Дуу бүхэн зориулсан эзэнтэй, аялгуу бүхэн эмзэглэсэн сэтгэлтэй байдаг уу? Тийм ч биз, үгүй ч биз. Саяхан гавьяатын одон тэмдгээр энгэрээ мялаасан солгой Төмөрхуяг гэхэд л “Уулзаж амжаагүй ээжээ бодохоор...” гэж дуулсаар байгаад дуулсан дуу нь биелэлээ олсон гэлтэй ээжтэйгээ уулзаж амжилгүй бурханы оронд явуулсан гэдэг. Төрийн шагналт Б.Шаравын “Сэтгэлийн эгшиг” хэмээх гайхалтай аялгуу байна. Манайхан гашуудал, хагацлын загалмайлсан ая мэт болгочихсон энэ аялгууг угтаа бол хөгжмийн зохиолч хайрт гэргийдээ зориулсан гэдэг юм. Түүх нь их хайрлам. Тэртээ социализмын үед нэгэн зун Б.Шарав гуайн хөл хүнд гэргий нэг хүүгээ хөтөлсөөр хөдөө аав, ээж рүүгээ агаар салхинд гарахаар явж л дээ. Ажил бол ажил, цаг бол цаг, бүх зүйл диктатуртай байсныг хэлэх үү, хөл хүнд ч гэлээ гэргийгээ гаргаж чадалгүй СТӨ дэх албан тасалгаа руугаа яаран явж. Төдөж удалгүй гэргий нь утасдаж, явах унаандаа суух болтол мөнгөө суйлуулснаа ярьж. Яаран явж очтол Тээврийн товчоон дээр сандарч тэвдсэн гэргий нь гартаа хүүгээ хөтөлчихсөн угтаж. Ингээд хаа байсан хороололд байдаг хамаатныхаасаа мөнгө зээлж аваад явуулж. Яг энэ агшин мөч хөгжмийн зохиолчийн сэтгэлд тэгтлээ гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн учраас өрөөндөө буцаж ирээд л энэ алдарт хөгжмөө бичсэн гэдэг. Магад хайртай бүхнээ хайрлах сэтгэл зүрх эмтлэх мэт гүн, нэг тийм сэтгэл мэрсэн мэдрэм энэ алдартай аялгуунаас мэдрэгддэг нь энэ биз.
Тэгвэл Төрийн хошой шагналт Н.Жанцанноров “Хайрлан дуулмаар байна” дуугаа Өвөрмонголд өвдөөд эмчлүүлж байхад нь нэгэн өвөрлөгч бүсгүй хөгжмийн зохиолчид чин сэтгэлээсээ тусалж, хайрын сэтгэлээ харамгүй зориулж байсанд нь сэтгэл уярч зохиосон гэдэг.
“Анагаахай үрийн минь байгаа тэр газар
Арван тавны саран гийгээд байна” МУГЖ Д.Насантогтох элэг эмтэртэл дуулдаг. УГЗ, зохиолч, сэтгүүлч До.Цэнджавын үгийг нь зохиосон эл дууг дуучин Д.Насантогтох дөрөвхөн настайдаа алс холын Америкт хорвоог орхисон хайрт хүүдээ зориулж дуулсан гэдэг.

Тэгвэл рок дуучин Түвшинтунгалаг нууцхан хайрладаг залуудаа “Нууцхан хайр” дуугаа, “Цагаан уул” хайрын шүлгийн наадмын тэргүүн дэд байрын шагналт яруу найрагч Д.Оюундэлгэр “Чамтайгаа би учирч чадаагүй явна” шүлгээ Буур Жамьяангийн зээ, Г.Өсөхбаяр аваргын дүү, Улсын начин Г.Батбаярт зориулсан гэдэг. Энэ залууг тунчиг хүүхний тэнгэртэй гэдэг бөгөөд Р.Гончигдоржийн охин Ариунжаргал хүртэл араас нь гүйж байсан гэдэг.

Т.Ариунаа “Чи минь” дуугаа ханхүү Г.Буяндорждоо зориулж захиалсан бол “Харанга”-ын “Халуун сэтгэл”-ийг төрсөн ахыгаа алдаж шаналж яваа залуу захиалан бүтээлгэсэн бол Алтаагийн “Сайхан эгч минь таньдаа би буруутай” дууг төрсөн эгчийнхээ нөхөрт дурласан бүсгүй бүтээжээ.

Харин Сараагийн “Мартья” салсан нөхрүүддээ зориулсан дуу гэдэг ч өөрөө үгүйсгэдэг. Энэ бүхэн магад бат ноттойг бид мэдэхгүй. Харин хамгийн бат ноттой мэдээ бол түүний 90-ээд онд байлдан дагуулж байсан “Хонгор найз” “Женко” Х.Баттулгад зориулагдсан дуу билээ.

Б.ЯЛГУУН
Сэтгэгдэл (2)