Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэнгийн хүү зураач Л.Саранхөхөө реалист урсгал чиглэлээр уран бүтээлээ туурвидаг. Уран зураг судлаач, сонирхогчид түүний мэдрэмжийг өндрөөр үнэлдэг юм. Харин бид түүнээс сонирхолтой 9 асуултад хариулт авсан юм.
Ингээд Л.Саранхөхөө эрхмийн 9 хариултыг хүргье.
-Танд саран дээр буугаад зогсохгүй 20 минут саатах гайхалтай ховор завшаан олдлоо гэж бодъё. Тэгвэл та тэнд зураг зурах уу?
-Ерөөсөө энэ тухай бодож үзээгүй юм байна. Ер нь дүрслэх урлаг, утга зохиол ч тэр өөрийн үзсэн харсан зүйлээ хийдэг, туурвидаг. Бүтээл гэдэг байгаа зүйл, байхгүй зүйлийн дунд амьдардаг юм шиг. В.Инжинааш хамгийн үнэн, хамгийн худлаа хоёрын дунд уран зураг оршдог хэмээн хэлсэн байдаг. Тэгэхээр саран дээр очиж үзээгүй болохоор ямар ч төсөөлөл алга.
-Амьдралыг өнгөөр төсөөлвөл?
-Саарал өнгө гэж боддог. Хамгийн хар, хамгийн цагаан тэр хоёрын дунд саарал өнгө оршдог. Сайн нь байхад муу нь бас байж л байдаг. Амьдрал бол энэ хоёрын нэгдэл.
-Хүн хамгийн муу санаатай амьтан гэдэгтэй та санал нийлэх үү?
Харьцангуй ойлголт. Амьтан юу бодож сэтгэж байгааг бид мэдэхгүй шүү дээ. Магадгүй хүнээс илүү ухаантай ч байж болно. Хорвоо бол хязгааргүй. Сайн нь ч тэр, муу нь ч тэр. Ер нь хүнийг хамгийн муу дотортой гэж хэлж чадахгүй.
-Бурханд гомдож байсан уу?
-Бурханыг байхгүй гэж хэлж болохгүй л дээ. Харин түүнийг хэлбэр, дүрсэд оруулж нэр өгөөд байх нь онц биш юм. Бидний муу, сайныг бүгдийг нь ялгадаг юм болов уу. Тэгж гомдоод байдаггүй. Хүн болж төрсөндөө баярладаг. Бурханд би гомдоод яахав. Буруу зүйл хийсэн бол бурхан надад л гомддог байх.
-Таны айдас?
-Янз бүрийн юм байдаг байх.Тийм зориг зүрхгүй хүн болоод яахав. Айдас ч гэсэн муу юм. Муу зүйлээ л дагаж байдаг байх. Тиймээс ийм зүйлээс аль болох хол байвал айгаад байх зүйл юу байхав. Чөтгөр хүртэл муу зүйл санахгүй бол ирэхгүй гэдэг шүү дээ.
-Амьдралдаа хийж байсан хамгийн саваагүй зүйл?
-Амьдралд тийм зүйл их шүү дээ. Хүн ер нь санаатай бөгөөд санаандгүй зүйлээр дүүрэн. Харин алдсан зүйлийг л саваагүй гэж хэлээд байгаа байх. Хүн амьдралынхаа ихэнх хэсгийг алдаа оноогоор туулдаг. Яг одоо миний санаанд буугаад байгаа зүйл алга.
-Таны мэдээ орсон мөчөөс дэргэд тань нэг ч эмэгтэй хүн байхгүй. Тэгээд 40 нас хүрчихлээ. Юу бодогдох юм бэ?
-Тийм зүйл гэж байхгүй байх. Ер санаанд буухгүй байна. Байгаль өөрөө хүнийг эр, эм гэж заяаж төрүүлдэг. Зүй зохицол нь ч тийм. Миний бодлоор эмэгтэй хүн эр хүнээс олон зүйлээрээ давуу тал ихтэй. Хүнийг хайрлаж, халамжлах тал дээрээ ч тэр. Ер нь хорвоод ганц олдох амин чухал зүйл бол ижий, аав хоёр минь. Тэрнээс хүнд албан тушаал, эд хөрөнгө гэхчлэн зүйлс хэзээд олдож болно. Ер нь хамгийн чухал нь ээжийгээ хайрлах юм болов уу. Эмэгтэй хүнээс хүн эхэлдэг.
-Мөнгийг харахад цаас шүү дээ. Тэгсэн атлаа яагаад тийм хүчтэй байдаг юм бол?
-Мөнгөний тухай их боддоггүй. Яагаад гэхээр би мөнгөтэй байж үзээгүй, мөнгөгүй ч байж үзээгүй. Зүгээр л дунд нь амьдарсан. Тэгэхээр мөнгө цаас ч юмуу. Эсвэл өөр юу ч юм гэж бодож байгаагүй. Мөнгөний хүч чадлыг мэдрээгүй л байна.
-Та зурсан зурагтайгаа ярьдаг уу?
Янз бүрийн хүмүүс байна. Зүүдлээд өглөө нь сэрээд зурдаг хүн байхад, өөр ертөнцтэй холбогддог. Зурсан зурагтайгаа ярьдаг хүн бас байна. Миний хувьд шудрагаар хэлэхэд тийм зүйлийг өөрийнхөө биеэр үзээгүй. Тэгэхдээ зураг бол амьтай. Фото аппаратаар авсан зураг нэг тийшээ л хардаг. Харин зурсан зураг бол хаашаа ч явсан дагаж хардаг. Сэтгэлээ өгч хийдэг болохоор зураг өөрөө амьтай.
М.МӨНХЖИН
Сэтгэгдэл байхгүй байна