Галдан бошигт хааны мэлмий гийсний 370 жилийн ой, Баруун бүсийн даншиг 7-р сарын 22-27-ны өдрүүдэд Ховд аймагт өргөн дэлгэр болж өнгөрлөө. Наадмын хаалтын ажиллагааны үеэр тус аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдангаас цөөн асуултад хариу авснаа хүргэе.
Баяр наадам өргөн дэлгэр, сайхан болж байна. Та бүхэн сайхан баярлаж байна уу?
Баруун бүсийн тулгуур төв Ховд аймагт Монголын төр шашны нэрт зүтгэлтэн Галдан бошигт хааны мэндэлсний 370 жилийн ой, Баруун бүсийн “Их хурд” наадам өргөн дэлгэр, сайхан болж өндөрлөж байна. Галдан хааныхаа ойг угтаж олон ястны өлгий нутаг Ховдын ард иргэд маань бүтээлч ажил, бүтээн байгуулалт ихтэйгээр угтсан. Олон ч бүтээл шинээр төрж гарлаа. Тухайлбал, “Галдан хаан” дуулалт жүжиг, “Галдан бошигт” баримтат кино, Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал, түүнтэй холбоотой номнууд хэвлэгдэж гарлаа. Энэ бүхэн их хааныхаа ойд оруулж буй монголчуудын хувь нэмэр юм. Наадмын хүрээнд Олон улсын жижиг дунд үйлдвэрийн үзэсгэлэн худалдаа, Олон улсын хөөмийн наадам, Галдан бошигт судлалын Олон улсын эрдэм шинжилгээний хурал зэрэг олон соёлч агуулгатай арга хэмжээнүүд зохион байгуулагдлаа. Мөн нэг өдрийг олон үндэстэн, ястны өв соёлыг сурталчлах зорилготой өв соёлын их наадамд зориуллаа. Тийм учраас олон хоног үргэлжиллээ.
Алив баяр наадмын зохион байгуулахад мөнгө хөрөнгө, хүний хүчин зүйл маш чухал. Нутгаа гэсэн сэтгэлтэй маш олон хүн, аж ахуйн нэгж, бизнесмэнүүд их хэмжээний хандив өгч, энэ хандиваар баяр наадам өргөн дэлгэр сайхан болсныг энэ дашрамд заавал онцлох ёстой. Мөн Ховд аймгийн олон мянган ард иргэд, ялангуяа төрийн байгууллагад ажиллаж байгаа 5000 гаруй хүн ойгоо сайхан болгохын төлөө нойр хоолоо хасч, нөр их ажлыг нуруундаа үүрч ажиллалаа. Энэ бүх хүмүүст маш их баярлаж талархаж байгаагаа энэ ялдамд илэрхийлье. Сэтгэл санаа болон мөнгө хөрөнгөөр тусалсан бүхэн тань эргээд хэдэн арав дахин өсч үржиж, буян заяа нь дэлгэрч байг гэж ерөөе.
Бусад даншиг наадмуудыг бодоход наадмын бай шагнал харьцангуй өндөр байх шиг. Би зөв таасан уу?
Их хааны ой, баруун бүсийн даншиг наадмын хандив цуглуулах кампанит ажлыг их өвөрмөц, өргөн далайцтай, менежмент сайтай хийсэн. Үүний үр дүнд харьцангуй өндөр бай шагналтай наадам боллоо. Энэ бол миний нутгийн ард түмний сэтгэл зүрхний өглөг, буян юм гэж бодож байна. Бай шагнал өндөр байхаас гадна зохион байгуулалт гэж маш чухал зүйл бий. Зохион байгуулалтын хувьд маш сайн наадам болж байна гэж наадамчин олон дүгнэж байна. Угаас Ховдын ард түмэн маань дэг жаягтай, ёс жудагтай, ах захаа мэддэг ард түмэн. Тийм ч учраас баяр наадам сайхан боллоо. Бас нэг зүйлийг онцлоход энэ баяр наадмын бай шагнал, арга хэмжээнд улсын болоод орон нутгийн төсвөөс мөнгө ороогүй, ерөөс олон түмний хандив, өглөгөөр бүтэж байгаагаараа онцлог юм.
Баяр наадмын үеэр нэг ажиглагдсан зүйл бол Монголын нэр нөлөө бүхий олон бизнесмэнүүд Ховд нутгаас төрөн гарсан байх юм. Энэ юутай холбоотой гэж та боддог вэ?
Ховдынхон ажилсаг, хөдөлмөрч, ямар нэгэн бэрхшээлээс шантардаггүй дайчин баатарлаг ард түмэн. Тийм учраас ховдчууд очсон газар бүртээ ажил хийсэн ч, бизнес эрхэлсэн ч амжилт гаргадаг. Олон бизнесмэнүүд энэ нутгаас төрөн гарсан нь чухам үүнтэй холбоотой. Газарзүйн хувьд Алтайн өндөр, сүрлэг уулсын дунд амьдардаг нь Ховдын ард түмнийг хөдөлмөрч, дайчин болгодог. Түүнчлэн энд арав гаруй үндэстэн, ястан эв найртай амьдран сууж байна. Энэ олон ястан, үндэстэн Монголын эртний нүүдлийн соёл, иргэншлийг өөр өөрсдийнхөө ястны онцогтойгоор авч үлдснээр зогсохгүй хойч үедээ өвлүүлж, хөгжүүлж байна. Энэ бүхэн нэгдэн нийлж Ховдын баатарлаг, дайчин ард түмний бахархал, онцлог болдог юм.
Сэтгэгдэл (10)