
Монголын утга зохиол, яруу найраг ерөөс сэтгэлгээний ертөнцөд тод зам мөрийг гаргаж ирсэн Д.Урианхай эрхмийг авьяас билгийн гүн уурхай гэхэд болох болов уу.
Дэлхийн урлаг соёлын академийн байнгын гишүүн, зохиолч, яруу найрагч бичгийн сод туурвигч түүний постмодерн авангард чиглэлийн “Инээд шиг хуучин хүний амьдралд" шүлэг нь “Дэлхийн нэг шүлгийн ном”-д багтсан нь монголын яруу найргийн төдийгүй дорнын яруу найргийн түүхэнд бичигдэн үлдэх хэрэг болсон билээ.
Францын нэрт эрдэмтэн судлаачдын баг хүн төрөлхтний оюун сэтгэлгээ, мэдрэмжийн охь дээж болсон бүтээлүүдийг хоёр жил тутамд нэг удаа шалгаруулж зөвхөн нэг л шүлгийг сонгож "Дэлхийн нэг шүлгийн ном"-ыг бүтээдэг. Тэрхүү номонд манай буурал найрагчийн бүтээл шилэгдэн орж, “Дэлхийн нэг шүлгийн ном” ердөө 50 ширхэг хэвлэгдэж, таван ширхэг нь эрдэмтэн профессоруудын гарт үлдэж, 3-5 ширхэг нь Д.Урианхай найрагчид ирж, бусад ном нь дэлхийн ховор түүхийн бүтээлтэй номын сангуудад хадгалагдан үлдээд байна. Энэ бол найрагч бүхэнд тохиохгүй, гагцхүү их авьяас билиг, мэдрэмжийг даган ирэх үйл явдал гэдгийг уншигчид маань хүлээн зөвшөөрч буй биз ээ.
Эхэнд өгүүлсэнчлэн Д.Урианхай эрхмийн сэтгэлгээний ертөнц хэтийдсэн содон. Тэрээр “...Хүний амьдын нас буюу амьдралын нь жил, хоногууд бол энэ газар дэлхийн нөхцөлд маш ихийг сурч мэдэхээр “Томилогдон” ирж буй цаг хугацаа юм. Нийтэд болоод өөртөө чухал хэрэгтэй юу нэгийг заавал хийж сурах, сурсанаа нийгмийн баялаг бүтээхэд ашиглах, насны эцэст өөрийнхөө амьдралаас түүхэн дурсгал үлдээхэд л зориулагдсан цаг хугацаа!” хэмээн хэлсэн байдаг.
Сэтгэгдэл байхгүй байна