Хэнтий аймгийн Уяачдын холбооны тэргүүн Т.Батжаргал: Хурдан хүлгийг бодлогоор төрүүлдэг

Монгол наадмын “сезон” эхэлчихээд байх үе буюу  долдугаар сард “Сэцэнханы хүлэг” Хэнтий аймгийн Уяачдын холбооны тэргүүн Т.Батжаргалтай уулзаж ярилцлаа. Энэ онд 90 жилийн ой нь тохиож буй Хэнтий аймаг Монголын шигшмэл хурдан хүлгүүдийн өлгий нутаг гэдгээрээ түүхэнд алдартай төдийгүй анхны Уяачдын холбоо байгуулагдсан бөгөөд  хурдан хүлгийн түүхэнд олон анхдагчтай ус нутаг аж. Дуунд мөнхөрсөн Хардэл жанжин бээс өвгөн ноён Пүрэвжавтанаар овоглосон энэ нутаг нь  уугуул хурдан хүлэг морьдоороо алдартай, хурдан хүлгийн домог үүх түүх ихтэй, хурдны угшлаараа шинэ цагийн морин спортын эхлэлийг тавьсан гавьяатай төдийгүй Их эзэн богд Чингис хааны өлгий нутгийхан гэдгээрээ Хан Хэнтийчүүд бахархах нь зүй. Ингээд олныг үл нуршин Хэнтий аймгийн Уяачдын холбооны тэргүүн Т..Батжаргалтай уулзсан товч ярилцлагаа уншигч танаа хүргэе.

-Монголын анхны Морин Спорт Уяачдын Холбоо гэгддэг “Сэцэнханы хүлэг” МСУХолбооны үүх түүх, хурдан морьдын үүсэл гарлын талаар яриагаа эхлэх үү?

-Юун түрүүн монгол түмэндээ үндэсний их баяр наадмын мэнд хүргэе.  “Сэцэнханы хүлэг” МСУХолбоо маань 1996 онд Монголын Морин Спорт Уяачдын холбоо байгуулагдахын өмнөхөн байгуулагдсан түүхтэй. Хан Хэнтий нутгийн хувьд хурдан хүлгийн түүхэнд Их эзэн богд Чингис хаан  маань анхны араб сүрэг адуу авчран нутагшуулж, морины үүлдэр угсааг сайжруулж байснаар эхэлсэн гэдгийг түүхийн эх сурвалжуудад тэмдэглэн үлдээжээ. Үүнээс хойш олон зуун жилийн дараа буюу 1860 аад оноос эхлэн хурдан морины үйлдэр угсааг сайжруулахтай холбоотой түүхэн гавьяаг байгуулсан Хардэл жанжин бээс Пүрэвжавтан ноён Монголын морин спортын түүхэнд нэрээ мөнхлөн үлдээсэн байна. Энэхүү эрхэм хүн Монголын түүхэнд хурдны адууг тал нутагт дасан  зохицож уралдах, нутагшуулах  чиглэлээр олон арван жилийн хөдөлмөрөө зориулсан хүлэг уяач хүн юм. Түүний сэтгэл оюун, цаг хугацаа, хүч хөдөлмөрөө дайчлан хурдны чиглэлээр өсгөж үржүүлсэн хурдан удмын  адууны цөм сүрэг нь өнөөгийн зүүн аймгийнханы хурдан морьдын өвөг угшил болж байгаа юм. Галшарын адууны өвөг эцэг, удам угшил гэж дуунд хүртэл гардаг нь ийм учиртай. Энэ тухай ярьвал их урт түүх байдаг. 1920-1930 оны их хэлмэгдүүлтэд өртөж, хоригдож байсан ч гэлээ буруугүй нь нотлогдож, нутаг усандаа очиж насан эцэслэсэн. Тэрээр хөрөнгө мал ихтэй, хамжлагатай байсан учраас феодал гэгдэж явсан бөгөөд Монгол хурдан хүлгийн түүхэнд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан гавьяаг нь үнэлж хожим Монголын Молор эрдэнийн 001 одонгоор нэхэж шагнасан байдаг.

Ер нь хурдан хүлэг морьдыг үйлдэл угсааг сайжруулах замаар урт хугацаанд бий болгодог гэж ярьдаг шүү дээ. Өөрөөр хэлбэл адууг хурдлуулахын тулд бие цогцос, хэлбэр шинжийг шинжин үржүүлж, хурдны  үүлдэр угсааг бий болгодог. Хан Хэнтий нутгийн Галшар сумын нутаг Шөрмөсөн дов гэдэг газар Хардэл жанжин бээс маань цөм сүргээ үржүүлж, үүлдэр угсааг нь сайжруулахын тулд нутгийн сайн уяачдад үүрэг даалгавар өгч, хурдны хэлбэр шинжтэй хүлэг морьдыг шинжүүлэн олноор нь цуглуулж  галшар угшлыг бий болгосон гэдэг. Энэ нь адуу болгон хурдан байдаггүй, хурдан адууг бий болгодог гэдгийн тод жишээ юм. Шандаст хурдан хүлэг нь  эрт үеэс улс төр, байлдааны гол хүч байж. Морин дэл дээр дэлхийн талыг эзэлсэн бидний их түүх нь  тэсвэр тэвчээр, хурд хүчний гайхамшиг хурдан морьдын маань ач гавьяа.

Манж амбан Монголын хурдан хүлгүүдийг өндөр үнээр худалдан авч, цуглуулан одоогийн Сүхбаатар аймгийн Уулбаян сумын нутагт Сүрэгчин хошууг байгуулж байсан түүх байдаг байна. Үүний дараагаар Хардэл жанжин бээс дахин хурдны угшлуудыг бий болгосон байна. Түүхэн эх сурвалжуудад байгаа эдгээр мэдээллээс үзэхэд Хан Хэнтий нутаг хурдан хүлгээрээ алдарших гол эх үндэс нь өвгөн ноёны ажил үйлсийг үргэлжлүүлж ирсэн нутгийн зон олон, хүлэг уяач, шинжээч нарын гавьяа зүтгэлийн үр дүн юм.

-Нээрээ Галшарын унага гээд алдартай дуу байдаг. Одоо  Галшар нутгийн хүлэг морьд цуутай хэвээрээ юу?

-Галшарын унага дуу нь морьд эргэлдэж уралдаж байгаа тэр торгон агшиныг дүрслэх мэт сэтгэгдэл төрдөг. Үнэхээр сайхан дуу. Галшарын хүлгүүд маань яг тухайн мандаж явсан үеийнхээ шинж чанарыг бага сага алдсан гэж болно. Социализмын үед нэгдэлжих хөдөлгөөн өрнөснөөр Галшар сүргийн бодлого, бүтэц алдагдаж эхэлсэн гэж үздэг. Тухайн үеийн хурдны адуун сүрэг шуурганаар Дорноговь, Сүхбаатар луу уруудаж, тэндээсээ алдагдаж, солигдоод ирдэг байсан гэдэг. Гэхдээ мэдээж их савын ёроол гэдэг, өнөөгийн олон алдартай уяачид Хэнтий, Галшар нутгаас олон хүлэг морьд авч, улс аймагтаа хийморьтой наадаж байгаа.

-Ерээд оны сүүлээс хурдан хүлгийн уламжлалт соёл илүү шинэчлэгдсэн түвшинд гарч ирж, хөгжиж байна. Хөрөнгө мөнгөтэй хүмүүсийн зэрэг зиндаа, хийморь юуг илтгэдэг нэрийн хуудас болоо юу гэлтэй. Энэ тухайд та юу хэлэх вэ?

-Хурдан хүлэг морьд нь Монголчууд бидний тусгаар тогтнол, эрх чөлөө, өв соёл, бахархал омогшил юм. Морь эдлэх, хайрлах, өсгөж үржүүлэх соёл гэж байна. Монгол эр хүний сүлд хийморийг морьгүйгээр төсөөлөх аргагүй. Морины өв соёлыг хөгжүүлэх, хойч үедээ өвлүүлэх тал дээр бид анхаарах ёстой. Монгол хүн байх нь морьтой холбоотой учир морийг шүтэх, хайрлах, хурдан морьдоороо бахархах омогшилыг төрүүлж ийм сэтгэлгээтэй залуус олон болж байгаа нь талархууштай. Монгол түмэн эртнээс нааш тэнгэр заяат  өвөг дээдсийн буян заяаг хадгалж халуун хошуут мал сүргээ өсгөн маллаж байсны эрхэм дээд нь адуун сүрэг байсан. Иймийн учир өнөө цагийн эр хүний бахархал хийморь лундааг илтгэх нэрийн хуудас нь хурдан морь болж байгаа юм.

-Ингэхэд та өөрийгөө танилцуулаач? Хэдэн жил хурдны морь уяж  байна вэ?

-Унаган нутаг маань Хэнтий аймгийн Дадал сум. Өвөг эцэг маань Донирын Балжинням гэж уяач хүн байсан.  Миний хувьд Улаанбаатар хотод өссөн боловч зуны амралтаа нутагтаа өнгөрүүлж мал ахуйд ойр өссөн. Хурдны морь сонирхож, цуглуулж, уях болсноор  тав  дахь жилтэйгээ золгож байна. Улсын баяр наадамдаа дээгүүр давхиж сайхан уралдаж байна. Энэ жилийн хувьд хязаалан насны эрлийз халтар үрээ маань 6-д хурдаллаа. Одоогоор жараад айраг, түрүү аваад байна. Хурдан морь сонирхохоос гадна газар тариалангийн бизнес эрхэлж байна.  Эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг.

-Таны хувьд Хэнтий аймгийн Уяачдын холбооны тэргүүн болоод хэр удаж байна?

-Удаагүй ээ, өвгөдийнхөө үйлсийг үргэлжлүүлж Хан Хэнтий нутгийнхаа хурдан морины өв соёлыг хөгжүүлэхсэн гэсэн халуун сэтгэлээр энэхүү  албыг хашиж байна. Цаашид хийх зүйл маш их байна.

-Хэнтий аймгийн уяачдын холбоо хэдэн гишүүнтэй вэ? Ер нь уяачдын холбоо байснаараа ач холбогдол нь юундаа байдаг юм бол?

-Морин спорт уяачдын холбоо гэдэг нь уяачдын нэгдсэн бодлогыг зангидах нэг хэлбэр юм. Сэцэнханы хүлэг МСУХ нь сум болгонд салбар холбоодтой. Эдгээр нь уяачдынхаа санал бодлыг аймгийн уяачдын холбоонд уламжилсанаар энэ жилийн баяр наадам хаана, хэрхэн зохион байгуулагдах, ямар чансаатай уралдааныг зохион байгуулах, хэнд алдар цол өгөх зэрэг бодлого, зохион байгуулалтын асуудлыг боловсруулж шийддэг.  

Манай аймгийн уяачдын холбоо 16 тэргүүлэгч гишүүнтэй. Аймгийн нийт уяачид холбооны гишүүд юм. Уяачдын холбоо байснаар бүх уяачид, унаачдын эрх ашгийг хамгаалах тал дээр ажилладаг. Энэ жилийн хувьд аймаг бүсийн чанартай уралдаануудыг амжилттай зохион байгуулсаар байна. “Монгол уяач-3000” зөвлөгөөнийг амжилттай зохион байгууллаа. Энэхүү зөвлөгөөнөөр холбооны бодлого, цаашид хэрэгжүүлэх ажлуудыг танилцуулж, санал асуулга явуулж, халуун дотно яриа өрнүүлсэн. Түүнээс хойш хэд хэдэн сургалт, холбооны хурал хийгдлээ. Энэ хурлаар Хан Хэнтий нутгийн түүхт 90 жилийн ойд зориулж Уяачдын холбооноос санаачилж Засаг Даргын Тамгын газартай хамтран Хардал жанжин бээс Пүрэвжавын биет хөшөөг алдарт зургаан азарганых нь хамт бүтээж, энэ сарын 26-нд нээлтээ хийх гэж байна. Энэ нь Хан Хэнтий нутгийн маань түүхт 90 жилийн  ойтой давхцаж байгаа юм.

Уяач, унаач хүүхэд, морь гурав эвлэж байж морь хурдалдаг. Манай аймгийн холбооны гишүүдийн анхаарал хандуулах нэг асуудал нь хурдан морьдын маань удам угшил, Галшар адууны генийг хадгалах, сайжруулах асуудал юм. Энэ тал дээр бид ажиллах ёстой. Мөн уяачид маань өвөг дээдсээсээ өвлөж авсан уяаны эрдмээ зохистой хэмжээнд үнэлүүлэх, хөгжүүлэх шаардлагатай байна.

-Энэ цаг үеийн Хан Хэнтий нутгийн алдар цуутай уяачид гэвэл хэнийг онцлох вэ?

-Монгол Улсын Манлай уяач Гончигийн Содном гуай, энэ жилийн наадамд 6 айраг түрүү авсан МУ-ын манлай уяач Дадал сумын уугуул Дугараа буюу Б.Бат-Өлзий, Баянхутаг сумын харьяат аймгийн алдарт уяач Э.Дашчирэв нарыг төлөөлүүлэн дурьдаж болно. Эдгээр уяачид нь цөм улс бүсийн олон айраг түрүү авсан уяачид юм. Мөн шинэ залуу, болон ахмад үеийн олон сайхан алдарт уяачид байна.

-Морь уях эрдэм нутаг усаараа ялгаатай байдаг уу?

-Онцлог ялгаа бий л дээ. Жишээ нь баруун, зүүн аймгуудын уяа болон морьд нь хүртэл өөр байдаг. Баруун аймгийн адуу жижигхэн ч тэсвэр тэвчээртэй, хөрс зузаантай, уяа сайн даадаг бол зүүн аймгийн адуу хөрс нимгэн, цовоо сэргэлэн байх жишээтэй. Ерөнхийдөө морь уях тогтсон дүрэм гэж байдаггүй, жинхэнэ монгол эр хүний оюун ухааны шандасыг сорьсон, сэргэг байхыг шаардсан, хүч хөдөлмөр ч шаарддаг нэг төрлийн хат суулгах спорт юм. Дээр нь хувь хүний аз хийморь гэж бий.

-Ер нь ажиглаж байхад хөрөнгө мөнгөтэй хүмүүс хурдтай, адуутай байх нь элбэг болсон юм уу даа. Үүний шалтгааныг юу гэж та боддог вэ?

-Хөрөнгөтэй нь ч уяна, хөрөнгөгүй нь ч уяна шүү дээ. Ер нь эрт дээр үеэс ард иргэдээс авхуулаад ихэс дээдэс хүртэл морь  хурдлуулдаг байж. Ялангуяа хошуу ноёд маш их анхаарал тавьж, хурдан морьдтой болох бодлого барьдаг байж. Хошуу нутгийнхаа наадмын түрүүг алдахгүйн тулд оюун ухаан, хөрөнгө мөнгөө их зарцуулдаг байсан байна. Энэ уламжлал одоо ч хадгалагдсаар байна. 

-Хурдан хүлэг бол дэлхийн хэмжээнд нэг ёсны шоу бизнесын нэг төрөл. Манай орын хувьд дэлхийн бусад улс орнуудын нэгэн адил жишгээр цэвэр шоу бизнесийн чиглэлээр, өөрөөр хэлбэл тойруулга уралдаан, бооцоот уралдааны маягаар хөгжүүлэх тал дээр уяачид ямар бодолтой байдаг вэ? Ер нь хөгжлийн цаашдын чиг хандлагаа хаашаа явж байна вэ?

-Манай орон нь сүүлийн үед үндэснийхээ өв соёлд их анхаарч байна. Монголчууд бид уламжлалт арга барилаараа уралдаж байна. Харин гадны жишгээр хөгжүүлэх боломжтой юу гэвэл боломжтой. Үүн дээр улсын бодлого байх ёстой гэж бодож байна. Хөрөнгө мөнгөний асуудал, адууны селекц үржил, өөрөөр хэлбэл гоц хурдан хүлгүүдийн үр төлийг авчирч эрдэм шинжилгээний багтайгаар адууны үйлдэр угсааг сайжруулах гэх мэт. Одоохондоо ийм улсын  бодлого байхгүй байгаа ч цаашид хөгжинө байх гэж найдаж байна. ММСУХолбоо маань Азийн МСУХолбооны гишүүн орноор бүртгүүлсэн. Цаашид тойрог замын уралдаантай болох, хурдны үүлдрийн адуунуудыг авчирч Монголд тойргийн уралдааныг хөгжүүлэх саналууд маш их яригдаж байна. Энэ нь зөв юм. Аливаа спорт дэлхийн жишгийг дагаж хөгжих нь зүй.

Цаг зав гарган ярилцсан таньд баярлалаа, уншигчиддаа хандан хэлэх төгсгөлийн үгийг танд үлдээе.

Хурдан морьдын өлгий нутаг Хан Хэнтийчүүдийнхээ нэрийн өмнөөс Монгол улсынхаа нийт ард түмэнд баяр наадмын мэндийг дэвшүүлж, нийт уяачид унаачиддаа уяа хөнгөн, морь хурдан, мэнд сайхан наадахыг хүсэн ерөөе.

Монгол улсын минь хийморь лундаа минь морин эрдэнэтэйгээ хамт үүрд мандан бадраг.

Мөн “Гранд” сэтгүүлийн  хамт олонд  ажлын өндөр амжилт, аз жаргалыг  хүсэн ерөөе.

"Гранд" сэтгүүл №36-37

                                                                                         

 

                                                                         

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (13)

  • CHIMGEE
    HURDAN MORINII NEMNEE OYDGIIMAA BI UUNIIGEE BORLUULAH ZAHIALGA TSUGLUULAH ZAH ZEELEE NEGL OLDGUI UUNIIG UNSHAAD ZAHIALGA OGOOREI HUMUUSEE 96047383
    2015 оны 04 сарын 06 | Хариулах
  • Zochin
    Er ni humuus haraagui uzeegui murtluu huniig yah gej hudlaa demii yum yaridag yum be tsagaan zahtai ch geh shig teged bi huduuniih geel dur esgel deel umsuul yavah yumuu ter bichsen teneg medehgui bol dugui l bna biz ene zaluu chini bagasaa huduu usuj mal amitaniig hairlahiig meddeg hun shuu.
    2015 оны 01 сарын 15 | Хариулах
  • Pony.
    morich gejdee iljig., gadniihan bol mongol aduug PONY gedeg.
    2014 оны 12 сарын 18 | Хариулах
  • iljignii uyachid
    haashaa yanziin gomo huvtas tsaraitai nuhur ve bas mori meddegl um hdaa
    2014 оны 11 сарын 23 | Хариулах
  • Зочин
    ERHEM TA NUTGIIN SAIN SAIN UYACHID ZALUUCHUUD NILEEN GARCH IRLEE EDGEER HUMUUSTEI UBALZAJ URAM HAIRLAJ UG SOLILTSOJ BAINA UU UURIGUUL REKALAMDAAD BAIHAAS UURTCHIN AIMGIIN UYACHIDAA TANJ MEDEJ BGAA YUM BI YUUURIGUU GEHEES URUUL BUSDIIG GEBEL YASAN YUM BE TERGUUNEE
    2014 оны 11 сарын 11 | Хариулах
  • зочин
    Энэ цагаан нүүртэй цагаан захтай бацаан морь уяна гэж юу байхав.хүн зараад л сууж байдаг гаруудын нэг байна.Өвөг эцэг нь морь мал машинаар хөөсөн тариа хийж тамладаг одооны иймэрхүү уяачдыг харвал уур нь хүрэх биз.
    2014 оны 10 сарын 24 | Хариулах
  • hohirogch
    Hentii aimg borundur sumiin ariunerdene sarangerel gdg avgai nuhur 2 yoponos barigdaj irsenese hoish hotod hudla helj hun zalilj yavad bga shu im humust zaliliulvaa.
    2014 оны 10 сарын 19 | Хариулах
  • zochin
    dajgui bn.
    2014 оны 08 сарын 01 | Хариулах
  • Зочин
    Зөв яриатай зөв бодолтой сайхан залуу юмаа
    2014 оны 07 сарын 25 | Хариулах
  • Зочин
    Мундаг ухаантай сайхан залуу байна...Чамд амжилт хүсье
    2014 оны 07 сарын 25 | Хариулах
  • ЗОРИГТ
    БАТЖАА АХАА АМЖИЛТ ХҮСЬЕ
    2014 оны 07 сарын 18 | Хариулах
  • Зочин
    saIHAN ZALUU BNAA AMJILT HUSYE GOE ZURAGNUUD BN BAYARLAA GRAND
    2014 оны 07 сарын 14 | Хариулах
  • Зочин
    Баячуудын морь л түрүүлдэг биздээ
    2014 оны 07 сарын 08 | Хариулах
  • Зочин
    удамын хурдан гэж ярьдаг биздээ
    2014 оны 07 сарын 08 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025