Монголд артхаус кино түгээн дэлгэрүүлэх зорилготой “Алтан хальс” холбоо 2013 онд зохион байгуулсан “Монголын андерграунд кино уралдаан”-ыхаа шууд үргэлжлэл болгож, энэ жил “Алтан хальс олон улсын андерграунд кино наадам” нэрийн дор зохион байгуулж байна.
Уралдааны тухай мэдээллийг тавдугаар сараас эхлэн түгээж, Монгол уран бүтээлчдийн богино хэмжээний киног долоо хоногийн хугацаатай хүлээж авахад нийт 33 бүтээл ирсэн бөгөөд Бусаны кино наадмын дээд шагналт, кино найруулагч С.Бямба, “Алтан хальс” холбоог үүсгэн байгуулагчдын нэг, кино найруулагч Ш.Ихбаяр, зураач Ё.Далх-Очир, зохиолч, яруу найрагч Г.Аюурзана, “Гоодаль” сэтгүүлийн эрхлэгч А.Амармэнд гэсэн бүрэлдэхүүнтэй шүүгчдийн баг ажиллаж, эцсийн дүнгээ танилцуулах гэж байна.
“Алтан хальс олон улсын андерграунд кино наадам” гурван хэсгээс бүрдэнэ. “Албан ёсны толилуулт” хэсэгт бид олон улсын шилдэг авангард, бэсрэг кинонуудыг урилгаар, албан ёсны эрхтэйгээр толилуулна. “Уралдаант” хэсэгт монгол уран бүтээлчдийн бүтээлүүдийг үзэгчдэд хүргэнэ. “Уралдаант бус” хэсэгт “Алтан хальс” холбооны шинэ залуу уран бүтээлчдийн бүтээлээс үзүүлнэ.

Шилдгээр шалгарсан нэг бүтээл “Алтан хальс Гран при” шагнал, нэг сая төгрөг хүртэх бөгөөд мөн “Шилдэг хүүрнэлт кино”, “Шилдэг хүүрнэлт бус кино”, “Шилдэг анимаци”, “Шүүгчдийн нэрэмжит шагнал” гэсэн төрлөөр шагнал гардуулах юм.
Монголын кино урлагт цочроо өгөх 33 андерграунд бэсрэг кино, дэлхийн шилдэг богино хэмжээний андерграунд бүтээлүүдтэй танилцуулах “Алтан хальс олон улсын андерграунд кино наадам” 2014 оны зургадугаар сарын 21-нд буюу энэ хагассайн өдөр СУИС-ийн Оюутан театрт 11.00 цагаас болох аж.
Кино наадмыг Монголын Урлагийн Зөвлөл, СУИС-ийн Радио Телевизийн Сургууль, Непко паблишинг ХХК, Энтера дэлгүүр, Синема оф саунд Монголия , Лемон студи ивээн тэтгэж хамтран ажиллаж байгаа юм байна.

Сэтгэгдэл байхгүй байна