Ямар ч цаг үед сүр хүчтэй явсан ч, нийлж сэдээд хийж бүтээх тал дээр нүүдэлчин угшилаа хадгалж ирсэн Монголчууд ерэн оны шилжилт өөрчлөлтөөс хойш багагүй зүйлийг хийж бүтээж буй. Гэхдээ энд төрийн тухай бус хувийн хэвшлийнхний тухай илүүтэй ярьж байна. Гахай үүрч, ганзагын наймаа хийж асан залуус өнөөдрийн Монголын баячууд болж өсч томорчээ. Харин тэдний хэн нь нийгэмд баялгийг илүүтэй бүтээж байгаа вэ гэдгийг тодорхойлж харахын тулд эрэмбэлэх шаардлага бас гарч байгаа юм. Уул уурхайг шүтсэн өнөөдрийн Монголд баялаг гэж юу вэ, баялгийг хэн бүтээдэг вэ? гэх асуултыг тавихаар нүүрс олборлож урагшаа гаргаад, татвараа төлж, хэдэн зуун хүнийг ажилтай орлоготой байлгаж байгаа компанийг хэлэх үү? Дан ганц уул уурхайн бизнесээр мөнгө олохоос гадна нийгмийн хөгжилд чухал хувь нэмэртэй бусад салбарууд руу орж илүү их бүтээн байгуулалтуудыг хийж бүтээж, урт настай ажлын байрыг бий болгож, хүнийхээ хөгжилд анхаарч, эдийн засагт бодьтой хувь нэмэр оруулж буй компанийг баялаг бүтээгч гэх үү? Мэдээж аль аль нь баялгийг бүтээж байгаа ч, хэн нь илүү жин дарах вэ гэдэг нь ойлгомжтой. Тэгвэл баялаг бүтээгч тодотголтой томоохон компаниуд нийгмийн хариуцлагаа хэрхэн хэрэгжүүлдэг вэ гэдэг асуудал бас байна. Үүнийг ярихын тулд Corporate social responsibility буюу Компанийн нийгмийн хариуцлага гэж ер нь юуг хэлдэг юм бэ гэдгийг авч үзэх хэрэгтэй юм. Манай томоохон компаниудын тухайд нийгмийн хариуцлагаа өндөр хэмжээнд ухамсарлаж байна, үйл ажиллагаандаа баримтлаж байна хэмээдэг. Тэгээд улсад төлсөн татварын хэмжээ нь өндөр бол нийгмийн хариуцлагаа сайн хэрэгжүүлж байна гэх гээд байдаг. Гэтэл тэнгэрийн дор төрж, хуулийн дор амьдарч буй иргэн бүр татвар төлөгч. Тэгээд ч олон тэрбумын ашиг орлого олж байгаа компаниуд хуульд заасан хэмжээгээр л улсад татвараа төлж байгааг хэт дөвийлгөх нь утгагүй юм. Тэгэхээр нийгмийн хариуцлага гэдэг нь зөвхөн төлж байгаа татварын хэмжээгээр үнэлэгддэг эд биш. Харин олж буй ашиг мөнгөнөөс гадна нийгмийн сайн сайхны төлөө, хүмүүсийн тусын тулд юу хийж, гүйцэтгэж буйгаар нь үнэлж дүгнэдэг тогтолцоо бий. Тиймээс Монголын тэрбумтнуудын топ компаниуд баялаг бүтээхийн сацуу нийгмийн хариуцлагыг хэрхэн хэрэгжүүлж байна вэ гэдгийг харьцуулан харах нь цагаа олсон хэрэг болов уу.
Тэрчлэн Монголын тэргүүн баячуудын жагсаалтыг 2.3 тэрбум ам.долларын хөрөнгөөрөө тэргүүлсэн Ж.Оджаргал ноёнтноор овоглогддог “М-Си-Эс” групп баялаг бүтээгч мөн үү гэдэг асуултад үгүй гэх хариултыг өгөх нь харалган хэрэг болох биз. Харин нийгмийн хариуцлагаа хэрхэн ухамсарлаж, хэрэгжүүлдэг вэ гэдэг дээр хангалттай сайн дүн тавихад эрт байна. Ерэн оны эхээр зөвлөгөө өгөх буюу оюуны чиглэлээр бизнесийн гараагаа эхэлж байсан “М-Си-Эс” өдгөө олон салбарт хөрөнгө оруулалтыг хийгээд байгаа. Гэхдээ бизнесийн талбарын ноён оргилд хүрэхийн тулд энэ компани үе үеийн Засгийн газруудтай, улстөрчидтэй өндөр хэмжээнд түншилж ирснийг дурдахгүй өнгөрч болохгүй. Ямартаа л халхын хавтгайд зарласан хамаг тендерийг “М-Си-Эс” л хамж авдаг, эмэгтэй хүний “памперс”-ны тендер зарласан ч тэднийх, эрчим хүчний шугам татсан ч бас л тэднийх ялж байдаг, жижгүүдэд юм үлдээж, боломж олгоход яана даа гэж бусад нь халаглахад хүрч байхав. Мэдээж ийм жишиг зөвхөн манайд байгаа хэрэг биш. Дэлхий дахины эдийн засгийг хүчирхэг корпорациуд нуруундаа үүрч байгаагийн цаана улс орнуудын төр засаг болоод томоохон компаниуд хоорондын түншлэл нууцлаг байдлаар хадгалагдаж ирсэн юм. Энэ нь улстөртэй түншилсэн “М-Си-Эс” группын ноёрхлыг зөвтгөх гэсэндээ өгүүлж байгаа зүйл биш юм. Нэг талаас бусад компаниудад боломж олгох ёстой гэдэг байр суурийг үл тоож болохгүй гэдгийг л тодотгож хэлмээр байна. Түүнчлэн бизнесийн эрх ашигтаа нийцүүлсэн хууль, журмыг лоббидох тал дээр “М-Си-Эс” групп гаргууд сайн ажилладаг гэгддэг.
“М-Си-Эс” группыг баялаг бүтээгч талаас нь авч үзвэл багагүй зүйлийг ярих хэрэг гарна. Группын Ерөнхийлөгч Ж.Одын хэлж буйгаар шилжилтийн хүнд цаг үед үүсгэн байгуулагдаад удаагүй хувийн компаниудад байтугай улс орны эдийн засгийн хүндрэлийн улмаас төр засагт хүртэл хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хийх санхүүжилт, төсөв хязгаарлагдмал, үүссэн цахилгааны болон бараа бүтээгдэхүүний хомсдолыг богино хугацаанд давж туулахад зайлшгүй хэрэгтэй эрчим хүч, дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг ихэвчлэн олон улсын байгууллага, гадаадын буцалтгүй тусламж болон хөнгөлөлттэй зээлээр хийж байж. Тиймээс олон улсын байгууллагын тавьдаг өндөр шаардлага, дүрэм журмын дагуу шударга шалгаруулдаг тендерт М-Си-Эс компани оролцож Монголынхоо инженер, техникийн ажилтнуудыг нэгтгэн, голдуу гадаадын туршлагатай компаниудтай өрсөлдөхдөө өрсөлдөж, хамтрахдаа хамтарч эрчим хүч, инженерингийн төслүүдийг төлөвлөхөөс нь түлхүүр хүлээлгэн өгөх хүртэлх үйл ажиллагааг бүхий л шатанд гардан хийх явцдаа удирдан зохион байгуулах, гүйцэтгэн биелүүлэх ихээхэн мэдлэг, чадавхи, туршлага хуримтлуулсан. Сүүлийн үеийн бүтээн байгуулалтуудын онцлогоо бизнесийн болон нийгмийн эрх ашгийг зохистой хослуулахад оршиж байгаа хэмээн хэлж байна.
Ямартай ч тус группын 13 компани Монгол улсад хамгийн их татвар төлж, төсвийн орлогын бүрдүүлэлтэд бодитой хувь нэмэр оруулсан шилдэг 100 аж ахуйн нэгжийн жагсаалтад орсон гэхээр бас л жинтэй хувь оруулж байгаа нь ойлгомжтой юм. Ер нь бол энэ том групп улсын эдийн засгийн тодорхой хувийг нуруундаа үүрч байгаа гэдгийг хүлээн зөвшөөрөх нь эрүүл хандлага гэдгийг хэлье.
Харин нийгмийн хариуцлагын тухайд М-Си-Эс групп гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг эх орондоо татаж, ажлын байр олноор бий болгон түүнийгээ тогтвортой хадгалах бодлого баримталж иргэдээ байнгын орлоготой, амьжиргааны түвшин нь өсөлттэй байхыг дэмжих нь аливаа компанийн нийгмийн өмнө хүлээх томоохон хариуцлага гэж үздэг аж. Уг нь бол хувийн компанийн үр ашигтай үйл ажиллагааны үндэс, гол хөдөлгөгч хүч сайн бэлтгэгдсэн боловсон хүчин. Тэр утгаараа компаниуд ажлын байрыг бий болгож байгаа нь тухайн компанид ч, улсад ч ашигтай л гэсэн үг. Тэгэхээр ажил олгож байгаагаа нийгмийн хариуцлагаа биелүүлж байна гэж харахаас илүүтэй нийгмийн хариуцлагын нэг хэлбэр нь хандив, тусламж, ивээн тэтгэлэг буюу нийгэм, хүмүүст өгөөжтэй байх явдал. Тэгвэл тус группын тухайд энэ хүрээнд оюутан залуусын боловсролыг дэмжих, үндэсний болон орчин үеийн соёл урлаг, спортыг хөгжүүлэх, өнчин хүүхдүүд, нийгмийн эмзэг бүлэгт туслахад илүүтэй чиглэн ажиллаж байгаа хэмээн мэдэгдэж байна.
Бизнесийн үйл ажиллагаагаа нийгэмд үр нөлөөтэй байлгах чиглэлээр залуучуудад зориулсан орчин үеийн шийдэл, тохижилттой, төлбөрийн уян хатан нөхцөл бүхий 1 600 өрхийн орон сууцны хороолол, нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахын төлөө 70 000 гаруй айлд суурилуулсан бүрэн шаталтат зуухны төсөл, гадаадад явж эмчлүүлдэг иргэдийн урсгалыг бууруулах зорилготой олон улсын стандартын эмчилгээ, оношилгооны төв, олон улсын жишигт хүрсэн сургууль, цэцэрлэг мөн аялал жуулчлалын бизнесийг хөгжүүлэхэд нэн шаардлагатай олон улсын таван одтой зочид буудал, хурлын цогцолбор, цанын бааз зэрэг нийгмийн төслүүдээ нийгмийн хариуцлагаа ухамсарласан үйл ажиллагааныхаа нэг хэсэг хэмээн өөрсдөө тодотгож байна. Гэхдээ үнэхээр нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж байгаагийн бодит жишээ мөн үү гэдэгт нь уншигч та өөрийнхөөрөө дүгнэлт хийх боломжтой.
М.Мөнхжин
Сэтгэгдэл (1)