Гуниггүйхэн мишээх 40 насны босго түүнийг жавхаалаг болгожээ. Их театрын тайзнаас үзэгчдийн сэтгэл зүрхийг “урж” суугаа абсурд, постмодернист чиглэлийн жүжигчин Л.Эрдэнэ-Очирыг театрт хайртай хүн бүхэн таньдаг болсоор багагүй хугацаа өнгөрч байна. Гэвч тэр “google”-д мөргүй хүн. Л.Эрдэнэ-Очир гэж хэн бэ, түүнийг нээе, таньж мэдье л гэж зорьж очив.
Урлагийн шижигнэсэн гал цогтой дунд үеийнхэнтэй тохой залган сууж байсан энэ бүсгүй Хүүхэлдэйн театрт Жанчив агсны алтан партнер байжээ. Зах зээлийн шилжилтээр урлагаас хөндийрсөн ч удаан хугацааны дараа буцаж ирсэн адармаатай замнал түүнд байжээ.
Авьяас бол мах цусанд шингэсэн хайр гэж СГЗ Ц.Хулан найрагч хэлсэн байдаг. Л.Эрдэнэ-Очирын ээдрээт амьдралын гуниг, шаналал, ухаарал бүхэн тэр мах цусанд шингэсэн хайр, авьяасаар зөвтгөгдөх болно. Алтан тайз түүнд ивээлээ хайрлаж алдар хүнд, шагнал аль алийг нь өгч буй.
Аргагүй дээ санан санан бэтгэрсээр их урлагтаа эргэж ирсэн бүсгүй халуун сэтгэлээр уран бүтээлээ хийж байгаа юм чинь үүнээс хойш ухрах зам үгүй. Ингэхэд бидний амьдрал нээрээ л түүний хэлснээр кино юм болов уу? Гуниглал дүүрэн нэг анги дуусч байхад амжилт бүтээл, алга ташилт, шагнал дүүрэн хоёрдугаар анги эхлэх торгон агшин бас байдаг байх нь. Л.Эрдэнэ-Очир тийм л хоёрдугаар ангийг бүтээж яваа нэгэн. Амьдрал 40 насанд эхэлдэг гэж аргагүй үнэн оршил, үнэн үг юм болов уу даа гэсэн бодол абсурд ертөнцийн хатагтайн өмнө суух агшинд төрж байв.
-Юуны өмнө “Гэгээн Муза” наадмаас нэр хүндтэй шагнал хүртсэнд баяр хүргэе. Тайзнаа ч төдийлөн үзэгдээгүй ховор хүн гэнэт тэсрэлт хийлээ шүү?
-Баярлалаа. Би урьд нь шагнал авч байгаагүй ш дээ. Ер нь уран бүтээлээрээ уралдаан, наадамд орж байгаагүй. Түрүү жил “Хоёр ертөнцийн буудал” жүжгээр авьяаслаг дүү нар, “ТВ Коктейль” хамтлагийн жүжигчин Цэнд-Аюуш, Энхбаяр хоёр шагнал авч байсан. Тэгэхэд өөрөө авч байгаа юм шиг л баярлаж байлаа. Яг өөрөө гардаад авахаар хэцүү юм байна лээ. Их сандарсан. Үг хэлэх гэсэн чинь гацаад, тухайн үед багахан хэмжээний шоконд орсон /инээв/.
-Ерөөсөө тэгж харагдаагүй. Их тайван харагдсан. Үзэж байсан хүмүүс таны хоолойны өнгийг ямар гоё юм гэж хоорондоо ярилцаж байсан. Та их өвөрмөц хоолойтой шүү?
-Намайг өвөрмөц хоолойтой гэж хүн болгон хэлдэг юм. Ааваас маань өвөлж ирсэн юм байх л даа. Миний аав их гоё дуу хоолойтой хүн байсан. Би ч аавынхаа дуу хоолойны хаана ч хүрэхгүй. Бүр намуухан ярьдаг яриа нь тэр хаа холын газар сонсогддог. Их гоё, өтгөн дуутай Дагийранз гуайтай төстэй дуу хоолойтой. Урлагийн хүн биш л дээ. Гэхдээ их гоё дуулдаг хүн байлаа.
-Та урлагт хөл тавиад хэдэн жил болж байна. Хэсэг завсарлаад тайзнаа эргэж ирлээ?
-Би арван жилийн сургууль төгссөнөөсөө хойш урлагт орсон. Хамгийн анх сэтгүүлч болох гээд үзсэн юм. Олон улсын сэтгүүлч болох гэсэн чинь шалгалтанд нь тэнцээгүй уначихсан. Намар нь МҮОНТ-д жүжигчний анхны студи “Мэлмий” нээгдэж байсан юм. Тэнд очоод шалгуулсан чинь тэнцсэн.
Баатар найруулагч, талийгаач Бадар-Ууган нар хэдэн хүүхэд шалгаж авч, анхны гараа маань тэр студиэс эхэлсэн дээ. Тэнд нэг жил жүжигчний сургалтанд явлаа. Хөөрхөн жижигхэн, жижигхэн телевизийн жүжиг хийдэг байсан юм, Ууган найруулагч. Тухайн үедээ би хэд хэдэн жүжигт тоглосон. Дараа жил нь СУИС-д шалгалт өгч тэнцээд 1995 онд төгссөн.
Хүүхэд залуучуудын театрт Нямгаваа найруулагч намайг урьж оруулсан. Драмын театр бага зэрэг ганхаж эхэлж байсан үе л дээ. Ардчилал дөнгөж эхлэхэд хүн болгон амь амьдрал, мөнгө санхүү хөөгөөд, ер нь урлаг зогсонги тийшээгээ хандаж байсан. Тэгэхэд Хүүхэд Залуучуудын театр л ид бужигнаж ажиллаж байсан юм. Урьсанд нь баярлаад л дуун дээр нь гүйгээд орсон. Театр зогстол нь ажиллаж байгаад 2000 оны эхээр хүүхэдтэй боллоо, театр ч ажиллагаагүй болчихсон.
Тэрнээс хойш арав гаруй жил өнгөрсөн байна. Ерөнхийдөө сүүлийн хоёр жил ажиллаж эхэлж байна. “TV коктейль” хамтлагийн “Хоёр ертөнцийн буудал жүжиг”-т ажиллаад дахиад урлагаа хаяхаа больё гэж сэтгэл шулуудсан. Дараа нь “Х ТҮЦ”-ийн “Сэрүүн хасын нууц” жүжигт тоглолоо. Тэгээд “Black box” театрт ирж ажиллаач гэсэн санал ирсэн. Энд ирээд чамгүй олон уран бүтээлд оролцлоо.
-Ер нь “Black box” театрыг Л.Эрдэнэ-Очиргүйгээр төсөөлөх аргагүй болоод байна.
Гэтэл таны мэдээлэл бараг олдохгүй, “google-д мөргүй” гэдэг шиг л. Энэ дашрамд гэр бүлээ товч танилцуулаач?
-Би ээжтэйгээ хамт амьдардаг. Нэг хүүтэй байсан, хүү маань өнгөрчихсөн. Манай нөхөр найруулагч Энхбаяр СУИС-д багшилж байгаа. Бид оюутан цагаасаа авахуулаад олон жил амьдарсан, арав гаруй жил. Хүү маань найман нас хүрээгүй өнгөрчихсөн юм. Бид ч хамт амьдрахаа больсон. Энэ талаар яримааргүй байна.
-Ер нь таны бүтээж байгаа дүрүүд, “Black box” театрын жанр нь хүний дотоод мөн чанарыг уудалсан нэлээд хүнд талдаа. Ийм жүжиг дээр ажиллахад хэр их хугацаа ордог юм. Таниас маш их хүч шаардагдаж, дотрыг чинь ухаж, оюун ухааныг чинь сорьж байгаа гэж би таамаглаад байгаа л даа. Энэ дүрүүдийг гаргахдаа яаж ажилладаг юм. Хошин урлагийг урлаг гэж ярихгүй гэдэг ч хамаг мөнгө тэнд эргэлддэг нь үнэн. Сонгодог жүжгийг хүмүүс ойлгохгүй байгаа нь бас үнэн. Үүнийг ойлгуулахын тулд жүжигчнээс маш их хөдөлмөр шаарддаг байх?
-Манай театрт орчин үеийн сонгомол жүжгүүд тавигдаж байгаа. Сонгодог жүжгүүд ч байгаа. Жишээлбэл “Сандалууд”, “Хирснүүд” хоёр бол орчин үеийн абсурдын сонгодог гол төлөөлөгч гэж хэлэгддэг юм билээ, дэлхий нийтээр.
Би өөрөө сэтгэл зүйн гүн рүү орсон, юм бодогдуулах, нэлээн ухаан зарж, ухаж төнхөж ойлгох юм бүхнийг сонирхдог хүн. Багаасаа маш их ном уншсан. Сэтгэлзүйн талын, дотоод ертөнцийн гүнзгий мөн чанар руу нэвтэрсэн бүтээлүүдийг таашааж хүлээн авч, энд тэндээс хайж, олж унших хүсэлтэй. Тэр хүсэл маань их давамгайлсан. Энэ театрт орох болсон гол шалтгаан нь тэр байсан. Анх ирэхэд манайх ийм абсурд, постмодернист стилийн жүжгүүд тавина гэхэд надад их сайхан санагдаж байсан.
Сэтгэхүйн хүнд чиглэлийн уран бүтээлүүдийг тавихын тулд ажиллагаа их орно. Манай Мягаа /”Боролдой С.Мягмар.сурв.”/ ах бол хамгийн гол туслалцаа үзүүлж байгаа хүн. Өөрөө гайхамшигтай хүн гэдгийг хэн хүнгүй хэлүүлэлтгүй мэднэ. Тэр хүний сэтгэл зүй, бодож олж байгаа зүйлүүд, өөрийнх нь бүхэл бүтэн амьдралын туршлага тэр чигээрээ постмодернист. Товчхондоо постмодернист хүн. Энд орж ирээд мэдлэгийн хүрээ илүү тэлж байна.
Хошин шогийнхныг шүүмжилж байна. Би шүүмжилдэггүй. Манайд биеэ даасан бүхэл бүтэн салбар болоод хөгжчихлөө. Тодорхой хэмжээний хүч хөдөлмөр, сэтгэлзүй бүхий л уран бүтээлд шаардагдах зүйлсийг хүмүүс өөрсдийн гарах хэмжээнд гаргаж ажиллаж байгаа учраас би энэ хүмүүсийг үгүйсгэдэггүй.
Би хамтарч ажиллаж байсан. Тэдэнтэй ажиллахад сайхан ч байдаг юм. Суралцах юм ч их байдаг. Авьяас чадварын хувьд маш өндөр хэмжээнд хүрсэн жүжигчид олон байдаг гэж би хувьдаа боддог.
Ер нь абсурд, постмодерн, хүний дотоод ертөнц рүү хэт их хэлбийсэн жүжгүүд тоглоход их хүндрэлтэй. Тухайн зохиолч өөрөө юу бодож үүнийг бичсэн юм бол гэдгийг ойлгох хэрэгтэй болно. Тэр ойлгосон ойлголтоо зөв үү, буруу юу гэдгийг нягтлах хэрэгтэй болно. Зохиолчийн бодсон санасныг үзэгчдэд хэлэх гэсэн санааг нь эвдэлгүй, гажуудуулалгүйгээр хүргэхэд их хөдөлмөр, ухаан шаарддаг.
-Тухайлбал та нэг жүжгэн дээр хэр удаан ажиллаж байна. “Сандалууд” жүжиг таныг олонд таниулсан. Тэр жүжгийг үзсэн хүн бүр таны тухай ярьж байлаа. Энэ жүжиг хэрхэн бүтэв?
-Намраас хойш манай театр асар хурдтайгаар, хагас жилийн хугацаанд маш хүнд найман жүжиг тавьсан байна. Яг үнэнийг хэлэхэд “Сандалууд” жүжгийн нээлт хүртэл надад их богинохон хугацаа байсан. Сарын дотор “Сандалууд”, “Хүн хүний хайр”, “Ширэнгэнд” гурав зэрэг орсон. “Сандалууд” их хүнд жүжиг байсан учраас би “Хүн хүний хайр” жүжигт жижиг дүр аваад “Ширэнгэнд” огт оролцоогүй. Нэг сарын хугацаа ч дууслаа, жүжиг нээлтээ хийх гэтэл би бэлэн биш л байсан. Нээлтийн өмнө уйлаад сууж байсан ш дээ.
Жүжигчнээс маш их юм шаарддаг дүр. Дотоод сэтгэлийн тоглолт хийх хэрэгтэй, дээрээс нь өөрөөсөө хоёр дахин илүү хөгшрөх хэрэгтэй, маш их хөдөлгөөнтэй. Буриадын найруулагч Олег Юмов Мягаа ахтай хамтарч найруулсан. Тэд ярилцаж байгаад нүүрийг нь будалгүйгээр хөгшрөлтийг маскаар шийдье гээд. Маск зүүгээд амьсгалахад хэцүү, хөлс гоожоод чийг татаад, ийш тийшээ харах орчин хязгаарлагдмал. Жижигхээн нүхээр харна, доошоо юу ч харагдахгүй.
Жүжгийн цаана маш том агуулга явж байгаа. Маш том санаа, бүхэл бүтэн хүн төрөлхтний амьдрал, үхэл, үнэн худлын тухай, амьдарлын утга учрын тухай өгүүлсэн. Тэр бүхнийг ухаж ойлгоно. Нэг үгний цаана л гэхэд ямар ч авцалдаагүй, утга учиргүй үгнүүд хэлж байгаа юм шиг хэрнээсээ л мянган санаа нуугдаж, тэр болгоныг ухаж төнхөж, бодож боловсруулж, үйлдэлтэйгээ, масктайгаа дасан зохицож, партнертойгоо харилцана. Миний дүр өвгөнийгөө их тодотгох үүрэгтэй, өөрөөр хэлбэл өвгөн ямар хүн байсныг эмгэний үг илэрхийлэх учиртай.
Мягаа ах маань жүжгийн цаад гүн гүнзгий утга агуулга, абсурд гэж юу байдгийг маш сайн ойлгуулж өгсөн. Би маш сайн партнертой ажилласан. Идэрболд маань маш авьяаслаг, гайхамшигтай сайн жүжигчин. Би өөрийгөө ийм сайхан хүмүүстэй ажиллаж байгаадаа азтайд тооцдог.
-Энэ бол таны ойрын хоёр жилийн тэсрэлт. Багагүй хугацаанд тархиа амраасны хүч болов уу гэж бодож байна. Хүн байнга ноолуулаад байвал юм гарахгүй. Амарч амарч байгаад ирэх юм бол тархи их задарч эрч хүчтэй байдаг болов уу гэж би хувьдаа боддог юм. Та өдөр шөнөгүй реклам, кинонд тоглож гүйгээгүй, 10 жилийн турш тархиа амраасных ёстой бүх хүчээрээ дайрсан байх даа?
-Чиний хэлсэнтэй санал нийлж байна. Хүмүүс надаас яагаад энэ олон жил зэвэрчихээгүй юм гэж асуудаг. Хүн ер нь аливаа зүйлийг хөндлөнгийн ажиглагчийн байр сууринаас харахад их ойлгомжтой харагддаг ш дээ. Өөрөө дунд нь ороод, нухаад нухаад өөрөө өөрийгөө хөндлөнгөөс харж чадахгүй болохоор хүндрэлтэй байдаг юм.
Жүжигчин хүн тоглолтоос тоглолтонд ахина, ялангуяа тайз маш өгөөжтэй. Кино нэг удаа яаж бичүүлсэн тэр чигээрээ үлдэнэ. Тайз тоглолт болгоноос шинэ зүйлийг олгоно, тоглолт болгон дээр гайхамшигтай боломжийг жүжигчин хүнд өгч байдаг гайхамшигтай зүйл.
Яагаад зэврээгүй гэхээр, нэгд, би их хүсэж тэмүүлдэг байсан. Жүжигчнийхээ ажлыг хийх юмсан гэж, тайзыг маш их мөрөөдөж байсан. Ерөөсөө амьдрал урлагтай салшгүй холбоотой. Өдөр болгон л урлагийн ямар нэгэн зүйл үзнэ, харна. Тэгээд бодно.
Чиний хэлсэн шиг арван жилийн туршид би өөрийгөө зорилго тавиад боловсруулаагүй ч гэсэн сэтгэлзүй маань өөрөө аяндаа энэ ажил руу тэмүүлж, өөрийнхөө мөрөөдөлд хүрэх тэр тэмүүллийн цаана, далд оюун ухаан маань тэр бүхнийг хийгээд намайг дараагийн уран бүтээлд ажиллахад цаагуураа бэлтгэж байсан юм шиг байгаа юм.
Ухамсар, хүсэл мөрөөдөл, оюун ухаан маань ер нь бүх зүйл яг нэг зүйлийн төлөө чиглэгдэж, энэ хугацаанд ажиглалт, туршлага, дээрээс нь янз бүрийн юмнууд нэмэгдсээр байгаад дахиж ажиллах үндэс суурь маань зузаарч ирсэн болов уу. Оюун ухаан, сэтгэлзүйн хувьд бэлтгэл сайн базаагдсан гэсэн үг.
-Ганц хүний жүжиг бол манайд шинэ тутам ойлголт юм л даа. Ганц хүний жүжгийн онцлог ер нь юунд байдаг юм. Танд “Гэгээн муза”-г “Солиорол” авч ирлээ. Яагаад заавал “Солиорол” байв?
-Ганц хүний жүжиг бас л их хүнд юм билээ. Ямар ч паузгүй, дундах хөдөлгөөнийг авалгүй бүтэн зохиолыг уншихад цаг хорин минут зарцуулдаг. Давхардсан санаа, зарим нэг хэсгийг танаад цаг гаран хэмжээтэй болгосон.
Моно жүжиг саяхнаас л манайд хөгжиж байгаа. Манай Баясаа, Ганцэцэг нар сайхан эхлэл тавьсан. Сарантуяа эгч бүүр түрүүнд “Гамлет”-аар моно жүжигт тоглож байсан гэж сонссон.
Манайх бага тайз гэдэг утгаараа моно, бэсрэг жүжгүүд тоглоход их тохиромжтой. Стиль жанрын хувьд моно жүжгүүд хүний дотоод руу чиглэсэн асуудлыг гаргаж тавьдаг. Манай театрын урын сангийн бодлоготой ойр дөхөм байсан учраас моно жүжгүүдийг сонгож авсан байх. Утга зохиолын ажилтнаар Одноо эгч /С.Мягмарын гэргий/ ажиллаж байсан болохоор зохиол, моно жүжгүүдийн сонголтуудыг хийсэн.
Анх “Психот 4:48” гэдэг жүжгийн нэрийг нь сонсоод сэртхийгээд л явчихсан. Психот гэчихээд яагаад 4:48 гэсэн юм болоо гээд нэрнээс нь авахуулаад бодож эхэлсэн.
Тэгсэн чинь Одноо эгч, их хүнд жүжиг байна, хүнд хүнддээ бүр аймар жүжиг байна. Больё больё хүүхдээ галзууруулчих юм байна гээд. Хүүхдээ сэтгэл санааны хачин юманд оруулчих байх, сэтгэлзүйн хүнд жүжиг байна боль гэсэн. Намайг тэр хүнд юмыг хийлгэхээс үнэхээр хайрласан тэрийг нь мэдсэн л дээ.
Би орос хэл бага сага гадарлана л даа. Тэгээд уншсан. Ерөнхийд нь ойлголоо, их хүнд жүжиг юм байна. Тэгээд би өөрөө ухаж эхэлсэн. Орчуулах гэж сар гаран нухсан. Их нарийн хэллэгүүдтэй мэдэхгүй үг зөндөө, ойлгохооргүй хүнд хүнд үгнүүд маш их байсан. Тэгэхэд л би орчуулагч хүний хөдөлмөр ямар хүнд юм, ямар их хүний оюуны бяд шаарддаг юм, ямар их гайхамшигтай үгийн цуглуулга байдгийг ойлгосон.
Би зохиолоо ерөнхийд нь тархи, сэтгэл зүрхэндээ буулгачихсан ч яг тэр оноосон үг хэллэгүүдийг тавьж бичиж чадахгүй байсан. Аль аль талаасаа орчуулга, найруулга зүй талаасаа ч, зохиолч маань яг ийм үг хэрэглэсэн юм болов уу, үгүй юм болов уу бүр эргэлзэж эргэлзэж байгаад Цацрал /орчуулагч. сурв/ руу утасдсан л даа.
Тоглолт их дөхсөн байсан. Би зохиолоо бүрэн мэдээд байдаг ингээд тоглочихвол, тэр хэсгийг нь ингээд гаргачихвал зүгээр юм байна гэдгийг ерөнхийд нь боловсруулаад бодож байсан. Цацаа маш хурдан хугацаанд орчуулж өгсөн. Тэр гайхамшигтай үг хэллэгүүд, орчуулагчийн авьяас, өөрийнх нь туршлага, боловсрол бүх юм нь харагдсан. Үнэхээрийн гайхамшигтай мундаг орчуулж өгсөн.
-“Солиорол”-ыг үзэж амжаагүй, зохиолыг нь уншаагүй хүмүүс олон байгаа. Мэдээж намар дахин тавигдах байх. Энэ жүжгийн агуулга, онцлогын талаар үзэгчдэд зориулж ярьж өгөөч?
-“Психот 4:48” гэдгийг орчуулагч Цацрал маань “Солиорол” гэж орчуулсан. Психот гэдэг маань сэтгэлзүйн өвчтэй хүнийг хэлсэн үг. Махчилбал сэтгэлзүйн шезофрентэй хүн гэж байдаг. “Солиорол” бол сэтгэлзүйн экзисценциалист драм гэж нэрлэгддэг. Энэ нь оршихуйн философи гэсэн үг. Хүний сэтгэлзүйн гүн рүү шумбаж орсон тийм зохиол. Экзисценнциалист гэдэг урсгал нь яг махчлах юм бол оршихуйн философи, нарийн тайлбарлах юм бол хувь бодьгал болгоны, хүн болгоны үзэл бодол.
Амьдралыг харах өнцөг, хувь хүн болгоны хувь тавилангийн давтагдашгүй мөн чанарын тухай, нэг хүн, нэг ертөнц, нэг хүний хувь тавилан дахин хэзээ ч хаана ч байхгүй, давтагдашгүй. Нэг хүн нэг ертөнц, нэг амьдралаар л дуусдаг. Ерөнхийдөө хэв шинж нь адилхан хэрнээ давтагдашгүй олон нөхцөл шалтгаан, олон зүйлүүд хүний амьдралд байдаг ш дээ. Яг тэр зүйлийг л харуулсан жүжиг.
Зохиолч бүсгүй Сара Кэйн өндөр боловсролтой, сэхээтэн гаралтай айлын охин юм билээ. Лондонгийн утга зохиолын ангид зохиолч мэргэжлээр суралцсан. Багаасаа яг манай театрын стиль шиг абсурд, постмодерн, сериалист талын утга зохилыг сонирхож уншиж ирсэн.
Сара Кэйний хамгийн сүүлд бичсэн зохиол нь “Психост 4:48”. Энэ зохиолоо бичиж дуусаад өөрийнхөө амийг егүүтгэсэн. Яг цэвэр өөрийнхөө үзэл бодлыг, амьдралыг харах өнцгийг бүгдийг галзуу хүний өдрийн тэмдэглэл маягаар бичсэн тийм зохиол.
Үнэн хэрэг дээрээ энэ бүсгүй галзуурсан биш, сэтгэлзүйн өвчтэй ч биш маш их бухимдалтай, нийгмийн амьдралд бухимддаг. Энэ бүх зүйл, хүлээсэнд баригдчихсан, нөгөө олон измүүдийг ерөнхийдөө эсэргүүцдэг. Бүр цаашлаад бурханыг хүртэл үгүйсгэдэг сэтгэлзүйн төрөл бүрийн үзэл бодолтой хүмүүс байна ш дээ. Тийм экзисценциалист стилийг баримтлагч бүсгүй.
Түүний хувьд хүн хувь тавилангаа, амьдралынхаа цаашдын зам, би хэн байх вэ гэдгийг өөрөө сонгодог гэсэн зарчмыг баримталж байгаа юм. Энэ үзэл бодлыг баримтлагч нь би бол энэ амьдралд тийм байна гэсэн тодорхойлолтыг өөрөө өгөөд тэрүүгээрээ өөрийн оршихуйг тодорхойлох нь байна ш дээ. Энэ үзэл бодлыг жүжиг дээрээ тусгасан.
Ахуйн философи гэдэг нь бидний амьдарч байгаа бодит ахуйг хэлж байгаа юм. Бидний ахуй техник технололгийн асар өндөр хөгжилд хүрсэн. Ийм үед хүн гэдэг амьтан ахуй руу хэт их улайраад хувь хүн болгон ганцаардмал шинж чанартай болоод ирдэг юм байна. Хүүхдүүд гэхэд нэг нэг гар утас руу, компьютер тоглоом руугаа хараад хоорондоо ч тоглохгүй.
Хүмүүсийн хоорондын хүн чанар, нэг нэгэндээ хүнлэг ёсоор хандах тэр харилцааны хэм хэмжээ нь алдагдчихсан. Зохиолч ийм байдлыг үзэж чаддаггүй. Энэний эсрэг зогсдог, хүн хүн хэвээрээ үлдэх ёстой гэж үздэг.
Мэдээж хүний нийгмийн хөгжил дэвшил, зөв сайхан зүйлүүдийг, өөдрөг гайхамшигтай хөгжлүүдийг талархаж хүлээж авалгүй яахав. Гэхдээ л энэ дунд хүн байх утга учир гэдэг зүйл нь алдагдчихсан, нэгийгээ хүндэтгэхгүй, чин сэтгэлээсээ хайрладаггүй, чин сэтгэлээсээ үнэн голоосоо харилцаж чадахаа больсон байна.
Ерөөсөө л хүн хүнээрээ л үлдэх ёстой гэсэн тийм үзэл бодлыг Сара Кэйн баримталдаг. За тэгээд бурхан гэж байдаг юм уу, үгүй юм уу, байлаа гээд бурханыг хүн төрөлхтөн өөрсдөө л зохиосон ш дээ.
Хүн болгон, энэ ертөнц өөрөө тэр чигээрээ абсурд шинж чанартай гэж “Хирснүүд” жүжгийн зохиолч Эжен Ионеско хэлсэн байдаг. “Black box” театрт абсурд, постмодерн гэхчлэн сонин нэр томъёотой жүжгүүд тавиад байна. Тэрийг хүн болгон ойлгохгүй, очиж үзэхгүй гэсэн бодолтой хүмүүс байж магадгүй л дээ.
Энэ бол шал эсрэгээрээ абсурд, постмодерн гэдэг бол ерөөсөө л хүний амьдралын маш энгийн ахуй, энгийн сэтгэхүйн зүйлүүдийг урлагийн өөр нэг сонирхолтой хэлээр, сонирхолтой хэлбэрээр үзүүлж байгаа. Дэвшүүлж байгаа санаа, үзүүлж байгаа зүйл тэр чигээрээ маш энгийн хүн, хүн рүү, хүний дотоод ертөнц рүү, хүний амьдрал руу үнэн худал руу, үхэл амьдрал, амьдралын утга учир гэж байдаг уу, үгүй юу гэдэг тэр зүйлүүд рүү л чиглэгдсэн.
-Та бол урлагийн дунд үеийн төлөөлүүдийн нэг. Танай ангийнхан чинь дандаа одууд юм билээ шүү. Одоогийн урлагийн өнгө төрх, бодлогыг тодорхойлж яваа хүмүүс байдаг. Та ч гэсэн оройхон гараад ширүүхэн дайрлаа?
-Манайхан чинь тэр чигээрээ одууд ш дээ. Манай ангийн мундаг жүжигчин охидуудаас гэвэл “Гэгээн муза”-г хөтөлж байсан Чимгээ, Үндэсний телевизийн хөтлөгч Ичинхорлоо, Алтжинд тоглодог Отгонтогс байна. Монголын урлагт үнэхээр цахиур хагалж яваа, тодорхой хэмжээгээр ахиж дэвшиж дээшлэхэд нь өөрсдийнхөө хувь нэмрийг оруулж байгаа авьяаслаг, бахархмаар сайхан хүмүүс манай ангийг төгссөн.
Манай нөгөө ангид топ модель Байгаль, дуучин Наран, жүжигчин Адилцэцэг, 25 дугаар телевизийн найруулагч Энхтуяа гээд мундаг охидууд байлаа. Хөвгүүд гэх юм бол драмын театрын Отгонбат, Гэрэлсүх, Батмөнх даян хааны бага дүр, Уулын Төмөр-т тоглосон Баярхүү, Амбий, Бооёо хоёр байна.
Манай ангийн Бат-Оргил тухайн үедээ ажиллаж байгаад болиод саяхнаас уран бүтээлээ хийж эхэлсэн. “Улаан пальто”-д тоглосон байна. Ер нь урлагт тодорхой хэмжээний зам мөрөө үлдээж, хувь нэмрээ оруулчихсан яг ид цэцэглэлтийнхээ үед ажиллаж байгаа хүмүүс манайхан байна даа.
-Та урлагаас хол байлаа. Танай ангийнхан чинь одууд. Мэдээж хэрэг оюутан байхдаа тэд нартай авьяасаараа үзэлцэж явсан байх. Яг тэр үед сэтгэлзүйн хувьд ямар мэдрэмж төрж байв. Та урлагт эргэж орохгүй цаг нь болоогүй гэж бодож байсан уу. Ер нь өөрөө хэр хор шартай хүн бэ?
-Бид махан биетэй, сэтгэл зүйн олон хэлбэртэй төрсөн хүн гэдэг л амьтан юм чинь. Юун төлөө оюун ухаантай, янз бүрийн сэтгэлийн байдлыг үзүүлж байдаг тийм амьтан билээ. Аль араншин, аль сэтгэлгээ нь илүү давамгай хөгжсөн гэдгээсээ л хүн тодорхойлогддог байх л даа.
Тэгэхээр би атаархалгүй яахав, сайн сайхан явж байгаад нь. Гэхдээ би хар буруу хэзээ ч санаж явдаггүй. Энэ бол миний амьдралдаа баримталдаг зарчим. Би бүр өөрөө өөртөө бараг өдөр болгон хэлдэг. Хүнд хар санахгүй, гомдоохгүй, муу зүйл хийхгүй юмсан гэж бодож явдаг.
Атаархал гэдэг бол яг оновчтой үг биш байна л даа. Атаа гэдэг чинь хар гэдэг үг орчихож байгаа юм. Ер нь бол шаралхана, яахав буцаад тэд нартайгаа хөл нийлүүлээд явна гэж үе үехэн боддог байсан. Нэгнийхээ сэтгэл санааг өргөж явах шиг сайхан юм хүний амьдралд байдаггүй юм шигээ.
Нэгийгээ дэмжиж амьдралд нь хөгжилтэй хөөртэй байхад нь гаргасан амжилтаар нь үнэн сэтгэлээсээ бахархаж баярлаж, тэр нь эргээд өөрт нь сайн сайхан амжилт, баяр баясгаланг бас амьдралд нь дууддаг болов уу гэж би хувьдаа боддог. Аль болох өөрийнхөө бодол санаанд муухай, хар юм оруулчихгүй юмсан. Муу муухай бодол тээчихгүй юмсан.
Эргээд өөрийгөө бас бодоод байгаа хэрэг. Хувиа бодох, хүн болгонд өөрийн аминч үзэл гэж байдаг шүү дээ. Эргээд өөртөө муу муухай юм дуудахгүйн тулд хүмүүст сайхныг ерөөх зарчмыг баримтлахыг хичээдэг.
-Таныг урлагт эргэж ирэхэд жүжигчин Амбий их үүрэг гүйцэтгэсэн гэдэг юм билээ?
-Миний муу Амбий чинь хөөрхий ёстой хүн чанартай, тусархуу ш дээ. Зовлон үзсэн хүмүүс совесть нь илүү их давамгайлж гарч ирдэг нь ажиглагддаг. Манай Амбий чинь их айхтар өвдсөн, хөөрхий. Өвдөөд солонгост хагалгаанд ороод монголд Амбий нас барчихсан гэж шуугиан болж байлаа. Би чинь бурханыхаа өмнө зул хүж өргөөд, араас нь уйлж хашгираад бөөн юм болж байгаа юм чинь. /инээв/ Хүнд өвчин тусаад үхээд босоод ирсэн хүн байхгүй юу. Тэгээд би тэгж боддог юм. Зовж үзсэн хүмүүс хүнийг ч их дэмждэг, их сайхан сэтгэл гаргадаг.
Би мөрөөдөөд л жүжигчнийхээ ажлыг хийх юмсан гэж боддог байсан. Гэхдээ би хэн нэгэн найруулагч дээр, аль нэг театр, телевиз рүү хэзээ ч гүйж очдоггүй. Миний өөрийн нэг тийм сонин ааш зан ч байдаг юм уу. Яадгийн мэдэхгүй, ер нь хүнээс юм гуйж чаддагүй. Ер нь бол юм хийх юмсан гээд төлөвлөгөө зохиочихсон шийдвэр гаргахын өмнө за найзтайгаа хамтрах уу, хэнд хэлэх үү, байх уу гээд нэг тийм эргэлзээнд автдаг ш дээ. Тэгээд байж байсан чинь манай Амбий надруу ярьсан. За найз минь урлагаа хаяж болсон юм биш үү. Хөөе чи ирээд энд нэг жүжгэнд тоглох арга тал байна уу гээд. Тэгэхэд би тухайн үед өөр юм хийхээр төлөвлөчихсөн жүжгэнд тоглох хувийн ажлын зав чөлөө байгаагүй.
Муу юм байж голомтгой гэгчээр зохиолоо их голж шилдэг. Найз нь юу ч гэсэн зохиолыг нь үзье гээд яваад очсон “ТV коктейль” хамтлагийнхан хөөрхөн, орсон чинь алга ташиж хүлээж аваад л. Таныг ирнэ гэдэгт үнэхээр итгэж байгаа шүү гээд л. Цоомоо, Өөскөө, Аюуш, Энхбаяр тэгээд Сэнгээ ирчихсэн байсан. Сэнгэдорж найруулагч миний Хүүхэд, залуучуудын театрт байх үеийн ганц алтан партнерын маань хүү. Би Жанчивдорж ахтай тухайн үедээ нэлээд хэдэн жүжигт гол дүрд тоглоод авсан. Тоглох болохоор л Жааяа ахтай ноогдчихсон байдаг байхгүй юу. Хөөрхий минь намайг миний алтан партнер гэж нэрлэдэг байсан юм.
Тэгээд Жааяа ахын хүү байж байна. Найруулагчаар нь Сэнгэдорж, тэгээд л харсан чинь Амбий нэг л гоё. Сэтгэл хөдлөөд ер нь яавал яачмаар ч юм шиг санагдаад. За юу ч гэсэн зохиолыг чинь уншья. Тэгээд бодох хэрэгтэй байна, өөр ажил их байна гээд зохиолыг нь аваад явсан. Навчаа бас тэнд байсан. Бид хоёр чинь бас тэрүүхэн тэндээ хөөрхөн найзууд. Тэгээд бүрэлдчихсэн хамт олон надад аягүй гоё санагдсан, би тэд нар луу их татагдсан л даа.
Яанаа зохиол нь гоё байгаасай бурхан минь, болж өгвөл ажлаа зохицуулаад тоглочихдог ч юм билүү гэж бодогдоод. Тэгээд уншсан зохиол нь үнэхээр таалагдсан. “Хоёр ертөнцийн буудал” Эрик Эммануэль Шмитийн гээд Францын бас нилээд мундаг зохиолчдийн нэгний бүтээл.
Надад өгсөн дүр нь их сонин дүр байсан. Сивч гээд дүрийг надад өгсөн. Завсрын ертөнцийн бодьгал юм уу даа амьд бие юм чинь махбодь гэхлээр бас болохгүй л дээ биетэй ч юм уу, биегүй ч юм уу тийм зүйл. Комонд орчихсон хүмүүсийн тухай жүжиг л дээ. Комонд орчих юм бол бүх юм нь зогсчихсон зүрх нь бага зэргээр, тархины үйл ажиллагаа нь саармагжчихсан тийм хүмүүс.
Тэгээд тэр Сивч болохоор хүмүүсийн сүнснүүдийг хуваарилж дээд ертөнц рүү, эсвэл нэг бол комноос нь гаргаад сэргээнэ үгүй бол биеийг нь үхүүлээд сүнсийг нь дээшээ явуулдаг тэгж хуваарилдаг тийм дүр. Тэр нь надад бүр аймар гоё санагдаад л ямар гоё дүр вэ гээд. /инээв/
Тэгэхэд миний хүү өнгөрөөд хоёр жил болчихсон байлуу даа. Би хэсэг хугацаанд шоконд ороод, ёстой нөгөө амьдралын хар бараан юманд ороод бүр сэргэхээргүй, сэтгэлзүй нэг тийм сонин болчихсон байсан. Гэв гэнэтхэн тийм юм болохоор тэр байдлаасаа гарч чадахаа больчихдог юм билээ.
Амьдрал ч ёстой жинхэнэ сонирхолгүй. Юу ч байгаад ч ямар ч сонирхол татахгүй. Ямар ч сайн сайхан юм бодогдохгүй нэг тийм үе. Би олон ном уншсан, аминдаа тайвшрах гарц хайж байгаа юм л даа. Сүнсний талаар, бурхан байдаг, байдаггүй, шашны философийн тухай номнууд, комонд орчихсон хүмүүсийн тухай, сэтгэлзүйн тухай тасралтгүй уншсан.
Би юунд итгэж болох уу, хаанаас юу олж итгэж болох уу гээд өөрийгөө тайвшруулах гэж янз бүрийн юм уншсан. Тэр жүжиг миний уншиж байсан номнуудтай, миний амьдралд үзэж харж туулсан зүйлтэй яг тохирч байсан. Тэгээд бодож бодож ганц удаагийн жүжиг байсан ч хамаагүй тоглоё гэж шийдсэн.
Тэрнээс хойш ёстой ажил тасраагүй дээ. Ёстой надад урлагийн булган сүүл дагуулж өгсөн гайхамшигтай сайхан хүүхдүүд. Надад чин сэтгэлээсээ хандсан. Хүний чин сэтгэлийн юм гэдэг чинь цааш цаашдаа улам гоё цэцэглэж байдаг болохоор хүн ер нь дандаа л сайхан сэтгэлээр юманд хандаж байх хэрэгтэй юм шиг байгаа юм.
-“Black box” театраас ажиллах урилгийг та ямар үед хүлээж авав. Тэр мөчийг бас дурсвал?
-Тэр үед бас киноны урилга ирсэн байлаа. Телевизийн сериалд Сарангоо гээд найруулагч байдаг ш дээ. “Мюзик холл” дээд сургуулийн захирлаар ажиллаж байсан. Бас хөөрхий шорон оронд ороод.
Тэнд байхдаа ном бичээд тэрүүгээрээ гарч ирээд кино хийсэн. Шоронгийн хүүхнүүдийн, алдаж оносон, хилс хэрэг хүлээсэн хүмүүсийн тухай бичсэн зохиол. Дөрвөн эмэгтэй гол дүртэй чи нэгэнд нь тоглооч гэсэн юм. Тэгээд тоглодог ч юм уу, яадаг ч юм билээ шийдвэр ч гараагүй байсан. Бас нэг кино байсан, алинд нь явах вэ гэж бодож байлаа. Тэгээд аль ч кинонд нь яваагүй.
Тэгж байсан чинь манай Сэнгээ ярьсан. Мягмар ахынх гоё гоё жүжиг тавих гээд жүжигчид хайж байна. Та нэг хүрээд ирээч, Мягаа ахтай уулзаач таныг асууж байна гэсэн. Мягаа ах намайг танихгүй “Хоёр ертөнцийн буудал” жүжгийг үзсэн юм байна. Тэнд тоглодог нэг том дуутай хүүхэн хаана байна гэж асуугаад, Сэнгээ над руу ярьж холбож өгсөн.
Намайг ирэхэд Олег Юмов ирчихсэн жүжгээ уншиж байсан. Би ч нэг том амьтан, зохиолыг чинь үзэж болох уу гээд нөгөө хэлдэг үгээ л хэллээ. Тэг тэг гээд хамгийн анх “Ширэнгэнд”-ийг уншсан. Энэ өгүүллэгийг ерөнхийдөө би мэдэж байсан. Өгүүллэгийг жүжиг болгож маш сонин тавина гээд тавилтаа ярьж өгсөн. Их гоё санагдаад за за ерөөсөө энэ нь дээр юм байна гээд шууд “Black box”-доо орсон.
Энүүхэндээ л гэж хэлэхэд зохиол уншихаар л гологдоод байдаг юм. Ёстой хүний сэтгэлзүй рүү гүнзгий ороод бүр бодол санааг нь ухаж төнхөөд эргүүлээд гаргаад ирэхээр зохиолтой энэ хүртлээ таарч байгаагүй. Мягаа ах, Одноо эгч хоёр дандаа сор болсон зохиолуудыг сонгож тавьж байгаа. Театр маань гараа сайн бол бариа сайн гэгчээр хүчтэйгээр эхлэлээ тавилаа.
-Эмэгтэй хүний амьдрал дөчин наснаас эхэлдэг гэж ярьдаг. Одоо энэ өндөрлөг дээрээс харахад танд хамгийн түрүүнд юу мэдрэгддэг юм бол?
-Үнэн байх. Миний амьдралд шинэ эрин, шинэ үе ирж байна. Манай найз намайг нэг удаа зоригжуулж байсан. Миний найз, чи амьдралаа бүхэл бүтэн кино гээд бодчих. Одоо нэгдүгээр анги нь төгсчихсөн. Гэхдээ өөр хэлбэрийн хоёрдугаар анги эхэлчихсэн байгаа шүү гэж хэлж байсан. Чиний амьдралын хоёрдугаар анги эхэллээ. Яаж эхэлж байгааг нь чи өөрөө ч харлаа. Энэ эхэллээ улам сайхан кино болгоорой гэж найз маань ерөөсөн. Ёстой жинхэнэ дөчин наснаас амьдрал эхэлдэг гэдэг үнэн юм шиг бодол, мэдрэмж төрж байна.
Нямгаваа найруулагчийн стиль жанар Мягаа ах эд нар чинь төстэй улсууд. Монголдоо л гэхэд их алсыг харсан сонин бүтээлүүд тавьдаг. Тэр хүний нэлээд хэдэн жүжигт тоглосон нь надад цаашдын ажлаа хийхэд их том дэвсгэр суурь болж өгч байгаа юм.
Энэ олон жил шал өөр бизнес хийж явсан үедээ зорилго мөрөөдөлгүй байсан гэж хэлж болохгүй л дээ. Гэхдээ би яг тэр үед амьдралынхаа хамгийн том зорилгыг хэсэг хугацааны турш хойш нь тавьчихсан явж байсан юм байна. Одоо л ханцуй шамлан орж байна.
-Одоо таны хувьд урлагийн цаг агаар их таатай байна. Яг ийм насны хүн урлагт хэрэгтэй байлаа. Гуч гаруй насны хүн таны гаргаж байгаа дүрийг гаргаж чадахгүй болов уу гэж бодож байна. Бүр хөгшин хүн бол бүр хэцүү, хэдийнэ орон зайгаа тодорхойлчихсон хэв маягтаа баригдчихсан байгаа болов уу. Тийм болохоор яг таны улирал иржээ гэсэн бодол төрж байна?
-Хүний насыг хязгааралчихсан байдаг юм билээ. Хүүхэд нас, залуу нас, дунд, өтөл, хөгшин гэхчлэн. Хүний насны хамгийн гайхамшигтай үе нь 38-50 хүртэлх нас байдаг юм гэсэн. Тэр насанд яадаг гэхлээр хүн бүх юмыг ойлгоход бэлэн, сэтгэлзүй, бие бялдрын хувьд бүхнийг ойлгох, хүлээж авахад бэлэн байдаг юм байна.
Энэ нас ертөнцийн сайн муу, сайхан муухай гэгээтэй, харанхуй бүх юмыг зөвөөр мэдэрч, ухамсарлаж, зөв сонголтыг хийж чаддаг хамгийн гайхамшигтай үе нь байдаг юм байна. Сүүлийн үед их юм ойлгодог боллоо. Арван жилийн өмнө бодогддоггүй, мэддэггүй байсан юмнууд ийм л байсан юм байна гэж бодогддог ч юм уу. Их л таатай, сайхан байна.
-Яг таны насан дээр эр хүний мөн чанар ямархуу байдлаар харагддаг юм бол. Муу эр хүн, сайн эр хүн гэсэн ойлголтыг таны насны өнцгөөс ер нь юу гэж дүгнэдэг юм бол?
-Царайны сайхнаар цай сүлэхгүй гэдэг тэр бол үнэн. Гэхдээ хүн гэдэг амьтан угаасаа л гоо сайхны бүтээгдэхүүн, гоо сайхныг таашааж байдаг. Гоголийн хэлсэн үг байдаг.
Хүн гэдэг царайгаараа ч тэр, хувцасаараа ч тэр, биеэрээ ч тэр, ухаан нь ч тэр, сэтгэл нь ч тэр, мэддэг чаддаг нь ч тэр, хийж байгаа ажил нь ч тэр бүгд сайхан байх ёстой. Мэдээж арван хуруу тэгш хүн гэж байхгүй.
Гэхдээ ихэнх хүмүүс арван хуруу тэгш байхын төлөө л амьдардаг болов уу гэж боддог ш дээ. Ямар нэг алдаа дутагдал байвал тэрийгээ засах гэж, өө сэв байвал далдалж арилгах гээд ч юм уу. Хүн ер нь сайн сайхан гэдэг категорын төлөө л тэмүүлсээр байгаад энэ насыг бардаг болов уу.
Тэгэхлээр эр хүн царайны сайхнаар цай сүлэхгүй гээд бас учиргүй муухай байх нь ч хаашаа юм. Орчин үед техник технологи, гоо сайхан юу л байна бүгд хөгжчихсөн. Тэгэхээр бас сайхан байх хэрэгтэй гэж би хувьдаа боддог.
Гэхдээ сайхан гэдэг бол нээх хөөрхөн гоё гэсэн тийм тодорхойлолт биш. Сайхан, нүдэнд дулаахан тийм хүн байдаг ш дээ. Тэр нүдэнд дулаахан гэдгийг би их гоё сайхан инээдэг, сайхан сэтгэлтэйн илрэл гэж ойлгодог.
Хүн сэтгэл нь сайхан бол харахад царай нь гэрэлтээд, нүд нь баясгалантай байдаг. Тэр талаас сайхан байх хэрэгтэй гэж би хувьдаа боддог юм. Нээх урвайсан, унжийсан муухай хүйтэн харцтай хүнийг мэдээжийн хэрэг таалах хүн ховор байдаг байх. Хөөрхий ээж, аав нь төрүүлсэн үр нь юм чинь хайрладаг л байлгүй.
Сайхан сэтгэлтэй, хамгийн чухал нь ухаантай байх хэрэгтэй. Ухаан гэдэг ерөнхий ухагдахуун ш дээ. Тэгэхлээр тэр ухаан гэдэг юманд багтдаг бүх шинжүүд хүнд байх ёстой гэж боддог. Байхгүй ч гэсэн хүн өөрөө өөртөө бий болгох хэрэгтэй.
Өөрөө өөртөө сайхан байхын тулд, өрөөлд сайн сайхан сэтгэгдэлтэй байхын тулд энэ ертөнцийг орхиод явах хүртэлх ахархан хугацаанд хүн болгон их юм боддог байлгүй. Тэр үед эргээд харахад харамсахааргүй тийм л амьдралыг туулж өнгөрүүлэх нь хүн бүрийн хүсэл болов уу.
Эр хүний хамгийн чухал мөн чанар бол зоригтой байх. Зоригтой гээд дайн тулаанд явах гэж байгаа юм шиг буу шийдэм, бариад, хүнтэй нударга зөрүүлэх биш. Зорьсон зорилгоо биелүүлж чаддаг, тэрний төлөө хүч гаргадаг, хүнийг хайрласан шиг хайрладаг. Хүнийг ёстой чин сэтгэлээсээ хайрлах бол зориг ш дээ.
Өөрийгөө гаргуунд нь гаргаад үр хүүхдээ хайрладаг ээж нар агуу зоригтой. Үр хүүхдийнхээ төлөө яахаас ч буцахгүй тэр бол агуу их зориг, хайр. Тийм гайхамшигтай зоригтой байх хэрэгтэй.
Сайхан мэргэжилтэй ямар ч ажил хийж болно, хийсэн шиг хийчихдэг. Сэтгэл зүрхээ зориулаад хийсэн ажлынхаа ард нь гарчихдаг чанар эр хүнд байх нэн тэргүүний хэрэгцээтэй зан чанар юм болов уу гэж боддог.
Тэр хүнийг ёстой миний нүдээр хардаг ч болоосой гэдэг үнэн байх. Нэгэнд нь таалагддаг хүн, нөгөөд нь таалагддахгүй байх жишээний. Нөгөө миний моно жүжгэн дээр тоглодог тэр урсгалын үзэл бодол явагдаж байгаа юм. Хувь хүн болгоны мөн чанар, үзэл бодол, ухамсар оршихуйн тухай философи нь давтагдашгүй мөн чанартай.
Заавал хүнд өөрийнхөө үзэл бодлыг тулгах аргагүй ш дээ. Хүн өөрөө өөртөө сэтгэл хангалуун, аз жаргалтай, өрөөл бусдад бага боловч жаргал амсуулаад явж байвал хүн болсны утга учир тэрэндээ л байгаа болов уу гэж боддог.
-Таны хэлдгээр энэ нас хамгийн сайхан нас учраас 40 настнууд дунд сул эр хүн, эмэгтэй хүн бараг байхгүй биз дээ?
-Байхгүй ш дээ. Миний насны бүх хүмүүсийн амьдрал нь цэгцэрчихсэн. Европд дөч хүрж байж дөнгөж гэрлэдэг. Азийн орнуудад эрт гэрлэдэг. Миний насны манай найз нөхдүүд хоёр, гурван хүүхэдтэй зарим нь хоёр гурван амьдрал үзчихсэн байх жишээний.
Зарим нь эмээ өвөө болчихсон ач зээгээ үзчихсэн. Бүгдээрээ ажил мэргэжилдээ тодорхой хэмжээний орон зайтай, байр сууриа эзэлчихсэн ийм л нас байгаа юм. Ер нь сайхан нас л даа. Гэхдээ шинээр эхлэх гэж хүсэж байгаа хүмүүс эхэлж болно ш дээ. Хөгширчихөөгүй байгаа юм чинь.
Танай театрын жүжгүүдээс “Хирснүүд” их анхаарал татсан. Одоо ид нүүрлээд буй давхар дээлний асуудлыг хөндсөн жүжиг юм билээ?
“Хирснүүд” жүжиг алдарт Эжен Ионескогийн бүтээл. Мягаа ах хэлдэг юм, энэ “Хирснүүд” чинь хаагдаж боогдохын хувь тавиланд төрчихсөн бүтээл юм шүү дээ гэж. Ялангуяа социализмийн үед маш их хаагддаг байсан.
“Хирснүүд” давхар дээлний тухай жүжиг шүү дээ. Хирс гэдэг амьтан чинь хоёр нас хүртлээ үхэхгүй бол байгалийнхаа жамаар л энэ хорвоог дуусгадаг. Тэрнээс наана үхнэ гэж байдаггүй, тийм айхтар бие сайтай хуягтай амьтан юм байна.
Хирсний арьс гэдэг чинь бууны сум нэвтэрдэггүй айхтар хуяг байдаг байх нь, хатуу хэдэн давхар ч байдаг юм. Цаг нь болоод л үхнэ. 60 наслах ёстой бол 60-н насан дээрээ очихоос нааш үхдэггүй.
Одооны улс төр, өнөөгийн нийгэм, хүний амьдралын дорой буурай байдал, нэг зүйл рүү хүмүүс хошуурч байгаа асуудлыг хөндсөн жүжиг л дээ. Зохиолын баатрууд маань нэг нэгээрээ хирс болсоор байгаад ертөнц дээр цорын ганц хүн үлдэж байгаа юм. Яах гэж хирс болж байгаа юм гэхлээр нөгөө л эрх мэдэл, нийгмийн өндөр давхарга, байр сууринд очих хүсэл, хирс хулганыг бяц дэвсээд алчихдаг шиг доодсуудынхаа амьдралыг бяцалж үгүй хийж байгаа тухай сэдвийг хөндсөн.
Энэ жүжиг гарснаас хойш хирсжих үзэгдэл, манайхаар давхар дээл гэсэн утгатай нэр томьёо гарсан. Европын орнуудаар хирсжих үзэгдэл гэж одоог болтол яригддаг. Тэр нийгмийн хүндрэлтэй, бэртэгчин давхаргуудыг шүүмжилсэн хүмүүсийг хирсжчихсэн хүн, хирсжих үзэгдэл болж байна гээд одоо ч гэсэн ярьдаг юм билээ.
Энэ гайхамшигт жүжиг “Гэгээн муза”-д орсон, хасагдчихсан. Улс төрийн асуудал хөндсөн учраас тэр утгаараа хасагдчихсан юм шиг байна лээ. Манай массаараа тоглосон хамгийн мундаг том жүжиг.
-Эмэгтэй хүний мөн чанар эмэгтэйлэг оршихуй гэж юу вэ. Жишээ нь загвар өмсөгчид гэхэд дийлэнх нь яг өөрийн мөн чанар, карьеараа тодорхойлох өнцөг гэж загвар өмсдөггүй. Хэсэгхэн олны анхааралд орж аваад хэн нэгэн баян хүнтэй суугаад тайзнаа эргэж ирдэггүй. Дуучин байна, аймар дуулаад л дуулаад л байснаа алдарт хүрээд баян хүнтэй суугаад дуулахгүй тайзнаас буучихдаг.
Манайд ер нь бүсгүйчүүд карьерыг хүнтэй суух хэрэгсэл болгож ашиглаад байгаа юм шиг. Уг нь хүнтэй суусны дараа карьер нь үргэлжлээд явах ёстой байтал ихэвчлэн тасалддаг. Эсвэл ганц биеэрээ айхтар карьер хөөнө.
Эмэгтэй хүний мөн чанар, эмэгтэйлэг оршихуй, эмэгтэй хүн магадгүй эр хүний нөлөөнд автахгүйгээр өөрийгөө авч үлдэх процесс дээр та ямар байр суурьтай ханддаг вэ?
-Миний завсардсан бол нөхөр, гэрлэлт, карьер хөөх алинтай нь ч холбоотой биш. Бид нарын үед бараг ганзагын наймаа хийгээгүй хүн байхгүй. Театр ажиллагаагүй жүжигчид маань ч ажилгүй болчихсон наймаадах нь наймаадаад, продакшнд орох нь ороод, зарим нэг настайнууд нь ертөнцийн мөнх бусыг үзүүлээд явчихсан байлаа.
Надад нөхөр, гэр бүлийн амьдрал, тухайн үеийн нийгмийн байдалтай холбоотойгоор бага зэргийн бизнес хөөх хэрэг гараад юм хийсэн. Тэрнээс биш хаях гэж хаяагүй, хаячихлаа ч гэж бодож яваагүй, Тэгээд хүнтэй суулаа, нөхөр чи тэрийгээ хая боль гэсэн ч юм байгаагүй. Зүгээр л энгийн амьдралын хэрэгцээ шаардлагаар л ийм л юм болсон.
Ер нь эмэгтэй хүний мөн чанар гэдэг бол эр ч бай, эм ч бай хүн бол хүнээрээ л үлдэх ёстой гэж боддог юм. Орчин үед карьер хөөж хүнтэй суух, эсвэл мэргэжлийнхээ онцлогийг ашиглаж хүнтэй суух ... Мэдэхгүй ээ.
Яг л миний тоглож байгаа жүжиг дээр гардаг шиг хүмүүс жинхэнэ хүн чанар, хүний мөс чанар, жудаг гэдэг юмаа хаячихаад байгаа юм болов уу, учир дутагдалтай болчихсон юм болов уу гэж боддог ш дээ. Би өөрийнхөө чадлаар л амьдрахыг хүсдэг. Надаас ямар хэмжээний чадал гарч би юу хийж чадах вэ?
Би хүний гар харах үнэхээр дургүй. Багаасаа л дургүй байсан. Ээж ааваараа хувцасаа угаалгах ч дургүй, ах эгч нараараа хичээл номоо заалгах ч дургүй. Би өөрөө л юу гэж ойлгоно тэрийгээ хийдэг. Өөрийн чадах хэмжээнд гэр орноо цэвэрлэнэ, хувцасаа угаана. Өөрийнхөөрөө амьдрах дуртай. Хүний эрхээр жаргахаар, өөрийн эрхээр зов гэсэн монгол ардын зүйр үг байдаг.
Зарим охид, залуучуудыг ажиглаад байхаар хөрөнгө чинээтэй ч юм уу, нэр төртэй хүмүүсийн араас гүйдэг. Залуухан, сайхан өөрөө энэ бүхнийг хийж бүтээж чадахуйц бие хаа, чадал, тодорхой хэмжээний мэдлэг боловсрол эзэмшчихсэн, байж ийм зүйл хөөж яваад байна гэдэг тиймхэн.
Хүн болгон давтагдашгүй ертөнц. Үзэл бодлыг нь хүндэтгэж үзэх шаарлагатай л даа. Хувь хүний халдашгүй байдалд хэн ч, халдаж хөндлөнгөөс амьдралыг нь чиглүүлж зааж сургах эрхгүй.
Манай зүйр цэцэн үг байдаг, “Хүний эрхээр жаргахаар, өөрийн эрхээр зов” гэдэг дээ. Зовж ажиллаж олсон нэг төгрөг ч амттай. Би тэрийгээ өөрийнхөө дураар зарцуулах эрхтэй. Яагаад гэвэл би бүх сэтгэл, хөдөлмөрөө зориулж олсон. Тэр минийх, хэнийх ч биш, би өөрөө энэ бүхнийг хийсэн, чадсан гэдэг утгаар хүн ер нь өөрийнхөө гараар өөрийнхөө амьдралыг цогцлоох хэрэгтэй.
Хайр дурлал ч гэсэн жинхэнэ миний амьдралд байх ёстой гэдгийг хүлээж сэтгэл зүрх маань зөвшөөрсөн цагт л тэр хүн хань маань болох болов уу. Тэгэхгүй зүгээр л нэг мундаг дуучин, жүжигчин болох гээд л найруулагчийн толгойг эргүүлээд. Тэр хүн чамайг тийм болгож чадахгүй ш дээ. Чи өөрөө л болж чадна гэж итгэхгүй байгаа бол хэзээ ч хүн чамайг тийм болгож чадахгүй. Би хувьдаа тэгж л боддог.
Хүмүүс чин сэтгэлийн үнэнч байдал, оргил өөд мацах тэр амтыг амьдралдаа мэдрээсэй. Үүнийг амьдралын амт гэдэг юм. Жинхэнэ өөрийн хүч чадал, ухаан, боловсролоос тэр амт гэдэг юм чинь гарч ирдэг шүү. Тэр амтыг амтлаасай гэж зарим хүмүүс, хүүхдүүдэд хэлмээр л санагддаг.
Гэхдээ миний үгийг сонсохоор мэргэдийн үгийг сонс гэж ардын зүйр цэцэн үг зөндөө олон, аав ээж нь хэлдэг байлгүй дээ. Би тэрийг л илүүд үздэг, жинхэнэ хайрыг илүүд үзнэ. Одоо дөч гарчихсан ч гэсэн чин сэтгэлээсээ хүнд дурлах юм бол надад ч гэсэн ав адилхан дурлах тийм хүнийг л сонгоно гэж боддог. Гэхдээ түрүүн ярьсан нөхцөлүүдээ бас харзана л даа. /инээв/
Гэхдээ би ажлаа хэзээ ч орхихгүй. Би өөрөө хичнээн хайртай байгаад би чамтай сууя чи наад ажлаа орхи гэж болзол тавих юм бол би өөрийнхөө ажлыг л сонгоно. Яагаад гэвэл энэ чинь миний хийж байгаа ажил. Энэ чинь урлаг, миний хийсэн сонгосон ажил, зам. Би нэлээдгүй хугацаанд энэ салбарыг орхиж, ажил мэргэжлийнхээ араас ганихарлаа. Би өөрөө энэ мэргэжилдээ их дуртай. Маш их санасан.
Кино дэлгэц гэхээсээ илүү тайзанд би илүү хайртай. Үзэгчидтэйгээ хамт байх мөч, тэр бол хамгийн гоё мэдрэмж. Жүжигчин хүний жаргал тэнд л байдаг болов уу гэж бодогддог ш дээ. Тэр л хамгийн гоё кайф, амьдралын хамгийн амттай мэдрэмж, ажил хөдөлмөр хийсний үр дүн, хүн болсны минь утга учир тэнд л оршиж байгаа гэж боддог. Тийм учраас би ажлаасаа яасан ч салахгүй.
Ярилцсан Б.Ундрал
/Гранд сэтгүүл №48/
Сэтгэгдэл (4)