
Сониноос, S4 гэдэг хамтлаг СТА авчээ. Тэгсэн чинь хүмүүс утас юм уу гээд будилаад балардаг байгаа. Бас болоогүй ээ, тэгж ярих юм бол iPhone авах учиртай гээд бөөн маргаан болдог юм байна. Тэгэхээр нь би хэлсэн, та нар тийм сүрхий юм бол тэр iPhone гэдэг нэртэй хамтлагаа аваад ирээч, манай S4 түрүүлээд авчихсан байна за гэж барьдаг утасныхаа нэр төрийг аварлаа. Ямартай ч тэр утасны нэртэй хамтлаг эрэгтэй гишүүдтэй юм билээ гэдгийг Тататунга-даж байж нэг юм олж мэдэв. Наадмаас болж сарын турш Тататунга-даж байгаа юм чинь. Миний болон бидний IQ сайжраад баллаж өгч байна аа, янзтай. Энэ бол юу ч биш зүгээр жишээ. Цааш нь унших уу? Унш унш.
Алтантогоо бишээ Гантогоо гээд нэг мисс байдаг юм байна. Тэр 10 жилийн өмнө ч юм уу даа “Номин талст”-ын Хаянаатай нэг дуу дуулж. Нэр, ая юуг нь ч ер нь санахгүй байна, үнэнээ л хэлье. Тэр бүсгүй Алтангадас одон авсан юм байна. Хэн ч танихгүй, болсон болоогүй байдаг л будаатай хуурга шиг нэг миссийн тэмцээнд орж байсан бүсгүй манай нэртэй төртэй хамтлагийн гишүүнтэй хамтран дуулсан тулдаа хүмүүс санаж байгаа байх. Гэтэл нөгөө Хаянаа нь хөөрхий ёс төдий СТА-тай хэвээрээ, “чирүүлж” байсан бүсгүй нь Алтангадас зүүдэг юм байна. Сураг дуулах нь ээ, зөвтгөл хайх нь ээ Эко мисс гэх нэг үг чих дэлсэв. Бодвол гишгэсэн газар нь цэцэг ургадаг Эко зандан бүсгүй юм байх. Нөгөө Дээгийгийн “Тэнгэрийн зандан бүсгүй” дуунд гардаг бүсгүйн бодит дүр юм болов уу? Ямартай ч цахим хүрээнд түүнийг гэр хорооллоор явуулж цэцэрлэгжилтийн ажилд тус нэмрийг нь авах яриа өрнөв. Яг ургавал ч болж байна аа, байна. Ер нь тэрэн дээрээ тулвал хөөрхий мод, бутаа арчилж суудаг цэцэгчин эмээ нарт яагаад Алтангадас өгч болохгүй гэж?
Алтангадас сайхан бүсгүйн энгэрт гялалзах нь сүртэй гэж нэгэн ухаантан онол гаргасан бололтой. “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгч П.Анужин гадас авахад олон хүн хачирхаж байсан. Амьдралынхаа 20 жилийг МҮОНТ-д зориулж, өглөө үүр цүүрээр босож цаг нартай уралдан асар их хүч хөдөлмөрөө зарж өнөөдөр Монголын хамгийн үнэтэй хөтлөгч болсон нэвтрүүлэгч С.Чимгээ Алтангадасыг даруухан гардсан. Авахаас ч аргагүй. Гэтэл хаана ч харьяалагддаггүй, нөхрийнхөө мөнгөөр хувийн нэвтрүүлэг хийдэг гэдгээ удаа дараа хэлсээр ирсэн П.Анужин амьдралынхаа хэдэн цагийг эфирт өнгөрүүлсэн билээ гэж хүмүүс гайхахаас аргагүй юм. Найруулагч Б.Баатарын ур ухаанаар амилдаг энэ нэвтрүүлэгт сайхан бүсгүй сувенир төдий зүйл билээ. П.Анужингийн ард бүхэл бүтэн баг ажилладаг бол бусад хөтлөгчид бор зүрхээрээ л энэ хүртэл явсан байдаг. Олон хүн гомдол бухимдалтай байсан нь дамжиггүй.
Хүн мөнгөөрөө нэвтрүүлэг хийгээ л биз, тэрний төлөө гадас барьж гүйх нь арай л өрөөсгөл юм. Угаас П.Анужин хэнээс ч мөнгө авдаггүй, зөвхөн сайн уран бүтээлийн төлөө л явж байгаа гэж хэдэнтээ ярьж байхад дургүй ламд дарж байж сахил хүртээв гэгчээр хүсээгүй шагналыг нь хүчээр өгчихсөн юм биш биз дээ. Тийм ухаалаг бүсгүй өөрөө шагнал гуйж Төрийн ордонд гунхдаггүй нь дамжиггүй. Зурагтаар хэн олон харагдана, тэр од, чухал хүн гэсэн гэнэн материалист үзлээсээ салаагүйн нэг илрэл. Яг тэрэн дээрээ тулвал ариун цэврийн хэрэглэлийн рекламанд тоглодог хүүхэн ч од шүү дээ, хамаагүй олон давталттай гарах юм билээ. Тэрэнд бас гадас өгчих үү?
Шагнал хүүхэнд хайр зарласан наадмын бас нэгэн ялдам тохиол, ерөнхийлөгч өөрөө одонг нь байгаа газар нь очиж гардуулсан явдал байв. Жив жирийн бүсгүй 4 ихэр хүүхэд төрүүлэхэд эмнэлэгт нь ЭМ-ийн сайд очиж баяр хүргэж байлаа. Харин одон гардууллуу, яалаа? Удаа ч үгүй нэг ихэр нь ертөнцөөс одсон эмгэнэлт мэдээг дуулснаас ерөнхийлөгч биечлэн баяр хүргэж одон гардууллаа гэж лав сонстоогүй. Хөөрхий тэр эгэл боргил, хөдөө нутгийн бүсгүйд ямар юмных нь хиймлээр үр суулгуулах мөнгө байх вэ. Цэвэр хувь тавилан билээ.
Улсад нэр алдраа дуурсгасан “Ажнай” Д.Бат-Эрдэнэ хэмээх эрхэм бий. Саяхнаас залуу сайхан гэргийгээрээ гоёж, хамгийн үнэтэй аргаар ихэр хүүхэдтэй болж, удаа ч үгүй бас нэг хүүхэд нь эрхбиш жам ёсоор төрсөн сураг дуулдсан. Баяны гэргий болсон бүсгүйчүүд хаана үр суулгуулсан, хаана төрснөөрөө уралддаг болсон цаг. Ганцэцэг хэмээх бүсгүй Германд үр суулгуулснаа ил шулуухан зарласан байх шүү. Алдарт эхийн одон жам ёсны, жам ёсны бусыг ялгахгүй ямар ч аргаар байсан хамаагүй, тээж төрүүлсэн л бол эзэндээ очдог байж болноо. Тэртэй тэргүй үр суулгаж төрсөн хүүхэд ямар тэнгэрийн амьтан биш. Адилхан л нойр хугаслана, бүүвэйн дуу аялуулна, эхийнхээ сүүг хөхнө. Гэхдээ одонгийн болзол жам ёсоор нь хангасан жив жирийн мянга мянган ээжүүд бий. Ерөнхийлөгч нэгэнт ийм жишиг тогтоож байгаа бол бүх ээжүүдийг гэрт нь ирж шагнах болов уу гэж тэд харуулдаж сууна. Нээрээ яах бол?
Амьд явсан хүн тэмээний ботго үзнэ гэдгээс сонин юмыг энэ наадам бидэнд үзүүлэв. Со сайхан шүлэг уншдаг, сайхан дуулдаг, сахал үс ихэмсэг төрх нь Чингис хааныг санагдуулах болсоор удсаан. Сүүлийн жилүүдэд энэ эрхмийн сценарийн дагуу бид наадах болсон нь бас нэг үнэн. Энэ жилийн өөрчлөлт юу байв? Синхрон орчуулга хийж гадныханд доль цохив, сэтгэл хөдөлгөм ардчиллын түүхийг ухаж төнхөн сануулж “Хонхны дуу” нээлтээр эгшиглэв. Харин төгсгөлд нь Төрийн дуулал биш “Халуун элгэн нутаг”. Хаа ч, ямар ч арга хэмжээнд очсон Төрийн дуулал эгшиглэх юм билээ, уг нь. Бүгд сандлаас нирхийн босож, гараа аль нэг газраа хүндэтгэн барьж дагаж дуулдаг болсоор дасаж. Тэр үеэ одоо март, ялсан засгийн сүр гэж байгаа юм болов уу?
Со цэргүүдийг жирийтэл зогсоож байгаад бүжиглүүлэв. Өөрөө ч голд нь цохиж явна. Ямарсайндаа жуулчид “Тэр голд нь бүжиглээд байгаа саарал үстэй хүн хэн бэ? Төөрч будилаад ороод ирсэн фанат уу?” гэж байх вэ дээ. Магадгүй хөлбөмбөгийн ДАШТ-ээр дэмждэг баг нь ялагдаад ч юм уу, бооцоонд ийм шийтгэл авсан байж мэднэ. Гадныхан гэсэндээ арай өөрөөр сэтгэж байна шүү. Бид бол тэнэг мугуйдыг нь л түрүүлж бодож байгаа юм чинь. Сурчихсан байна, сурчихсан байна, одоо тэгээд яах юм?
Наадам, Со, шагнал гэснээс нээрээ мань эр Равжаа хутагтын “Үлэмжийн чанар”-ыг буй төрхөөр нь би л дууллаа гэсээр байж Төрийн соёрхол хүртчихсэн адтай, одтой дамшиг шүү дээ. Хүний бүтээлээр Төрөөс соёрхол хүртэж болдгийг харуулсан Со маань ингэхэд гавьяатын одон тэмдэг, Төрийн соёрхол энэ тэрийг урлагийнхнаас хэнд өгөхийг Ерөнхийлөгч Эби найзынхаа өмнөөс мэддэг гэх яриа энд тэндгүй хийсч явах юм билээ. Эр улсын нөхөрлөл сайхан юмаа, сайхан юм. Төрийн журам цаазыг хүртэл үл хайхраад л, жил бүр төрт ёсны наадмыг тэр л ганцаараа найруулаад л. Ерөнхийлөгчийн найз болохсон...
“Харанга”-ын Лхагваа өнгөрсөн жил мориноос унан алдаад тогтсон. Энэ жил яг тэр хувцастайгаа ирээд морьтойгоо унаж нэг дутуу нь гүйцэв ээ, янз нь.
Хараад байх ч юмгүй наадам болсон юм байна гэж битгийн гонсойгоорой. Энэ жил залуусын хувьд нижгэр сайхан наадам байсан юм шүү. Талбай дээр сонгодог дуучдын классик тоглолт анх удаа, 3D шоу, бүх оддын нэгдсэн тоглолт, олон улсын амьд хөгжмийн Playtime наадам, Silence white party гэхчлэн Үүл дарга маань олон сонирхолтой арга хэмжээг зохион байгуулахад залуусаа дэмжив. Өөрөө ч шоу бүр дээр хамгийн идэвхитэй үзэгч, оролцогч байж залуусын хайрыг татав. Ямартай ч залууст наадмаар үзэх юм цаашдаа мундахгүй их болох нь. Тэсэн ядан хүлээдэг үндэсний баяр болбол хэчнээн сайхан билээ.
Төв цэнгэлдэхийн босгоор алхах тасалбар нээлтийн үеэр 80 мянга хүрч залуусын халаасыг тэмтэрсэн. Хэдий орж чадаагүй ч цэнгэлдэхээ нэг тойроод хоёр хуушуур идээд гарах хүмүүс олон байсан. Үүл даргын зохиосон талбайн шоунууд үнэ, төлбөргүй байсан нь сайхан хэрэг. Тэр бүр тоглолт алгасахгүй үзээд байж чадахгүй эгэл боргил иргэдийн магнай тэнийсэн биз ээ. Тэнд 80 мянгаар тасалбар хаданд гарснаа ингэж шингээж жин банг нь барьсан нь болоо ш дээ.
Энэ наадмын сюрприз үүгээр дуусахгүй. Зүлэг ногоон дэвжээнээ А.Сүхбат зодоглож хурсан олныхоо магнайг тэнийлгэв. Үнэн хүчийг үзүүлэн нэлээн дээгүүр барилдах болов уу гэсэн хүлээлт хэн бүхэнд байв. Дархан аваргаас бид өөр юу ч хүлээх билээ дээ.
Давхраагаа томсгосон нь олны анхаарлыг цочир татсан, нээрээ. Бөхчүүдээс А.Сүхбат, жүжигчдээс Амбий тормогор нүдээрээ гайхуулаад амжив.
Гурвын даваанд Г.Өсөхбаярыгаа амлаж аархав уу гэтэл тахимаа өгчихөөд гомдомхой бүсгүй шиг дэгдэж одох юм. Наадам эхлэхийн өмнө аль магнайд хэн нь эхэнд зогсох уу гэж маргахад мань эр дэлбэртлээ бухимдаж, гомдсон юм байх. Уул шиг ханагар эрчүүд, эрийн сайхан бөхчүүд маань аальгүй хатантан шиг тунирхаж давхиад байхаар эр хүйс ер нь байна уу гэж эрхгүй асуумаар санагдах юм. Нөгөөтэйгүүр манайхны нэрэлхүү шаралхуу зан сайн зүйл хэзээ ч авчирдаггүй. Ёс жудаг гэж тэгтлээ их боддог юм бол ард олноо хүндлээд хаана ч зогссон гудийхгүй сайхан барилдаан үзүүлэхээ л бодох ёстой шүү дээ. Тэртэй тэргүй шинэ залуу үе хүч түрээд урдных шиг Б.Бат-Эрдэнэ л түрүүлдэг байсан наадам байхгүй болсон шүү дээ.
Үндэсний бөх лидергүй болжээ. Жилийн жилд шинэ од төрж, тэрийг нь таньж ядаж нэрийг нь ч тогтоож амжаагүй байтал дараагийн хүчтэн гарч ирж байна. Бай тэнгэрт тулан өсөхийн хэрээр үнэн барилдаан гэхээсээ жалга довны үзэл мөнгөтэй нь хөгжмөө захиалах “синдром” энд ч бас ил далд байдаг л гэлцэнэ. Нэг нь барилдсан болж, нөгөөдүүл нь үзсэн болж байснаас шулуухан зарлачихвал яадаг юм бэ дээ, яршиг.
Юу юунаас илүү төгсгөлд нь нэг зүйл дурдахгүй өнгөрөх арга алга. Наадам найрын газар сэтгүүлчид адлагдах болж. Төрийн хүндэтгэлийн концертонд улсын өмөг түшиг болсон төрийн өндөрлөгүүдийнхээ зургийг дарж байсан манай зурагчид аппаратаа булаалгав. Шкаф шиг хамгаалагчид нь сүрийг үзүүлж дагуулж яван зураг хөргийг нь устгасан.
Яагаад зургаа авахуулахаас ингэтлээ жийрхэв? Ардчилсан засгийн үед хамгийн ардчилсан байх ёстой байгууллага хэвлэл биш билүү?
Төв цэнгэлдэхэд бас цагдаа нь мандат хурааж сэтгүүлчдийг боомилсон үзэгдэл гарав. Хөөрхий яавал гэж дээ, ганц гоё кадрын төлөө урагшаа хэд алхаа л биз. Гэрэл зургийн аппарат шагайж байгаа болохоос буу барьчихсан яваа биш.
Хүй долоон худагт бас яасан, ерөнхийлөгч өөрөө очиж Алдарт эхийн одон гардуулсан хатагтай “Та нар битгий зөвшөөрөлгүй зураг дар. Би даруулахгүй” гэж морины уяан дээрээ ханхалзав. Яг үнэндээ хэн ч мэдэхгүй, танихгүй нэг баяны гэргийн зураг хэнд хэрэгтэй байв гэж. Бодвол цаг авч байж зургаа дарах юм байх.
Ер нь манай өөрийгөө ихэс дээдэс гэж боддог эрхмүүд янтгар хатаддаа хэвлэлтэй харьцах талаар зарчмын хэдэн зүйл зааж өгөх цаг болжээ. Зургаа сайхан авахуулах, хэвлэл, олон нийттэй харьцах гэдэг тэр чигээрээ соёл билээ. Жирийн нэг адуучин эртэй суугаагүй, төрд нэртэй, түмэнд нүүртэй хүний гэргий болсон хойно хэвлэлд цэг төдий гарах л болно. Үгүй бол гэртээ хүний нүдэнд өртөхгүй сууж байх, эсвэл бүр баяны гэргийгээ болих сонголт бас бий. Хүнтэй таван үг аятайхан сольчихдог, хаана яаж биеэ зөв авч явахаа мэддэг үлгэр жишээч хатагтай нар мэдээж олон байгаа. Баяны хатан болгон арслан шиг архирдаггүй.
Наадам найрын өдрүүд үргэлжилсэн долдугаар сарын бидэнд үлдээсэн дурсамжийн зах зухаас хуваалцахад ийм байна. Удахгүй намар болно.
Би мөрөөдөж байна, ард иргэд бүгдээрээ тухлах том цэнгэлдэхтэй, айлын уяан дээр очиход айраг мэлтэлзтэл дүүргэн барьж мишээж угтах сайхан эзэгтэйтэй, ад шоо үзэж хэн хэнийгээ алагчладаггүй хамгаалагч, цагдаа, сэтгүүлч гурав найз болох тийм наадмыг би мөрөөдөж байна.
Би мөрөөдөж байна, харийн жуулчдын өөдөөс ханхалзтал сайхан эх хэлээрээ ярьж, “Та орчуулагчаараа орчуулуулаад манай наадмыг үз” гэж омогшихыг, төрт ёсоо дээдэлж Төв цэнгэлдэхэд Төрийн дуулал эгшиглэхийг, морь хүнээ унагаах биш салхи исгэрүүлэн аваад давхидаг, “Наадам сайхан боллоо” гэж хүн бүрийн нүүрэнд мишээл тодрохыг харахыг би мөрөөдөж байна. Бас шагнал эзнээ олж, үнэ цэнэтэй болохыг мөрөөдөж байна. Би мөрөөдөж байна, хойтон жилийн наадам ойрхон байна даа, ойрхон байна.
Б.Ундрал /Гранд сэтгүүл №49/
Сэтгэгдэл (40)