
Ер нь бол есдүгээр сарын 1 ерөөсөө бүгдийн баярын өдөр юм шүү дээ. Зуны өдрүүдэд баяртай гэж хэлсэн хэн бүхэн энэ өдөр шинийг мэдэрдэг. Намартай цуг хүүхэд багачууд цэцэрлэг, сургуульдаа ирцгээж, аав, ээжүүдийн хувьд ч ажил, амьдралын “шинэ” өрнөлөө үргэлжлүүлж, ерөөс хэн хүнгүй л өмнөх өдрүүдээс өөрийг мэдэрдэг. Арай л сэлүүхэн байсан нийслэл хот ч хөл хөдөлгөөн нэмэгдэж, хөдөөлж гадаалсан шийдвэр гаргагчид ч саарал ордон руугаа ирцгээж, ерөөс хэн хүнгүй л цаанаа л нэг идэвхтэй болоод ирдэг өдөр л дөө. Тиймээс ч манай сайт ерөөсөө бидний баярын өдрийн мэндийг хэн бүхэнд хүргэж байна.
Тогтсон уламжлалын дагуу Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж есдүгээр сарын 1-ний хичээлийг Монгол орон даяар зааж байна. Монголын боловсролын системд хэдэн мянган багш нар байж төдийгөөс өдийг хүртэл эрдэм номын үрийг тарьж ирсэн ч, Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч шиг ингэж бүх хүүхдэд хичээл зааж байсан нь үгүй. Тэгэхээр хошигноод хэлэхэд сая шавьтай ганц багш бол Ц.Элбэгдорж л болж таараад байна. Тэрбээр өнөөдөр “Иргэний боловсрол-ёс суртахуун” сэдэвт хичээл зааж байгаа юм.
Энэ хичээлийн жилийг угтан боловсролын салбарт хийгдэж байгаа ажлуудын талаарх мэдээлэл цөөнгүй байсныг тодотгоё. Аав, ээжийн алаг үрсэд эрдэм заах багш нар шинэ хөтөлбөрийн дагуу сургалтанд хамрагдсан байгаа. Тодруулбал, Боловсрол, шинжлэх ухааны яамнаас хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх “Бага боловсролын шинэчилсэн хөтөлбөр”-ийг өнгөрсөн хичээлийн жилд 40 сургуульд туршсан юм. Тэгвэл туршиж боловсруулсан “Бага боловсролын сургалтын цөм хөтөлбөр”-өө энэ жил орон даяар хэрэгжүүлэхээр болоод байна. Шинэ хөтөлбөрийн дагуу энэ жилээс эхлэн бага ангийн хичээлийн явц, багшийн заах арга, хүүхдийг үнэлэх үнэлгээ, багшийн ажлын үнэлгээ, сурах бичгүүд гээд бүгд шинэчлэгдсэн шинэ есдүгээр сарын 1 юм, өнөөдөр. Энэ бол 2014-2015 оны шинэ хичээлийн жилийн гол онцлог болж байна.
“Грандньюс” та бүхэнд есдүгээр сарын 1-ний өдрийн мэндийг хүргэж байна.
М.Мөнхжин
Сэтгэгдэл байхгүй байна