Анхны тэргүүн хатагтай, МОНЭС-ийн тэргүүн Шаравын ЦЭВЭЛМАА:
Гурав дахь жилдээ “Grand people” болж нэрээ өөрчлөн, хүрээгээ тэлсэн шилдгүүдийг шалгаруулах ёслолын ажиллагааны маань бас нэг онцлог нь энэ жилээс хүндэт Гранд лэди, хүндэт Гранд мэнийг өргөмжлөх болсон явдал. Ахин дахин онцлон хэлэхэд ёслолын ажиллагааны маань чин зорилго нь хүмүүнлэг энэрэнгүй үйлсийг хөхүүлэн дэмжиж, нийгмийн хариуцлагад бусдыг уриалах билээ. Хүн болж төрсний хамгийн том гавьяа нь бусдад хүртээлтэй, олонд тустай амьдрах гэгээн үйлс юм. Энэ нь зөвхөн эдийн засгийн утгаараа төдийгүй оюун санаа, сэтгэлийн өглөг хүртэл буянлаг үйлсийн нэг хэлбэр. Энэ бүхэн дундаас чухамдаа бодит байдлаар бусдад буяны гараа сунгаж, хүмүүнлэг үйлсэд түүчээ болон яваа нэгэн эрхэмсэг хатагтайг бид анхны Хүндэт Гранд Лэдигээр өргөмжилсөн юм. Энэ бол ардчилсан Монголын анхны тэргүүн хатагтай Ш.Цэвэлмаа. Хэдийгээр бүхий л тэргүүн хатагтай нар ямар нэг байдлаар хүмүүнлэгийн үйлсэд гар бие оролцдог нь бичигдээгүй хууль боловч Ш.Цэвэлмаа хатагтайн тухайд энэ сэнтийнээсээ буугаад арав гаруй жилийг ардаа орхиж буй ч хүмүүнлэгийн үйлсэд гар бие оролцсоор байгаа юм. Монголын Эмэгтэйчүүдийн Сан хэмээх ТББ-ыг 2000 онд байгуулсан бөгөөд олон улсын филантропийн үйл ажиллагааг албан ёсоор явуулж, өрх толгойлсон, эмзэг бүлгийн эмэгтэйчүүдэд бодитоор тусалсаар иржээ.
Язгуураасаа эрхэмсэг, ихэмсэг төрхтэй, талбиун, тогтуун ааш араншинтай энэ хатагтай дал шахаж яваа гэхэд гоо үзэсгэлэнтэй, цог жавхаатай яваа нь энэ цаг үеийн нэг бахархал. Түүнтэй уулзахаар явж байхдаа гэнэхэн бодолдоо тавь гарч яваа болов уу хэмээн бодмоглов. П.Очирбат гуайнх Vella Vista хотхоны тэнгэр баганадсан өндөр хоёр байшингийн зүүн талынхад 10 давхарт амьдардаг юм байна. Урдаас Богд уул дүнхийж, хойноос Туул гол, цаадах нь хотын төв цэлийх саруулхан, цэвэрхэн том өрөөндөө цонхныхоо наана олбог дэвсэн хотын төв рүү хараа бэлчээн суух эрхэмсэг хатагтай “Энэ цонхоор хот их гоё харагддаг юм. Манай байр тэнд баригдаж байгаа, 3 жилийн дараа ашиглалтанд орно гэсэн. Хэвлэлүүд тэрбум таван зуун саяар газраа зарсан гээд л бичих юм. Харж, үзсэн юм шиг л бид хоёрыг шоглож байгаа нь тэр. Нэгэнт өөрсдөө байшин сав барьж чадахгүйгээс хойш чаддаг хүмүүсээр нь байшин бариулж байгаа. Газар ховордсон цагт хотын төвийн тийм сайхан газрыг ганц дан байшинтай бид хоёр эзэгнээд юугаа хийх вэ дээ. Баригдсан хойно нь бид хоёр хэд хүргэчүүдтэйгээ хөрш болон нэг дороо амьдрах юм” хэмээн хуучилсаар угтлаа. Одоо амьдарч байгаа байрандаа сарын 4000 доллар төлдөг гэнэ. П.Очирбат гуай бид хоёрын ярианд саад болохгүй гээд ажилдаа яаравчилсан юм байх. Цас бударсан бүүдгэр өдөрт дуртайгаа хэлэхэд өөдрөг, романтик хүмүүс тийм байдаг гэсэн хэмээн ярих. Яг л залуу охид шиг... Үрчлээг нь тоолъё гэхэд таван хуруунд багтахаар толиотой энэ хатагтайтай ярилцаж суухдаа цаг хугацааны хүчит, догшин эргүүлгийг эр зоримогхон, эрс шулуухан туулж гарсан сүр хүчийг биширч суулаа.
Юун түрүүн Grand people ёслолын ажиллагааны маань анхны Хүндэт гранд лэди болсонд тань баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцаач?
Юуны өмнө мэргэжлийн өндөр шаардлагатай “Болор үзэг” наадмаас шилдэг сэтгүүл, мөн уншигчдын санал асуулгаар хамгийн олон санал авч шилдэг болсонд танай сэтгүүлийн хамт олонд баяр хүргэе. Танайхыг анх гарсан цагаас хойш тасралтгүй захиалан уншиж байна. Уншууртай, сайхан монгол бичгийн хэлбэртэй, хамгийн гол нь хэллэг сайтай учраас би байнга уншдаг.
Хүндэт гранд лэди болсны тухайд маш сайхан сэтгэгдэлтэй байгаа. Хамгийн гол нь хүмүүнлэг энэрэнгүй үйлсийг дэмжих буянлаг зорилготой учраас тэгтлээ олзуурхаж байгаа юм л даа. Хүн болж төрснийх хүмүүс бие биедээ дэм тустай, хүнлэг сэтгэлтэй байх шиг сайхан зүйл хаана байх билээ. Энэ утгаар нь танай зохион байгуулдаг ёслолын ажиллагааг ч дэмжиж, талархаж ирсэн. Энэ жилийн тухайд Хүндэт гранд лэди гэх сайхан өргөмжлөлийн эзэн болсондоо баяртай байна. Энэ бол миний гэхээс илүү манай хамт олон, Монголын Эмэгтэйчүүдийн Сангийн маань хийж буй хүмүүнлэгийн үйлсэд өгсөн үнэлгээ гэж ойлгож байгаа.
Хоёулаа уншигчидаа, бусдыг хүнлэг энэрэнгүй үйлсэд гар бие оролцохыг нэг сайхан уриалчих уу?
Уриалахаас илүү учир шалтгааныг нь тайлбарламаар санагдаж байна. Хүн болгон аз жаргалтай сайн сайхан амьдрах эрхтэй. Чухам аз жаргалтай амьдрахын төлөө хөдөлмөрлөж, тэмцэж, тэмүүлсээр ирсэн. Гэвч амьдрал олон өнгөтэй учраас зарим нь сайн сайхан амьдарч байхад дутуу гундуухан амьдарч яваа хүмүүс ч цөөнгүй. Тиймээс боломжтой нэг нь болохгүй байгаа нэгэндээ боломжийнхоо хэрээр тусалж дэмжиж амьдраасай. Дэм дэмэндээ, дээс эрчиндээ гэдэг шүү дээ. Сан маань чухам ийм зорилгоор анх байгуулагдаж байсан түүхтэй. Бас олон улсын филантропийн үйл ажиллагаа явуулдаг үндэсний анхдагч сан гэдгээрээ онцлогтой.
Филантрофийн үзэл 1800-аад оноос Европт үүсэж бий болсон хөдөлгөөн. Санаа сэтгэл, эд материал, цаг заваа бусдын төлөө зориулдаг сайхан үйлс юм л даа. Монголчууд эртнээсээ нүүдэл тосож, цай идээгээ дэлгэж, аяншиж ядарсан нэгнээ халамжилдаг сайхан уламжлалтай. Энэ нь филантропийн нэг хэлбэр. Өвөг дээдэс маань үүнийг филантроп гэж нэрлэж, тодорхойлоогүй ч угийн найрсаг, тусархуу, сайхан сэтгэлийн угаас ийм сайхан үйлсийг амьдрал ахуй, ёс заншилдаа суулгаж, хэрэгжүүлж ирсэн байх юм. МОНЭС хөгжлийн бэрхшээлтэй мөн өрх толгойлсон олон хүүхэдтэй эмэгтэйчүүдэд бодит байдлаар туслах, тэднийг нийгмийн идэвхтэй амьдралд татан оруулахад туслах үйл ажиллагаа явуулсаар арав гаруй жил болж байна. Дотоод, гадаадын хандивлагчдынхаа дэмжлэгээр үйл ажиллагаагаа явуулдаг. Тэдэнд халуун талархал илэрхийлэх ёстой. Чухам тэдний хандиваар эмэгтэйчүүдээ дэмжиж туслах түүнчлэн эмэгтэй удирдагчтай бүлгүүдийг санхүүжүүлж, хөл дээрээ босоход нь тусалдаг. Тэгэхээр бүх зүйл олон түмний тус дэмээр, сайхан сэтгэлийн үр дүнд бүтэж бий болж байгаа биз.
Сэтгүүлийн маань нэр Гранд, ёслолын ажиллагааны маань нэр Гранд. Агуу хэмээх энэ ойлголтын талаар та ямар бодолтой явдаг вэ?
Хамгийн том, агуу, тэргүүн гэх мэт олон утга агуулдаг үг шүү дээ. Агуу юм бүхэн энгийн байдаг гэдэгтэй санал нийлдэг дээ. Дэлхий нийтээрээ даяаршиж буй энэ цаг үед гранд нэрээрээ нийтэд танигдаж байх шиг байна танай сэтгүүл.
Монгол улсын анхны тэргүүн хатагтай хэмээх тодотгол, нэг талаар алдар хүнд танд юу мэдрүүлдэг вэ?
Хүн бүрт заяагаагүй хүндэтгэлтэй хувь заяа юм. Тэргүүн хатагтай байхын жаргал байхад зовлон бас бий. Хариуцлага гэж чухал юм бий. Гадаад дотоодод нөхрөө дагаж айлчлал хийж явахад сайхан. Гэхдээ яг тэр үедээ хариуцлага үүрнэ. Эхлээд нөхрийнхөө нэр хүндийг бодно, цаашилбал улс орноо, монгол эмэгтэйчүүдээ төлөөлж яваа учраас тэдний боловсрол, соёлын түвшинг надаас харах учраас би туйлын хариуцлагатай байх ёстой. Зовлон юундаа байна гэхээр үргэлж бусдын анхаарлын төвд амьдарна. Хувь хүн гэдгээ бараг л мартаж, заримдаа бусдын төлөөнөө үг, үйлдэл бүхнээ цэнэх хэрэгтэй болно. Амьдралд юу эс тохиолдохов, үсээ янзлаагүй нэг өдөр ч олны нүдэнд соргог тусах жишээтэй. Бүх зүйл хоёр талтай байдгийн нэг жишээ юм даа.
Хэдэн настайдаа тэргүүн хатагтай болж байсан бэ?
Дөчин тав зургаатай байсан.
Тэргүүн хатагтай болсны анхны мэдрэмж юу байсан бол?
Баярлаж хөөрөхөөсөө илүүтэй айж сүрдэх мэдрэмж өндөр байсан шүү. Нөхөрт минь яасан их хүнд ачаа үүрэгдэв дээ, яана даа, би ч гэсэн тэр өндөр хэмжээнд байж чадах болов уу, яах бол гээд элдвийн юм бодож байж билээ. Ядахдаа нийгмийн шинэ тогтолцооны анхны ерөнхийлөгч, тэргүүн хатагтай байсныг хэлэх үү.
Нээрээ таны нас 70 шахаж яваа гэж дуулчихаад цочих шиг болсон шүү. Тавь дөнгөж гарч яваа болов уу гэж бодож, төсөөлөөд явсныг яана. Өдий насанд гоо үзэсгэлэн, сүр хүч, ихэмсэг орон зай, эрхэмсэг оршихуйгаа ийм хэмжээнд хадгална гэдэг тэр бүр хүмүүст байдаг хүч чадал биш л дээ. Нууц нь юу вэ?
Нууц гэж сүртэй юм байхгүй дээ. Хувь хүний ертөнц төлөвшихөд хүүхэд балчир насанд авсан
гэрийн хүмүүжил хамгийн чухал нөлөөтэй. Би эмээ өвөөгийн охин л доо. Тэд маань жирийн сайхан малчин ардууд байсан. Байна гэж битгий онгич сагсуур, байхгүй гэж битгий гуньж гутар. Байгаа цагт байхгүй юм шиг, байхгүй цагт нь байгаа юм шиг аливаад хандаж байгаарай. Муу хэллээ гээд битгий гунь, сайн хэллээ гээд бүү баярлаж сагсуур бай, түвшин сайхан, хүлээцтэй байгаарай гэж сургаж өсгөсөн. Намайг хиргүй сайхан тунгалаг сэтгэлтэй, уужуу болгож өсгөсөнд эмээ, өвөөдөө талархаад баршгүй. Тэр хүмүүжлийн үр юм байлгүй, надад ямар ч атаа жөтөө, авах идэхийн шунал байдаггүй. Энэ араншин бүхий л амьдралын минь турш сайнаар оршин тогтноход, байр сууриа олоход тус болсон юм болов уу гэж боддог. Би ер нь их тайван зантай хүн л дээ. “Оюунтүлхүүр” сударт “Жаргалын дээд нь сэтгэлийн амар амгалан” гэсэн байдаг шүү дээ. Энэ сэтгэлийн мэдрэмж их чухал. Нууц гэвэл энэ сэтгэл юм болов уу. Бусдаар гоц гойд арчилгаа, сүйдтэй жор гэх юм байхгүй. Өдөр болгон гоо сайханд ороод байдаггүй, айхтар хоолны дэглэм бариад байддаггүй. Эмэгтэй хүн л болсон хойно гоо сайхан, гадаад байдал, хоол хүнсэндээ зохистой хэмжээнд анхаарна. Тэгтлээ их жин нэмэхгүйн төлөө бас тэрүүхэндээ тэмцэнэ. Гадна үзэмж, гадаад гоо сайхан яах вэ, гол нь дотоод бие организм эрүүл байх нь чухал.
Ханийн маань өндөр сайхан нэр хүнд байна. Би хажууд нь хувцас хунараа сайхан тохируулан өмсөж, биеэ сайхан авч явах үүрэгтэй. Энэ бол эмэгтэй хүн болгонд тавигддаг үүрэг гэж боддог. “Муу эмийн үр нь гэзгэн бие нь сэгсгэр, гэдсэн бие нь цүндгэр,хашгирч хэлсэн ч дуулдаггүй, хормойгоор өгсөн ч цаддаггүй. Сайн эмийн үр нь гэзгэн бие нь цэмбэгэр, гэдсэн бие нь жавхагар, чимхээр өгсөн ч цаддаг, шивнэж хэлсэн ч дуулдаг” гэж биднийг багад сургаж байсан нь санаанаас гардаггүй юм. Үүнийг насан туршийнхаа мөрдлөг болгож ирлээ.
Сайн явах санааных, сайхан төрөх заяаных гэдэгчлэн өтөлдөггүй гоо үзэсгэлэнд өгөгдөл байдаг юм шиг санагддаг л даа. Та гаднаасаа эрхэмсэг, язгуур ааш төрхтэй харагддаг. Энэ төрх таны мөн чанар, өгөгдөл юм болов уу, эсвэл амьдралын явцад нийгмийн шахалтаас олж авсан олдмол зан чанар юм болов уу?
Хичээж мэрийсэн юм ерөөсөө байдаггүй. Би ер нь их энгийн, байдгаараа л байдаг хүн. Хүний байгаагаараа байх төрх хиймэл төрхөөс илүү бусдад аятайхан харагддаг шүү дээ. Би бас их өөдрөг үзэлтэй хүн.
Та хувь төөрөгт итгэдэг үү?
Итгэдэг. Хэдийгээр шашингүйн үзлээр амьсгалсан нийгэмд амьдралын маань дийлэнх цаг хугацаа өнгөрсөн ч гэлээ эмээ, өвөө маань бурханы шашинд бишрэлтэй улсууд байлаа. Авдартаа бурхантай, эмээтэйгээ орой болгон судар тэврээд гэрээ гороолж, долоон бурханд шанага сүү өргөж бага нас минь өнгөрсөн. Бүх шашныг хүндэтгэдэг. Бүгдийнх нь зорилго нэг шүү дээ. Харин шүтэж бишрэх зүйлгүй байх л хамгийн аюултай. Ерөнхийдөө сэтгэлдээ шүтэж дээдлэх юмтай, бусдад тус дэмтэй амьдарч байхад амьдралын утга учир, аз жаргал оршдог юм болов уу. Хүн ер нь сэтгэлийн амьтан л даа. Бурхан байна гэж итгэвэл байна, байхгүй гэж бодвол хоосон чанар юм. Аав маань сайн муу өдөр гэж байхгүй, энэ ертөнцөд нар гараад гэгээн цагаан өдөр болж гэрэлт нар тэнгэрт мандаж байгаа өдөр болгон сайхан гэж ярьдаг байсан юм. Тэр л сайхан өдрийг өөрөө сайхан өнгөрөөж чадахад, түүнийг аз жаргал гэж хүлээж авахад л учир байх шиг. Болж л өгвөл бусдад туслаж байхсан гэдэг бодол үргэлж дагаж ирлээ. Би ямар ганцаараа амьдарч байгаа биш, ганцаараа сайхан байх тийм ч онц биш, эргэн тойрныхонтойгоо бүгдээрээ сайхан амьдрах юм бол сайхан юм.
Та ингэхэд багадаа ямархуу охин байсан бэ? Амьдралынхаа хувь заяа, сайн сайхныг зөгнөж байсан удаа бий болов уу?
Их мөрөөдөмтгий хүүхэд байсан. Ааш араншингийн тухайд олон ах нарын дунд ганцаараа өссөн болоод тэр үү, эрх дураараа. Намар ах нар хичээлдээ явж, би балчираараа эмээ өвөөтэйгээ үлдэнэ. Яндан хонгиноод, намрын салхинд өрхний оосор дэрвэн жигтэй их уйтгартай цагаар гэртээ ганцаараа сууж байхдаа мөрөөдөж өгнө дөө. Хурдан том болох юмсан, ийшээ тийшээ явах юмсан гэдэг бодол л эргэлдэнэ. Усны шувууд зэллээд буцаж байхыг харчихаад энэ шувууд шиг хол явах юмсан гэж мөрөөднө. Аав хотоос “Огнёк” сэтгүүл авчирч өгдөг байлаа. Сэтгүүлийн дунд хавьд их гоё классик зургууд байх. Одоо бодоход сонгодог уран зургууд байж л дээ. “Даная” гэдэг зургийг харчихаад нүцгэн байдаг нь юун сонин юм, өмсөх хувцас байддаггүй юм байх даа, яасан ичдэггүй юм гэж бодно. Том том малгайтай гоё хүүхнүүдийн зургийг хараад энэ хүмүүс хаана байдаг бол, ийм газар хаана байдаг бол, очихсон гэж мөрөөднө. Тийм л мөрөөдөмтгий хүүхэд байсан даа. Мэдээж эмээ, өвөөгийн хүүхэд болсон хойно хашир, хэрсүү ухаан багаас төлөвшсөн. Сургуульд орсон хойноо адаглаад ариун цэврийн дарга, цаашилбал ангийн дарга, бүлгийн дарга, бүлгэмийн зөвлөлийн гишүүн гээд явж өгсөн. Дарга рамтай гэх үү (инээв). Энэ бүхэн зохион байгуулах чадварт сургадаг юм билээ.
Тостой гараар баримгүй эрх танхи, энхрийхэн залуу насандаа та амьдралын ханиа сонгож, хамтын амьдралд хөл тавьж байсан байдаг. Очирбат гуайн юу нь таны сэтгэлийг хамгийн ихээр татсан бол?
Би эр хүнийг ухаанаар нь үнэлдэг. Түвшин нуруу, алсын хараа, ухаалаг, уужуу тайван зан, мэдлэг боловсрол, буурь суурьтай хүнийг үнэлж дүгнэдэг охин явж. Ганган дэгжин, баар сав хэссэн хүмүүсийг нэг их ойшоодоггүй байсан нь эмээ өвөөгийн охины араншин биз. Дунд сургуульд байхын хамт сурч байсан, Очирбат ахын чинь үгнээс гарахгүй шүү дээ. Ерөнхийдөө энэ бол сайн хүн гэсэн бодолтой. Тэгтэл нэг хотод оюутан болчихлоо. Очирбат маань Уулын дээд сургуулийн гуч гаруй оюутнаас онц сурдаг, Ленинградын Оюутны зөвлөлийн дарга, би оюутны зөвлөлийн гишүүн. Олон удаа хурал цуглаанд оролцож явсаар дотносож, 3-р курсээсээ эхэлж үерхээд 5-р курсдээ Ленинградад хуримаа хийж байлаа. Би хорьтой, Очирбат маань хорингуравтай. Би Ленинградын хэвлэлийн дунд сургууль, Очирбат Уул уурхайн дээд сургуулийг төгсөөд Улаанбаатарт ирж байсан. Очирбат Аж үйлдвэрийн яамны хүнд үйлдвэрийн хэлтэст ажилладаг, Монголын бүх л уурхайгаар явдаг гэрийн бараа хардаггүй хүн байсан. Дараа нь Шарын голын уурхайн ерөнхий инженерээр, би Үйлдвэрчний эвлэлий нэгдсэн хороонд нь ажиллах болж чухам энд л бид хоёрын амьдрал төлөвшсөн сайхан он жилүүд өнгөрсөн дөө.
Тавь гаруй жил ханилна гэдэг урт хугацаа, гайхамшигтай хайр, их хувь заяа. Энэ он жилүүдэд та хоёр бие биедээ их олон инээд, аз жаргал бэлэглэж, бас амьдрал болсон хойно гуниг шаналал, муудалцах үе гарч байсан биз?
Тэгэлгүй яахав. Үнэхээр сайхан амьдрал туулж байна. Муудалцах үе ч байлгүй яахав. Тэр үед муудалцах шалтгаан юунаас гарав гэж дүн шинэжилгээ хийнэ. Хэрэлдэж, муу үг хэлэхдээ биш ярьж, ойлголцохдоо гол нь. Маргахдаа зөвхөн тэр сэдвийнхээ хүрээнд л маргана. Түүнээс биш тээр жил чи намайг тэгсэн, би ингэсэн гэж хаа хамаагүй холын юм хамж хамаатуулж ярихгүй. Буруу бол уучлаарай гэдэг үгийг харамгүй хэлж байх хэрэгтэй. Ингэж л амьдралыг зохицуулж ирсэн дээ.
Ер нь хэр их муудалцаж байсан бэ?
Гайгүй шүү. Огт хоёр өөр орчинд төрж өссөн улсууд чинь зөрчилдөх, муудалцах юм гарна. Залуу явахдаа их дургүй хүргээд байвал захиа бичээд өгчихнө. Тэр нь заримдаа өөрийгөө ойлгуулахад илүү дөхөм байдаг юм.
Ингэхэд ач зээ өнөр өтгөн болж байгаа байлгүй дээ. Хаана амьдарцгааж байна вэ?
Том охин Очирмаа Москвад Элчин сайдын яаманд зөвлөхөөр ажиллаж байна. Бага охин Оюумаа хувиараа бизнес эрхэлж байна. Гадны хөрөнгө оруулалтай “Шаман” гэх компанийг удирдаж байна. Хоёр хүргэн тус тусын бизнестэй. Ач зээ гурван хүү, нэг охин гээд өнөр өтгөн болж байна. Зээ нар маань том нь 25, бага нь тавтай.
Амьдралд алдсаны хүндийг эмэгтэй хүн үүрч үлдэх нь олонтаа гэж та “Эгэл бус зол” номондоо шигтгэсэн байсан. Ямар санаа хэлэх гэсэн юм бол?
Амьдралд алдсан бүсгүй хүн өрх толгойлж, үр хүүхдээ ганцаараа өсгөнө. Гадаа гарч эр, гэрт орж эм болдог болохоор амьдралын хамаг ачааг үүрэх болдог.
Гэхдээ эмэгтэйчүүд бидэнд чинь их уран арга ухаан байдаг юм шүү дээ. Уран бэрийн ухаан гэж манайхан эртнээс онцолж ирсэн. Тэр уран ухааныг хааяа биш байнга л гаргаж байхыг амьдрал шаарддаг.
Эмэгтэйчүүд гэж ер нь хэн юм бол оо?
Эмэгтэйчүүдийг бурхан их л хөөрхөн зохиосон. Уран, ухаалаг, амьдралыг зөөллөж, цайруулж явах цагаан сэтгэлтэй, уян зөөлөн байхаар бүтээж. Бурханаас заяасан энэ буянаараа энэ ертөнцийг цагаан сүүгээрээ ивээж явах их нандин бодгаль юм.
Эмэгтэй хүний хүч юунд оршдог юм бол?
Ухаандаа л оршдог болов уу. Монгол эмэгтэйчүүд маань байгалийн шалгарлаар их ухаантай хүмүүс гэж би боддог.
Эрчүүд тэгвэл хэн бэ?
Амьдралын ноён нуруу, уужуу сэтгэл, алсын хараа юм. Тэднийг хайрлах хэрэгтэй, хүндэтгэх хэрэгтэй. Дайн боллоо гэхэд хамгийн түрүүнд эрчүүд эх орон, ард түмнээ өмгөөлж гал ус руу ордог. Амьдралд дан ганц хайр сэтгэл чамлалттай байдаг юм шүү дээ. Хайр сэтгэлээс гадна хүндэтгэл бишрэл маш чухал. Итгэл сэтгэл гэж нэг чухал зүйл бас бий. Эр хүний сүнс, сүлд хийморийг нь доройтуулж, бахархалыг нь нухчин дарж болохгүй. Хайр хүндэтгэлээр улам зоригжиж, гялалзаж байдаг улс.
Хайр гэж юу юм бол?
Хайр гэж зүрх тархи хоёрын нийлэмж юм. Их сайхан торгон мэдрэмж.
Цаг заваа харамгүй үрдэг хобби бий юу?
Хобби гээд байх сүйдтэй юм байхгүй ээ. Өдрийн тэмдэглэл хөтөлж, сонины хайчилбар цуглуулах бол өдөр тутмын шахуу дадал хэвшил болчихож. Аялал зугаалганд явах дуртай. Уран зурганд залуугаасаа дуртай. Очирбатыг Франдад айлчлал хийхэд 2 өдөр Луврын музейд өнжиж элчингийхэн гайхаж бас олзуурхаж байлаа. Хамгаалалт энэ тэр гэхгүй, ийшээ тийшээ явна гэхгүй амар юм гэж байсан. Амьдралын тэр олон өнгө аяс, сэтгэл хөдлөл, үйл явдлыг нэг орон зайд нэг агшинд дүрсэлж тэр нь өнө удаан жил хүний сэтгэлийг татсаар байна гэдэг үнэхээр гайхамшигтай. Зураачийн авьяас гэдэг бурханаас заяасан гоц бэлэг юм гэж биширч, шүтэж явдаг даа.
Дарс уух уу?
Конъяакыг эрхэмлэдэг. Сайн чанарын усан үзмээр хийдэг, тархины судас тэлж, нарийсахаас урьдчилан сэргийлдэг эрүүл мэндийн тустай гэж боддог.
Үнэт эдлэлийн тухайд?
Шунадаггүй. Яах аргагүй нийгэмд эзэлж буй байр суурь маань шаарддаг учраас чанартай цөөхнийг хувцсандаа тохируулж хэрэглэдэг. Үнэт эдлэл зэрэг нь хүний зэрэг зиндааг тодорхойлж байгаа өнгө мөнгөний хорвоод яая гэхэв дээ.
Хувцаслалт, брэндийн тухайд ямар зарчим баримталдаг вэ?
Хувцас тухайн хүний дотоод ертөнц, мөн чанар, нийгэмд эзлэх байр суурийг илэрхийлдэг. Би хувьдаа өөрт тохирсон, мөн чанарыг минь тодотгох хувцас өмсөхийг илүүд үздэг. Моодны жертв болж болохгүй. Үндэсний хувцас гэж гайхалтай зүйл байна. Гадаадад айлчлалаар явахад хувцас давтагдахгүй байх ёстой гэсэн дипломат ёс жаяг байдаг. Тэр үүднээс чамгүй хувцас шүүгээнд цугларсан. Шкаф дүүрэн хувцас байхад өөрийн эрхгүй гар яваад байдаг цөөхөн хувцас гэж байдаг. Огт өмсөгддөггүй хувцас ч бас байдаг. Хоёр жилд нэг ч удаа өмсөөгүй хувцаснуудаа шүүгээнээсээ гаргаж бай гэсэн дэлхийн эмэгтэйчүүдийн баримталдаг бичигдээгүй хууль байдаг шүү дээ. Түүнийг бас хэрэгжүүлнэ. Брэндийн тухайд байх ёстой, гэвч ухаалгаар хандах хэрэгтэй болов уу. Би хувьдаа брэнд шүтэгч биш, ойр зуурын цүнх сэлтээ сонгодог. Их автвал мөн ялгаагүй брэндийн золиос болно байх.
Цаг зав гаргаж ярилцсанд баярлалаа. Бусдад туслах сайхан сэтгэл, хүнлэг энэрэнгүй үйлсэд тань улам их амжилт хүсье.
Ярилцсан М.Уранчимэг
"Гранд сэтгүүл" №33
Сэтгэгдэл (2)