Улстөрийн тогоонд сайн муугаараа дуудуулан яваа нөхдүүдийн угшилыг харахаар бизнесийн талбараас орж ирсэн нь олон байгаа. Тиймээс ч Монголын улстөрийг бизнесийн бүлэглэлүүд атгаж байна гэгдэх болсон. Тэгвэл хувь бизнесээ тун амжилттай авч яваа, хараахан улстөрд ороогүй байгаа харьцангуй нэр цэвэр эрхмүүдийг нэрлэж байна.
Долоон Дэд ерөнхийлөгчийн нэг
7800 орчим хүнийг ажлын байраар хангаж байгаа М-Си-Эс группийн Удирдах зөвлөлд долоон Дэд ерөнхийлөгч бий. Тэдний хоёр нь эмэгтэй. Харин бидний онцлон нэрлэж байгаа хатагтай Д.Энхцэцэг бол нэг нь. “Топ мебель”-ийн эзэн гэдгээрээ бизнесийн хүрээнээс анх танигдаж байсан тэрбээр өдгөө үндэсний том группийн улам бүр урагшилж буй үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулж байна. Тэрчлэн бизнесийн талбарт үнэлэгдэж яваа түүний талаар саар мэдээлэл төдийлөн гараад байдаггүй. Харин түүний нөхөр эмч, нийтлэлч Бундангийн Болдсайхан найзуудынхаа хамт “Сонгдо” эмнэлгийн хувьцааны дийлэнхийг худалдаж авсаныг эхнэртэй нь холбон ярьж байсан удаа бий.
“Сонгдо” эмнэлгийг Б.Болдсайхан аваагүй. MCS компани авсан. Аваад түүнд бэлэглэчихсэн. Эхнэр нь захирал болохоор нөлөөлсөн гэхчлэн яригдсан юм. Б.Болдсайхан эмч энэ мэдээллийн хариуд “...би бараг зургаа, долоон жил “MCS”–ийн эмнэлгийн төсөл дээр ажилласан. Эхэндээ их идэвхтэй явсан. Тэгж байтал дэлхийн эдийн засгийн хямрал болоод эднийхэн төслөө түр зогсоосон, би ч хөндийрсөн. Одоо дахин сэргээж байгаа юм билээ. Бүр хамтрагчаа олчихсон төслөө бэлдэж байгаа гэсэн. Харин Сонгдо бол “MCS”-тэй ямар ч холбоогүй. Хэвлэлд гарсан шиг эмнэлэг бэлгэнд авах гавьяаг тэдний өмнө би байгуулаагүй. Манай гэр бүлийн хүн “MCS”-д ажилладаг нь л шалтгаан болдоггүй юм бол тэд ч надад эмнэлэг авч өгөх өргүй. Эхнэр маань ажилладаг учраас би “MCS”-ийн ихэнх захирлыг танина, найз нөхдийн холбоотой” гэж байсан юм. Илүү дутуу ярианд ороогдоод байдаггүй Д.Энхцэцэг захиралтай холбогдсон нэг мэдээлэл иймэрхүү байдлаар залруулагдаж ирсэн юм.
“Алтан тариа”-н П.Цэнгүүн
Үндэсний томоохон үйлдвэрүүдийн нэг “Алтан тариа” ХХК-ийн захирал П.Цэнгүүн уг нь улстөрд орох санаатай. Компани нь 700 гаруй ажиллагсадтай. Гурилын үйлдвэр нь Монгол Улсын дотоодын гурилын хэрэгцээний 60-70 хувийг хангадаг. Арав гаруй салбарт бизнесийн үйл ажиллагаа явуулдаг компанийн эзэн П.Цэнгүүн хэвлэлийнхэнд нээлттэй хүн биш. ДБЭТ-т тавигдаж байгаа бүжгэн жүжгүүдийг алгасах дургүйгээс нь харахад сонгодог урлагт дуртай биз ээ. Мөн олон ном спонсорлосноос нь харахад оюунлаг нэгэн гэж ойлгож болох болов уу. Тэрчлэн охиныхоо хуримыг хөлтэй хийсэн гэснээс өөрөөр хувийн амьдралынх нь талаар дуулдаад байдаггүй. Тэгвэл П.Цэнгүүн захирлын гэргий “МSM” компанийг үүсгэн байгуулагч С.Болормаагийн төрсөн дүү юм байна. Тэгэхээр П.Цэнгүүн эрхэм нам улстөрийн нэрт зүтгэлтэн н.Сүрэн даргын хүргэн болж таарч байгаа юм.
П.Цэнгүүн захирал Ардчилсан намын гишүүн. Сонгинохайрхан дүүргээс НИТХ-д өрсөлдсөн ч гарч чадаагүй гэдгийг нь хүмүүс тэр бүр мэдэхгүй болов уу. “Алтан тариа”-гийн өнгийг зассаар өнөөдрийг хүрсэн түүнийг түс тас гэдгийг нь харин мэдэх хүмүүс нь хэлдэг. Үйлдвэрлэгчид талх, гурилын үнийг дураараа нэмж байна гэж чичлүүлсэнийхээ дараа “Надаар тоглож болох юм шиг бодоод байгаа юм уу. “Хувьчилж болсон юм чинь хурааж болно” гэсэн мессеж ч явж байх шиг. Болно. Худалдаад, нийгэмчлээд авчих, тэгээд төр өөрөө гурилын бизнесээ хийг. Орос, хятад бизнесмэн ч худалдаад авч болно. Тэгээд тэр орос, хятад бизнесмэнээсээ гурилаа худалдаад авна биз, Цэнгүүн муухай харагдаад байгаа бол... Төрийнхөн худал хуурмаг мэдээлэл цацах тусам зах зээл, үнэ, үнэн байдал будилж байна. Худлаа тоо хэлдгийн цаана сайд, дарга нарын шахаа, луйвар байж л байгаа шүү дээ” гэхчлэн тод дуугарсан юм. Хэдийгээр хаалттай ч, ийм маягаар хааяа нэг чанга дуугардаг түүнийг нэр цэвэр гэхэд хэтрүүлсэн болохгүй болов уу.
МСМ-ийн эрхэмсэг хатагтай
Ноён Лоренз Мелшерс, Давид Райнер нарын хамт Монголиан Стар Мелшерс компанийг 1998 онд үүсгэн байгуулсан хатагтай Сүрэнгийн Болормааг нэр цэвэр хүнээр нэрлэж байна. Монгол, Герман, Америкийн хамтарсан хөрөнгө оруулалттай Монголиан Стар Мелшерс компани дэлхийд тэргүүлэгч компаниудыг монголын зах зээлд төлөөлж ирсэн юм. Тэрчлэн энэ компанийг төдийгөөс өдийг хүргэхэд ухаан, хүчээ зориулж ирсэн, бизнесийн талбар дахь өөрийн орон зайгаа хэдийнэ эзлэсэн С.Болормаа хатагтайн талаар таагүй мэдээлэл бараг үгүй болов уу. Тэрбээр эх орныхоо бүтээн байгуулалтад амьдралаа зориулсан нам улстөрийн нэрт зүтгэлтэн н.Сүрэн даргын охин юм. Тэрчлэн бизнесийн салбараас гадна улстөр дэх оролцоогоо нэмэгдүүлж яваа.Нидерландын Вант Улсаас Монгол Улсад Суугаа Өргөмжит Консул гэдгийг нь тодотгоё.
Түүний үүсгэн байгуулсан Монголиан Стар Мелшерс компанийн тухайд 300 гаруй хүнийг ажлын байраар хангаж байна. Компанийнх нь бизнесийн үйл ажиллагаа хувь хүн, пүүс компани цаашлаад эх орны эдийн засагт хувь нэмрээ оруулж байгаагаар хязгаарлагдахгүй. Боловсрол, эрүүл мэнд, урлагийн салбарыг дэмжин ажиллаж, дэлхийд алдартай брэндийн нүүр царайг эх орондоо таниулж яваа, амжилт өөд дэвшиж яваа залуу компани хэмээн тодотгодог юм. МСМ нь олон салбарт үйл ажиллагаа явуулж байна. Автомашины салбар нь гэхэд Daimler AG, Chrysler, Jeep, Dodge болон Webasto зэрэг брэндүүдийн албан ёсны дистрибьютороор ажиллаж байна.
Улстөрждөггүй бизнесмэн
10 гаруй жил “Гацуурт”-аар овоглож байгаа Л.Чинбат эрхмийн талаар чихэнд чимэггүй мэдээлэл төдийлөн гараад байдаггүй. “Гацуурт”-ын уурхайн ажил эхэлж байсан 1998 онд “Гурван гол” компанийн хувьцаа эзэмшигч байсан тэрбээр “өрх” тусгаарлаж “Гацуурт” компаниа байгуулсан түүхтэй. Улмаар Оросуудад ашиглуулж байсан Гацууртын ордыг монголчууд өөрсдөө ашиглаж эхэлсэн юм. Гэхдээ Л.Чинбат гэдэг хүн нилээд хожуухан олонд танигдсан. Анх Ерөнхий сайд асан С.Баяр түүнийг газар тариалангийнх нь үйл ажиллагаагаар дамжуулан магтан танилцуулж байсан. Улстөржихгүйгээр улс орондоо үр бүтээлтэй ажиллаж байгаа хүмүүс байна хэмээн түүнийг тодотгож байсан юм.
Л.Чинбат захирал уул уурхай руу эрт орсон нь учиртай. Тэрбээр геологич мэргэжилтэй хүн. Тиймээс ч мэргэжлээрээ ажиллаж байгаад мэргэжлийнхээ чиглэлд бизнес эрхлэхээр шийдсэн аж. “Гацуурт” уурхайн үйлдвэрлэл анх 50 гаруй хүнтэй эхэлж байсан бол Гацуурт компанид өдгөө 1400-гаад хүн ажиллаж байна. Геологи, уул уурхай, газар тариалан, мал аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, аялал жуулчлал, барилга, гадаад дотоод худалдаа, спорт сургууль, телевиз гэсэн үндсэн есөн чиглэлд 25 салбар, аж ахуйн нэгжтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа тус компанийг Л.Чинбат удирдаж байна. Тэрбээр газар тариалангийн салбарт хөл тавьсан талаараа “...Хүмүүс намайг мөнгөтэй болоод л газар тариалангийн салбарт орсон гэж ойлгодог. Газар тариалангийн салбарыг сонирхох болсон шалтгаан маань Монгол орноо оршин тогтнож үлдээхийн тулд өөрийн хувь нэмрээ бага ч болов оруулья гэж үзсэн хэрэг. Манай өвөө тариачин, миний аав ч тариачин байлаа. Аав маань газар тариалангийн ажил хамгийн буянтай үр өгөөжтэй ажил гэдгийг надад байнга сургасаар ирсэн. Тиймээс надад газар тариалан гэдэг үг ойрхон байдаг юм. Нөгөө талаас Монгол хүн эрүүл байх ёстой. Эрүүл Монгол хүн эх орныхоо төлөө ихийг хийж бүтээнэ шүү дээ. Тэр утгаараа хүнс гэдэг улсын стратегийн бодлого байх учиртай. Ер нь манайх мах, сүү, хүнсний ногоо, будаа, гурил гэсэн энэ таван зүйл дээр улсын хэмжээнд дотооддоо тодорхой хувь бүрдүүлдэг болох ёстой. Ингэснээр ядаж үр хүүхэд маань эрүүл бойжино биз дээ. Эрүүл хүн өсч өндийнө гэдэг чинь ирээдүйд нутаг дэвсгэрээ бүрэн хамгаалж чадна гэж боддог” хэмээн ярьж байсан юм.
Сүлжээ ресторануудын эзэн
Номадсын Сүлжээ Ресторануудын эзэн М.Есөнмөнхийг нэр цэвэр эрхмээр тодотгож байна. Түүний “Хаан гэр” ХХК нь “Modern Nomads” монгол хоолны рестораныг 2003 онд анхлан нээсэн нь монголын анхны сүлжээ зоогийн газрын эхлэлийг тавьсан. Тэгвэл өдгөө сүлжээ ресторан гэдгийг утгаар нь ажиллуулж байна. Nomad Legends Монгол клуб, City Nomads буфет ресторан, Славянский базар ресторан, сонгодог европ зэрэглэлийн ZING ресторан, Америк стандартыг бүрэн эрхтэйгээр хэрэгжүүлэх франчайз ресторан BD’s mongolian barbeque болон Детройт Америк Барыг нээн ажиллуулж байгаа. Мөн Modern Nomads рестораны салбарууд Дархан, Эрдэнэт, Зүүн Хараа хотуудад хэдийнэ үүдээ нээсэн. ОХУ-ын Улаан-Үд хотод Modern Nomads Монгол хоолны ресторан, Happy Land түргэн хоолны ресторан, Silk Road Coffee Shop, Irish Pub, Эрхүү хотод “Кочевник” монгол хоолны ресторануудаа нээсэн юм. Рестораны бизнесээрээ ийн танигдсан М.Есөнмөнх захирал урлагт элэгтэй нэгэн.
Тухайлбал, “Би чамд хайртай 2” “Татар ажиллагаа” зэрэг уран сайхны кинонуудын продюсерээр ажилласан билээ. Найруулагч Ж.Солонго түүний талаар “...Ер нь бизнесмэн, ийм чадалтай залуусыг кинонд оролцуулах нь зөв юм. Эд бол биднээс илүү маркетинг хийж байгаа. Бид хийж чадахгүй шүү дээ. Ерөөсөө Монголын кинонд маркетинг гэж урд нь байгаагүй. Хэзээ ч байгаагүй...” хэмээн ярьсан юм. Харин М.Есөнмөнх өөрөө бол “Би чамд хайртай” киноны хоёрдугаар ангийг хийх юмсан гэсэн хүслийг олон жилийн өмнөөс тээж явсан гэдгээ хэлж байв.
М.МӨНХЖИН
Сэтгэгдэл байхгүй байна