2014 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэхэд хоёр хоног үлдлээ. Дэлхийн зуу зуун сая хүний анхаарал Өмнөд Америк тивийн “Хөлбөмбөгийн эх орон” гэгдэх Бразил улсад төвлөрөх мөч ойртсоор.
ДАШТ зургадугаар сарын 12-оос долдугаар сарын 13-ны өдөр хүртэл бүтэн нэг сарын хугацаанд үргэлжилнэ. Манай цагаар 12-ноос 13-нд шилжих шөнө 04:00 цагаас албан ёсоор эхлэх аж. ДАШТ-ний нээлтийг Бразил болон Хорватын шигшээ багийн тоглолтоор нээлтээ хийхээр болсон байна.
Бразилчуудын зорилго:
Тэмцээнийг зохион байгуулагч Бразиль ДАШТ-д түрүүлэх гэсэн ганцхан зорилготой оролцоно гэдгээ мэдэгдээд байгаа. Хөлбөмбөгийн ДАШТ-ний мөнгө, хүрэл медаль Бразилийн ард түмэнд үнэндээ сонин биш. Бразил улс 1950 онд ДАШТ-ийг зохион байгуулж ДАШТ-ийн алтан медалийн төлөө Бразилийн шигшээ Уругвайтай тоглож, хожигдсон гашуун түүх бий.

Гурван сая гаруй тасалбар зарагджээ
“Худалдаалах боломжтой 3.1 сая тасалбарт нийт 11 сая хүсэлт ирсэн байна. Гэвч бүгд албан ёсоор дууссан бөгөөд гурван сая гаруй тасалбар борлогдож дуусаад байгаа. Одоогийн байдлаар зөвхөн нутгийн иргэдэд зориулж хямдралтай үнээр дахин 180 мянган ширхэг тасалбар худалдаанд гаргана” хэмээн мэдээлжээ. Тэгвэл ФИФА-гийн албан ёсны сайтаар 2.2 сая тасалбар зарсан байна хэмээн мэдээллээд байгаа билээ. Ингээд дэлхийн улсуудын худалдаж авсан тасалбарын тоог хүргье.
Бразил – 1363179
АНУ – 196838
Аргентин – 61021
Англи – 57917
Колумб – 54477
Австрали – 52289
Чили – 38638
Франц – 34865
Мексик – 33694
Тасалбар 10 дахин эрэлттэй байна
ФИФА-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Жэром Валке “Хөгжөөн дэмжигч бүрт таван удаагийн дэлхийн аварга Бразиль улсад ДАШТ-ийг үзэж, амьд гэрч болох мөрөөдөл байгаа. Өмнө нь олон нийтэд ийм олон тасалбар зарж байсан тохиолдол байхгүй. Энэ бүхэн бидний хувьд маш чухал. Нээлт болон хаалтын тасалбарыг зохих тооноос 10 дахин их хүн авахыг хүсч хүсэлтээ илгээсэн” хэмээн ярьжээ. Тасалбарын 60 хувийг нутгийн иргэд авсан бол үлдсэнийг нь нь бусад улс орны хөгжөөн дэмжигчид худалдан авчээ. Нээлт болон хаалт, хагас шигшээний тоглолтуудын тасалбар хэлдийнэ дуусчээ. Гэвч тасалбараа дамлах, төлбөрөө төлөөгүйн улмаас буцаагдах тасалбарууд зэргээс шалтгаалж тасалбар нь дууссан тоглолтуудыг үзэх боломж байгаа гэдгийг ФИФА-гийн зүгээс мэдэгдээд байна.
Бразил 5 дахь нь
ДАШТ-ийг эх орондоо хоёр удаа зохион байгуулж байсан дөрвөн улс байдаг байна. Тодруулбал: 1970, 1986 онд Мексик, 1934, 1990 онд Итали, 1938, 1998 онд Франц, 1974, 2006 онд Герман улс хөлбөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээнийг эх орондоо зохион байгуулж байжээ. Тэгвэл энэ удаа ДАШТ-ийг эх орондоо хоёр дахь удаагаа хүлээн авах тав дахь улс нь Бразил болж байна.
Нэг тэрбум, 800 сая төгрөгийн шагналын төлөө
2010 оны дэлхийн аварга Испанийн шигшээ баг өчигдөр Бразилд газардлаа. Аварга цолоо хамгаалах зорилготой ирсэн “Ялагдашгүй Армада”-гийн Торрес “Маш сайхан газар ирлээ. Бид аваргаа хамгаалахын төлөө хичээх болно” хэмээн хэлсэн байна. Мөн “Ялагдашгүй Армада” Бразилд цолоо хамгаалбал тоглогч бүрт 720 мянгөн еврогийн шагнал хүртэхээр болжээ. Дэд аварга болбол 360 мянга, хагас шигшээд хүрвэл 180 мянган евро олгоно. Энэхүү шагналын мөнгийг Хөлбөмбөгийн холбооныхон, Испанийн парламентийн хэд хэдэн гишүүд дэндүү их хэмээн эгдүүцэж байгаа аж. Энэ нь монгол мөнгөн тэмдэгтэд шилжүүлбэл ойролцоогоор нэг тэрбум, 800 сая төгрөг байна.
Хамгийн ахмад нь Аргентин
“Infostrada” судалгааны газраас ДАШТ-д оролцох 32 улсын шигшээ багийн гишүүдийн дундаж насыг гаргасан байна. Дэлхийн хошой аварга Аргентиний шигшээ баг хамгийн ахмад настай багаар тодорчээ. “Цагаан цэнхэрүүд”-ийн дундаж нас 28 нас, 336 хоногтой байгаа юм. Тэдний дараа Гондурас /28 нас, 2008 хоног/, Уругвай /28 нас 200 хоног/, Португаль /28 нас, 193 хоног/, Иран / /29 нас, 179 хоног/, Грек /28 нас, 131 хоног/, Испани /28 нас, 91 хоног/, Чили /27 нас, 365 хоног/, ОХУ /27 нас, 357 хоног/-ын шигшээ баг хоёроос аравдугаар байрт бичигдсэн байна. Харин хамгийн залуу багаар Африк тивийн төлөөлөл Ганын шигшээ баг нэрлэгдсэн. Тэдний хөлбөмбөгчдийн дундаж нас 25 нас, 244 хоногтой байгаа аж.
Анх удаа монгол сэтгүүлч дэлхийн аваргыг сурвалжилна
Монголын спортын сэтгүүлчид олимпийн наадам болон хөлбөмбөгөөс бусад спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг газар дээрээс нь албан ёснй эрхтэйгээр сурвалжилж байсан. Харин хөлбөмбөгийн дэлхийн аваргыг бол үгүй. Тэгвэл хүн төрөлхтний спортын томоохон үйл явдал "Brazil 2014 World Cup" өдөр хоногоор ойртсоор. Хөлбөмбөгийн фанат бүр энэхүү баяр цэнгэлд бие сэтгэлээ зэхэн буй хугацаанд та бүхэндээ нэгэн сюрприз дэлгэе.
"Таван цагариг" сонины унаган сэтгүүлчдийн нэг, хөлбөмбөгийн спортын мастер, Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүн Цэрэнсодномын Энхтүвшин тус “World Cup”-ыг сурвалжлах эрхээ гардан авлаа. АНУ-д сүүлийн жилүүдэд ажиллаж амьдарч буй, бичих сурвалжлахаа хэзээ ч орхихгүй тэрээр ийнхүү албан ёсоор хөлбөмбөгийн ДАШТ сурвалжлах анхны монгол сэтгүүлч болж байна.
Түвшээ Бразилийн Засгийн газраас хэрэгжүүлж буй сэтгүүлчдийг дэмжих төсөлд хамрагдан ДАШТ-ий бүх хотуудад ажиллах юм. Бразилийн баараггүй фанат, Зикогийн зайгүй дэмжигч тэрээр "Мөрөөдөл биелдэг юм байна аа. Арван хэдхэн настайгаасаа дэмжсэн Бразилийн хөлбөмбөгийг дэргэдээс нь очиж сурвалжилна гэж мөрөөдөж л байснаас ингэж бүтэх чинээ санаагүй" хэмээн ДАШТ-ий эрх хүртсэнийхээ дараа өгүүлсэн билээ.
Монголын сэтгүүлчдийн дундаас бас нэгэн өвөрмөц амжилтыг, ховорхон түүхийг бичиж буй Ц.Энхтүвшиндээ амжилт хүсье.
ДАШТ-д зочлох дэлхийн алдартнууд:
Их Британий Ханхүү Харри энэ сарын 2-нд Английн шилдэг залуу тамирчидтай хөлбөмбөг тоглох үеэрээ “ДАШТ”-д оролцохоо мэдэгдсэн. Тэрбээр зургадугаар сарын 12-14 өдрүүдэд Бразил улсад айчлах аж. Ханхүү энэ үеэр шигшээ багийнхаа тоглолтыг үзэх гэнэ.
Диего Марадона
Домогт хөлбөмбөгчин Диего Марадона “Аргентин энэ удаад аварга авахгүй бол дэмий зүйл болно шүү. Би удахгүй та нартай уулзах болно” гэж жиргэжээ.
Дэвид Бэкхам
Хөлбөмбөгчин Дэвид Бэкхам гэр бүлийн хамтаар “ДАШТ”-ийг үзэхээр болжээ. Тэрбээр энэ сарын 14-нд Италийн шигшээ багтай тоглох Английн шигшээ багийн тоглолтыг үзэх тасалбарынхаа зургийг “Twitter” хуудастаа байрлуулж “Англи аварга болох болтугай” хэмээн жиргэжээ.
Яо Мин
Хятадын сагсан бөмбөгийн од тамирчин Яо Мин Бразиль улсад хэдхэн хоногийн дараа эхлэх “ДАШТ”-ийг үзэх болсоноо блогтоо бичжээ. Яо “Харамсалтай ч дараагийн дэлхийн аваргат Хятадын хөлбөмбөгчид оролцох болно. Сайн уу Бразилчуудаа тун удахгүй уулзацгаая” гэж бичжээ.
Пол Маккартни
Домогт “Битльз” хамтлагын дуучин Пол Маккартни нээлтэд оролцож “Let it be” дуугаа дуулахаар болжээ.
Женнифер Лопез, Питбулл
“ДАШТ”-ний сүлд дууг АНУ-ын реппер Питбулл болон дуучин Женнифер Лопез нар дуулсан юм. Дууны нэр нь “We are One (Ola ola)” буюу “Бид бүгд нэг” гэсэн нэртэй аж.
Шакира
Дуучин Шакира 2010 онд Өмнөд Африкт зохион байгууллагдсан “ДАШТ”-д “Waka Waka” хэмээх дуу гаргаж, хөлбөмбөгийн фанатуудыг жинхэнэ утгаар нь байлдан дагуулсан билээ. Тэгвэл энэ жил дуучин бүсгүй уламжлалаа дагаж “La la la” гэх дуу гаргасан юм. Бразилийн хөлбөмбөгийн холбоо Шакирад санал тавьсанаар тэрбээр ирэх сарын 13-нд Арена цэнгэлдэх хүрээлэнд болох хаалтын ажиллагаанд оролцохоор болжээ.
Эмма Уотсон
Харри Потер цувралын од жүжигчин Эмма Уотсон “ДАШТ”-ий нээлтийг үзэхээр болжээ. Тэрбээр энэ сарын 10-нд Рио-де Жанейро хотод очих гэнэ.
Бейонси
Дуучин Бейонси охин Блюегийн хамтаар Бразил улсад иржээ. Тэрбээр “АНУ-ын шигшээ багийг дэмжиж байна. Аваргын цомийг гэртээ аваад ир” гэж жиргэжээ.
Эва Лонгория
Яахаас буцахгүй киноны од жүжигчин Эва Лонгория “Амжилт Америк. Удахгүй уулзацгаая халуун цуст Бразилчуудаа” хэмээн жиргэжээ.
Том Круз
Холливуудын нэрт жүжигчин Том Круз ДАШТ-ийг үзэхээр Бразилд ирсэн тухай гэрчүүд мэдээлжээ. “Brazil” сонины зургадугаар сарын 1-ны дугаарт “Од Том Круз Рео хотод ирж, АНУ-ын шигшээ багтай уулзлаа” гэж бичжээ.
Рассел Кроу
“Гладиатор” киноны гол дүр нэрт жүжигчин Рассел Кроу Бразил улсад очиж Аргентины домог Лионель Мессиг дэмжихээ амласан байна. Кроу “Месси бол бурхан. Энэ удаагийн дэлхийн үзэхгүй байна гэдэг тэнэг хэрэг” гэжээ.
Опра Унфри
Нэрт хөтлөгч Опра Унфри “ДАШТ” оролцох бүх өнгөт арьстай тамирчинг дэмжихээ мэдэгдэж Бразилийн ард түмнийг тайвширч, эсэргүүцлийн жагсаалаа зогсоохыг хүссэн байна.
Ирина Шейк
Оросын супер модель Ирани Шейк найз залуу “Реал” Мадрид багийн супер од Криштиану Роналдуг дэмжихээр Бразил улсад иржээ. Тэрбээр “Португал улс аварга болно. Роналду ялалтын гоол оруулах болно” гэж жиргэжээ.

М.СОНОР
Сэтгэгдэл байхгүй байна