Эр хүнд уйлмаар санагдсан ч нулимс гарахгүй үе байдаг

Улс төрчтэй ярилцах би лав дургүй. Учир нь тэд ихэвчлэн баг өмсч, үнэн байж чаддаггүй. Үнэн сэтгэлгүй ярилцлага гэдэг давсгүй хоол л гэсэн үг. Харин энэ удаагийн зочноо тэдний нэг биш тэгээд ч сонирхолтой хувь ертөнц гэдгийг олж мэдсэн учраас ярилцлагынхаа хойморт урилаа. Дүгнэлт маань буруу байсангүй.

Лам, эмч, бизнесмэн, улс төрч, эрдэмтэн гээд нэг субьектив ертөнцөд багтаж, зохицоход бэрх олон алба тушаал, ажил хөдөлмөр эрхэлж ирсэн тэрээр зөрчилдөөнт дотоод ертөнцөө ч нуугаагүй нь талархмаар. Шинжлэх ухааны туршилтын зорилгоор хеликобактериудыг хэдэн мянгаар нь устгаж байхдаа нүгэл, буяны тухай эргэцүүлж, улмаар судалгааны ажлаа энэ шалтгаанаар орхиж байсан гээд сонирхолтой амьдралын түүхээ илэн далангүй хуваалцсанд нь бүр ч их талархах сэтгэл төрөв.

Үнэн зөвд зөөлөн, буруу мууд, хатуу чанга байх мөн чанарыг нь ч улс төрийн орчин, сайдын сэнтий өөрчилж эвдээгүйг тэрээр нэгэн телевизийн ярилцлагын үеэр ил цагаахан гаргасан. Салбарынх нь амжилтыг илт харлуулсан сэтгүүлчийн будлиу, мэдлэггүй байдал сайдыг бухимдуулсан хэрэг. Тэр ийм л хүн. Үнэн, өөрийнхөөрөө. Магадгүй өөрийнхөө эр чадлаар шинжлэх ухаан гэгч шилэн цамхгийн оргилд гарч, чухам тэр амжилт гаргасан “толгой”-гоороо цэл залуухан сайдын суудалд тоогдсон учраас түүнд айж бэргэх, хэн нэгэнд дулдуйдах, баг зүүж арчаагүй царайлах шаардлага байдаггүй биз.  
 

Цэл залуухан 26-тайдаа анагаах ухааны докторын зэргийг арлын Японд хамгаалж байсан Ж.Амарсанаа сайд эрүүл мэндийн салбарын карьераа 13-тайдаа эхлүүлж байж. Үнэндээ түүний намтрыг уншчихаад “үнэн үү” гэж дуу алдснаа нуух юун. Япон, англиар хэдэн ч сэтгүүлд шинжлэх ухааны нийтлэл гаргасан юм бэ дээ. Шинжлэх ухааны нийтлэлийг харь хэлээр гаргана гэдэг амаргүй еэ. Хаа холын Харвардад манай улс төрчдийн жишгээр биш жинхэнэ эрдэмтний замаар очоод сурчихаж. Энэ бахархах, атаархах зүйл биш гэж үү? Бид нэг ч болов ийм сайдтай байгаа нь яамай даа гэх бодол өөрийн эрхгүй төрсөн.  

Цэл залуу анагаахын эрдэмтэн, доктор, дэд сайд япон, англи, орос, төвд хэлтэй, гадны хэвлэлүүдэд өчнөөн эрдэм шинжилгээний бүтээл нийтлүүлчихсэн. Таны намтрыг харахад үнэндээ хэдий завандаа энэ хүнд мэргэжлийг олон хэл устай нь эзэмшээд, эрдэм шинжилгээний бүтээлүүд нийтлүүлчихдэг байнаа гэж гайхахаар юм. Хэдийгээр орчин үеийн залуус харьцангуй залуудаа мэргэжил, мэдлэг эзэмшиж, амжилт гаргаж байгаа ч 36 насандаа арай тань шиг ийм лут намтартай байх нь юу бол. Таны нууц юуных вэ гэж юун түрүүн асуумаар санагдсан нь ийм учиртай. Зарим хүмүүст байгалиасаа онцгой хурдтай байх авьяас, өгөгдөл байна уу?

-Надад онцгой гэх хурд байхгүй аливаад хичээл зүтгэлтэй махруу чанарыг ээжээсээ өвлөсөн гэж боддог. Хоёр жил Оточ маарамба дээд сургуульд ажиллаад, Токиогийн их сургуульд судлаач оюутнаар анх очиж байсан юм. Бүх юм анхнаасаа гайхамшигтай сайн сайхан байгаагүй, Эхний 4 жил дорвитой бүтээлгүй, хүнд он жилүүд байлаа. Магадгүй одоо ярих зүйл маань мэргэжлийн бус хүмүүст уйтгартай, сонирхолгүй байж болох юм. Гэхдээ таны асуултанд бүрэн дүүрэн ойлголт өгөхийн тулд дэлгэрэнгүй хариулья.

Японы алдарт элэг судлаач Омата профессорын тэнхимд нийт найман жил суралцаж ажилласан. Очоод янз бүрийн өвчин дээр судалгаа хийнэ гэж бодсон маань талаар болж намайг суурь судалгаа хийлгэхээр хувиарласан. Миний эрдэм шинжилгээний анхны сэдэв генийн эмчилгээ байсан. Нэр нь гоё, тухайн үед их моодны судалгааны сэдэв байсан боловч ажилбар, судалгааны аргачлал нь нэг зүйлийг олон давтсан, үр дүнгийн хувьд ч ахицгүй, тухайн үед мухардалд орсон сэдэв байлаа.

Генийн эмчилгээ гэдэг нь вирус дотор өвчин эмчилдэг генийг суулгаж, тэр вирусээрээ өсгөвөрийн эс юм уу, туршилтын амьтныг халдварлуулаад тус амьтан дотор ялгарч байгаа ген нь өвчнийг эдгээж байна уу гэдгийг үздэг арга юм. Нэг жил энэ сэдэвтэй ноцолдсоны эцэст багшийнхаа зөвлөгөөгөөр судалгаагаа орхиж, хеликобактерийн судалгаа хийж байсан өөр багшийн удирлага дор ажиллаж эхэлсэн. Учир нь багш маань энэ сэдвээр яваад ирээдүй муу гэж үзсэн.

Залуу эрдэмтнийг тэнхим дотор янз янзын ажил руу шилжүүлэх тохиолдол цөөнгүй байлаа. Дараагийн судалгаа өвчтний ходоодноос хеликобактерийг авч түүнийгээ үржүүлж, үржүүлсэн бактерийнхаа генийг судалж үзээд хоруу чанар өндөр байна уу, бага байна уу гэдгийг судалсан. Энэ ажлаараа анх удаа эрдэм шинжилгээний нийтлэл гаргасан нь миний нэр гарсан анхны ажил байлаа. Хеликобактерийн судалгаан дээр ажилаж байхад зөрчилтэй нэг асуудал байсан нь би өөрөө сахилтай, лам хүн, хөдөлж, амьдарч байгаа бактерийг бөөнөөр нь үржүүлж авчихаад алаад байдаг. Амьтны амь тасалж байгаа юм шиг, таслах таслахдаа олон сая, тэрбумаар нь тасалж байгаа юм шиг сэтгэгдэл төрж байсан. Энэ учир байдлаа дэд профессортоо хэлж, нэг жил ажилласан сэдвээ дахиад л орхилоо.

Ингээд нойр булчирхайн хорт хавдар судалж байсан багш руу, хорт хавдрын эсийн доторх мэдээлэл дамжуулах замыг судлах ажил руу шилжсэн. Бас нэг жил ажиллаад дорвитой амжилт үзүүлсэнгүй. Би дорвитой бүтээл гаргаагүй тул дотроо бухимдаж, яарч сандрах зэрэгцэж байлаа. Тэр үед магистрын 1-р дамжаанд орсон байв. Магистрын сэдвээ сонгох цаг болчихсон байдаг.

Ингээд  хоол боловсруулах замын хорт хавдар дахь кемокайн хэмээх мэдээлэл дамжуулагч уураг хорт хавдрын үсэрхийлэлд ямар хувь нэмэр оруулж байгааг судлахаар ханцуй шамлалаа.  Тухайн үедээ их л шинэлэг сэдэв байлаа. Энэ судалгаан дээр би 2 шинэ зүйл нээж баталсан боловч 3 дахь дээрээ мухардалд орсон юм. Үндсэндээ бас нэг жилийн хөдөлмөр талаар болсон гэсэн үг. Гэлээ ч баталсан 2 зүйл дээрээ магистраа төвөггүй хамгаалж, докторын дамжаандаа элссэн.

Одоо л амжилттай ажиллах цаг. Японд очоод аль хэдийнэ 4 жил өнгөрчихсөн, цаг хугацааны хувьд ч, эрдэмтэн хүний хувьд ч нэлээн сэтгэлийн дарамт, бухимдалтай үе. Энэ тэнхимд зэрэг орж ирсэн хүмүүс маань судалгааных нь үр дүн гарч амжилт гараад л. Ийм үед хүн сэтгэл санаагаар их унадаг юм билээ. Яг энэ үедээ шинжлэх ухааны тэргүүний “Nature” гэдэг сэтгүүлд орчин үеийн шинэ технологи, судалгааны арга нээгдсэн тухай богинохон нийтлэл олж уншлаа. Тэр арга нь генийг эсийн түвшинд дарангуйлах шинэ технологи байсан. Тухайн үед Японд ч нэвтрээгүй байсан шинэ технологи байсан тул удирдагч багш Канай профессор бүтэх магадлал багатай гэж цааргалсан ч зүтгэсээр байгаад хийж үзэхээр боллоо. Анхны оролдлогоороо хавдрын доторх мэдээллийг дамжуулдаг нэг уургийг дарангуйлаад үзсэн чинь дөрвөн оролдлогын гурав нь бүтэмжтэй болов. Том амжилт. Тухайн үед туршилтынхаа үр дүнг хараад хагартлаа баярлаж билээ. Хавдрын нэг эсийн дотор гучаад мянган уураг байдаг гэж бодоход аль нэгийг нь сонгомолоор устгана гэдэг маш хэцүү асуудал.

Өмнө нь аливаа нэг уургийг дарангуйлахын тулд 3-4 жил шаардагддаг байсан юм. Энэ аргаар хэрвээ зөв загварыг нь гаргаад зөв хийчих юм бол магадгүй 3-аас 4 сарын дотор ямар ч уургийг устгах боломжтой юм. Судалгаа маань амжилттай байхаар барахгүй ид шидийн мэт үр дүн үзүүллээ.

Энэ цагаас хойш тасралтгүй амжилт гаргасан. Олон улсын сэтгүүлд нийт 28 эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлэсэн. 619 өгүүлэлд миний бүтээлүүдээс ишилсэн. Нэвтрүүлсэн арга маань нойр булчирхайн хорт хавдар дээр амжилт үзүүлж, дараа нь хамтарсан судалгаагаар олон ген, уургийг зэрэг дарангуйлах аргыг нээсэн юм. Энэ нээлтийн дараа дэлхийн маш олон орноос хамтарч ажиллах хүсэлт ирсэн. Удирдагч багш маань урд өмнө хэзээ ч ийм олон орноос хамтарч ажиллах хүсэлт ирж байгаагүй гээд их баярлаж билээ. Эрдэм шинжилгээний ажил маань Японы Засгийн газрын санхүүгийн дэмжлэгээр хийгдэж байсан учраас Японы Засгийн газар патентынхаа эрхийг авсан.

Хэдэн настайдаа тэр оргилд хүрчихсэн хэрэг вэ?

-26 настай байсан юм уу даа.

Жинхэнэ цэл залуу нас. Би таниас эхэнд асуусан даа, ийм хурдтай, амжилттай энд хүрч ирэхэд нөлөөлсөн зүйл юу юм бол? Зарим үед далдын хүч, ид шид үйлчлээд байгаа юм шиг сэтгэгдэл танд төрдөг үү? Эсвэл зав чөлөөгүй хөдөлмөрлөсөөр энэ үү?

-Залуу насныхаа их олон юмыг тэр үед золиослосон. Өглөө 10 цагийн үед лаборатори дээрээ очно, шөнийн 23, 24 цагаас нааш харихгүй. Өдөрт зөвхөн лаборатори дээр. Амьдрал маань ердөө тэр тойрогт эргэлдэж байсан. Тийм амар хялбар байгаагүй ээ. Эмэгтэй хүн байсан бол их олон уйлах байсан байх. Энэ нь эмэгтэй хүнийг сул дорой гэж байгаа юм биш. Уйлмаар санагдсан ч эр хүнд нулимс гарахгүй үе байдаг.

Тэгснээрээ та өнөөдөр юу хожсон гэж боддог вэ?

-Олон юм хожсон. Гүнзгий мэдлэгтэй болсон, Эх оронч үзэл маань улам нэмэгдсэн, хөдөлмөрийн үр шимийг ойлгосон, анагаахын шинжлэх ухааныг зүгээр нэг илээд өнгөрөөгүй. Аливааг шинжлэх ухаанч нүдээр хардаг болсон. Энэ бүхэн миний амьдралын туршид зөвхөн надад байх, амьдралд минь, ард түмэнд минь хэрэг болох капитал юм. Тухайн үед миний амжилттай ажилласан гол нууц нь өдөр шөнөгүй ажиллаж байсан махруу чанар, аливааг өөдрөгөөр хардаг гэгээлэг сэтгэлгээ нөлөөлсөн болов уу гэж боддог.

Япон улс болоод Харвардад сурсан он жилүүд Амарсанаа гэдэг хувь хүнд юу өгсөн бол?

-Хөдөлмөрийн үр шим их зовж байж гардгийг мэдрүүлсэн он жилүүд байсан. Хамгийн чухал нь маш их болгоомжтой байхад суралцсан. Яагаад гэвэл судалгааны ажил, туршилтын үеэр нэг л жижиг алдаа гаргахад бүгдийг эхнээс нь эхлэх болдог. Буцаад 3,4 хоногоос эхлээд хэдэн сараар ч дахин суух хэрэг гардаг. Энэ нь залуу хүний хувьд маш том сургамж байсан.

Би чинь монгол хүн шүү дээ. Монгол эрдэмтэн бусдаас доор орохгүй, чадвал давж гарахсан гэж хичээж зүтгэж өөрийгөө дайчилдаг байсан маань өрсөлдөөнд сургасан.

Оточ маарамбын сургууль төгссөн лам хүн уншлагатай биз?

-Уншлагатай. Анхны төвд цагаан толгойг тэр үеийн Гандантэгчилэн хийдийн дэд хамба байсан Чойжамц багш маань заасан.

Тарни маанийг уншиж өгөх үү?

-Ерөнхийдөө уншчихна аа /инээв/.  

Тарни маанийн хүч хүсч, сүсэглэж чадвал хүслийг ид шидийн мэт бүтээдэг гэж үнэн үү? Ялангуяа дээр үеийн хүчтэй лам нар их ашигладаг байсан гэдэг.

-Би итгэдэг. Бие, хэл, сэтгэлийн үйл бүхэн үр дагавартай гэж буддын шашин үздэг. Үүнээс шинжлэх ухаан ганцханыг нь баталчихаад байгаа нь биеэр хийсэн үйлийн үр гардаг гэдгийг ойлгоод, тайлбарлачихсан. Ухаандаа, цохиход гар өвддөг, шаазан унавал хагардаг гэдэг ч юм уу. Харин, хэл болоод сэтгэлээр хийж буй үйлийн үр дүнг одоохондоо анагаах ухаан ч, шинжлэх ухаан ч хэмжиж, баталж чадахгүй байна.  

Батлахыг хүсдэггүй юм биш үү?

-Үгүй. Баталъя гэсэн оролдлого байдаг ч батлах аргачлал нь тодорхойгүй. Чадахгүй байгаа зүйлээ үгүйсгэж болохгүй гэж би боддог. Хүний бодол, хэл яриа, үгийн цаана ямарваа нэг үр дүн байж, хариу үйлчлэл заавал үзүүлнэ гэдэгт би итгэдэг. Магадгүй олон лам нарын олон зуун жил сайн сайхныг бодож, ерөөж уншсаар ирсэн тарни, маанийн үг үсгэнд энерги, хүч, сайн санаа шингэсэн байж таарна. Бүх зүйл үр дагавартай гэж үзвэл тодорхой сайн нөлөөтэй үгсийг зөв дараалал дуудлагаар хэлэхэд үйлчилнэ гэдгийг би эрдэмтэн хүний хувьд ч, лам хүний хувьд ч хүлээн зөвшөөрнө. Үүнийг нэг л өдөр физик, математик ч юм уу, сансар судлал, сэтгэл судлал ч юм уу, тайлбарлах байх.

Тэгвэл нэг саваагүй асуулт байна. Сайд өөрөө амьдрал, амжилтандаа тарни маанийн хүчийг хэр их ашигладаг бол?

-Ямар ч хүн сэтгэлдээ өөрийн шүтээнтэй, түүндээ залбирч мөргөдөг байх. Би бол эрдэмт багш нартаа залбирдаг.

Таны эрдэмтний ертөнц, лам хийгээд шашны ертөнцтэй нэлээдгүй зөрчилддөг юм шиг ээ. Би зөв анзаарсан уу?

-Зөрчилдөх үе бий. Жишээлбэл, амьтдыг шинжлэх ухааны зорилгоор ашиглана гэдэг их харгис хэрцгий, муу зүйл гэж санагддаг. Амьтныг эрдэм шинжилгээний зорилгоор ашиглахын эсрэг төрийн бус байгууллага байгуулаад эсвэл байдаг байгууллагатай нь хамтраад тэмцье гэж боддог үе ч байлаа. Би хүн төрөлхтөн мундаг гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Гэхдээ хулгана ч гэсэн амьтан, хүн ч гэсэн амьтан. Хүн төрөлхтний төлөө хулгана төрөлхтөн яагаад туршилтад орж хохирох ёстой юм?

Энэ чинь жам юм биш үү?

- Жам гэдэг нь ямар утгаар?

Юу гэмээр юм бэ дээ, нийтлэг ашиг сонирхол гэж байдаг шүү дээ. Паразитын хууль ч гэж бас бий. Нийт хүн төрөлхтний олонхийг аврахын тулд амьтны дээд төрөл нь доод төрлийн амьтнаа ашиглаж, туршихгүй гээд ямар хүн нь хүнээ туршилтай нь биш. Тэр утгаар нь жам, зүй ёсных гээд байгаа хэрэг л дээ.

-Бурханы шашнаар бол зургаан зүйлийн амьтан гэж бий. Үүнд шавьж, амьтан, хүн төрөлхтөн, асур, тэнгэр, там гэх мэт бий. Ном уншихдаа эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд гэж уншдаг болохоос хүн төрөлхтний төлөө гэж уншдаггүй. Хоёрдугаарт, магадгүй хүн төрөлхтөн мундаг юм байж. Хүн төрөлхтний дээд талын төрөл нь асур, түүний дараа тэнгэр гэж байдаг. Тэгвэл асур тэнгэр нэг өдөр өөрсдийнхөө төлөө гээд хүн дээр туршилт хийгээд эхэлбэл ямар санагдах вэ? Тэгээд бодоод үз дээ. Ээж аав, хамаг хайртай хүмүүсийг чинь лабораторид аваачаад судалгаа хийж байна гээд туршилт хийгээд эхэлвэл таатай байх уу?
 

Тийм л дээ, нэг талаараа таны туйлын зөв. Гэхдээ миний логик бол нийтлэг сайн зүйлийн төлөө нэжгээдийг золиосолж болно гэсэн санаа. Яагаав, лалын шашинд нэг гартаа коран, нөгөө гартаа буу барьчихаад хүний амь хөнөөгөөд чамайг устгах нь хүн төрөлхтөнд, нийтэд сайн гэж энэ сударт үзсэн учраас би нүгэл биш буян үйлдлээ гэдэг шүү дээ. Өөрөөр хэлбэл нүгэл заримдаа буян болж хувирна гэдэг логикоор зөвтгөх гээд байна л даа.

-Тэр логикоор Бурханы шашинд тайлбарлахад хэцүү. Бүх зүйл харьцангуй. Атомын бөмбөг дэлбэлэхээр кноп дарах гэж байгаа нөхрийг алах нь буян болох ч юм билүү гэдэг утгаар та яриад байх шиг.

Ингэхэд хавдар гэдэг нь яг юу юм? Би их олон салаа тайлбар, гаргалгаа сонсож байлаа, удамшлын өвчин гэх. Эсвэл итгэхэд бэрх ч лусын хилэгнэл, хараал гэж үздэг өнцөг ч байдаг юм билээ. 

-Маш энгийн өвчин шүү дээ. Ойлгоход маш хялбар. Шинжлэх ухаанд хорт хавдрыг генетикийн өөрчлөлт гэж үздэг. Тухайн эс хэвийн үржиж, амьдрах хяналтаа алдаж, хэмжээ хязгааргүйгээр гаж хөгжихдөө хүний бие дэх шим тэжээлийг авч тасралтгүй үржих замдаа хавь ойрын бүх эс рүүгээ дайрч, эвдэх процесс гэж хар үгээр тайлбарлаж болно. Үүний гол шалтгаан нь генетикийн өөрчлөлт. Генийг өөрчлөх олон хүчин зүйл байдаг.

Ер нь хүний генийг гэмтээж болох ямар ч хүчин зүйл хавдар үүсгэх чадвартай байдаг. Үүнд зарим вирус бактериуд, дархлаа, насжилт, хорт бодис, зарим төрлийн туяанууд орно. Нас ахих тусам хүний генийн хувилах процесст алдаа гарах нь элбэг. Энэ алдаа нь хавдар үүсэх шалтгаануудын нэг. 

Эрдэмтэн доктор, лам, улс төрч, бизнесмэн. Ж.Амарсанаа гэдэг субьектив ертөнцийг бүрдүүлж буй эдгээр мэргэжлийн нэршил буюу ажлын байрууд өөр хоорондоо тун ч зөрчилтэй байж болохоор юм. Нэг цэгт эд бүгдийг зангидаж, өөр хооронд нь зохицуулж, нэг ертөнц, нэг зүрх сэтгэлд багтаана гэдэг амаргүй баймаар. Яаж жин банг нь тааруулж байна?

-Энэ бол ёстой төвөгтэй асуудал. Үнэнийг хэлэхэд надад ч гэсэн төвөгтэй санагдах үе байдаг.

Гол зөрчлийн ньюанс улс төрд байдаг болов уу гэж таамаглаж байна. Улс төрд орох шаардлага, шалтгаан тань юу байв?

-Эрүүл мэндийн салбартаа нөлөөлье, хөгжүүлье гэж зорьсон. Одоогийн байдлаар бүрэн дүүрэн биш ч гэлээ тодорхой хэмжээний шийдвэр гаргах түвшинд хүрсэн байгаа учраас зарим хүсэл, төлөвлөгөөгөө биелүүлэх боломж бүрдэж байна.

Дэд сайд биш шууд сайд болчихгүй?

-Сайд болохын тулд улс төрд нэлээн хугацаагаар чанагдаж, төрд бэлтгэгдсэн байх ёстой гэж боддог.  Миний хувьд улс төрийн салбарт “нялх ногоо” гэдэг шиг шууд сайд болно гэхэд эрт байна. Удвал сайдаасаа суралцах юм их байна. Нас ч залуу байна. Дэд сайдынхаа хэмжээнд ажлаа сайн хийе гэж боддог.

Ингэхэд таны улс төрчийн карьер хэдэн жилийн настай юм бэ?

-Одоо л эхэлж байна. Ардчилсан Залуучуудын Холбоонд 2010 онд элссэн.

Ний нуугүй шулуухан хэлэхэд дэд сайдын албан тушаалд нийгэм, олон нийт тийм ч таатай ханддаггүй. Огт хэрэггүй суудал, албан тушаалын бялуу хуваах гэсэн ядсан арга хэлбэр гэж үзэгсэд олон. Чухам ийм албан тушаалд сууж салбарынхаа хөгжлийн төлөө гэснээс анагаахын мэргэжлийн салбар эсвэл эрдэм шинжилгээний ажлаа хийсэн бол та зорилгоо илүүтэй хэрэгжүүлэх байсан юм биш үү гэж асуух гээд байна л даа.

-Би энэ талаар олон удаа бодсон. Монголдоо ирээд бараг 4 жил эмчээрээ ажиллалаа. Жилдээ мянгаад хүн үздэг. Энэ тооцоогоор 20 жилийн дараа 20 мянган хүн үзчихсэн байх юм байна. Хорин  мянган хүн дотроос тодорхой хэдийг нь эмчилнэ, тодорхой хэдэд нь зөв зөвлөгөөг нь өгнө. Ингэж уйгагүй хөдөлмөрлөхөд 20 мянган хүнд нөлөөлчих юм байна гэсэн энгийн тооцоолол гарч байгаа биз.

Харин салбарын удирдах түвшинд ажиллаж зөв бодлого хэрэгжүүлвэл 20 мянга, байтугай 2 сая гаран хүний эрүүл мэндэд эерэг үр дүн үзүүлж чадах юм болов уу гэж томоор харсан хэрэг. Тийм боломж ч бий.

Энэ жил бид Хавдрыг эрт үед нь хянаж, илрүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байна. Хөтөлбөрийн үр дүнд Монгол улсын хэмжээнд элэгний хорт хавдрыг эрт үед илрүүлэх систем, тогтолцоо бүрдэх боломжтой. Энэ бол эмч Амарсанаа 5000 өвчтөн үзэж, эмчилснээс илүү, магадгүй хэдэн зуу дахин илүү хүртээмжтэй, ард түмэнд хэрэгтэй ажил. Энэ бол зөвхөн дэд сайдынхаа эрх мэдлийн хүрээнд хийж буй ажлуудын нэг.

Сайдын ажлыг насаараа хийхгүй. Буцаад эмчээрээ ажиллах дөч, тавин жил байна. Тэр үед салбарын эрхзүй, эдийн засгийн чадамж болон хүмүүсийн эрүүл мэндийн боловсрол дээшилсэн байж чадвал хийсэн ажил маань үр дүнгээ өгч гэж өөрийгөө тоохоор ажилламаар байна. Эмч хүн үхэн үхтлээ ажилладаг учраас буцаад эмчээрээ ажиллах цаг хангалттай байгаа гэж бодож байна.

Улс төрч, сайд байх нь танд таалагдаж байна уу?

-Аливаа юм сайн муу 2 талтай байдаг. Үндэсний хэмжээний том төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, үндэсний хэмжээний үр дүн үзэх боломжтой зэрэг нь таалагдаж байна. Нөгөө талдаа салбарын тухай хэл ам ихтэй. Өвдөж зовсон олон хүнд тус дэм болдог ч нэг алдаа л салбарыг бүхэлд нь харлуулдаг. Тэр нь ямар ч ажил амжилтыг үгүйсгэж шүүмжлэлийн бай болгодог. Хамгийн хэцүү нь төрийн ажлын процесс нь удаан, хүнд суртал ихтэй. Би урд нь хувийн хэвшилд ажиллаж байсан хүний хувьд төрийн албаны энэ удаан, хүнд сурталтай байдалд үнэхээр бухимддаг.

Улс төрч, бизнесмэн, лам, эрдэмтэн, эмч. Энэ таван мэргэжлийн ард байгаа Амарсанаа  алинд нь онц дүнтэй, гаргууд авьяастай вэ?

-Эмч Амарсанаад илүү дуртай.

Та ер нь хэр бизнесмэн бэ?

-За нэг их шалихгүй дээ.

Танай “Happy veritas” лаборатори бас ч гэж богино хугацаанд далайцтай, хүчтэй гарч ирсэн шүү. Үүнээс харахад танд бизнесмэний ухаан, менежерийн мэргэн санаа байдаг гэж анзаарагдсан.

-Одоо ч лабораториосоо хөндийрчихөөд байна даа. НИТХ-д ажилласнаас хойш бүгдийг нь орхичихсон. Тэр үеийг эргээд бодоход мундаг менежменттэй гэхээсээ илүүтэй ард иргэдэд хэрэгтэй байсан үйлчилгээг цаг үеийг нь олоод хийчихсэндээ амжилт нь байсан гэж боддог. Магадгүй надаас илүү бизнес сэтгэлгээтэй нэгэн байсан бол одоогийнхоосоо 3, 4 дахин том болчихсон байх боломжтой гэж боддог.

Та эдийн засгийн утгаараа хэр баян хүн бэ?

-Эдийн засгийн утгаараа баян биш ээ /инээв/.

Улс төрд ороход чухал хэрэгтэй зүйлсийн нэг нь мөнгө, хөрөнгө гэдэг?

-Мөнгө хэрэгтэй болдог нь үнэн. Жишээлбэл, тойрогтоо нэг сайн сайхан юм хийчихье, хэдэн хүн ажиллуулаад судалгаа хийчихье гэх зэргээр мөнгө шаардлагатай байдаг нь яах аргагүй нэг хүчин зүйл мөн.

Таны дүгнэлтээр ямар хүчин зүйл Ж.Амарсанаа гэж хүнийг дэд сайдын суудалд авчирсан юм бол?

-Би дэд сайд болохоосоо өмнө НИТХ-д сонгогдсон. Энэ нэг фактор байсан байх. Миний намтар шийдвэр гаргагчдад таалагдсан байж болно. Мөн олон хүний улс төрийн дэмжлэг байсан. Энэ нөхөр чадах байх, итгэл хүлээлгэе гэж бодсон байх.

Бактери устгахдаа хүртэл өрөвч зан нь хөдөлдөг таныг их дөлгөөн, зөөлөн хүн болов уу гэж анзаарлаа. Гэхдээ улс төр бол хэл ам, тэмцэл мэтгэлцээн ихтэй салбар. Энэ зөрөг замыг хэрхэн даван туулж байгаа бол?

-Аль болох эвээр асуудлыг шийдэхийг хичээдэг. Гэхдээ үндэсний эрх ашиг, монгол хүний эрүүл мэндтэй холбоотой асуудал дээр үнэхээр хатуу зогсож чадна. Манай яам мөн бусад төрийн байгууллагуудад нийтлэг байдаг, намайг бухимдуулж байгаа асуудал бол ач холбогдолгүй, хэрэгтэй, хэрэггүй хурал семинар. Хэнд ч хэрэггүй, үр дүн нь тодорхойгүй ийм хурал, семинарын чиглэлийг өөрчлөх, мөнгө хөрөнгө зарцуулахгүй байх байр суурийг баримталж ажиллаж байна. Харин хавдрыг бууруулах, сүрьеэгийн тархалтыг бууруулах, зүрх судасны өвчнийг бууруулах гэх мэт Монголын хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаантай холбоотой асуудалд илүү ач холбогдол өгч, мөнгө хөрөнгө зарах ёстой.

Таныг сүүлийн үед эфирт гаргасан авир байдлаар нь их дүгнэх болж л дээ. Үнэхээр ч тэр бичлэгийг үзэхэд та их нервтжээ. Сайдууд ихэвчлэн муу нэр дуулаад загнуулаад, уйлах нь халаг л байдаг биз дээ. Тэндээс өөрөө жаахан ширүүн дориун зантай юм шиг харагдсан?

Үндэсний эрх ашигтай холбоотой асуудалд хатуу байр суурьтай зогсдогтой минь холбоотой. Тухайн үед эх, нярайн эндэгдэл сүүлийн 10, 20 жилд Монгол улсын хэмжээнд тасралтгүй буурч байгаа атал эсрэгээрээ муудаад байгаа юм шиг харуулах гэж оролдсон. Энэ бол бодит байдлаас гажсан асуудал байсан учир би өөрийн бухимдлыг илэрхийлсэн.

Би салбарынхаа амжилтыг харлуулмааргүй байна. Олон нийтийн өмнө, телевизээр гарч байна гээд худлаа сайн сайхан царайлах шаардлагагүй. Харин хүмүүс энэ асуудлыг согтуу хөлчүү байсан мэтээр гуйвуулсан нь ёс зүйгүй санагдсан. Би амьдралдаа нэг ч бүтэн хундага архи ууж үзээгүй  хүн. Хувь сонирхлоороо ч, шашин шүтлэгийнхээ хувьд ч согтууруулах ундаа огт хэрэглэдэггүй.

Харин намайг мэддэг хүмүүс чи улс төрчийн байр сууринаас биш төрөлх чанараараа эрдэмтэн хүн болохоороо судалгаа баримттай ярьсан гэж хэлсэн. Энэ харин үнэний хувьтай.

Ингэхэд таны бага нас хаана өнгөрсөн юм бэ? Багадаа сахилга бат сайн дүнтэй хүү байв уу?

-Би Говь-Алтай аймагт төрөөд их удаагүй хотын иргэн болсон. Бага тойрогт бага насаа өнгөрөөж, 23 дугаар дунд сургуульд суралцсан. Багадаа их сахилгагүй, зодоонч нөхөр байсан. Гэхдээ надад нэг давуу тал байсан нь зодоонч мөртлөө онц сурна. Тухайн үеийн атаманууд онц сурах нь ховор шүү дээ.

Амарсанаа гэдэг хүнийг бий болгоход, төлөвшихөд хэн хамгийн их нөлөөлсөн бэ?

-Би өвөөтэйгээ ойрхон өссөн өвөөгийн амины хүүхэд л дээ. Миний өвөө Хоньчийн Чогсом, Говь-Алтай аймгийн Хасагт хайрханы зүүн хэсэгт байсан Арын хүрээ хийдэд шавилан суудаг Чойрын /буддын гүн ухаан/ номтой хүн байсан. Өвөөгийн маань эрдэм чадлын тухай олон домог яриа байдаг. Саяхан монгол гаралтай нэгэн хутагттай ярилцаж байгаад өвөөгийнхөө тухай сонсоод их бахархаж, тийм сайхан буурлынхаа дэргэд өссөн өөрийгөө азтай юм гэж бодсон. Өвөө маань социализмын үед нууцаар маш олон хүнд тусалж, эм тан барьж, шоо орхидог, уншлагатай хүн байсан.

Бурханы орон руугаа явсан тэр үе хүнд хэцүү байсан ч өвөөг минь хүндэтгэж ирсэн хүмүүс гэрт битгий хэл орцонд багтахгүй зогссон байхыг нь хараад арван хэдхэн настай жаахан хүү би өвөөгөөрөө маш их бахархаж бусдад дэм, тустай, эрдэм чадалтай болно гэж өөртөө амлаж байсан. Амласандаа хүрэх гэж хичээж л явна.

Таны аав түүхийн ухааны нэрт эрдэмтэн Ц.Жазаг гуай. Бага насны гэр бүлийн орчин, эцэг эхийн хүмүүжил хувь хүний төлөвшил, хувь заяанд нөлөөлөх нь элбэг. Магадгүй хүүгээ лам болгосон нь аав ээжийн шийдвэр байсан байх. Сахилгагүй хүүдээ сахил хүртээж эрдэмтэн болгоё гэж тэд бодсон болов уу?

-Аав ээжийн хүмүүжил, гэр бүлийн орчин нөлөөлөлгүй яахав. Сахилгагүй хүүдээ сахил хүртээнэ гэв үү /инээгээд/, магадгүй л юм. Гэхдээ энэ тухай ээж ааваас асууж байгаагүй юм байна. Яагаад ч юм тухайн үед намайг сонгочихсон байдаг юм. Онц сурдаг байсан болохоор тэгсэн байж магадгүй л юм. Бид аав ээжээс дөрвүүлээ. Ах чанартай сайн, би онц, дүү нар дунд, сайн сурдаг байсан юм. Тэгэхээр онц сурдгийг нь лам болгоё гэж бодсон байж болох юм.

Аав маань үнэхээр мундаг хүн л дээ. Саяхан “Гэгээн судар” гэдэг мэргэдийн сургаалиар 4 боть ном хэвлүүллээ. Бурхан шашин болоод хаад мэргэдийн сургаалийг 100 гаруй ангилалд хувааж, өөрийнхөө философийг оруулж бичсэн ном. Ойрын үед аавын минь ном их эрэлттэй байгаа.

Алтайн хөх харчууд гэж ярьдаг, Алтайнхан ер нь их оюунлаг салбарт манлайлдаг хүмүүс гэх юм билээ. Тэд ийм хүчирхэг байгаагийн нууц юу юм бол? Таны сэтгэлд үлдсэн Алтайг та өөрийнхөөрөө нэг яриач.

-Аливаа нутаг усны хүн зоны онцлогийг тухайн газар орны байгалийн өгөгдөл, газарзүйн онцлогоос нь салангид авч үзэж болохгүй гэж бодож байна. Алтайн сүрлэг уулс, эрс тэс уур амьсгалд тэсч үлдэхийн тулд хэн ухаантай, хүчтэй байсан нь давж гардаг нь байгалийн шалгарал. Хэзээ билээ Алтайн нуруунд анх хүн үүссэн тухай уншиж байсан. Тэр үед эх орон, төрсөн нутгаараа бахархан, омогшиж, би чинь Алтайн хүн шүү дээ, хүн төрөлхтний өвөг байж болох нь байна гэж бодож байлаа.

Мөн үе үеийн Алтайн боловсролын систем нь маш мундаг байсан нь Монголд төдийгүй дэлхийд нэрээ дуурсгасан олон олон эрдэмтэд Алтайдаа багшилж байсан тухай ааваасаа сонссон юм. Жишээ нь, Л.Түдэв гуай Багшийн их сургууль төгсөөд Алтайдаа багшилж байсан гэдэг.  Гомбо захирал бусад мундаг багш нарын тухай одоо ч Алтайчууд дурсан ярьдаг.

Миний мэдэх Алтай бол гурав дөрвөн настай байхдаа очдог байсан ээжийнхээ нутаг Жаргалан сумын Завхан голын эрэг дээрх дурсамжаас эхэлдэг. Манай нагац өвөөгийнх нэгдлийн мянга гаруй адуу малладаг байсан. Багадаа өвөө эмээгээ санаж Говь-Алтай явдаг байсан бол одоо нутагтаа очихоороо өвөө эмээгээ санах юм даа.

Говь-Алтайн Баян-Уул суманд Баян-Овоо гэдэг өвөг дээдсийн маань үе дамжин тахиж байсан уул бий. Тэр ууланд гарахаар л өвөг дээдсийн маань гал голомт, сүлд хийморь, шүтээн, сүнс сахиус нь байгаа байх гэж боддог. Баян-Овоон дээрээ гарахад их холоо байдаг хэрнээ Сутай хайрхан сайхан харагддаг юм. Баян-Овоондоо очиж залбирахаар хүч ороод л явчихдаг.  Би ер нь байнга л нутаг руугаа очдог. 2013 онд л гэхэд 3 удаа очих далимдаа Баян-Овоондоо мөргөсөн.

Би нутгийнхаа сульхирийн гурил, хөмүүлд их дуртай. Ерэн настай Өвдөл бэргэнээс эхлээд садан төрөл маань Алтайдаа олон байдаг болоод ч тэр юм уу хааяа нутгаас хонины мах ирэхээр амт нь цаанаа өөр байдаг юм. Яах аргагүй л тэр уул усны үр сад юм билээ /инээв/.

Залуу эр хүний хувьд та амьдралын таашаал, аз жаргалыг хаанаас мэдэрч байна?

-Гэр бүл, хүүхдүүдээсээ баяр жаргал мэдэрдэг. Кино үзэж, ном уншиж алжаалаа тайлдаг.

Та тэртээ 1992 оноос 2008 оныг дуустал тасралтгүй, гадаад дотоодгүй сураад л, сураад л байж. Одоо ч гэсэн насны хувьд залуу байна. Энэ их хичээлийн хажуугаар хувийн амьдралаа хэрхэн төвхнүүлэв. Гэргийгээ танилцуулаач?

-Анагаах Ухааны их сургуулийн магистарт сурч байхдаа амьдралынхаа ханьтай учирсан. Оюутны танилцах үдэшлэг дээр анх харж байлаа. Гэргий маань эдийн засагч мэргэжилтэй. Япон, Америк гээд миний сурч байсан газар болгонд хамтдаа байж, бүхий л зүйл дээр түшиг тулгуур болж ирсэн. Одоохондоо хүүхдүүдээ халамжлах гэрийн эзэгтэйн албанд зүтгэж байна.

-Эрдэмтний дурлал энгийн хүнийхээс өөр байх гэж яагаад ч юм саваагүй бодол төрөөд байх юм. Таны дурлал, хайр сэтгэлийн мэдрэмжийн ертөнц ямар байсан бэ. Таны сэтгэлийг тэр бүсгүйн юу тэгтлээ догдлуулав?

-Тухайн үедээ би танилцах үдэшлэгийн хамгийн хөөрхөн охинд дурласан /инээв/. Эрдэмтэн хүний дурлалд онцгой гойд юм байхгүй. Яг нарийндаа шинжлэх ухаан хөөдөг эрдэмтэн бас улс төрч хүний гэргий, ар тал байна гэдэг маш хэцүү, хариуцлага үүрдэг гэж боддог. Гэр бүлдээ зарцуулах цаг зав хомс. Өөртөө энэ тал дээр шүүмжлэлтэй ханддаг. Хаа очиж гэр бүл маань намайг сайн ойлгож дэмждэг.

Ингэхэд шашин гэж юу вэ?

-Үзэл бодол, шинжлэх ухаан, ёс суртахуун. Бурханы шашин бол хамгийн шинжлэх ухаанч шашин гэж хэлсэн байдаг. Шинжлэх ухааны нээгээгүй юмыг Бурханы шашин хэдийнэ нээчихсэн байх жишээтэй. Жишээлбэл, хорвоо ертөнц хумхын тоосноос бүрдэнэ гэсэн. Атом молекулаас хорвоо ертөнц бүрддэгийг хожмоо шинжлэх ухаан баталсан. Харьцангуйн онол гэж бий. Тэр ойлголт ч буддын гүн ухаанд байдаг. Ийм шинжлэх ухаанч шашныг гүнзгий судлах ёстой. Одоохондоо би хувьдаа гүнзгий судалж чадаагүй байна, тийм хугацаа байсангүй.

Нээрээ зарим хүмүүс шашингүй үзэлтэй байдаг, түүнийгээ хэт их уншсаных, шинжлэх ухаан судалсных гэж тайлбарлах юм билээ. Эрдэмтэн хүний хувьд та үүнд ямар хариулт өгөх бол?

-Би Бурханы шашинг шашин гэж боддоггүй. Энэ бол шинжлэх ухаан, судлагдахуун юм. Дотроо таван төрлийн судлагдахуунтай шинжлэх ухаан гэж болно.

Цаг зав гаргаж ярилцсанд баярлалаа. Таны ажилд улам их амжилт хүсье.

Ярилцсан М.Уранчимэг

Гранд сэтгүүл №42

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (6)

  • hen ve? toroi bandi yu ve
    paa gatuu er baih ni baisht...
    2015 оны 06 сарын 06 | Хариулах
  • Зочин
    AVGAITAI LAM-BISNESMAN EMCH -ULS TURCH ERDEMTEN -UILMAAR MURTLUU UILDAGGUI -YAAYA YAMAR MUNDAG HUN VE?
    2014 оны 10 сарын 02 | Хариулах
  • baigalmaa
    Huuyee ene chini estoi mundag sn emch gesen shdee elegnii tsoriin gants altan hartai emch gesen daanch mangar yumnuud awaachaad said bolgood haytsan gesen shdee. Elegnii uwchtei olon hvmvvs mash ih hvndeldegiin bba lee. Hvmvvs yuug ni ch medehyvi bj muulah yumaa. Bi ch bas anh mongol tv ger yariltslagand irj bhad ni mangar sogtuu geel huurhiig doromjlood toohgvi bsan hojim ni olon uwchtnuus sain gvndvvgvi estoi hvnii tuluu gedgiig ni sonsood hvndeldeg bolson. Chaawaas ugiin tegj sogtuu yumshig pvl pal yaridagiin bna lee. Ta vvniig unshij bgaa bol hurdan saidiin ajlaasaa buugaad uchnuun myangan eleg busad uwchnuur uwduj bgaa yaduu ardaa edgeegeerei amjilt hvsie. Hvmvvsee hvniig bitgii haraad unguts dvgnej bgaarai.
    2014 оны 09 сарын 30 | Хариулах
  • Zochin
    Harvaas bolobsrol nimgen Enkbayariin oimosond habchuulagdaj uls tord orood irsen hun gedeg ni haragdaj bna...
    2014 оны 09 сарын 12 | Хариулах
  • Зочин
    uneheer saihan hun yuma saihan yariltslaga bna
    2014 оны 08 сарын 08 | Хариулах
  • suren.
    minii shutdeg uls turch.ireeduid hol yahah chadaltai medlegtei ih engiin saihan huu sanagddag.
    2014 оны 08 сарын 08 | Хариулах
  • Зочин
    UUUG NI EMCHEE HIIGEED YVJ BSAN BOL ARD TUMEND HEREGTEI HUU DEE.MERGEJLIIN TAL DEER UNEHEER MUNDAG.
    2014 оны 08 сарын 08 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025