Түүнийг Эндого гэхээс гадна “Жеймс Бонд 007” нэр үргэлж дагадаг. Өөрийгөө үргэлж Бонд хэмээн төсөөлдөг хэмээн Э.Энхболд нэгэнтээ ам алдсанаас энэ нэр үүдэлтэй. Нийслэлийн 62 дугаар сургуулийг дүүргэсэн даруухан хөвгүүн хожим дэлхийн загварын тайзнаа эх орныхоо нэрийг дуурсгасан модель болоод зогсож байх юм гэж зүүдлээ ч үгүй байх.
Тэрээр Английн Кент хотноо болсон “MR world 2013”-ын тайзнаа Төрийн соёрхолт Б.Шаравын “Аав л ээж хоёр минь” дууг эгшиглүүлж авьяаслаг мистерээр тодорч байсан. Угаас урлагт сонирхолтойн дээр СУИС-ийн дуулаачийн ангид нэг жил суралцсан нь түүнд багагүй үр, өгөөжөө өгчээ. Эндого БНСУ-ын “Korean model association”-ы шилдэг эрэгтэй загвар өмсөгчөөр шалгарсан Монголын анхны эрэгтэй загвар өмсөгч юм.
Эндогогийн шоу их хотыг доргиож, залуусыг хуйлруулж буй энэ өдрүүдэд түүнтэй сонирхолтой яриа өрнүүллээ. Их хотын соёл, шоу ертөнц Бондын нүдээр ямар харагдаж байгаа бол? Хамтдаа сонирхоцгооё.
- Өөрийг чинь ер нь шөнийн клубээр тэгтлээ үйлчлүүлдэг Party Man байсан талаар дуулаагүй юм байна шүү. Нэг харсан чинь загварын тайзнаасаа “үсэрч” бууж ирээд л шоу ертөнцөд идэвхижүүлэлт хийж эхэллээ. Санаа нь шинэлэг, сонирхолтой, зохион байгуулж байгаа хүн, оролцогчид нь сонирхолтой болохоор залуусын хандлага сайн байна. Ингэхэд гэнэтхэн яагаад энэ чиглэл рүү урвачихав аа?
-Юуны өмнө уншигчдадаа энэ өдрийн мэндийг хүргье. Мэдээж энтертайнмент, шоу бизнес бол залуу насны эрч хүч, хүсэл тэмүүллээр хийх ажил гэж би хувьдаа ойлгодог. Миний хувьд айхтар хотын соёлыг түгээгээд, нөхдүүдийн зүг чигийг заагаад байгаа юм бол байхгүй л дээ. Монгол улсын шинэ үеийн төлөөлөл, залуу иргэн хүнийхээ хувьд тодорхой хэмжээгээр залуучууддаа үлгэр дууриалал үзүүлэх шаардлагатай.
Намайг хаана ч явсан, юу ч хийсэн модель Энхболд гэдгээр хүмүүс хардаг. Олны нүдэн дээр байдгийн хувьд тодорхой хэмжээний манлайлалтай байх хэрэгтэй юм байна гэж бодсон. Тэр ч үүднээс залуучууд руу чиглэсэн гоё гоё үйл ажиллагаа хийх гэж хичээж байгаа.
Миний ажигласнаар ойрын гурван жилд Улаанбаатарын залуучуудад хувьд парти соёл сууж байна. Улс хөгжиж, хот өргөжин тэлэх тусам залуус цагаа зөв боловсон өнгөрөөх газрын хувьд сонголттой болж байна. Парти соёл залуучуудын дунд их түгж байна. Яг энэ хэрэгцээ, шаардлага дээр тулгуурлаад л залуучуудынхаа дунд гоё үйл ажиллагаа хийх юмсан гэсэн сэдэл надад анх төрж байсан. Надад энэ чиглэлээр арга хэмжээ зохион байгуулсан сүүлийн гурван жилийн туршлага байна. Сүүлийн нэг жил хагас яг энэ чиглэлээ барьж ажиллалаа.
-Гурван жилийн туршлага бол багагүй нөөц, бололцоо байгаагийн илрэл. Өөрийг чинь анх ажлаа эхэлж байхад залуусын парти соёл ямар байв, одоо ямар болсон бэ?
-Бидний үед баарддаг, дискоддог үе зөндөө байсан. Тэр үед одоогийнх шиг club дүүрэн, нэг үеийн гоё залуустай, зөв боловсон, соёлтой шоуддаг байгаагүй юм шиг санагддаг. Нэг club-д орлоо гэхэд нас, хүйсний хувьд ялгаа ихтэй, зодоон цохион гарах энүүхэнд хэцүүхэн байлаа. Одоо бол охид, залуучууд өөрсдийгөө яг тэр шоунд зориулж бэлддэг. Тэр үдэшт зориулж хамгийн гоё дээрээ тавиад, хамгийн гоё найзуудтайгаа фракцлаад, танилын хүрээгээ ихэсгэдэг болсон. Алкохоль мэдээж хэрэглэдэг ч зохистой хэмжээнд барьдаг болсон байна. Нөгөө айхтар зодоон цохион хийх асуудал ч харьцангуй багассан. Парти соёл улам гоё болоосой, залуучууд бие биентэйгээ найрсагаар танилцаж, нэг насны найзууд болох ч юм билүү. Цаашдаа их л сайхан зүйлүүдийг би хувьдаа төсөөлж, хүлээж байгаа шүү.
-Шулуухан асуухад өөрийн чинь зохион байгуулсан шоун дээр таагүй үзэгдэл гарав уу. Монголчууд хэзээний нанчилдаангүй найр хийдэггүй хүмүүс шүү дээ. Асуудлыг зохицуулах нь өөрөө бас асуудалтай юм даа?
-Юуг нь нуух вэ, мэр сэр гардаг. Marquee дээр болсон Party дээр онцгүй явдал тохиолдохын хувьд тохиолдсон. Тодорхой хэмжээгээр тэр дор нь зохион байгуулалтыг авч ажилласан. Бидэнд ер нь тэвчээр дутагдаад байгаа юмуу даа. Залуус их хурц, түргэн ааштай байна. Шийдвэр гаргахдаа, бие биетэйгээ маргахдаа маш түргэн, хурц алхмууд хийдэг. Тэртээ тэргүй ямар нэгэн зодоон цохион, маргаан дээр ялагч тал гэж байдаггүй. Нэг нь эрүүл мэнд, гоо сайхнаараа хохироод л үлддэг. Хүн гэмтээчлээ гэхэд цаг хугацаа, мөнгө төгрөг цаашлаад амьдралд хар бараан толбо болж үлдэнэ. Залуучууд илүү хүцэнгүй, тэвчээртэй байж бие биетэйгээ нөхөрсөг, эвээр учраа олчихдог байгаасай гэж боддог.
-Өөрийн чинь хийж байгаа ажлын зорилго нь сайхан, үүнийг хийж байгаа нь ч их олзуурхууштай. Гэхдээ их стресстэй ажил л даа. Нэг шоу зохион байгууллаа, шөнийн тэдэн цагт хаах ёстой гээд хууль үйлчилж байгаа. Цагдаа, хүчний байгууллагын хяналт байна. Шоу боллоо, тэнд хоёр хүн зодолдоно, энд охид “чихдүүллээ”, бүх хариуцлага өөр дээр чинь унана?
-Ер нь стрессгүй ажил гэж байх биш. Би залуучуудынхаа дунд бужигнаад, хүссэн ажлаа хийж байгаа болохоор кайфтай байна. Мэдээж тодорхой хэмжээний асуудлууд гарна. Тухай тухай бүрт нь шийдээд явчихдаг болчихоор нээх стресстээд байдаггүй. Эрсдэлээ тооцох ёстой. Тэр ч утгаараа аюулгүй байдал, тодорхой асуудлууд дээр анхаарал тавьж байгаа. Тэр бүхнээс айгаад стресстээд би болилоо гэж шантрах, ухарч алхах нь залуу хүний хувьд гаргах үйлдэл биш. Ер нь бол эсэргүүцэлтэй тулгарч байна. Энэ салбарт өрсөлдөөн их. Хууль, эрх зүйн талаас тогтоосон дүрэм журмыг мөрдөх хэрэгтэй.
-Ажиглаад байхад модель хүнд нойр их чухал. Гэтэл өөрөө долоо хоногийн ихэнх цагийг шөнийн партинд зориулчихлаа. Мэдээж шоу зохион байгуулж байгаа юм чинь өөрөө жүүс уултай нь биш, согтууруулах ундаа хэрэглэх болно. Магадгүй загварын карьерт чинь нөлөөлөх юм биш биз?
-Гайгүй ээ. Миний хувьд долоо хоногтоо нэг парти хийлээ гэхэд өөрөө тэнд байдаг. Оройтохгүй найз нөхөдтэйгээ зохион байгуулчихаад гэртээ харьчихна. Гоо сайхны тал дээр манай эрэгтэй моделиудын хувьд харцангуй шаардлага гайгүй. Хамгийн гол нь хүн өөртөө арчаатай байх хэрэгтэй. Тэрнээс биш нэг өдөр бужигнаад, шоудаад бүр “сампираад” хүний өөдөөс харж чадахааргүй болчих нь гэж байхгүй л дээ. /инээв / Партин дээр найз нөхөд зөндөө ирдэг. За найзаа нэг барьчих, гоё болж байна шүү, баяр хүргье гээд л их олон хүнтэй хундага тулгах болдог. Гэхдээ тулгасан болгоноо уугаад байж болохгүй. Тухай бүрд нь аргалана даа. За найз нь ажлаа дуусгаад больё ч гэх юм уу, эсвэл олон хүмүүстэй зэрэг тулгаад явчихна. Аль болох л зайлж зугтах арга хэмжээ л авна даа. / инээв/.
-Ингэхэд уулзсаных асуухад загварын ертөнц сүүлийн үед нам гүн болчихоо юу даа. Учиргүй анхаарал татахуйц цойлсон характертай модель ч харагдахгүй, яг тэр орчимд юу болж байгаа нь ч олны анхаарлын төвөөс гадуур байх болж?
-Тийм ээ, зөв анзаарсан байна. Гэхдээ загварын ертөнцийн хөгжил дэвшил нэг үеэ бодвол сайн байна. Сайн дизайнерууд, боломжийн сайн моделиуд гарч ирж байгаа. Манай улс яг одоо маш эгзэгтэй үе дээрээ явж байна. Улс орны хөгжил дээшээ ч явах гээд байгаа юмуу, доошоо ч явах гээд байгаа юмуу мэдэгдэхгүй. Эндээс үүдээд хүмүүсийн анхаарал тавих салбар, фокуслах цэг нь загварын ертөнц дээр нэг их тусахаа больж. Ерөнхийдөө загварын тэмцээн, уралдаанууд болдгоороо болж, манайхан гадагшаа тэмцээн уралдаанд явдгаараа явж байгаа. Модель, дизайнерууд амжилт гаргасан ч хоорондын уялдаа холбоо муу болохоор тэр бүр дуулиан болгож мэдээлээд байдаггүй. Ер нь загварын салбар ч гэлтгүй манай монголчууд нэгдэж юм хийж хамтдаа хүчтэй байж чаддагүй. Дандаа бие биедээ амбицлаад л, загварын салбар ч тийм байдаг. Тэр ч утгаараа бид нар хүчгүй байна.
-Манай моделиуд санхүүгийн эрх чөлөөнд тэр бүр хүрч чаддагүй нь хүчгүй байх бас нэг шалтгаан болдог байх л даа?
-Тийм шүү. Яг үнэнийг хэлэхэд ёстой бор зүрхээрээ шүү дээ. Өрөвдөлтэй байна, моделиуд нь ч, тоглуулж байгаа компаниуд нь ч өрөвдөлтэй. Үнэлгээ муу. Гайгүй моделиуд нь өөрийгөө гайгүй үнэлчих гэхлээр нөгөө нөхдүүд нь өрөвдөлтэй зан гаргаад л, бидэнд тэдэн төгрөг л байна гээд л. Гайгүй үнэ хэлж байсан хүн нь ч өөрөө өрөвдөлтэй царайлаад л за за тэгье даа гэж байгаа юм чинь. Гэхдээ зөвхөн загварын ертөнцөд sale зарладаггүй бүх салбарт байдаг асуудал.
Би загварын ертөнцөд 2005 онд орж ирсэн, удсан байна. Нэг мэдсэн чинь л ах тодотголтой болчихсон байна шүү. /инээв/ Миний өмнө олон эрэгтэй моделиуд байсан. Гэхдээ хүмүүст нээх айхтар хүрээгүй байсан байх. Миний буюу миний дараагийн үеэс яг эрэгтэй моделиудыг хүмүүсийн хүлээж авах хандлага нь өөр болсон. Эрэгтэй моделиудын хувьд өөрөө өөртөө арчаатай байх хэрэгтэй. Үнэхээр биеэ сайхан авч явах юм бол тайзнаа гарна, реклам сурталчилгаа бүх зүйлд тоглож болно, санал ч их ирнэ. Харин эмэгтэй моделиуд хэцүү юм шиг байгаа юм. Ээж болох, эхнэр болох гэхчлэн байгалиас заяасан хариуцлагууд байна.
-Гэхдээ ээж болох, эхнэр болох гэснээс охид, залуус загварын ертөнцөд амьдралаа өөд нь татах гэж, хэн нэгэн баян эрхмийн хэтэвчинд амьдрах гэж л ордог болсон гэх шүүмжлэл сүүдэр шиг дагадаг. Өөрөө яг дотор нь байдаг хүний хувьд ний нуугүй хариулт өгөөч?
-Тэрийг бол ёстой мэдэхгүй ээ. Уулын мод урттай, богинотой. Би ер нь аливаа зүйл дээр нэг талруу туйлшраад өөрийнхөө үзэл бодлыг зөв гэж тулгадаггүй, тэгэхийг ч хүсдэггүй. Гэхдээ хүн болгон дотроо бодолтой, доороо суурьтай. Хэн, юу бодож энэ салбарт орж ирээд ямар хандлага үзүүлж байгааг цаг хугацаа л харуулна. Ажиглаад байхад манай үеийн моделиуд дотор том том компанийн захиралтай амьдралаа холбоод явчихсан охид, залуучууд байж л байна. Зүгээр өөртэйгөө адилхан залуу, бүсгүйтэй амьдралаа босгоод явж байгаа залуучууд бас бий.
Миний хувьд намайг айхтар баян хүүхэнтэй суучихсан, нөмөр нөөлгөнд нь орчихсон гээд л яриад байдаг. Миний эхнэр дизайнер. Бид хоёр бүх зүйлээ нойлоос эхлээд амьдралаа босгох гээд чадан ядан явж байна. Залуу хүүхдүүд амьдрах гээд л байна уу, тэгдийм даа гэдэг шиг үзэж тараад л явж байна. /инээв/
-Тэгвэл өөрийн чинь хувьд загварын ертөнцөд хөл тавихдаа ямар зорилго, зорилт дэвшүүлж байв. Одоо тэр зорилгынхоо хаахна нь явна?
-Өө, аймар өрөвдөлтэй зорилготой орж байсан. /инээв/ Тухайн үед сэтгэлгээ хумигдмал ч байсан юм уу, хаашаа юм. Бидний хэдэн моделиуд найзуудаараа сууж байхдаа, за ёстой монголынхоо хамгийн лаг компаний нүүр царайгаар ажиллачихвал боллоо гэж ярьдаг, тэр л мөрөөдөл нь байсан /инээв/ Би 2008 онд загварын чиглэлийн монголын хамгийн том компани болох “Говь”-ийн эрэгтэй нүүр царайгаар сонгогдсон. Миний партнер Энхмаа надтай нэг үеийнх. Бид хоёр мөрөөдлөө биелүүлчихэж байгаа юм. Галбадрах, Буянхишиг гээд манай хоёр модель “Гоёо”-ийн нүүр царай болсон. Бид бүгдээрээ нэг үеийн залуус. Би “Говь”-той гурван жил хамтарч ажилсан. Над шиг ийм урт хугацаанд гэрээ байгуулж ажилсан эрэгтэй, эмэгтэй модель байхгүй. Магадгүй Одгэрэл эгч "Гоёо"-гийн face-ээр удаан ажилсан байх. Пүрэвсүрэн чинь "Говь"-той хоёр жил ажилласан байдаг юм.
Том компанитай урт хугацааны гэрээ хийх, томоохон тэмцээн уралдаанд шагнал авах, загварын карьер зэрэгт өөрийн чинь хувийн төлөвшил, сахилга бат багагүй нөлөөлсөн болов уу. Эндого ингэхэд ямар хүү байв?
-Төлөвшил ер нь бага наснаас сууж эхэлдэг. Ялангуяа хүн гэр бүлтэй, хүүхэдтэй болоод ирэхлээр нарийн ширийн юм мэддэг юм байна. Хүний төлөвшил гурван нас, зургаан нас, арван нас гэхчлэн үечлэлтэй байдаг юм байна. Суурь төлөвшил 6-8 нь настайдаа суудаг гэж уншсан. Миний хувьд би айлын том, доороо нэг дүүтэй. Хамаатны олон эгч нартайгаа өссөн, олон дүү нартайгаа бужигнадаг тэднийгээ харж халамжилдаг байсан. Ер нь л багын их даруухан, мөрөөрөө хүүхдүүд байдаг даа нэг тийм номын маркын хүүхэд байсан.
Би наймдугаар ангиасаа задарч эхэлсэн. Тэр хүртэл аймар даруухан хүүхэд, цагаан цамц, хар бирюкэн өмд өмсдөг. Манай найз нөхөд, ангийнхан бол мэднэ ээ.
-Тийм даруухан хүүг загварын ертөнцөд хөл тавихад гэрийнхэн чинь яаж хүлээж авсан бэ. Ихэнх моделуидын ар гэрийхэн сөрөг имижээс нь болоод дургүй хандлагатай байдаг шүү дээ?
-Ээж маань дэмжсэн шүү. Яг ч яв ч гээгүй битгий ч гээгүй. Ээж маань надад их итгэдэг л дээ. Би айхтар итгэлийг нь алддаггүй байсан юм шиг байгаа юм. Миний хийе гэсэн, шийдвэр гаргасан аливаа зүйл дээр эсэргүүцээд сүйд болоод байдаггүй. Миний хүү сайн бодоорой ийм асуудал, эрсдэл байдаг шүү гэдэг.
-Загвар өмсөгчдийг эсрэг хүйстний хүчтэй шохоорхол, хандлага байнга дагаж байдаг. Өөрт чинь тийм хандлага хэр байсан бэ. Одоо ямар байна?
-Өмнө нь бол байсан. Одоо бол байхгүй ш дээ. Байхгүй ч юу байхав байдаг л байх л даа. Би гэр бүлтэй, амьдралаа зохиочихсон. Тэгэхлээр харцангуй гайгүй л байдаг ш дээ. Өмнөх хандлагууд бол яахав дээ. Би чинь бас сонин нөхөр өө. Ер нь би эхнэртэйгээ үерхэхээс өмнө охидуудтай найзалдаггүй байсан. Надад нэг бодол байсан. Юу гэхлээр, эр хүн гэдэг чинь тодорхой хэмжээний хүчтэй байх хэрэгтэй. Хоёрт, юу юу ч үгүй байж хажуудаа нэг охин дагуулах ч дээ гэдэг ч юм уу. Би ер нь хуучинсаг үзэлтэй хүн байх. /инээв/ Минийхээр бол тодорхой хэмжээний ажилтай, найз охиныгоо нэг аятайхан хоолонд оруулчихдаг, кино үзчихээд машинаараа хүргээд өгчихдөг ч юмуу. Бүр цаашилбал гайгүй нэр хүндтэй болчихсоны дараа найзтай болно гэсэн үзэл бодолтой байсан. Тэр ч утгаараа охидуудыг өөртөө ч ойртуулдаггүй, өөрөө ч нээх ойртоод байдаггүй. Зүгээр л найзархаад л мэндийн зөрүүтэй явдаг байж.
-Өөрөө бол охидуудыг сонирходоггүй юм байж. Гэтэл одоо шоу ерөнцийн бизнес хийж байна. Мэдээж модель юм чинь загварын бүх хүмүүсийг таньдаг, ойр байдаг. Тэр утгаараа хүмүүсийн зүгээс охин танилцуулж өгөөч гэж шалах тохиолдол хэр гарч байна. Үнэхээр хэцүү байна танилцуулаад өгөөч, холбоод өгөөч гэж ханддаг л байх?
-Тэр бол байдаг шүү. Яахав дээ тэгээд ер нь бол бүрхэг л дээ. Би одоо хайрын бурхан Амур юм уу хаашаа юм. /инээв/ Тиймэрхүү найз нөхдийн дарамт шахалт бол ирдэг л дээ. Гэхдээ би нээх за та хоёр шүү, энэ шүү гээд хүн болгоныг нийлүүлж чадахгүй ш дээ. Таалагдах, таалагдахгүй асуудал байна. Яахав, манай тэмцээн, арга хэмжээн дээр очиж байгаад танилцчихгүй юу даа гэж зөвлөдөг. Яг үнэхээр тэр хоёр хүн бие биенээ гээд таалагдвал холбогдоод найзлана биз. Тэрнээс би нээх учиргүй холбоно, нийлүүлнэ гэх асуудал байхгүй ээ гээд аргалаад л өнгөрдөг.
-Тэгвэл эрэгтэй модель танилцуулаад өгөөч гэж охидууд гуйвал яах вэ?
-Үгүй яахав, тэр арга хэмжээн дээр ирээрэй, би танилцуулаад өгье л гэнэ ш дээ. /инээв/
-Өөрөө маш их хэл амтай ертөнцөд биеэ их чамбай авч явдаг. Нэг үгээр хэлбэл “цэвэр” хүн. Гэхдээ уулзсаных шуудхан асуучихад өөрийг чинь Болормаа захиралтайгаа дотно харилцаатай гэдэг юм билээ?
-Мэдэхгүй, танихгүй хүмүүс л тэгж яриад байгаа байхгүй юу. Яг Болормаа захирлыг мэддэг, хажуууд нь ойрхон байдаг хүмүүс бол хэзээ ч ингэж ярьж явахгүй. Яахав бид хоёрын талаар мэр сэр тийм яриа дуулддаг. Яг үнэнийг хэлэхэд миний найз, миний эгч, миний ээж шиг хүн. Зөвхөн миний ч гэлтгүй бүх эрэгтэй, эмэгтэй моделиудын хувьд.

-Болормаа захирлыг эмэгтэй хүн, багш хүнийнх нь хувьд өөрөө хэрхэн дүгнэх вэ. Тэр хүнд маш тод характер, өөрийн гэсэн оршихуй байдаг юм шиг санагддаг. Тайзан дээр гарах үед үзэгчид өөрийн эрхгүй татагддаг. Мэдээж маш олон зүйл сурсан байх л даа?
-Тайзан дээр гарахад бол ярих юм байхгүй. Үнэхээр бусдыг байлдан дагуулж чаддаг.
Emotion сайтай, чадварлаг модель гэж би хувьдаа үнэлдэг. Тэр нүүрний хувирал, нүдний харц, биений хэлэмж нь яалт ч үгүй хүмүүсийг татдаг. Тайзнаас буугаад ирлээ, бодсон санаснаа ний нуугүй илэрхийлчихдэг. Хэн бүхэнд тусархаг, чин сэтгэлээсээ ханддаг. Манай агентлагийн листийг үзэх юм бол гэрээтэй эмэгтэй модель гэхэд 80-аад, эрэгтэй модель 50, 60-аад хүн бий. Бүх нэрийг нь уншихад яг одоо бүх реклам сурталчилгааны гол дүр болж байгаа залуус. Бүх залуучууд, охидуудын хайрыг татаж байлдан дагуулж байгаа бүх моделиуд манайх. Нээрээ шүү, би баталж чадна. Тэр хүмүүсийг цуглуулаад нэгтгээд нэг дээвэр дор байлгаад байгаа хүн ямар хүн байх вэ? Тэр хүн бүх залуустайгаа унтаад, охидуудаа яадаг ч юм, хүмүүст зараад байдаг бол тэр хүмүүс байгаад байх уу? Үгүй байхгүй юу. Би захирлыг хүний нөөцийн бодлогыг төрөлхөөсөө эзэмшчихсэн хүн гэж үнэлдэг. Мэдрэмжтэй, сонгосон моделиудаа хажуудаа байлгаад амжилтанд дагуулаад урам зориг өгч, араас нь түшээд, тулаад, түлхүүрдээд явна гэдэг чинь мундаг ажил. Миний моделийн карьер Болормаа багштай салшгүй холбоотой. Манай багш үнэхээр хүнлэг. Бүх моделиудынхаа амьдралыг мэднэ. Зовлон жаргалыг нь хуваалцдаг, мэдэрдэг, дэмждэг мундаг эмэгтэй.
-Чадварлаг орон зайгаа тодорхойлсон моделиуд тусдаа гарч, агентлаг байгуулах болсон байна. Харин эрэгтэй моделиудын хувьд тийм агентлаг нээсэн тохиолдол одоогоор алга. Өөрт чинь тийм бодол төрөхгүй байна уу?
-Яг энэ саналыг их олон хүмүүс асуудаг, тавьдаг. Яахав зүгээр надад агентлаг байгуулаад явахад потенциал бий. Заах арга зүйн хувьд ч, маркетинг, менежментийн хувьд ч нөөц бололцоо байна. Гэхдээ би боддог юм. “Монгол модель” агентлаг, Болормаа захирал моделийн чиглэлээр ажиллаж байхад би багшийнхаа хажууд дахиж гарч ирээд л. Моделийн агентлаг байгуулна, удирдана гээд тэнэгтээд явж бол чадахгүй. Тэгж л боддог юм.
Гэхдээ би моделийн чиглэлээр маш том ажил хийх гэж төлөвлөж байгаа. Болормаа багштайгаа магадгүй бусад агентлагуудтай хамтраад нэгдсэн ажил зохион байгуулж болох юм. Одоогоор яригдаад явж байна. Залуучууддаа хандаж хэлэхэд хүсэл мөрөөдлийнхөө төлөө тууштай тэмцээрэй, битгий шантраарай. Эв нэгдэлтэй, эх оронч байгаарай гэж хэлмээр байна. Эх оронч гэхлээр л арьс өнгөөр ялгаварлах ч юм уу муу сайн хужаа нар гэхээсээ илүү ухаантай, эх оронч бай. Ядаж үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжье. Ядаж идсэн чихрийнхээ цаасыг ил хаялгүй халаасандаа хийчихье. Ийм жижигхэн зүйлээс л эхэлнэ. Монголын хойч ирээдүй болсон залуучуудыгаа зөв байгаарай гэж уриалмаар байна.
Ярилцсан Б.УЯН
Сэтгэгдэл (10)