Манай энэ удаагийн “Гранд рейтинг” булангийн ээлжит санал асуулга Хүнсний сүлжээ дэлгүүрүүдийн үйлчилгээний талаар “Аль нь хамгийн сайн үйлчилгээ үзүүлдэг вэ?” асуултын дор явагдаж байна. Тус бурдээ тодорхой байр суурь эзэлсэн томоохон хүнсний дөрвөн сүлжээ дэлгүүрийг бид сонгож авлаа.
Номин Холдинг ХХК нь 1992 оны 7-р сарын 11-нд “Номин-5” ХЭАА нэртэйгээр байгуулагдаж байсан бол 1996 оны 1-р сарын 22-нд “Номин Трейд” ХХК, 2002 оны 5-р сарын 28-нд “Номин Холдинг” ХХК болж өргөжин хөгжсөөр өнөөдөр худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, барилга, санхүү, даатгал, аялал жуулчлалын чиглэлээр 12 охин компани, 4700 ажиллагсадтай болтлоо өргөжин тэлж, сард давхардсан тоогоор 1 сая шахам үйлчлүүлэгчид үйлчилж, улсын төсөвт жилдээ 40 тэрбум төгрөг төлдөг олон жилийн туршлагатай компани юм.
Макс Группийн хувьд анх 1992 онд 2 гишүүнтэйгээр экспорт, импортын чиглэлээр бизнесийн гараагаа эхэлснээс хойш үйл ажиллагаа нь улам өргөжин тэлж эдүгээ бөөний болон жижиглэнгийн худалдаа, үйлчилгээ, барилга, үйлдвэрлэл, газар тариалан, уул уурхай зэрэг олон салбарт үйл ажиллагаа явуулдаг нэр хүндтэй томоохон групп компани болтлоо өргөжин хөгжжээ.
Монхангай группийн Миний дэлгүүр сүлжээ нь 1992 оноос үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд 20 гаруй МИНИЙ сүлжээ супермаркетуудыг, хот хөдөөгийн 100 орчим франчайзингийн дэлгүүрийг амжилттай ажиллуулж байна. Тус групп нь Монголын худалдааны салбарыг дэлхийн төвшинд гаргахад өөрийн хувь нэмрийг оруулж байгаа хамгийн өргөн сүлжээний бизнестэй байгууллага билээ. Улс эх орныхоо хүнсний аюулгүй байдлын манаанд байнга зогсож байдаг МИНИЙ сүлжээ нь өөрийн улсын итгэмжлэгдсэн хүнсний лабораториор өдөр бүр бараа бүтээгдэхүүнээ шинжлэн ажилладаг гэж өөрсдийгөө тодотгодог.
Сансар хүнсний сүлжээ нь “Алтан Жолоо” группын харъяа юм. Анх 1992 онд "Алтан Жолоо Трейд" нэртэйгээр үүсгэн байгуулагдаж худалдаа, үйлчилгээний салбарт үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Энэ цагаас хойш тогтвортой үйл ажиллагаа явуулан тасралтгүй өргөжин тэлж, өнөөдрийн байдлаар худалдаа, үйлчилгээ, хүнсний үйлдвэрлэл, санхүү хөрөнгө оруулалт, барилга бүтээн байгуулалт зэрэг чиглэлээр "Алтан Жолоо Трейд" , "Алтан Жолоо Импекс", “Алтан Жолоо Констракшн" "Арвайн Үндэс", “Даян-Их" , "Очир Интер Трейд" зэрэг охин компаниуд, 1000 гаруй ажилчин албан хаагчидтайгаар үйл ажиллагаагаа амжилттай явуулахын зэрэгцээ улс орныхоо бүтээн байгуулалт хөгжил дэвшилд гар бие оролцож өөрийн хувь нэмрээ оруулсаар байна.
Ийнхүү Гранд рейтинг эхэллээ. Та бүхэн саналаа өгөөрэй.
Б.ГАН-ЭРДЭНЭ
Сэтгэгдэл (4)