Монгол түмний хайр хүндэтгэлд хүндтэй орон зайг эзэлдэг улс бол бөхчүүд. Тиймдээ ч Монголчууд бид тэдний алхах гишгэх, амьсгалах бүрийг алдалгүй анзаарч хардаг. Түүгээр ч барахгүй бөхчүүдийнхээ гайхамшигт барилдаанаас гадна уран мэх, бяр тэнхээ, зан чанар, ёс суртахуун, бие бялдарын онцлог гээд олон зүйлийг анзаарч суудаг билээ. Харин тэдний бизнесийн салбарт хийдэг уран мэх, ур ухааны талаар төдийлөн анзаарч байгаагүй болов уу. Х.Баянмөнх, Ж.Мөнхбат, Д.Дамдин, Д.Хадбаатар зэрэг домогт аваргуудын орыг залгана гэж итгэж, найдаж байсан А.Сүхбат, Г.Өсөхбаяр, Д.Сумъяабазар гээд ирээдүйтэй хэдэн аваргууд нь бараа сураггүй болж улс төр, бизнес хөөхөөр тээр тэнд харайлгаж яваа. Сүхбат аварга монгол бөхийн бурангүй явдалтай тэмцэнэ гэж зодог тайлсан бөгөөд одоо Богд ууланд буга үржүүлэн, буудай тарьж, архи үйлдвэрлэсэн шигээ сууна. Өсөхөө аварга хувь хувьсгалын бизнес хөөж энэ тэндэхийн дэл сул даргын суудал хайсаар яваа. Харин Д.Сумьяабазар банк ажиллуулаад барилдах ч завгүй байсан бол өдгөө Их хуралд суух гээд идэх ч завгүй гүйж яваа юм гэнэ лээ. Мөн өнгө үзэмж, чанараараа Монголдоо толгой цохих хэвлэлийн компани бол “Мөнхийн үсэг” групп. Захирал нь мөн л манай бөхчүүдийн нэг улсын начин До.Ганбат. Мөн харцага Ц.Магалжав сүүлийн үед нэлээд шаггүй бизнесмэн болж байгаа сурагтай. Юутай ч бөхчүүд маань барилдахаа болихоороо өөрийн гэсэн хувийн бизнес хөөгөөд явдаг агаад нэрд гарсан, гаргаагүй том, жижиг олон компанитай байдаг нь эндээс харагдана.
Дархан цаазат аварга
Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээг “жижиг” А.Сүхбат хэмээх хурд хүч нь үл гүйцэгдэх эрхэм чимж бас үзэгч олныг уран хурц барилдаанаараа өндөлзүүлж байсан цаг саяхан. Харин өдгөө түүний амьдрал дархан цаазат уулын эргэн тойронд буга хамгаалан, спирт найруулж бас болоогүй ээ эхнэр хүүхэд сольсон шиг ид буцалж байх шиг. Богд уулын хэсэг газрыг хэний ч зөвшөөрлөөр юм бүү мэд хашаагаар тусгаарлан буга залсан даян аварга маань бизнесээ өргөжүүлсээр ууланд таваргаж яваа сурагтай. Зодог тайлснаасаа хойш жин хасч, бизнес эрхлэх болсон тэрээр “Алтан хүнс” хэмээх компани байгуулж, архи, спирт, хүнсний бизнест чамгүй амжилттай ажиллаж яваа. Түүгээр ч барахгүй сүүлийн үед дуучин, тамирчин гэлтгүй олон янзын салбарын олны танил хүмүүс сонирхох болсон газар тариалангийн бизнесийг ихэд таашааж ханцуй шамлан ажилдаа орсон ажээ. Хавар, намрын цагт өрнөдөг ундарсан их ажлыг давчихвал мөнгөтэй хүн хөрөнгөө арвижуулж болох энэ салбар луу дайрах болсон нэг шалтгаан нь “Гацуурт” компанийн захирал, дотны ах Л.Чинбаттай холбоотой гэдэг. Мөн түүний бас нэгэн ажил нь алдарт аваргуудын адил боловсролын бизнес. Даян аваргын байгуулсан “Олимп” сургуулийн төгсөгчид чамгүй сайн барилдаж хэний шавь болохоо харин ч нэг харуулж яваа. Тэгэхээр аварга өөрөө барилдахгүй ч гэсэн өөр шигээ сайн залуусыг бэлдээд, хажуугаар нь хэдэн төгрөг халааслаад сууж байвал хэн хэндээ ашигтай гэмээр боломжийн бизнес.
Тэргүүн жем
Ямар ч сонирхолгүй болоод байсан үндэсний бөхийг сэргээсэн зургаан залуу зааны нэг энэ эрхмийг бизнес хөөлгүй барилдаж байсан бол өнөөдөр Монгол улсын даян аваргаа байг гэхэд Далай аварга хэмээн цоллуулах энүүхэнд байлаа хэмээн харамсах бас магтах хүн цөөнгүй. Даанч тухайн үед бөхийн хүч, хөлсийг үнэлэх үнэлгээ тун тааруу байсан учраас Ц.Цэрэнпунцаг гарьд ямар ч орлогогүй том цолтой бөх байснаас гээд бизнес хөөсөн гэлцдэг. Бөхчүүд дундаа л бизнес сэтгэлгээ нь овоо хөгжчихсөн, нэлээд боловсролтой, гадаад хэлний хувьд гайгүй сайн ярьчихдаг болохоор явахгүй гээд ч яах билээ. Амьдрал хойно. Тэрээр спиртийн бизнест эргэлт буцалтгүй хөл тавьж "Тэргvvн" хэмээх архи үйлдэрлэж зах зээлийн гэж тодотгодог энэ нийгэмд өөрийн гэсэн орон зайг бий болгон үндэсний хэмжээнд манлайлж буй томоохон компаниудын нэг “Жем интернэшнл”-ээ үүсгэн байгуулж өдий зэрэгт хүргэсэн гэдгийг манайхан андахгүй. Түүгээр ч барахгүй мань гарьд энэ амжилтандаа урамшсан уу, аль эсвэл ямар нэгэн тохироо нь таарсан уу үүрэн телефоны салбарт шинэ оператор оруулж ирсэн нь Монголын өнцөг булан бүрт малчин ардаас эхлээд манцуйтай жаалууд хүртэл санаан зоргоор ярих болсон Жи-Мобайл. Бас болоогүй ээ сүйхээтэй, бизнес сэтгэлгээ нь дэндүү хөгжчихсөн гэдгээ харуулж “Мобиком”, “Скайтел”, “Юнител” ч дөнгөөгүй байхад Монголын хүчний байгууллагууд болох цагдаа цэргийхэнд “шахаж” дөнгөсөн хашир бизнесмэн. Өдгөө харин эрхэм гарьд хийдгээ хийсэн хүн шиг бурхан шашин, гэгээрэл юунд хамаг сэтгэл оюун, бие юугаа зориулсан шиг алс холын Америкт гэр бүлийн хамт суурьшиж буй.
Харь хэлэндээ “хайнга”
Монгол бөхийн үе үеийн зүлэг ногоон дэвжээг чимэн барилддаг, эр бяр нь тэгширсэн энэ цагийн хүчтнүүдийг маань зарим нэг нь бүдүүлэг, боловсролгүй гэж гоочлох нь бий. Гэтэл манай бөхчүүд дотор 2-3 дээд сургууль төгссөн, боловсрол мэдлэгтэй бөх цөөнгүй байдаг. Тэдэн дундаас хамгийн өндөр боловсролтой, ажил хэрэгч хүчтэн бол спортлог түшээ Б.Бат-Эрдэнэ. Ард олноо бас спортынхноо төлөөлөн төр түшиж яваа их аварга маань боловсрол мэдлэгээс гадна ухааны цараараа жинхэнэ монгол эр хүний ноён нуруу, нүнжиг чанарыг ард түмэндээ үлгэрлэж яваа хүн гэчихэд буруудах зүйлгүй болов уу. Англи, япон хэлээр төвөггүй ярихын зэрэгцээ очсон улс орон бүртээ төрөлх хэлээр нь мэндийг нь эвлэгхээн мэдчихдэг харь хэлэндээ “хайнга” сайн нэгэн гэнэ лээ. Харин түүний улс төрийн хажуугаар эрхэлдэг хувийн бизнес нь “Аварга” биеийн тамирын дээд сургууль буюу боловсролын бизнес. Сургуулийнхаа байрыг бараг сул шахам цохисон гэдэг аваргын бизнес боловсролын салбарынх, дээрээс нь өөрөө нэр хүндтэй болохоор гайгүй сайн ашиг орлоготой хэмээх жиг, жуг яриа чих дэлссээр удаж буй. Тэр ч утгаараа аварга сургуулийнхаа оюутнуудын сурч боловсрох таатай нөхцлийг бүрдүүлэхэд нилээд ач холбогдол тавьдаг гэнэ лээ. Тиймээс ч тус сургуулийн бөхчүүд ид бяр тэгширч, эд хав жагсаж байгаагаа, сайн багшийн гараар орсноо харуулсаар байгаа болов уу. Түүгээр ч барахгүй Б.Бат-Эрдэнэ аваргыг ёстой мундаг амьтан гэдэг. Маш олон удаа наадамд түрүүлж, энэ хэрээрээ баяжин хөрөнгөжиж, бас болоогvй УИХ-ын гишүүн болсон гээд бодохлоор ингэж хэлэхээс өөр аргагvй байх л даа. Тиймдээ ч хөрөнгөтэй, нэр хүндтэй, түшээ хүний хувьд түүний бизнес сайн явдаг биз ээ.
Банкир аварга
Монгол бөхөөр хичээллэсэн эрчүүд маань ихэвчлэн өв тэгш сайхан бие бялдартай болдог. Харж байхад манай бөхчүүдийн булчин шөрмөс нь овойж товойгоод цаанаа л нэг нүд дүүрэн сүрдмээр шүү. Тэдний нэг нь Д.Сумъяабазар аварга. Олон жил “аварга” цолны хойноос хөдөлмөрлөж арай гэж нэг юм ард түмнээр дэмжүүлэн, аргадуулан байж цолоо авсан. Гэвч тэр аварга болсноосоо хойш бөх биш бизнес хөөж улмаар улс төрийн халуун тогоонд хутгалдаад буй. Түүгээр ч барахгүй зассан шагай шиг өв тэгш бие хаатай энэ эрхэм бөхчүүд дундаа битгий хэл Монголд яригдахаар банкир. Бөх гэхээсээ илүүтэй бизнесмен, улс төрч гэдгээр нь хүмүүс илүүтэй мэдэх болсон энэ эр Үндэсний хөрөнгө оруулалтын банкийг 2006 онд байгуулсанаас хойш банк санхүү, эдийн засгийн мэдлэг, туршлага цуглуулсан бас ч гэж бизнес сэтгэлгээ нь “овоо” хөгжсөн банкир ноёнтон. Газар сайгүй салбаруудаа сүндэрлүүлээд байгаа тус банкны шинэхэн салбар саяхан Д.Долгорсүрэн зааныхны эзэмшил “АСА” циркт хүртэл хүрээгээ тэлсэн сурагтай. Тэгэхээр энэ хүний бизнес шаггүй дээшилж түүнийгээ дагаад улс төрийнх нь рейтинг ч дажгүй өсөөд байгаа.
Арал чацтай бизнесмэн
Мөн зүлэг ногоон дэвжээнээс бизнест хөл тавьсан эрхмүүдийн нэг бол арал хүчээрээ нэгэн үе ард олондоо гайхагдаж явсан Д.Бумбаяр заан. Бусад бөхчүүдийн адилаар нас, эр бяр нь харьж их спортоосоо хөндийрөх үедээ “Багануур” хувьцаат компанид багахан худалдаа, наймаа хийж овоо хэдэн төгрөг эргүүлсэн гэдэг. Түүгээр барахгүй “Увс хvнс” компанид хүртэл ажиллаад амжсан бизнесийн туршлагатай нэгэн. Дээрх бизнесмэн хүчтэнүүдийн адилаар биеийн тамирын тусгай дээд сургууль байгуулаагүй ч өөрийн удирдлаган дор шавьтай болж, улмаар алдар цуутай бөх олноор төрүүлэхийн тулд “Алдартан” дэвжээнийхээ шавыг тавьж өнөөг хүртэл дасгалжуулагч, удирдагчаар нь ажиллаж буй. Харин түүний гэргий Ц.Одонтунгалаг хэмээх карьерист бүсгүй байдаг бөгөөд ирэх сонгуулиар НИТХ-д суухаар сэтгэл шулуудсан нэгэн. Хуульч мэргэжилтэй Ц.Одонтунгалаг хатагтай сайн гэрийн эзэгтэй төдийгүй нөхрийнхөө бизнесийн ажилд үнэнч туслах нь юм гэнэ лээ. Тиймдээ ч зааны гэр бүл саяхан хөдөө аж ахуйн салбарт хүчээ үзэхээр ферм байгуулан ажиллаж байгаа сурагтай.
Хvй долоод хvлгээ Их хуралд хvvгээ
Харин монгол бөхийн жинхэнэ од, зууны манлай бөх, даяар дуурсагдах, далай даян, дархан аварга Хорлоогийн Баянмөнхийн тухайд мөн л барилдахаа больсон тэр цагаасаа хойш бизнес эрхлэх болсон. Гэхдээ бусдыг бодвол голдуу боловсролын салбарын бизнесээр хэтэвчээ зузаатгадаг. Анх “Шонхор” биеийн тамирын дээд сургуулийг байгуулж олон арван хүчтнүүдийг төрүүлж, улс аймгийн алдар цолонд хүргэсэн. Дархан аваргын бас нэг бизнес нь мөнгө хөрөнгөтэй хүн бүрийн сонирхох болсон хурдан хүлэг. Солино чиг, зарна чиг бас уяна чиг. Ямар сайндаа л тогоруу угшлын хурдан хүлгүүдийг өсгөн үржүүлж, хүлэг мориныхоо уяа сойлгыг шаггүй тааруулах болсон Баянаа аварга "Би залуу уяач" хэмээн мориныхны дунд хуучлан суух болсон гэдэг. Харин энэ жил хурдан хүлгийн босоо цагаан хийморьт сүслэн, молор эрдэнэ морио уяж сойн цэнгэлийн манлай эдэлж яваа аварга маань нэлээд завгүй амины болоод бизнесийн асар их ажилтай байсан гэх. Хүй долоон худагт хурдан хүлгүүдээ хурдлуулахаар уяа сойлгоо тэгшитгэхийн хажуугаар хүү Б.Гантогтохоо их улс төрд хөл тавихад нь үнэнчээр балиашиглаж явсан ч АН-ынхан харамсалтай нь гаргуунд нь хаясан. Түүгээр ч барахгүй Баянаа аварга өөрийн болон бусад бөхийн барилдааны талаар олон бүтээл туурвиж эрдмийн зэрэг хамгаалсан багш, дасгалжуулагч, эрдэмтэн, зохиолч гэдэг.
Энэ мэт бизнест уран мэхээ уралдуулж яваа олон бөхчүүд бий. Мөөеө аварга Их шавийн дээд сургуультай, Ц.Мягмарсүрэн заан “Пума империал” хэмээх барилга угсралтын компанитай, Ж.Ганболд заан Нийслэлийн Үндэсний биеийн тамирын хороог толгойлохоос гадна Увсад газар тариалан, фермерийн аж ахуй эрхэлж буй гээд л...
Р.Эрдэнэболд
Сэтгэгдэл (2)