Бид өмнө нь арлын орныг өвдөг сөгдүүлсэн, ар Монголын хүчтэнүүд болох сумочдын гэр бүл хийгээд үр хүүхдүүдийг танилцуулж байсан. Тэгвэл энэ удаа бидний амьдарч буй яг энэ цаг үед ид хаваа гайхуулан Монгол бөхийн торгон ногоон дэвжээнд нэрээ дуурсгаж, домогт хоёр Мөнх, долоон шилдэг зааны залгамж халаа болон барилдаж буй хүчтэнүүдийнхээ гэргий нарыг танилцуулах гэж байна.
Андуурсан амраг
Хоймор сайхан нутгаар овоглуулж, хорин зургаахан насандаа улсын харцага цолны болзол хангаад байгаа энэ залуу эрийг ирээдүйн аварга хэмээн ам уралдуулан магтах бөхийн хорхойтон, багш, дасгалжуулагч нар цөөнгүй. Байсхийгээд л зодоон цохионы хэрэгт нэр холбогдож явдаг Ц.Содномдорж харцага саяхан хүн бүлэглэн зодсон хэрэгт орооцолдож, багагүй шуугиан тарьсныг мэдэх хүмүүс ч байгаа байх. Харин арван хүүхэдтэй өнөр өтгөн айлын хүү, удам дамжсан хүчтэн Ц.Содномдоржийн хувийн амьдралын талаар хүмүүс тэр бүр мэддэггүй. Нэг үе олон бүсгүйн сэтгэлийг татаж, дуурийн дуучин Ө.Уянгатай өрх тусгаарласан талаар хэвлэл мэдээллээр бичих болсон ч энэ нь эцэстээ эндүүрэл болж таарсан. Учир нь хоёр ч удаа амьдрал зохиогоод бүтэлгүйтсэн харцагын гэргий дуурийн дуучин Ө.Уянгын нэр нэгт амьдаа бөгөөд Ховд аймгийн харьяат бүсгүй байдаг. Хосууд одоо нэг хүүхэдтэй.
Бөхийн удамт хань
Дөрвөн ч том ой давхацсан наадмаар одтой барилдаж, МУ-ын гарьд хэмээх хүндтэй цолны эзэн болсон энэ эрхмийг хүмүүс андахгүй. Үзэгчдийг суудлаас нь өндөлзүүлсэн уран хурц, дайчин барилдаанаараа Ж.Бат-Эрдэнэ гарьд Монгол бөхийн дэвжээнд өөрийн орон зайгаа тунхаглаж чадсан хүчтэн. Тэгвэл түүний гэр бүлийн хүн Архангай аймгийн харьяат, улсын начин Өлзийбаярын охин аж. Гарьдын хадам аав олноо "тавхай" хэмээн алдаршсан улсын заан Лувсан хэмээх харьшгүй хүчтэн байсан. Харин хадам ээж нь сумогийн ёкозуна Харумафүжи Д.Бямбадорж, Улсын начин Д.Лхагвадорж, гарьд Н.Ганбаатар нарын авга эгч. Тэгэхээр нэг гэр бүлийн хоёр хоёулаа бөхийн удамтай ховорхон тохиол энэ гэр бүлд бүрджээ.
Санжаа зааны сэтгүүлч гэргий
Домогт хоёр Мөнх, хожуу үеийн зургаан залуу заанаас хойш Монгол бөхийн торгон ногоон дэвжээнд тодронхон байгаа хүчтэн бол Улсын заан Ч.Санжаадамба. Олон жил улсын цолонд хүрэх бөхчүүдийн тааварт дээгүүр бичигдэж явсан Ч.Санжаадамба заан аймгийн начин цолтой байхдаа л ирээдүйтэй бөх гэдгээ харуулж чадсан. Тахим өгч, авахаас эхлээд Монгол бөхийн ёс жудгийг үлгэр жишээ баримталж буй хүчит зааны ар талыг найдвартай авч яваа гэргийг нь Б.Солонго гэдэг. Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харьяат энэ бүсгүй сэтгүүлч мэргэжилтэй ч аагтай, алдартай нөхрийнхөө ар талын ажлыг амжуулахын тулд мэргэжлээрээ ажилдаггүй гэнэ лээ. Хосууд өдгөө нэг хүүтэй бөгөөд Санжаа заан ирээдүйд бөх болгох хүсэлтэй байдаг гэсэн шүү.
Ирээдүй харцагын хуульч гэргий
Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын харъяат, МУ-ын харцага Түвдэндоржийн Өсөх-Ирээдүйг заал танхимын барилдаан барагтай бол алгасдаггүй сайн бөх төдийгүй боловсрол мэдлэгтэй залуу хэмээн олон түмэн үнэлдэг юм билээ. Тэрээр хоёр талдаа бөхийн удамтай бөгөөд өвөө нь Дундговь аймгийн харъяат Тамсагбулагийн “Босоо хар” хэмээх цэргийн заан Б.Сосорбарам гэж хүн байсан. Харин гэргий Хулан нь Завхан аймгийн харъяат бүсгүй бий. Мөн л бөхийн удамтай хэмээдэг. Харцагын эхнэр Хулан нь хуульч мэргэжилтэй бөгөөд хосууд хоёр хөөрхөн охинтой.
Орооцолдсон барилдааны “од”
Орооцолдсон барилдаанд хамгийн одтой барилддаг нь улсын харцага А.Бямбажав гэдэгтэй бөх сонирхогчид маргахгүй биз. МУ-ын начин цолны тааварт олон жил бичигдэж ирсний эцэст улсын харцага хэмээх цолыг хүчит арслан Д.Ганхуягийг даван хүртэж байсан цаг саяхных. Магадгүй түүнийг харцага гэхээсээ илүүтэй цэргийн хурц арслан гэвэл хүмүүс сайн таних байх. Түүний гэргий Н.Батхишиг хэмээх эмч мэргэжилтэй сайхан бүсгүй байдаг бөгөөд хосууд нэг нутгийнх болохоор багаасаа бие биенээ сайн мэддэг байсан гэнэ билээ. Хосууд хүү, охин хоёртой.
Пүрэвжав + Пүрэвжав
Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын харъяат улсын харцага Л.Пүрэвжав 2004 онд Ардын хувьсгалын баяр наадмаар жинхэнэ цойлж гарсан бөх. Аймгийн начин болоод тэр жилээ улсын баяр наадамд анх удаагаа зодоглоход нь хэн ч улсын цолд хүрэх тухай таамаглаагүй байсан. Гурвын даваанд улсын начин Ц.Баянмөнх, дөрвийн даваанд хоёр жил дараалан түрүүлж, аварга цолтой анхны наадамдаа зодоглож байсан, аралтай бяртай аварга Г.Өсөхбаярыг, дараа нь уран хурц барилдаант харцага Э.Батбаатар, Г.Ганхуяг нарыг дараалан тахим буулгасаар МУ-ын харцага цолны болзол хангасан түүхтэй. Тэр цагаас хойш Л.Пүрэвжав төрийн их баяр наадамд дөрвөн удаа шөвгөрөөд байгаа зааны эрэмбэтэй харцагуудын нэг. Түүнийг бөхийн спортод анх хөтөлж ирсэн багш нь Монголчуудын хайр хүндлэлд баттай орон зайг эзэлсэн уран хурц барилдаант даян аварга А.Сүхбат гэдгийг олон хүн мэдэх биз. Харин өсөх идэр, үнэн зоригт харцага Л.Пүрэвжавын гэргий мөн Пүрэвжав нэртэй залуухан бүсгүй байдаг. Харцагатай нэг нутгийнх бөгөөд Дундговь аймгийн “Говийн тэнгэр” FM-ийн хөтлөгчөөр нэг үе ажиллаж байжээ.
Р.ЭРДЭНЭБОЛД
Сэтгэгдэл (6)