Эргэн дурсахуй, Ц.Балдорж агсны сүүлчийн ярилцлага

Хэвлэлийн шарласан хуудас юу эсийг өгүүлэх билээ. Цаг бусаар биднийг орхин одсон их хүмүүн, Монголын хэвлэлийн ертөнцийн википедиа, үеийн үед хийж бүтээснээрээ домог болон үлдсэн Ц.Балдорж агсны хэвлэлд өгсөн хамгийн сүүлийн ярилцлагыг та бүхэнд хүргэж байна.

“Гранд” сэтгүүлийн эрхлэгч М.Уранчимэг “Монголын нэг өдөр” сонинд дуулиан, шуугиан дагуулсан сенсааци бүхий олон ярилцлага хийж байсан билээ.

Цахим сэтгүүлзүй хөгжөөгүй эринд цаасан сонин хамгийн нэр хүндтэй, эрэлттэй оюуны талх байв. Бид та бүхэнд мэдээлэл болгох үүднээс хуучны ховор, сонин ярилцлагуудыг сэтгүүлчийнхээ архивт тулгуурлан “Эргэн дурсахуй” булангаараа дамжуулан хүргэж байхаар боллоо.

Хүн болгон дахин давтагдашгүй өвөрмөц оршихуй байдаг ч одоо ч үл хуучрах үзэл баримтлал, өнцөг энэ эрхмийн ярилцлагаас төвөггүйхэн ойлгогдоно. Ингээд та бүхэнд Ц.Балдорж агсны хэвлэлд өгсөн хамгийн сүүлчийн ярилцлагыг хүргэж байна.

Энэ дашрамд бидний санал, санаачлагыг дэмжиж, уран бүтээлийн хувийн архиваасаа ашиглуулахыг зөвшөөрсөн “Гранд” сэтгүүлийн эрхлэгч М.Уранчимэгт гүн талархал илэрхийлье!

“Монгол ньюс” компанийн захирал Ц.Балдорж:

 

Авилгачдын хүрээнд орж нэрээ бузарлахгүй гэсэндээ улс төрд орох бодлоо орхисон

Цадигаа алдаж, савнаасаа хальсан Монголын улс төр, "76 мангууг" хазаарлах цаг болсныг ноён Ц.Балдорж хатуу сануулж байна. "Монгол ньюс” хэмээх том айлын эзэн энэ ноёнтныг Монголын хэвлэлийн магнат гэж зүй ёсоор нэрлэдэг. Юутай ч түүнийг Монголын нийгэм улс төрд өөрийн нөлөө, хүрээг бий болгож чадсан гэдэгтэй хэн ч маргахгүй. Монголын анхны ардчилсан Үндсэн хуулийг батлалцаж, нэгэн цагт төр түшилцэж явсан тэрээр өнөөгийн улс төрд шургалсан увайгүй, өрөвдмөөр, авилгач түшмэдүүдийг хараад ой гутсанаар хүрээлэлд нь орж нэр сүрээ бузарлахгүйг эрхэмлэх болжээ.


-Та ч энэ зуныг их цаг завгүй өнгөрөөх шиг боллоо. "Элсний нүүдэл" шууруулаад л. Дуртай юмаа хийх нь таны хувьд бөөн л кайф байсан биз?

-Дуртай ажил мөн л дөө. Миний хобби бол сэтгүүлчээс гадна цаас эрээчих, тайз дэлгэцийн уран бүтээл хийх. Сэтгүүлчийнхээ хувьд сонин, телевизийнхээ ажлыг ерөнхийд нь зохицуулна уу гэхээс юм бичихээ больсон. Тиймээс өөрийгөө сэтгүүлч байгаа гэж хэлэхэд хэцүү. Сүүлийн үед "Шөнө амталсан нулимс", "Хайрын виз", "Хориотой жүжиг" зэрэг 3 жүжиг хийсэн. Кино хийе гэж бодож яваад "Элсний нүүдэл"-ээ хийлээ. Кино зохиол өмнө нь бичиж байсан. Найруулж бол үзээгүй. Кино найруулахад ямар байдаг бол үзье гэж бодоод хийлээ. Гол зураг авалтыг өвөл, хавар, зун авсан. Киноныхоо зургийн 70 орчим хувийг өөрөө авсан шүү. Найруулагчаар, заримдаа бараг оператор, зургийн дарга, продюссер болчих гээд, сүүлдээ юу ч болов, янз янзын л юм хийж үзлээ.

-Сэтгүүлч, бизнесмен байхаас кино урлагт хүч сориход ямар байв?

-Их өөр ажил, огт өөр ертөнц. Их өөр мэдрэмж. Тиймээс дахиад кино урлагт хүч үзэх бодол байна. 80-аад оны сүүлчээр миний бичсэн "Түрлэг хүрээгүй дуу" гэдэг тууж байдаг юм. Өөрөөр хэлбэл дуусаагүй хайр, гүйцэлдүүлж чадаагүй хайр гэсэн утгатай тууж л даа. Тэр үеийн хүмүүс гадарлах байх. "Монголын уран зохиолын дээжис" 108 ботид орсон байгаа. Үйл явдал нь өвөл, хавар өрнөдөг. Хөдөөний дүнсийсэн цагаан тал, хөдөө нутгийг оруулсан сайхан зураг авалт хийх юмсан гээд хорхой хүрээд л сууж байна.

-"Миний гэр" реалити шоуг охидынхоо хүсэлтээр хийсэн тухайгаа та ярьж байсан. "Элсний нүүдэл"-ийг хийхэд охидын чинь санал санаачлага нөлөөлсөн үү?

-Ер нь миний уран бүтээл, бизнесийн үйл ажиллагаанд гэр бүлийн маань оролцоо их. Миний гэргий сэтгүүлч. Тэгсэн атлаа "Улаанбаатар" зочид буудлын гүйцэтгэх захирлаар ажилладаг. Миний хоёр охин реалити шоу хийгээч, "Дом 2"-ыг үзээч гэж ятгасаар байгаад дурлуулчихсан. Миний тэрэнд дургүй байсан гэж жигтэйхэн. Утгагүй балай юм гардаг гээд. Сүүлдээ амтанд нь орж "Миний гэр" реалити шоуг хийсэн. Энэ кинонд ч гэсэн миний хоёр охин их оролцоотой, санал бодлоо хэлдэг, жүжигчдийг сонгоход хүртэл нөлөөлсөн. "Улаанбаатар" зочид буудалд хонон өнжин зураг авахад бага охин маань надтай хамт хонож хүртэл байсан. Тэгэхээр эдний оролцоо их байгаа.

 

-Танайх саяхан бүл нэмж, ачтай болсон сураг байсан. Ер нь хүүхдүүдээс тань мэргэжлийг тань өвлөх хүн гарах нь уу?

-Том охиноо миний мэргэжлийг өвлөхөд ойрхон болов уу гэж бодож байна. Швейцарьт коллеж төгсөөд одоо Английн Доорам гэдэг улсдаа эхний тавд багтдаг сургуульд хэвлэл, мэдээллийн бизнесийн чиглэлээр суралцахаар болж байгаа. Бага охин маань хэн болох нь одоохондоо тодорхойгүй. Энэ жил 7-р ангид орно. Хөвгүүдийн хувьд гэвэл том хүү аль хэдийнэ өөрийнхөө зам мөрийг сонгоод, Солонгосын "Хьюндай" машины үйлдвэрт ажиллаж байгаад одоо Москвад төлөөлөгчийн газар нь ажиллаж байна. Энэ хүү бол бие даасан хүн. Дараагийн хүү Америкт 2 сургууль төгсөөд ирсэн. ҮАБЗ-д ажиллаж байгаад одоо "Улаанбаатар" зочид буудлын ерөнхий менежерээр ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл бид чинь хүүхдүүдээ өөрсдийнхөө бизнес рүү оруулахгүй бол одоо бас нас явж байна. Бүл нэмсэн тухайд манай хүү хүнтэй суугаад охинтой болсон. Өнөөдөр яг 20 хонож байна. Гэргий бид хоёр Өөдөсхөн гэж нэрлэдэг юм.

-Сүүлийн үед сонгууль угтсан сонингууд борооны дараах мөөг шиг олширч байна. Өдөр тутмын сонинуудын холбооны тэргүүний хувьд улс төр дагасан энэ явдлыг та ямраар харж байна?

- Бид нар их олон сонгууль үзлээ. Монголд сонгууль нэг л дүр зургаар болдог. Сонгуулийн өмнө улс төрчдийн маргаан дээд цэгтээ хүрдэг. Бие биенээ муулах, сайн, муугаа уудлах нь хэрээс хэтэрдэг. Дээрээс нь нам байгуулдаг. Тэр хэмжээгээр хэвлэл мэдээллийн байгууллага олширдог. Эхэндээ түр зуурын сонин гардаг байснаа дараа нь сонингууд гардаг болсон. Одоо телевизүүдтэй боллоо. Бүгд сонгуультай холбоотой. Өөрөөр хэлбэл Монголчууд сонгуулиас сонгуулийн хооронд амьдардаг ард түмэн болсон. Сонгууль дууслаа, маргааш нь улс төрчид амалж байсан бүх юмаа умартдаг. Энэ бүхэн хэвшил болсон зүйлүүд. Тиймээс хачирхаад байх юм алга. Болдог юм болдгоороо л болж байна. Дахиад л 76 мангуу ч гэдэг юм уу, 76 луйварчин ч юм уу, нэг 76 хүн сонгогдоод мөн л идэж уугаад, улс төрийн эрээнтэй бараантай амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилнэ. Энд гагцхүү хүмүүс өөрөө өөрсдөө сайхан амьдрах ёстой. Өөр өөрийн хүсэл мөрөөдөлтэй, өөрийн гэсэн зорилготой, амьдралаа аваад явчих юм бол энэ улс төрчдийн хийж байгаа юм бидэнд ямар падлий байна. "Элсний нүүдэл" кино бол ер нь энэ тухай кино, цаад утгаараа. Дашрамд хэлэхэд энэ 5 дахь өдрөөс эхэлж 2-р анги нь гарч эхэлнэ.

-Саяхан Ерөнхий сайдын хэвлэлийн албаны дарга асан Н.Дэмбэрэлийг хорьчихлоо. Улс төрчид хэвлэл рүү дохиж, зангах нь хэвээр л байна даа?

-Энд би хоёр зүйлийг онцолмоор байна. 1-рт, Монголын сэтгүүл зүй өнөөдөр улс төрөөс маш их хамааралтай байна. Энэ хамаарлыг багасгамаар байна. Үүний тулд сэтгүүлчдэд өөрсдөд нь хийх зүйл их байна. Тэр нь юу вэ гэвэл энэ Их хурлын 76 гишүүнийг, Засгийн газрын гишүүдийг, иргэдийн хөдөлгөөн, цаана нь том нууц зорилготой удирдагчдыг хэтэрхий дөвийлгөж, дандаа эднийг магтан дуулж, тэглээ ингэлээ гэж хэвлэл мэдээллийн мэдээний баатар болгохоо болимоор байгаа байхгүй юу. Цаана нь маш баян амьдрал байна. Бидэнд мэдээлэх, хэлэх юм өчнөөн байна. Энэ улсуудыг анхаарлын төвөөс гаргаж хаямаар байна. Сэтгүүлчдээр дамжиж баатар болдог, улмаар их хурлын гишүүн болж улс төрд ордог, дараа нь тэр хэрээр буцаад сэтгүүл зүйд нөлөөлдөг ийм хөгийн юм маш их  байна. 2-рт Монголд сэтгүүлчдийн эрх ашгийг, мэдээлэл олж авах бүрэн эрхийг баталгаажуулах хууль зүйн үндэс муу байна. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хууль байдаг ч ерөнхий хууль. Цаашид үүнийг улам боловсронгуй болгох шаардлагатай. Үүн дээр үүнийг гадарладаг УИХ-ын эрхэм гишүүд, сэтгүүлчдийн мэргэжлийн холбоод ажиллах хэрэгтэй байна. Тэгэхгүйгээр Дэмбэрэлийг бариад хорьчихлоо энэ тэр гээд дэмий үглэчихээд, мартаад байх юм бол энэ байдал улам л даамжирна.

-Монголын улс төрийн тайзан дээрх эмэгнэлт драм , эрх ашгийн нэгдэл тэмцлийг та сэтгүүлчийн нүдээр хэрхэн харж байна? Монголд ер нь төр, төрийн түшээ гэдэг ойлголт утгаа алдчих шиг?

-Мэдээж өдөр тутам харж, өдөр тутам бухимдаж, уурлаж сууна. Гэвч өнөөдөр энийг засахад их хэцүү болжээ. Улс төрийн тогтолцоог үндсээр нь өөрчилж, сайжруулахгүй бол засрахгүй. Парламентын 2 танхимтай болоод, тэр нь бие биенээ хянадаг гэх мэтээр өөрчлөхгүй бол Монголын улс төрд ойрын хэдэн жилд сайн сайхан юм олж харахад хүнд, харанхуй байна. Хонгилын үзүүрт гэрэл харагдахгүй байна.

-Үнэхээр ч Монгол төрөөр энэ хэдэн зайгуул, суугуул нөхөд тоглож идэж уух эрх ашгийн төлөө тэмцэж дууслаа. Эднийг ер нь хазаарлахын тулд таны хэлдгээр бичихээ болих уу? Сэтгүүлчид ер нь ажил хаяж яагаад болохггүй гэж?

-Сэтгүүлчид ажил хаях юм бол улс төрчид их хохирно доо. Улс төрийнхөн "Сэтгүүлчид, бид нарыг магтан дуулж, шүүмжилж, муулж хоолоо олж иддэг" гэж ярьдаг. Үнэндээ эсрэгээрээ байхгүй юу. Улс төрчид гэдэг бол хэн ч мэдэхгүй ганзагын наймаачин, нэг жижиг бизнесмен, хэн ч мэдэхгүй нэг хөдөлгөөн байгуулсан нөхөр. Тэд сэтгүүлчдээр дөрөөлж улс төрд орж, улс төрд орсноороо том бизнес эрхэлж, ард түмнийг шулж мөлжиж, авилга, хээл хахууль авч амьдарч байна. Сэтгүүлчид ажил хаяхаа бүр больё, улс төрийн, улс төрчдийн тухай бичихээ больё л доо. Бичихдээ Засгийн газар УИХ ийм ийм шийдвэр гаргалаа гэж бичье. Нэрийг нь дурьдахаа больё. Сэтгүүлчид бүгд нэг бодолтой ингэчих юм бол энэ улс төрчид их зөв амьдарч эхэлнэ. Тиймээс сэтгүүлчиддээ улс төрчдийг сайнаар ч, муугаар ч нэрийг нь битгий дурьд гэж уриалмаар байна. УИХ-ын нэг гишүүн огцорчээ л гэж бичье. Царайг нь хараад танивал тэр л биз. Эд нар чинь бүр үндэсний баатар болчихоод байна шүү дээ.

-Энийг тэгвэл хэрэгжүүлэх гээд үзвэл яасан юм?

-Тэгж болно ш дээ. Ялангуяа сонгуулийн өмнө. Монголын өдөр тутмын сонингуудын холбоонд тийм бодол байгаа. Худал хуурмаг баг зүүсэн улс төрчдийг өөгшүүлэхгүй байх тал дээр л сайн ажилламаар байна. Сонин, телевизийн бүх холбоод ярьж байгаад ийм арга хэмжээ авбал эднийг хазаарлаж болно шүү. Хазаарлах ч хэрэгтэй байна.

-Ми-8-ын ослоос харахад л одоо бараг хариуцлага хүлээх ч хүнгүй болох шахам. Улс төрд ер нь хүн чанарын хэмжүүр гэдэг магадгүй хамгийн гол шалгуур болох зүйл байдаг биз дээ?

-Манайд бүх юм эсрэгээрээ байгаагийн жишээ энэ л дээ. Өөрөөр хэлбэл, хамгийн ичих булчирхайгүй, юу ч хийхээс буцдаггүй, айж ичдэггүй хүн л улс төрд орж болдог гэсэн жишиг өнөөдөр тогтчихлоо. Огцорно гэж өргөдлөө өгчихөөд дараахан нь огцрохоо болилоо гээд өргөдлөө буцааж авч л байдаг. Ийм юм дэлхийн өөр улсад байна уу гэвэл, үгүй. Яг өнөөдөр гэхэд бидний мэддэг хоёр том гүрэнд Засгийн газрын тэргүүнүүд нь огцорчихоод байна. Ялимгүй ялимгүй шалтгаанаар. Үүнийг л манайд нэвтрүүлэхгүй бол Монголын улс төрийн амьдрал явахгүй л дээ. Энэ төрийг эмзэглэж, өрөвдөхөөр барахгүй хувь хүний хувьд улс төрд орохгүй юмсан гэсэн бодлыг энэ улсууд бий болгож байна. Жишээлбэл би анхны ардчилсан үндсэн хууль баталж байсан АИХ- ын гишүүн байлаа. Байнгын хорооны дарга байлаа. Надад улс төрд орвол орох бодол байна. Улс орноо бодвол. Гэтэл тэнд байж байгаа улсуудыг харахаар тийшээ орж нэр хүндээ бузарлаж болохгүй гэсэн бодол өөрийн эрхгүй төрдөг. Үүнийг нэг хүн эсвэл нэг хэсэг хүн ороод сайжруулна гэж байхгүй. Тогтолцоог нь өөрчлөхөөс наана хэн ч юу ч үүнийг засаж сайжруулж чадахгүй. Би тэр авилгачдын нэг болмооргүй байна ш дээ. Тэр авилгачдыг хараад дур гутаж байгаа юм чинь.

-Та өөрийгөө чоно шиг өссөн гэж тодорхойлдог юм билээ. Тэр араншин таны сэтгүүлчийн карьер, бизнесийн амжилтанд нөлөөлсөн нь ойлгомжтой. Одоо харин улс төрд хатуу, чанад араншин тань хэрэгтэй юм биш үү?

-Мэдэхгүй ээ. Улс төрд үгүйлэгдэнэ, хэрэгтэй болно гэж байхгүй байлгүй дээ. Монголын улс төр Ц.Балдоржоор яах юм бэ? Ц.Балдорж Монголын улс төрөөр яах юм. Аль аль нь ангид байж болно.

-Монголын улс төр, бизнест хүчирхэг гурвал гэж Еренхийлөгч асан Н.Багабанди, Ж.Отгонбилэг агсан, та гурвыг нэрлэдэг. Ш.Отгонбилэг агсны хүү О.Содбилэг нь ирэх сонгуульд нэрээ дэвшүүлэх тухай яригдаж байна. Н.Багабанди Ерөнхийлегч өөрийнхөө хэмжээнд улс төр,РR-аа хийж яваа. Таньд ч нэр дэвших санал ирж байгаа биз дээ?

-Надад улс төрд оръё гэсэн бодол одоогоор байхгүй. Хүчирхэг гурвал, бүлэг энэ тэр гэдгийн тухайд би тухайн үед нь ч ярьж байсан. Тийм юм байхгүй. Байгаа ч үгүй. Бид зүгээр найз нөхөд. Түүнээс улс төрийн хүрээнд өөрсдийн нөлөөг бий болгоё, хүчирхэг нөлөөтэй больё гэсэн бодлогоор хийж байсан юм байхгүй. Үүнийг би дахиад хэлж байна. Н.Багабанди Ерөнхийлөгчийн хувьд 50 гарсан эр хүн улс төрийн хүрээнд нөлөөтэй, сонгогчдынхоо дунд нэр хүндтэй байна. Энэ хүн чинь улс төрөөс өөр юу хийх юм бэ? Үүнийгээ орхичихоод тэтгэвэрийн хүн болж болохгүй биз дээ. Сонгогчид, намынхан нь улс төрд ороосой гэж хүсч, мөрөөдөж байна. Тиймээс улс төрд буцаж орох байлгүй гэж бодож байна. Энэ бол тэр хүний үг биш. Миний хувийн байр суурь. Талийгаачийн хүүг улс төрд орох гэж байгаа, их хуралд нэр дэвших гэж байгаа гэж сонин дээр гарсан байна лээ. Надад мэдэж байгаа юм алга. Энэ талаар би хэнтэй ч, юу ч яриагүй.

-Нөхөрлөлөө бодсон ч тэр та талийгаачийн ар гэр, үр хүүхдүүдтэй нь ойр дотно холбоотой байдаг биз дээ?

-Мэдээжийн хэрэг дотно харилцаатай байлгүй яахав. Саяхан хүүгийнх нь хурим болсон. Би очсон. Д.Туяатай байнга холбоотой байдаг. О.Содбилэгтэй ч ялгаагүй байнга утас, шөрмөсөөр ярьж, дэмжиж, туслах, зөвлөгөө өгөх юм байвал хэр хэмжээгээрээ өгч байдаг. Хувь хүмүүсийн хувьд тийм хэлхээ холбоо байлгүй яахав. Улс төр, бизнесийн ямар нэгэн холбоо хэлхээ харин байхгүй.

-Таны намтраас харж байхад Ц.Балдорж гэдэг хүнийг бурхан ивээгээд ч үү, хувьсгалын тохироо нь бүрдээд бизнест хүч сориод, амжилт олоод яваад байсан дүр зураг харагддаг. Та цаашид өөр бизнест хүч үзэх үү?

-Би эдийн засгийн мэргэжилтэй биш. Сэтгүүлч, түүхийн ухааны доктор хүн. Бизнест аз гэж байна л даа. Тэр аз намайг ивээж байсан. Гэхдээ өөрийн хүч чармайлт хэрэгтэй байлгүй яахав. Цаашдаа өөрийн эрхэлж байгаа салбаруудаа бэхжүүлье гэсэн бодолтой байгаа.

-Та Монголд ямар юмных нь хэвлэлийн магнат байхав гэж ярих дуртай. Тэгвэл Монголд олигархиуд байгаа юу?

-Олигархи гэдгийг бид хоёр талтай авч үзэх ёстой. Эдийн засгийн, бизнесийн олигархи байх ёстой. Гэхдээ Монголд тэр олигархи нь байгаа юм уу, үгүй юм уу. Дор хаяж манай нэг том бизнесийн групп Монголоос гадна Хятад, Оросын зах зээл дээр үйл ажиллагаа явуулж байгаа юм уу гээд аваад үзвэл олигархи байна гэхэд хэцүү. Хэвлэл мэдээллээр улс төр, бизнесийн олигархи гэж сүүлийн үед их бичиж байгаа. Манай "Өнөөдөр" сонин, 25-р суваг телевиз ч энэ тухай их ярьж, бичдэг. Үүнийг бид шүүмжилсэн утгаар хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл улс төр бизнесээс тусдаа, бизнес улс төрөөс тусдаа байх ёстой. Гэтэл улс төрийнхөө нөлөөгөөр бизнес эрхэлдэг эсвэл улс төрийн нөлөөнд орж бизнесээ хөгжүүлдэг гаж тогтолцоо Монголд бий болчихоод Монголд бизнес улс төрийн олигархийг бий болгоод байна. Энэ аюултай гэж сэрэмжлүүлэх үүднээс ингэж бичиж байгаа. Энэ бол маш аюултай үзэгдэл. Тэрнээс олигархи гэж жинхэнэ утгаараа байхгүй.

М.Уранчимэг

Монголын нэг өдөр 2007 он

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (7)

  • зочин
    буриад авгайгаасаа торсон охиноо яагаад хэлдэггуй юм бэ, том Хоер хуу нь оорийнх нь биш юмсан гэхдээ хуугээ гэж хэлж болно л доо, тэгвэл том охиноо бас хэлэх л хэрэгтэй гэж бодож байна.Охинтой гэдгийг нь бараг бугдээрээ л мэддэг шуу дээ.6
    2015 оны 10 сарын 28 | Хариулах
  • зочин
    Балдорж гуай 2007.12.15-нд буюу 54 насныхаа төрсөн өдрөөрөө зуурдаар таалал төгссөн.
    2015 оны 05 сарын 20 | Хариулах
  • syyliinh ni bish
    Syyliinh gejee
    2015 оны 04 сарын 11 | Хариулах
  • Baharhaj bn
    Mundag saihan hun bje.Hunii sain ni ert yvdag um uu da.
    2014 оны 12 сарын 10 | Хариулах
  • syyliinh bishee
    Hudlaa
    2014 оны 11 сарын 02 | Хариулах
  • Зочин
    mundag hun shuu
    2014 оны 09 сарын 03 | Хариулах
  • Зочин
    gaihaltai magnat bailaa.
    2014 оны 06 сарын 17 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025