“Дижитал”-тай 15 жил

Цасан будрах өвлийн үдэш би чам дээр очно доо 
Царайлаг төрсөн чи минь харин инээмсэглэнхэн ирнэ дээ ... 

Тийм ээ, “Дижитал” үргэлж уянгалаг хайрыг дуулсаар ирсэн. Хип хоп гэдэг төрөл шинэ тутам зүйл байхад тэр хэмнэлийг хайрын аялгуутай холбож бидний чихэнд хоногшуулж өгсөн цөөхөн хамтлагийн нэг тэд юм. Цаг хугацаа нисэх мэт өнгөрчээ. “Дижитал” байгуулагдаад аль хэдийнэ 15 жил өнгөрсөн байна. Тэдний цомог клип ч ховор, чанартай тооны хувьд цөөн бололтой.  “This is life”, “Миний хайртай хүмүүс” зэрэг цомгуудынхаа олон олон хит дуунуудаар сонсогчиддоо урам өгсөөр ирсэн тус хамтлагийнхан тун удахгүй бас нэгэн бэлгийг задлахаар зэхжээ. 

Анх 1999 оны аравдугаар сарын 3-ны өдөр байгуулагдсан тус хамтлаг 15 жилийн ойгоо угтан ирэх сард бие даасан тоглолтоо тоглохоор бэлтгэлдээ оржээ. Энэхүү тоглолт “Дижитал” хамтлагийн “Дайчин баатрууд бидний өвөг дээдэс”, “Чамдаа”, “Миний хайртай хүмүүс”, “Анддаа”, “Зүрх рүү” гэх зэрэг өмнөх тоглолтуудаас илүү онцлогтой болох гэнэ. Мөн тоглолтонд Монголд хип хоп урсгалын тулгын чулууг тавилцсан хамтлагуудын төлөөллүүд болон шинэ үеийн уран бүтээлчид оролцож ая дуугаа өргөх нь ээ. Түүнчлэн Буриад, Өвөрмонголоос хамтлаг, дуучид хүрэлцэн ирж оролцох юм.15 жилийн ойн тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар “Е” студи, хамтран зохион байгуулагчаар “Dual zet” студи, ерөнхий ивээн тэтгэгчээр “Active world” ХХК ажиллаж байгаа юм байна.

Мөн “Дижитал” хамтлагийн 15 жилийн ойд зориулсан хип хoп хамтлаг, дуучдын хамтарсан цоо шинэхэн дуу төрөн гарч байгаа юм. Сонирхуулахад,  “Дижитал” хамтлагийнхан тоглолтын бэлтгэлээс гадна “Дижитал” нэртэй шинэ цомгийнхоо ажилд шаргуу ороод байгаа гэсэн шүү. Түүнчлэн тун удахгүй “Монголжингоо”, “Харьд” дуунуудын шинэхэн клип үзэгчдийн хүртээл болгох нь ээ.

Н.Дарий 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025