Ядуу айлын чадуу охин
Тэр бол хар үнсгэлжин ч гэж хэлж болно. Тэр л АНУ-д нөхрөө алдаршуулах замыг нээж, Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх санааг ч сэдэж, кампанит ажлыг бүхлээр нь удирдсан.
Тавин жилийн өмнө Мишелийг хорвоод мэндлэхэд аав ээж хоёр нь Чикагогийн ядуучуудын Саут-Сайд дүүрэгт балгас болох шахсан үзэмжгүй байрны хоёр өрөөнд аж төрдөг байсан юм. Харин одоо тэр Цагаан ордонд байрлах боллоо. Мишель Ла Вон Робинсон хэмээн түүнийг багад нь нэрлэдэг байлаа. Мишель ах Крейгтэйгээ хамт нэг өрөөндөө амьдарна.
Ээж нь гэртээ “зүгээр”-ийг хийж, харин аав нь ус дамжуулах станцад өдөржин шөнөжин зүтгэдэг байлаа. Бүр өвдөж, хавдлаа ч гэсэн ажлаа таслах эрх түүнд үгүй. Учир нь гэрт нь түүнийг амаа ангайсан гурван хүн хүлээж суугаа. Эцэг Фрезер нь багахан мөнгө олдог ч хүүхдийнхээ ирээдүйн төлөө түүнээсээ цааш нь хийж, хадгалж чаддаг байж. Энэ хадгаламж ч үнэхээр хүүхдийнх нь ирээдүйд хэрэг болсон.
Хүү Крейг нь аавынхаа цуглуулсан мөнгөөр их сургуульд элсэж, улмаар сагсанбөмбөгийнх нь багийн од болж, аажимдаа Орегоны их сургуулийнхаа багийн дасгалжуулагч болж, үеийнхээ бүсгүйчүүдийн зүрхийг гижигдсэн нэгэн гэгдэв.
Харин дүү охин Мишель нь балетчин болох хүслээ биелүүлж чадаагүй ч анхнаасаа л орон нутгийнхаа хамгийн сайн сургуульд суралцахад мөн л Фрезерийн хадгаламж, ухаан хэрэг болов.
Сэтгүүлчид Мишелийн дунд сургуулийн ангийн хүүхдүүдийн нэрсийг шүүн үзээд тэнд Санита Жексон гэдэг охин байсныг түүнтэй Мишель их дотно найз байсныг олж мэдэж. Санита Жексон бол хүний эрхийн төлөө тэмцэгч нэрт улстөрч Жесси Жексоны охин байж. Жесси Жексон цагтаа АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэрээ дэвшүүлэх алхам хэд хэдэн удаа хийж байсан нэгэн.
Тиймээс ийм эцэгтэй охины найз байсан Мишель Ерөнхийлөгчийн тухай бодох тэнхэл багаас нь байсан хэрэг. Энэ нь хожим Обамагийн урам зоригийг бадраан анхны хар арьст Ерөнхийлөгч болох боломжийг олж харах үндэс суурь нь болсон гэж болно.
Албаны роман
Барак Обама ер нь ажлынхаа амжилтыг ч Мишелийн буянаар эхэлсэн гэж хэлж болох нь. Принстон, Харвардын их сургуулийг нэр төртэй төгссөн Мишель хууль зүйн “Сидней Остин” конторт ажилладаг байж. Харин тэр компанид Обама хэмээх хачирхалтай нэртэй залуу дадлага хийхээр дараа нь иржээ. Мишель түүний дадлага удирдагч болов.
Мишель Барак Обаматай анх уулзаад:
-За, ийм нэртэй хүн ч ирээдүйд олигтой явна гэж байхгүй биз дээ… гэж бодсон тухайгаа хожим хэвлэлд өгсөн ярилцлагадаа ний нуугүй хэлсэн нь бий.
Гэтэл нөгөөх олиггүй нэртэй залуу чинь анхныхаа яриан дээр л:
-Таныг мөхөөлдсөөр дайлья. Хамт хоолонд орох уу? гэжээ.
Мишель энэ тухай дурсахдаа “Би түүнийг бүсгүйчүүдийн толгойг хэрхэн эргүүлэхээ мэддэг эр юм даа” гэж бодсон гэжээ.
Тэд компанидаа хоёулхнаа хар арьстан нь байж. Энэ нь тэднийг ойртон дотносоход нөлөөлж, харин хөндлөнгөөс харахад ихэд гадуурхагдсан хоёр шиг харагддаг байжээ. Ажлын газар үүдсэн энэхүү роман хожмоо гэр бүлээ батлуулахад хүргэлээ.
Гэхдээ эхнэрээ болгохын тулд бас нэгэн айхавтар шалгуур давах хэрэгтэй байлаа. Энэ бол өөрийг нь эргүүлсэн залуу бүрийн өмнө тавьдаг Мишелийн сорилт байлаа. Сорилтын утга нь сагсанбөмбөгчин ах Крейгтэйгээ найз залуугаа сагс тоглуулж, бөмбөг оруулж чаддаг эсэхийг нь сорих. Азаар Барак багаасаа сагс тоглодог байсан тул энэ шалгуурыг тун давгүй давж, ахад нь ч, Мишельд ч үнэлэгджээ.
Ингээд 1992 онд нэг ажлын хоёр нэг гэрт орлоо.
Мишель аанай л нөхрөө ирээдүйд бэлтгэж эхлэв. Мишель хуучин ажлаа орхин, Чикагогийн мэр-ийн дэргэдэх ажлын албанд хөгжлийн хөтөлбөр боловсруулах ажил эрхлэхийн сацуу олон нийтийн ажилд тэн идэвхтэй оролцоно.
2002 онд тэрбээр Чикагогийн их сургуулийн дэргэдэх Эрүүл мэндийн академийн гүйцэтгэх захирлаар томилогдсон бол удалгүй дэд ерөнхийлөгчөөр нь сонгогдсоноор жилдээ 312.818 ам.долларын цалинтай боллоо.
Харин энэ үед Иллинойс мужаас сенатад сонгогдсон Барак түүнээс хоёр дахин бага цалин авдаг байж.
“Обамаманиа”-г бүтээгч
“Сидней Остин”-д маркетинг, оюуны өмчийн ажилтан байсан нь Мишельд хожим их хэрэг болов. Тэр л мэдлэг туршлагынхаа үрээр Обамаг сонгогчдод хэрхэн ойртож хүрэх аргыг зааж өгчээ. Мишель л сонгуулийн үеэрх хамгийн ихээр сэтгэлд хоногшсон үгсийг нь Баракт бэлдэж өгч байлаа. Тиймээс ч зөвхөн түүнд л “Обама бол үзэгдэл” гэсэн ойлголтын зохиогчийн эрх ногдоно. Тэр л нөхрөө олны өмнө жинхэнэ од мэт гэрэлтүүлж, эрч хүчээр гялалзуулж чадаж байлаа. Гэртээ төдийлөн сэтгэгдэл төрүүлэхүйц бус эр нөхөр нь гэрээсээ гарахаараа олны сэтгэлд хэтэрхий хүрээд байсан нь дахиад л Мишелийн ухаан.
Мишель нөхрөө тамхиа хаяхад хүргэсэн. Бас “Нэг өдөр өмссөн оймсоо угаах хувцасны саванд хийж бай”, “Чи ороо долоон настай Сашагаасаа дор хуурах юм аа” гэх юм уу эсвэл “Унтахдаа хэтэрхий их хурхирах юм. Бас таагүй үнэртэй байна” гэх зэргээр гоочлох эрх түүнд л байдаг.
Энэ нь америкчуудад таалагдсан. Тэр Цагаан ордон руу очих гэж яарсангүй. Бүр Чикагогоосоо явахдаа их хойрго байж.
Барак Обамаг Ерөнхийлөгч болоход Иллинойсын сенатчдын нэг суудал хоосорсон. Энэ суудлыг Мишель ангийн анд Санитагийн ах бага Жесси Жексонд олгох гэж ихээхэн хүчин зүтгэл гаргасан нь америкчуудад тийм улайрсан явдал санагдаагүй гэдэг.
Цагаан ордоны тархи нь болж ирсэн нөхөртөө тэр “Тэндэхийн юмыг битгий муухай болгочихоорой” гэж хатуухан хэлсэн гэнэ лээ. Тэндэх гэж Цагаан ордоны хивс юм уу эсвэл Америк улсыг бүхэлд нь хэлсэн эсэхийг таамаглахад бэрх. Ямар ч байсан өөрийгөө бас нөхрийгөө өдий зэрэгт хүргэсэн Цагаан ордоны хар хатагтай америкчуудын амьдралыг бас өөд нь татна гэдэгт эргэлзэхгүй байна.
Мэдрэмж
Тэр нөхрөө, ирээдүйгээ зөв мэдэрдгээс гадна бас хувцсаа сонгохдоо мэдрэмж сайтай. Кубын нэрт загвар зохион бүтээгч Изабель Толедогийн бүтээлээс тэр сонгон өмссөн нь олонд тун таалагдаж, их шуугиулсан. Мөн Тайванийн залуу загвар зохион бүтээгч Жейсон Вугийн гоёлын даашинзыг өмссөн нь түүнийг маш өндөр мэдрэмжтэй гэдгийг нь олонд нотлон харуулсан. Жейсон Ву өөрөө хүртэл тэргүүн хатагтайд загвар нь хачин жигтэй зохисныг хожим нь харчихаад гайхсан гэдэг. Мишель дэлгүүрээр явж байгаад л таалагдснаа авсан нь тэр байж.
Мишелийг хэд хэдэн удаа хамгийн мэдрэмжтэй сайхан хувцасладаг арван эмэгтэйгээр нэр хүндтэй сэтгүүлүүд нэрлэж байлаа. Тэр Гвинет Пэлтроу, Шарлиз Терон нартай зэрэг бичигдсэн юм.
Сүүлийн үед түүнийг Америкийн түүхэн дэх хамгийн үзэсгэлэнтэй тэргүүн хатагтай болох Жаклин Кеннедитэй ихэд зүйрлэх болжээ. Үнэт эдлэл сонгох, хувцсаа тохируулах, биеэ ихэмсэг дэгжин авч явах тал дээр Мишель Жаклинаас тэгтлээ хол хоцрохгүй гэж олон нийт дүгнэх болж.
Энгийн сүлжээ дэлгүүрээс 100-хан ам.долларын хослол сонгож авсан нь шилдэг загвар зохион бүтээгчээр хичнээн удаа эсгүүлж, шийдүүлж хийлгэсэн мэт сэтгэгдлийг нийтэд төрүүлсэн нь түүний нэр хүндийг улам ч өндөрт өргөсөн. Ер нь АНУ-ын Ерөнхийлөгчийн эхнэр 100 ам.долларын хослол өмсчихөөд хичнээн өөрт нь зохиж байсан ч гэсэн олны өмнө гарч зүрхлэхгүй байлгүй. Гэтэл Мишель тэгж зүрхэлсэн төдийгүй олонд таалагдаж дөнгөсөн юм.
Улстөрч эмэгтэйчүүд гэхээр л сонгодог хар өнгийн хослол өмсдөгийг Мишель нэг их баримтлахгүй байгаа. Тэр ер нь хурц тод өнгөнд их дурладаг.
Эр нөхөр нь ард түмэндээ ардчилсан, чөлөөтэй байхыг зөвлөж, тийм орчин бүрдүүлнэ гэж ярьж яваа бол эхнэр Мишель нь олны нүдэнд үнэхээр ардчилсан, чөлөөтэй хувцастай гарч ирсээр байгаа. Юун төлөө Ардчилсан намаас гарч ирсэн нөхөртэй билээ гэсэн шиг тэр ард түмэнтэй тун адилхан, ойрхон хувцаслаж байж тэднийгээ ойлгож, дэмжлэгийг авна гэж сэтгэж буй нь тодорхой.
М.Мөнхжин
Сэтгэгдэл байхгүй байна