт амьдарч байгаад хүүхдүүддээ өгч өөрөө гэр хороололд амьдрах болсон. Хөдөлмөрийн баатруудад сард 200 мянган төгрөгний тэтгэмж өгдөг нь амьдралд нь их нэмэр болдог талаар тэр нууж хаах юмгүй ярьдаг.
Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин тэрээр сард 500-аад мянгын орлоготой. Ар гэр төвшин, амьдрал баталгаатай бол товхийсэн пүнлүү боловч аргагүй гачигдал дунд амьдарч яваа тул чадан ядан хүргэдэг байна. Түүний хоёр хүү Х.Сэргэлэн, Х.Төмөрбаатар, Х.Алтансүх нар арайхан хангалуун амьдарч завдахгүй Х.Сэргэлэн нь үе үе алга болж аавыгаа сандаргадаг.
Г.Хайдав гуай Л.Цогзолмаа гуайгаас ялгаатай нь үр хүүхдээ сайн хүн болгож төлөвшүүлж чадаагүй учир насны бөгсөнд улсаасаа тусламж эрсэн. Түүний хүсэлтийг сайн санаат хүмүүс дэмжиж “Агь” ХХК-ийн “Лапша” брэндийн зүгээс “Тэсо” констракшны “Содон” стандарт цогцолбор хороололд нэг өрөө байр захиалах эрх гардуулан өгсөн.
Авьяастныг хайрла, бусад нь учраа олчихно гэдэг үг бий. Авьяастнууд бас төр засгийнхаа хайр, хишгийг дааж амьдрах нь зүйн хэрэг. Г.Хайдав цагтаа даналзаж явах үедээ амьдралаа зөв удирдсан бол хожим хүүхдүүдийнхээ буянаар магнай тэнэгэр сайхан амьдрах боломж байсан уу байсан. Хэдий монголын төр овойж оцойтол авьяаслаг хөвгүүд, охидоо халамжилж чаддаггүй ч боломжоороо өгсөөр ирсэн.
Нөгөөтэйгүүр төрд хийх юмаа хийсэн бол баян ч бай ядуу ч бай авах юмаа авах ёстой. Нас ахиж яваа хүний хувьд хөдөлмөрөө үнэлүүлэн төр, түмнээсээ хишиг хүртэх нь 10 төгрөг байсан ч урам зориг итгэл найдвар юм. Л.Цогзолмаа гуай магнай тэнийн баярлаж суугаа бизээ. Хөгшрөх тусам хүнээс хараат болж, чихэр горьддог хүүхэд шиг болдог гэгэлгэн үе шүү дээ.
Ямартай ч хоёр буурайд төр хайртай юу хайртай, хайраа илэрхийлж байртай болгосонд бүгдээрээ халуун сэтгэлээр ойлгохыг хичээе. Нас тогтох сайхан. Хийж бүтээгээд насны эцэст хөдөлмөрөө үнэлүүлэх бүр ч сайхаан.
Б.Ундрал
Сэтгэгдэл (5)