Азийн хатан хаан Г.Оюунгэрэл: Дараа жилээс дахин маамуулна

Азийн хатан хаан өргөмжлөлт загвар өмсөгч Г.Оюунгэрэлтэй  сонирхолтой яриа өрнүүлснээ уншигч та бүхэнд хүргэж байна. Ээж болсноосоо хойш хэвлэлээс зайдуухан оршиж буй бүсгүйгээс асуух асуулт хэн бүхний толгойд дүүрэн байгаа тул бид ч ийн хууч хөөрсөндөө ихэд олзуурхав. Дэлхийн миссийн тайзнаа гунхаж, бикини миссээр шалгарч байсан тэрээр энэ жилийн оролцогчид туршлагаа хуваалцахаар зохион байгуулалтын багт багтсан байна.


-Хүү нь том болж байна уу. Ээж болоод ажин түжин байлаа шүү?
-Манай хүү ой хоёр сартай том эр болсон. Ээж болох үнэхээр сайхан юм байна. Хүүгээ өдөр бүр шинэ юм сурч байгааг хараад бахархаад л. Хэдийгээр ээж болсон ч гэсэн тайзаа удаан орхиогүй. Хүүгээ төрүүлээд гурван сарын дараа тайзнаа гарсан. “Урлах эрдэм”-ийн шоунд оролцсон. “New York Fashion Week”-д яваад ирсэн. Саяхан нэг рекламанд тоглолоо, ер нь бол тасралтгүй ажлаа хийж байгаа. “Дэлхийд нэртэй Монгол” ТББ байгууллагыг найзуудтайгаа хамтран байгууллаа. Катя Зол, би гээд хэсэг хүмүүс бий. Бид гадаадад шоунд оролцохын зэрэгцээ монголдоо томоохон хэмжээний шоу зохион байгуулна. Загварын салбарт ажиллахаас гадна бодож төлөвлөсөн зүйл зөндөө байна.
 

-Хүүдээ ямар нэр хайрласан бэ?
-Б.Сүлд-Очир гэж нэрлэсэн.
 

-Солонгост амаржсан билүү?
-Солонгост амаржсан. Тэнд бизнесийн удирдлагаар магистр хамгаалж байсан юм.  Хичээл дуусчихсан дипломын ажил бичиж байхдаа гэнэт өвдөлт өгөөд, төрөх болоод ... Тэгээд төгсөлтөндөө оролцож чадаагүй.


-Холливуд жирэмслэлтийг утгаар нь харуулж чаджээ. Их сайхан харагдаж байна. Бүсгүйчүүддээ зарим нэг шипи өгвөл?
-Нээх өлсөж  хэцүү диет бариагүй. Би цагаан гурил, цагаан будаа ер нь иддэггүй. Дандаа хар гурил органик бүтээгдэхүүн хүнсэндээ хэрэглэдэг. Махыг бол хорих хэрэггүй. Монгол хүний бие организмд дасчихсан байдаг, уургаа ч гэсэн түүнээс нөхдөг болохоор тогтмол мах иддэг. Мах, ногоо, жимс зэргийг түлхүү хэрэглэнэ. Фитнессээр байнга хичээллэдэг. Охид, бүсгүйчүүддээ зөвлөхөд  жирэмслэхдээ аль болох жин их нэмэхгүй байх хэрэгтэй юм билээ. Ихэвчлэн жирэмсэн гээд хэмжээ хязгааргүй идээд жин нэмчихдэг тал ажиглагдсан. Ийм тохиолдолд эргэж турахад хэцүү байдаг юм билээ. Тодорхой 10-12 кг нэмэхэд л болно гэж гарын авлага, ном сэтгүүлд бичсэн байдаг нь гарцаагүй үнээн.
 

-Г.Оюунгэрэл, ээж Г.Оюунгэрэл хоёрын ялгаа юу байна?
-Ээж болоогүй байхдаа хүүхэд, ээж хоёрын хоорондын ертөнцийг ерөөсөө мэддэггүй байсан юм билээ. Ээж болоод л тэр сайхан аз жаргалыг утгаар нь мэдэрч байна.  Ээж гэдэг ийм байдаг юм байна, хүүхэд гэдэг ийм байдаг юм байна гээд л. Г.Оюунгэрэлээс ээж болсон Г.Оюунгэрэл илүү аз жаргалтай болсон. Ээж болоогүй байхдаа аз жаргалгүй байсан гэсэн үг биш л дээ. Ер нь л нэг тийм сонин, гайхалтай мэдрэмж төрж байна.
 

-Ингэхэд Г.Оюунгэрэл хэр сайн ээж вэ?
-Ерөнхийдөө сайн ээжүүдийн тоонд орох байх.  Наад зах нь хүүхдийн хувцас ямар байвал биенд нь эвтэйхэн байдаг гэдгийг мэддэггүй байлаа. Харин одоо бол сайн мэдэж сонгож байх жишээтэй. Олон зүйл дээр би богино хугацаанд туршлагажсан шүү. Ээж болоод хүүхдүүдэд аль болох тусалж дэмжих юмсан гэсэн бодолтой болсон.  Зорилго ч тавьсан байгаа.
 

-Өөрөө дэлхийн миссийн шалгаруулалтын багт орсон юм байна. Нэгэн цагт дэлхийн миссийн тайзнаа Г.Оюунгэрэл алхаж байсан. Тэр мөч, боломж олдсон тохиол бас сонин юм шүү?
-Тухайн үед агентлагуудад тэмцээний удирдамж тараагдсан. “Монгол модель” агентлагийн Болормаа багш маань орохыг санал болгоод анх шалгаруулалтанд орж тэнцэж байсан. Тэр олон охидоос шалгараад тэмцээнд орох эрхээ авч байхад их бахархалтай санагдаж байсан. Саяхан юм шиг санагдаж байгаа хэдий ч маш олон жил өнгөрсөн байна. Тухайн жил дэлхийн миссд оролцож байсан миссүүдтэйгээ бүгдтэй нь холбоотой байдаг. Фэйсбүүкээр холбоотой байж бие биендээ мэндчилгээ, зураг хөргөө явуулж сайхан найзуудын харилцаатай хэвээр байгаа. Зарим нь ээжүүд болчихсон зарим нь амжилттай яваа гээд л бүхий л зүйлээ ярилцаж хөөрөлддөг. Саяхан гэхэд 2007 оны Дэлхийн миссээр шалгарч байсан хятад мисс хуримаа хийж бид баяр хүргэцгээсэн. Дэлхий өнцөг булан бүрт  сайхан найзуудтай байх сайхан санагддаг. Ямар нэг орноор аялахад тэр улсынхаа мисстэй уулзах жишээтэй. Энэ миний амьдралын хамгийн гоё хуудас. Надад маш их туршлага болж өгсөн.
 

-Тэр үеийн хамгийн мартагдашгүй дурсамж гэвэл?
-Бүхий л зүйл нь гоё байсан. Зураг түүх болж үлддэг болохоор зургаас л харагдаж байгаа юм л даа. Усны хувцастай үзүүлбэр үзүүлэх тэр мөч, орчин нь одоо хүртэл сэтгэлд тод үлдсэн байна. Далайн эрэг дээр тайз засаад усны хувцастай миссийг шалгаруулж байсан. Тэгээд тэндээсээ үргэлжлээд усны хувцастай хүлээн авалт болж, орон орны гоё охидтой бүжиглээд л. Тэр орчин, тэр хэмнэл эргэн тойрон үнэхээр гайхалтай сайхан бүсгүйчүүд ... Бид өдөр бүрийг дурсамжтай сайхан өнгөрүүлж байсан. Би мисс бикинигээр шалгарч байлаа.
 

-Дэлхийн миссийн хамгийн сонирхолтой хэсэг бол авьяасаа үзүүлэх  агшин. Өөрөө ямар авьяас үзүүлж байсан билээ?
-Би аягатай монгол бүжиг бүжиглэсэн. Үзүүлбэр маань шалгараад Бээжинд Улаан загалмайн нийгэмлэгийн үйл ажиллагаанд бас бүжиглэсэн


-Энэ жилийн хувьд охидод ямар шалгуур тавьж байгаа вэ?
-18-25 насны Монгол улсын иргэн, гэрлээгүй гэсэн маш энгийн шаардлага тавьж байгаа юм билээ. Мөн хугацаа хангалттай, бэлтгэх цаг хугацаа байгаа шүү гэдгийг бас энэ дашрамд оролцох гэж байгаа охиддоо дуулгая. Энэ тэмцээнд зориг гаргаад оролцох гэж байгаа охид бүсгүйчүүддээ хандаж хэлэхэд өөрийгөө сориод, нээгээд оролцоосой гэж хүсэж байна. Би хувийнхаа зүгээс чадах чинээгээрээ тусалж дэмжинэ, туршлагаасаа хуваалцана. Манай охидоос улсаа төлөөлөөд амжилттай оролцох бүсгүй байгаа гэдэгт итгэлтэй байна. Яагаад гэхээр, манай улс тасралтгүй арван жил оролцсон болохоор тодорхой хэмжээний түүх, туршлага бий. Тиймээс охид бүсгүйчүүд маань тэмцээндээ идэвхитэй оролцоорой гэж уриалж байна.
 

-Та оролцогчдыг шүүх үү?
-Надад санал тавиад шүү гэх юм бол шүүнэ.
 

-Амралт, аяллын улирал эхэлж байна. Хаана яаж амрахаар төлөвлөж байна?
-Манайх лагерт гарчихсан. Зуныг гэр бүлтэйгээ лагерт амарч өнгөрөөх байх. Өнгөрсөн жил  хүү маань нялх байсан болохоор лагерт гаргаж чадаагүй. Төлөвлөсөн ажлууд их байгаа болохоор одоохондоо төлөвлөсөн аялал алга байна.
 

-Бизнесийн чиглэлээр магистр хамгаалсан юм чинь энэ салбарт хүч үзэх төлөвлөгөө байгаа биз?
-Хувийн бизнес байгаа. Олон нийтэд хаалттай, хэн ч мэдэхгүй. /инээв/  Эхлүүлээд гурван жил болж байна. Дажгүй ашгаа өгөөд эхэлчихсэн шүү.

М.СОНОР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл байхгүй байна

99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025