Жүжигчний хамгийн гол үүргүүдийн нэг бол бүтээх гэж буй дүрдээ бүрэн хувирч амьлуулах явдал байдаг. Олон гайхалтай жүжигчдээс цөөн хэдэн алдартнууд л өөрсдийгөө дүрдээ бүрэн хувилж чаддаг. Тиймдээ ч Мэрил Стрип гэх мэт гайхалтай жүжигчид олон Оскарын эзэд болсон. Гэсэн ч тухайн жүжигчний өөрийнх нь байгаа байдалд тохирсон дүр гэж байдаг. Өөрийн зан чанар, байгаа байдалдаа ойр дүр бүтээх нь дүрийг илүү бодит болгодог ч байж мэднэ. Гэсэн ч та бидний мэдэх хэд хэдэн алдартай жүжигчид тоглосон кино болгондоо ойролцоо дүр бүтээж байгааг та анзаарсан уу? Эдгээр жүжигчдээс та бүхэнд сонирхуулья!
Самүэл Л.Жэксон
Хөгжилтэй, нийтэч, энгийн зантай тэрээр харьцахыг хүссэн хэн бүхэнд нээлттэй байж чаддаг. Тийм ч учраас тэр жилд дор хаяж таван кинонд дүрээ бүтээдэг байх. Гэсэн ч түүний бүтээсэн дүр болгон таны оролдож болохгүй муу залуугийн дүр байдгийг та бараг л мэдэж байгаа байх. Хараалын үг урсгаж өөртөө хэнийг ч халдаашгүй ширүүн авир бүхий дүрүүд Холливудад түүний нэрийн хуудас гэж хэлж болно. Ямар ч киноны хэн гэдэг дүр байсан ч хамаагүй түүнийг хараал урсгаад эхэлхэд гайхах хүн бараг байхгүй л болов уу.
Брьюс Виллс
Виллс голдуу адал явдалт тулаант кинонд дүр бүтээдэг. Гэвч Арнолд Шварцнеггер, Силвестер Сталлоне нарыг бодвол өөр төрлийн кинонд тоглож байсан туршлага бий. Гэсэн ч тэрээр ихэвчлэн хууль сахиулагч ажилтан эсвэл цэргийн гэр бүлийн хүний дүрийг бүтээдэг. Брьюс үнэхээр өөр хөгжилтэй яриатай гол дүрийн баатрын дүр бүтээж чадахгүй гэж үү?
Кэтрин Хейгл
Кэтрин романтик инээдмийн кинонд бүтээсэн дүрүүдээрээ алдарт хүрсэн гэж болно. Мөн түүний гайхалтай сэтгэл татам, эсвэл элэг хөшөөм марзан дүр бүтээх авьясаас үүдэн Холливудад “та түүнийг нэг бол маш ихээр хайрлана нэг бол маш ихээр үзэн ядах болно” гэсэн яриа хүртэл байдаг ажээ. Түүний бүтээсэн дүр болгон өөрийн гэсэн хөгжилтэй хошин зантай, өөрийн хайр сэтгэлийн тал дээр нээлттэй бүсгүйн дүр юм уу туслах дүрийн аль нэг нь байдаг. Тэрээр One for the Monday кинонд нэгэн ажилчин ангийн хариуцлагагүй эмэгтэйн дүрийг бүтээсэн ч тийм ч сайн болж чадаагүй гэж болно.
Кристен Стюарт
Бид Стюартыг ярилцага өгөх бүртээ нэг л эвгүй харагддагийг мэднэ. Гэсэн ч яагаад түүний бүтээсэн дүр болгон тийм дүнсгэр, эв хэвгүй байдгийг тааж хэлэхэд хэцүү. Яахав Twilight киноны Белла хэмээх эв хавгүй, болхи өсвөр насны охины дүр нь бидэнд илүү хүрсэн байж болох ч Adventureland болон Snow white and the Huntsman кинонууд дээр мөн ижил эв хавгүй дүр бүтээсэн нь төдийлөн олны сэтгэлд хүрээгүй. Хэрвээ Стюарт аз жаргалтай, баяр хөөртэй нэгний дүрийг бүтээвэл ёстой л нар баруунаас мандсан хэрэг болох байхдаа.
Сэтгэгдэл байхгүй байна