Нэн шинэ баяжиж буй Монголд нэгэн үе МАК-ын Цэлмүүн, Гацууртын Номин, Петровисын Шинэзаяа, Сайхансамбуугийн Туул мэтийн өв залгамжлагч гүнжүүд мөр зэрэгцэн тодорч, өдгөө тус тусынхаа бизнес, ажил хэргийг явуулж, эцэг эхийнхээ нэр усыг элдэв янзаар эрээн бараантай гаргаж буй. Тэдэнд нэг нийтлэг тал байдаг нь газрын хэвлийн баялаг ухаж бэлжсэн баячуудын охид.
Харин одоо танд танилцуулах охид бол тэднээс огт өөр. Ядахдаа л эцэг эх нь газрын хэвлийн баялаг ухаж эсвэл төсөл тендер мэтээр баяжаагүй, чухамдаа мөрөн дээрх мөнчгөрөөр тархи оюунаа чилээн, хөлс хөдөлмөрөө урсган баяжиж хөрөнгө, баялгаа бүтээсэн эрхмүүд. Тийм улсын үр хүүхэд нь хүртэл цаанаа өөр байх юм гээч. Би л баян айлын бандгар хүүхэд гэж тунхаглах мэт гүйхгүй, чив чимээгүйхэн өөрсдийгөө боловсруулж, хүчээ нөөж явна.
Тэд тун даруу, бүр дэндүү даруухан. Тэр даруухан төрхний цаана ямар их хүч нуугдаж байгааг бид ирээдүйд харах болно. Яагаад гэвэл тэд бүгдээрээ эцэг эх нь бизнестэй, баялагтай, хөрөнгөтэй айлын охид. Тэд зориудаар, зорилготойгоор боловсрол эзэмшин, бэлтгэгдэж буй өв залгамжлагчид. Тэд бүгдээрээ хорь гаруйхан настай. Хорьж болдоггүй хорьхон насандаа ирээдүйн өв залгамжлагч гүнжүүд юу бодож, хаана амьдарч байгаа нь танд сонин байна уу? Тэгвэл наашаа анхаарлаа хандуул.
“Диор”-ын гүнж дорно, өрнийг хослуулав
“Диор”-ын Ц.Батчулуун хатагтай охинтойгоо хөтлөлцөн урлаг, соёлын арга хэмжээг алгасалгүй үздэг сонгодог хатагтай. Хэчнээн ажил ихтэй, завгүй байсан ч гэсэн охиндоо цаг гаргахаа хэзээ ч мартдаггүй тул яах аргагүй энэ тодотголд нийцэх нь дамжиггүй. Түүний охин З.Мишээл 10 гаруйхан настайгаасаа ээжийгээ дагаж, төсөв, төсөл, бизнес удирдах ухааныг практик дээр сурсан.
“American school”-ийг дүүргэн, Канадад эдийн засгийн чиглэлээр суралцаж буй З.Мишээл орос, англи хэлийг төгс эзэмшсэн. Мөн уйгаржин монгол бичгийг анх дунд сургуульд заалгасан мөчөөс эхлэн идэвхийлэн судалсаар нэвтэрхий мэддэг болсон гэж байгаа. Брэндээр гангардаг, биеэ авч яваа байдал нь туйлын хэрсүү хотын дэгжин охин уйгаржин бичиг мэддэг гэхээр олон хүн гайхдаг юм билээ.
Fashion blog-ийн Монгол face
Нийтлэлч Д.Болдхуяг, зохиолч Б.Шүүдэрцэцэг нар үзэсгэлэнт гурван охинтой. Том охин Б.Амина нь Австралид суралцдаг юм байна. Австралийн Мартини коллежийг компьютер дизайны мэргэжлээр дүүргээд үргэлжлүүлэн Сиднейн их сургуулийн найруулагчийн ангийг сонгохдоо ээж, аавдаа хэлэлгүй толгой мэдэн шийдвэр гаргасан гэж байгаа.
Ер нь эдний охид үеийнхнээсээ тун ч хэрсүү, өөр өөрийн бие даасан өвөрмөц ертөнцтэй бие хүмүүс. Б.Амина гэхэд 18-тайдаа “Анна Франкын өдрийн тэмдэглэл”-ийг бүтнээр нь, Симон де Бовуарын “Дайвар хүйстэн” номын орчуулагчийн багт оролцож байсан гээд бодохоор илүү тодотгол түүнд хэрэггүй мэт. Ирэх жил сургуулиа төгсөх тэрээр ээжийнхээ “Явахын өмнө” өгүүллэгээр фото кино, “Пьеро” нэртэй абстракт кино хийж амжжээ.
Нэгэн цагт ээжийнхээ “Сүүлчийн өртөө” өгүүллэгээр дэлхийн хэмжээний кино хийх хүсэлтэй, найруулагчийн ангийн царайлаг, хөөрхөн охинд дүр бүтээх санал ч олноор ирдэг гэнэ шүү. Нэгдүгээр сургуулийг онц төгссөн, балетаар хичээллэдэг, төгөлдөр хуур дардаг, философи сонирхдог Б.Амина хилийн чанадад өөрийн хөтөлдөг Fashion blog-оороо багагүй нэртэй. Бие хаа, царай төрх өв тэгш түүний хувьд өөрөө модель нь болж брэнд хувцаснуудыг сурталчлах тийм ч хэцүү зүйл биш байдаг биз.
Канад боловсролын эзэн
Бэлтэй айлын хүүхдүүд хилийн дээс алхах нь зүй ёсны хэрэг мэт болсон өнөө үед Канадад манайхны хүүхдүүд олноор суралцах болсон. “Таван богд”-ын Ц.Баатарсайханы охин Б.Сийлэн тэргүүтэй олны танил эрхмүүдийн хүүхдүүд суралцаж байсан юм билээ. Д.Хулан хатагтайтай усны дусал мэт адилхан “Таван богд”-ын гүнж Ванкуверт сурч байгаад одоо Японд үргэлжүүлэн номын дуу сонсож байгаа аж. Гурван хүүхэдтэй айлын ууган нь болох Б.Сийлэнд багагүй үүрэг хариуцлага оногдож байгаа юм. Эх орондоо хааяа ирэхдээ дуурийн театраас салдаггүй энэ бүсгүй ирээдүйд “Таван богд”-ыг толгойлохоор өөрийгөө хичээнгүйлэн бэлдэж байна.
Спикерийн эмэгтэй бяцхан хувилбар
УИХ-ын дарга З.Энхболдын охин Э.Итгэл СЭЗДС-д суралцдаг. Түүнээс яагаад гадаадад сурахгүй байгаа талаар нь асуухад “Хаана ч сурсан сургалтын стандарт нь адилхан шүү дээ” гэж хариулдаг. Нээрээ ч бодоод үзэхэд сургалтын систем адилхан, хүүхэд өөрийгөө хэр дайчлахаас эцсийн үр дүн хамаарах билээ.
Ноён З.Энхболд төрийн түшээд дундаас цор ганцаараа туйлын прагматик сэтгэлгээтэй нэгэн. Технологи сонирхож хурдан морь, хөөрөг даалин, газар лиценз гэж гүйдэггүй оюундаа хөрөнгө оруулалт хийдэг нь түүний өнөөдрийн өндөрлөгт хүрэх нэг шат гэмээр. Харин түүний охиныг мэдэх хүмүүс нь “Яг З.Энхболдын эрэгтэй хувилбар” гэж тодотгодог нь ортой л байх.
Д.Одхүүгийн охин мөн Монголдоо сурч буй. З.Итгэлтэй үй зайгүй найз, зав чөлөөгөөрөө ээжийнхээ ресторанд дуулан халаасны мөнгө зүгээр сууж байгаад авдаггүй хүмүүжилтэй нэгэн болохоо харуулдаг энэ охин найзтайгаа олон тал дээр санал нийлдэг аж.
“Кашмер хаус”-ын өв залгамжлагч
“Кашмер хаус“-ын хатагтай П.Нямгэрэлийн охин Б.Үүлэнсолонго МУИС-д сэтгэл судлалын чиглэлээр суралцдаг. Нэгдүгээр сургуулийг онц төгссөн, тэргүүний сурагч энэ охины ээж нь ч хүүхэд байхдаа лидер охин байсан гэдэг. Загварлаг, брэндлэг айлын охин гэхэд туйлын төлөв хичээл, номдоо шамддаг Б.Үүлэнсолонго эх орныхоо боловсролын системийг харь орноос илүүд үзэж өөрөө ийм сонголт хийжээ.
Сонгодог хатагтайн үргэлжлэл
“Тод-Арт агентлаг”-ийн захирал хатагтай Б.Сэргэлэн нүдний цөцгий мэт энхрий ганц охинтой. Түүний охин Б.Намуун “Сант” сургуулийг төгсөн, СУИС-ийн Уран зургийн ангид суралцаж буй. Одоогоор Монголд шинэ тутам зүйл болох интерьер дизайныг ихэд сонирхож ирээдүйд энэ чиглэлээр ажиллах хүсэлтэй охин хичээнгүйлэн бэлдэж байгаа аж. Аав, ээж нь ганц охиноо шуудхан хилийн дээс алхуулж зүрхлэлгүй дэргэдээ байлгаж хувь хүнийх нь хувьд бүрэн төлөвшүүлээд дараа нь гадаадад сургах тал дээр санал нэгдсэн. Үнэхээр ч эхлээд үндэсний ёс заншил, уламжлалаа дээдэлдэг болчихсон байхад хаа ч гэсэн газардахгүй нь дамжиггүй.
У.Цахирмаа /Гранд сэтгүүл №43/
Сэтгэгдэл (16)