Хүмүүнлэг буянлаг үйлс бол хүн болж төрсний хамгийн том гавьяа хэмээх уриатайгаар “Гранд” сэтгүүл “Grand people” ёслол хүндэтгэлийн ажиллагаагаа гурав дахь жилдээ зохион байгуулж, энэ онд анхны Хүндэт гранд хүмүүсийг өргөмжилсөн билээ. Тэд бол анхны тэргүүн хатагтай, МОНЭС-ийн тэргүүн Ш.Цэвэлмаа, “Ховд аймгийн хөгжлийн төлөө сан”-гийн тэргүүн, өнөөдрийн ярилцлагын баатар ноён Ш.Адьшаа нар.
Хэн нэгэн амжилттай яваа аавын хүү, ээжийн охины амжилт, алдар хүндийг дэнслэхдээ нийгмийн сайн сайхны төлөө хийж бүтээсэн үйлсийг нь шалгуур болгодогтоо бид баяртай байдаг юм. Хүндэт Гранд лэди Ш.Цэвэлмаа хатагтай Монголын Эмэгтэйчүүдийн Санг байгуулж, 10 жил буяны үйл хийхдээ олон арван ээж, эмэгтэйчүүдийг сайхан амьдралд хөтөлсөн гавьяатай. Харин Хүндэт Гранд мэн ноён Ш.Адьшаа 10 жилийн өмнө “Ховд аймгийн хөгжлийн төлөө сан”-г үүсгэн байгуулж, Баруун бүсийн бурхан шашинтны төв Ганданпунцагчойлин хийд, 108 суваргыг барьж байгуулан, сүсэгтэн олныг буяны гэгээн замд дөтөлсөн гавьяатай.
Сайхан сэтгэл хүн бүрт зоргоор төлөвшдөг зан суртахуун биш хэмээн ярих ноён Ш.Адьшаа нутаг орондоо бүтээн байгуулалт хийж, зон олондоо туслахыг үүрэг даалгавараа гэж боддог. Тэр нутагт төрж өсөн, тэр уулсынх нь сүр хүчинд хүй цөглөж, хүн болж, хүний дайтай яваагийнх нь хариу өргөл гэж үздэг. Энэ үзлийн цаана хүн төрөлхтний хүмүүнлэг үзэл, хүмүүнлэг үйлсийн агуу их философи нуугдах шиг. Нээрээ л бид энэ хөрст дэлхийд хүн болж төрсөн заяа, хэвлий дээрээ тээж яваа эх байгаль, эх орондоо талархахдаа сайн үйлс хийж, сайхан амьдрах үүрэгтэй билээ.
Өнгөрсөн сонгуулиар төрөлх Ховддоо УИХ-ын сонгуульд нэр дэвшиж, илт давуу ялалт байгуулсан ч эцсийн мөчид саналаа луйвардуулсан ноён Ш.Адьшаагийн хонгор үрээ энэ жилийн баяр наадмаар соёолон насанд түрүү магнай, торгон жолоо атгуулж, эзнийхээ хийморь эрчийг баталсан билээ. Соёолонгийн тоосонд орвол тэр жилээ цог хийморьтой явдаг гэж манайхан билэгшээдэг. Тэгвэл соёолонгоо түрүүлүүлсэн “Гранд мэн”-ээ ярилцлагын хойморт урих нь мөн билэг ерөөлтэй гэж бид үзлээ. Алдарт гаалийнхны хэргээс авахуулаад хурдан хүлэг, буяны үйлс, улс төрийн үйл хэргээрээ дуулиан алдартай энэ эрхэм хэвлэлд тэр бүр ам нээж, нууцаа дэлгэж байсангүй. Тиймдээ ч илэн далангүй ярилцахыг түүнээс хүсэж, доорх яриаг өрнүүллээ. Тэр ямар замнал туулж, юуг эрхэмлэн дээдэлж, юунд зорьж явдгийг хамтдаа сонирхьё.
-Соёолонгоо торгон жолоо атгуулах яг тэр агшинд юу бодогдож байв?

-Юун түрүүн Монголоороо бахархах сэтгэл төрсөн. Монгол наадам гэдэг монгол хүн байхын бахархал, эв нэгдлийн баяр, уламжлалт ёс заншлын түүчээ, монгол төрт ёсны залгамж чанар юм. Төрийн ийм хүндэтгэлт их баяр наадамд монголчуудын шүтэж шүншиглэж ирсэн соёолон морины түрүүг авч, түмэн олноо, өөрийгөө баярлуулсан хийморьт үйл явдал надад тохиолдсонд маш их баяртай байна. Үүнийг уулсын сайхан орон Алтайн дунд хүй цөглөж, өсөж бойжсон учраас мөнх цаст Мөнххайрхан, Бууралхайрхан, Цаст Цамбагарав, Жаргалантхайрхан-сүрлэг уулсын сүр хүчин дор Цэнхэрийн гол, Булган, Буянт голын ариун дагшин уснаас ундаалж уусны буян заяа гэж ойлгож байгаа.
-Угаас хийморь шүншигтэй хурдан хүлэг дунд соёолон чухам яагаад тийм хийморьтой гэгддэг юм бол? Та л сайн хариулт өгөх байх.
-Аливаа юм эрч хүчтэй цаг үедээ эрч хүчтэй л байдаг. Ир нь орсон гэж ярьдаг даа. Хүний хорин хэдэн нас яах аргагүй эр бяр амтагдсан, ихийг бүтээх эрмэлзэл дүүрэн, ирээдүйн төлөө тэмүүлсэн, ямар нэг хир буртаггүй сэтгэл нь хүртэл цагаахан байдаг. Үүний нэгэн адил адууны эр бяртай үе нь соёолон нас байдаг.
Ер нь монголчууд эрт үеэс адууг шүтэж ирсэн нь морины хүчинд дэлхийг эзэлж, адууны сүр хүчээр бүхнийг дийлж ирсэнтэй холбоотой. Тиймдээ ч төрийн сүлдэнд морио мөнхөлсөн. Ийм ард түмэн глобалчлагдсан XXI зуунд байна уу? Маш их сүр, хийморь адуунд байдаг.
-Хүний соёолон нас нь хорин хэдэн нас гэлээ. Та соёолон насандаа хаана, юу хийж явсан бол?
-Хүн адгууснаас олон зүйлээрээ ялгаатай шүү дээ. Сэтгэдэг, дотоод итгэлээрээ амьдардаг, итгэл үнэмшлийнхээ төлөө хийж бүтээдэг гэхчлэн. Биеийн хүчнээс илүү оюуны, сэтгэлийн хүчээр амьдардаг учраас эрч хүч, эр бяр нь хэдэн ч насанд гарч болно. Сэтгэл зүрх, бодол санаагаа зөвд чиглүүлж, сайн үйлс хийж, сайхан энерги ялгаруулж явах тэр он жилүүд бүхэн хүний соёолон нас шиг юм гэж би ойлгох болсон. Товчхондоо хорин хэдэн настай хүн болгон эрч хүчтэй гэчихвэл өрөөсгөл юм.
-Эрч хийморь гэснээс могой жил таны аз хийморийн жил болчих шиг ээ. Хурдан хүлэг эзнийхээ аз ёндоо, хийморийг дагадаг гэдэг шүү дээ. Цаашилбал хэдийгээр УИХ-ын гишүүний мандат өвөрлөж, тангараг өргөөгүй ч Ховдод таныг тасархай гарч ирснийг орон нутгийнхан тань ярьцгааж байна лээ. Яг юу болчихсон юм бэ? Сонгуулийн тэр халуун өдрүүдийг эргээд дурсаач?
-Би өнөөдрөөс сайхан маргаашийн төлөө гэсэн уриатай УИХ-ын сонгуульд бие дааж нэр дэвшсэн юм. Хүн бүхэн өнгөрсөнд биш маргаашийн төлөө өнөөдөр ажиллаж, хөдөлмөрлөж, аз жаргалтай амьдрах ёстой гэж би боддог. Тийм ч учраас нар хур дэлгэрсэн, хурд хүлэг минь түрүүлсэн энэ сайхан зуны дэлгэр цагт өнгөрсний тухай, ялангуяа сонгуулийн талаар, амны билэггүй хов живийн чанартай зүйл яримааргүй байна. Урьд өмнө нь ч энэ талаар би хэвлэлд ам нээгээгүй. Цаг нь болохоор ярих болно. Уралдаанд нэг нь ялж, нөгөө нь ялагддаг жамтай. Ямартай ч шөнө ялчихсан байснаа үүрээр гэнэт ялагдсан сонин явдал болсон. Энэ дашрамд харин намайг дэмжсэн, надад итгэл хүлээлгэсэн Ховдын ард түмэндээ талархсанаа илэрхийлье. Нийт сонгогчдын гуравны нэг нь надад саналаа өгсөн байсан. Тэгж дэмжинэ ч чинээ бодоогүй. Тиймээс сэтгэл өөдрөг, ирээдүйдээ итгэл дүүрэн байгаа шүү.
-Ялагдал заримдаа асар их ялалтын эхлэлийг тавьдаг гэх нь бий. Таны амьдралд үнэ цэнэ ихтэй ялагдлууд хэр их байсан бэ?
-Сонгуулийн ялалт, ялагдал бол хүний амьдралын ялалт, ялагдлаас огт өөр зүйл шүү дээ. Амьдрал дээрх ялалт, ялагдал гэвэл их өөр зүйлийн тухай ярих хэрэгтэй болно байх.
-Тэгвэл амьдралд ялалт байгуулсан, ялсан хүн гэж хэнийг хэлэх вэ?
-Хүн болж төрөөд, хэрэв чамд боломж байвал нэг ч атугай сайн үйл хий, буян үйлд гэсэн зарчмыг би баримталдаг. Хүн юу тарина, түүнийгээ хурааж авдаг. Муу үйл хийвэл муу үр дагавар дагуулна. Сайныг хийвэл сайхан зүйл хурааж авна. Нүцгэн ирээд, нүцгэн буцдаг хорвоогийн энэ богинохон амьдралд бид насны эцэст сайн сайхан, утга учиртай амьдарсан байвал би ялжээ гэж ойлгох болов уу. Нийгмийн, бусдын сайн сайхны төлөө хүртээмжтэй, олонтой амьдарна гэдэг тэр бүр хүнд олддог боломж биш ээ.
-Хүмүүнлэг буянлаг үйлс бол хүн болж төрсний хамгийн том гавьяа гэж бид үздэг учраас таны нийгмийн сайн сайхны төлөө хийсэн үйлсийн тань төлөө “Гранд мэн” өргөмжлөлөө танд өгсөн. Үнэхээр нүдээ олсон шагнал болжээ гэж омогшиж сууна. Ийм хариулт урьд өмнө нь хэн нэгнээс авч байгаагүй учраас сэтгэл хөдөлж байгаагаа нууж чадахгүй нь. Ингэхэд Ховд аймгийн төвд сүндэрлүүлсэн 108 суврага баруун бүсийн бурхан шашины соёлын төв бол нутаг зонын хувьд юугаар ч үнэлж баршгүй буянлаг том хөшөө, буянлаг үйлс нутгийн зон олон ярьдаг юм билээ. Энэ бурханлаг хүмүүнлэг үйлсээс таньд ирдэг гялбаа нь юу бол?

-Хүн бүр сайхан амьдрахыг зорьдог. Ажилтай, зорилготой, гэр бүлтэй, олонтой, буянтай, хоол ундтай, элбэг дэлбэг амьдарна гэдэг сайхан. Зуу наслахгүйгээс хойш хүнд их хөрөнгө мөнгө, их эрх мэдэл хэрэггүй гэж ойлгодог. Харин хүн болж төрсөн, амьдарсан он цаг үедээ өөрийнхөө төлөө, үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө, өсөж төрсөн нутаг усныхаа төлөө, эх орныхоо төлөө чадал хүрэх сайн бүхнийг хийх ёстой гэж би боддог. Учир нь хүн болгон үүрэг даалгавартай төрдөг. Үүрэг даалгавартайн төлөө хүний сайн төрлийг авч төрдөг юм уу гэж боддог. Нутаг ус гээд ярихаар манайхны зарим нь жалга довны үзэл гаргалаа гэх нь бий. Гэтэл чухам тэр нутаг ус, уулсын сүр хүчинд хүний сайн төрлийг олж, сайн сайхан явна гэж боддог, итгэдэг над шиг хүмүүс олон байгаа шүү дээ. Би дахиад хэлье. Олон ястны өлгий нутаг Ховд аймагт, тэр их Алтайн сүрлэг уулс дунд, хөдөлмөрч, дайчин ард түмний үр сад болсондоо би өдөр бүр баярлаж, бахархаж амьдардаг. Өнөөдөр соёолон түрүүлснийг ч тэр л уулсын сүр хүчнийх гэж бодож сууна. Тэгэхээр үүнийнхээ хариуг би барих ёстой.
Би хүнээс илүү гарчихсан айхтар баян чинээлэг хүн биш л дээ. Бас уруу дорой амьдралтай ч хүн биш. Эгэл жирийн хүмүүсийн нэгэн адил дутах юмгүй сэтгэл дүүрэн амьдарч явна. Тийм ч учраас төрж өссөн нутагтаа юм хийх ёстой гэсэн зорилготойгоор “Ховд аймгийн хөгжлийн төлөө сан”-г одоогоос 10 жилийн өмнө байгуулж, нутаг зон олны хандиваар баруун бүсийн бурхан шашинтны төв Ганданпунцагчойлин хийд, 108 суваргыг бүтээн босгож, аймгийнхаа иргэдийн хуралд хүлээлгэж өгсөн. Боловсон хүчний асуудал гарч ирсэн учраас 14 хүүхдийг шашны сургуульд сургасан. Тэднээс найм нь Энэтхэгт сурч байна. Энэ бүхнээс надад ирдэг гялбаа их. Хүн сайхан зүйл бодож, сайн үйл хийвэл түүнийг үргэлж сайн сайхан юм бүхэн дагадаг. Мууг бодож, мууг үйлдвэл муу үр дагавар дагадаг. Нутгийн зон олны төлөө буяны мөртэй сайн үйл хийсэндээ би сэтгэл тэнүүн явдаг. Үүнийг танай “Гранд” сэтгүүл гярхай ажиглаж, олж харсан юм билээ.
-Та их шүтлэгтэй хүн бололтой?
-Шүтлэгтэй гэхээсээ илүү хүн итгэл үнэмшлийнхээ төлөө амьдардаг зүй тогтол надад илүү ойр. Энэ тухай би ярилцлагын эхэнд ч хэлсэн. Бурханы шашин бол дотоод сэтгэлийг ариусгаж, бие биеэ энэрч хайрлан, зөв амьдрахад хөтөлдөг асар том философи, асар их хүч агуулдаг шашин юм. Хүнийг амьдралын зөв зам мөрт хөтөлж, амьдралыг тэгшитгэж явдаг. Цаг үеэ дагаж олон шашин манайд дэлгэрч байна. Шашинд сүсэгтэй байх нь сайн хэрэг боловч ямар ч тохиолдолд бид уламжлалт шашин, зан үйлээ устгаж болохгүй, улам хөгжүүлж, дэлгэрүүлж байх ёстой гэсэн нэг бодол байдаг. Үүний маань нэг хэсэг нь баруун бүсийн бурхан шашны төв барих төсөл байсан. Монголчууд үнэхээр бурханд сүсэгтэй, буяны мөртэй ард түмэн гэдгийг би энэ төслийг хийж байхдаа ойлгосон. Хоёр тэрбум төгрөгийн хандив цугласан юм шүү дээ.
-Хоёр тэрбумын төсөл гэдэг асар том төсөл. Ийм их хөрөнгө цуглуулж, тэр том бүтээн байгуулалт хийнэ гэдэг хэр баргийн аавын хүү хийх зүйл биш л дээ. Ер нь таныг анзаарч байхад удирдан зохион байгуулах менежерийн алт шиг үнэтэй ховор авьяас байх шиг ээ. Уран зохиолд Итгэлт баян гэж гайхалтай дүр бий. Түүний ухааныг, удирдах ур чадварыг гүйцэх хүн ховор гээд л эдийн засагчид ярих юм билээ. Таныг орчин цагийн Итгэлт баян гэчихмээр юм байна гэж санагдаж байсан шүү.
-Итгэлт бол уран зохиолын дүр. Амьдрал их өөр шүү дээ. Наадах чинь таны л санаа байх. Буяны үйлс, сайн үйлс их сайхан бүтдэг юм билээ. Энэ төслийг бодит болгоход маш их хүч хөдөлмөр орсон нь үнэн. Гол нь түмэн олны тус, хандиваар боссон гэдгийг мартаж болохгүй. Монгол улсын ерөнхийлөгч, их хурлын даргаас авахуулаад төр засгийн удирдлагууд, хөрөнгө мөнгөтэй бизнесмэнүүд, эгэл жирийн малчин ард хүртэл хандив өргөсөн. Ховдынхон төдийгүй эх орны дөрвөн зүг, найман зовхисоос буяны үйлстнүүд оролцосон. Статистик ярьвал 1600-1700 хүн 1000 төрөгнөөс хорин сая хүртэл төгрөгийн хандив өргөсөн. Хоёр метр 10 см өндөртэй хамгийн том цутгамал бурхан боссон. Олны буян гэдэг оломгүй юм билээ. Олон түмний итгэлийг хүлээнэ гэдэг бас онцгой юм билээ. Одоо Ховдод очоод юу ч хийе гэхэд хүн болгон дуртай хүлээж авдаг. Олон олон аав уурганыхаа хуйваар даллаж, олон ээжүүд сүү цацлаа өргөж буян ерөөдөгт омогшиж бахархаж явдаг юм аа.
-Ингэхэд би таньтай их илэн далангүй ярилцана гэж бодож, зорьж ирсэн. Та ер нь хэр нээлттэй, шулуун хүн бэ?
-Нууж хаагаад байх юм байхгүй. Нууж хаахаар ч юм хийж явсангүй. Тэгэхээр нээлттэй, шулуун хүн гэж ойлгож болох уу (инээв).
-Бизнесмэн Адьшаа, улс төрч Адьшаа, уяач Адьшаа гурвын хооронд хэр хол ялгаа, хэр хол орон зай байдаг вэ? Энэ бүх статус таныг өөр өөр дүрд хувирч, өөр зан байдалтай байхыг шаарддаг уу?
-Улс төр өөр дүрд хувирахыг шаарддаг юм байна лээ. Ядахдаа л худлаа ярьж сурах хэрэгтэй юм шиг байгаа юм. Хүмүүсийн өмнө худлаа инээж байх хэрэгтэй юм шиг байгаа юм. Бас худлаа уйлахыг шаарддаг ч байж мэдэх юм. Улс төр тийм сайхан юм биш ээ.
Би тийм том бизнесмэн биш. Эмнэлгийн бизнес эрхэлдэг. Өөрийгөө болгочих хэмжээний илүү гарсныг нь нийгмийн сайн сайхны төлөө зориулчих дайны. Гэр бүлийн бизнес юм даа. Уяачийн тухайд малчин удамт айлын хүү сайн уяачийн сүр хүчин дор явж байгаа хүн.
-Та багадаа ямархуу хүүхэд байсан бэ? Их сэргэлэн, атамандвал атамандчихдаг мужик шинжийн зан төрх байсан болов уу гэж харагдаад байдаг юм. Би зөв таасан уу?
-Бага нас минь малчны бууц үнэртэж, агаар салхи нэвт сэнгэнэсэн байгаль дунд өнгөрсөн. Багадаа хурдан морины унаач хүүхэд байсан юм. Унасан морь минь түрүүлж, айрагдахаар хөөрч баярлаад л. Тэр чинь хоол хүнс ер нь ховор байсан үе шүү. Морь минь түрүүлж, айрагдвал нэг сайхан боорцог иднэ дээ л гэж боддог байж билээ. Бидний үеийнхэн бүгд л ийм үеийг туулсан даа. Тэгээд их хожуу аравтайдаа сургуульд орсон. Аав маань хүүхдээ сургуульд оруулаагүй хэргээр сумын захиргаанаас сануулга авч, 30 хоног баривчлагдах дээрээ тулж байсан хүн. Тэгээд арга буюу аравтай байхад минь сургуульд оруулсан. Сургуульд ороход нэг шляпан малгай авч өглөө. Тэгээд л Ширнэнбандийн шляпан малгайт хочтой болсон. Ангийнхнаасаа хоёр насаар ах болохоор том биетэй, атаман маягийн байнаа даа. Бүх хүүхдүүдийг уриалан дууддаг, манлайлдаг хүүхэд байсан.
-Арван жил төгсөөд их сургуульд орно гэдэг амьдрал хувь заяаны бараг тал хувийг шийддэг чухал мөч. Та мэргэжил сонголтон дээрээ өөрийнхөөрөө байж чадсан уу?
-Их хөгжилтэй юм чинь тэнд болсон. Конкурсны шалгалтаа өгчихөөд хуваарь дуудахад би гол дээр тэнэж явсан байдаг. Буянт голын хөвөөнд юу ч хийж явсан юм, Анхбаяр гэдэг хүүхдийн аав Дашдаваа гэдэг хүн намайг хайж ирлээ. Тэгсэн чинь Анхзаяа гэж хүүхдийн ах надад “Чиний доор МУИС-ийн мөрдөн байцаахын нэг анги байгаа шүү. Тэр хуваарийг авч болохгүй, хотоос захиж авчруулсан юм. Ах нь чамайг шагнана шүү” гэж байна. Би уг нь МУИС-ийн Монгол хэлний ангид орно гэж байсан юм. Өмнө нь Халх голын тухай зохион бичлэгийн уралдаанд түрүүлээд “Залуучууд” зочид буудалд ирж амарч байхдаа МУИС-ийн Монгол хэлний анги гэж нэг хаяг харсан нь тэр л ангид оръё гэдэг бодолтой болгочихсон хэрэг. Яваад ортол шалгалтын комисс намайг загналаа. Чамаас болж ажил хойшиллоо, чамд хуваарь өгөхгүй гээд. Загнуулж загнуулж байгаад нөгөөх мөрдөн байцаах ангийг нь аваад гарсан. Тэгээд л хуульч болсон. Тэр хоорондоо бас будлиантай. Хоёр, гуравдугаар ангидаа сахилга бат муу гэсэн дүн авч байсан юм байна. Сахилга бат муу гэсэн дүн авч байсан хүүхэд хуулийн сургуульд тэнцэхгүй гэлээ. Аавын найз, аймгийн шүүхийн дарга байсан Мөнхөө гуай бичиг хийж өгсөний эцэст их сургуульд сурах үүд хаалга бүрэн нээгдсэн дээ. Одоо Мөнхөө гуайн хүү М.Ганбаатар эрүүгийн цагдаад ажиллаж байгаа. Ийм л их хөгтэй, паянтай их сургуулийн оюутан болсон доо.
-Ажил амьдралын гараагаа хаанаас эхлэв?
-Ховд аймгийн прокурорын газраас эхэлсэн юм. Мөрдөн байцаагч, хяналтын прокурорын туслах, орлогч прокуророор ажиллаж байгаад 1990 онд ажлаа өгч, ганзагын наймаанд гарсан. Дараа нь хэсэг Дээд шүүхийн хэвлэл мэдээллийн албаны даргаар ажиллаж, “Хууль ёс” сэтгүүл, “Монгол журам” сонины хариуцлагатай эрхлэгч хийж байсан.
-Зах зээлийн давалгаан дунд бас ганзага үүрсэн байх нь. Бизнесээрээ яагаад тууштай яваагүй юм бэ?
-Ганзага үүрсээн. УИХ-ын гишүүн, “Ажнай” Д.Бат-Эрдэнэ, Г.Батхүү, “Монгол глобал”-ын Б.Ганбаяр бид хэд чинь зэрэгцээд л ганзагын наймаа хийж явлаа. Айхтар бизнесмэн болох ёсгүй л байсан юм болов уу. Өмгөөлөгч бас хийж байсан. Хэрвээ хуулиараа явсан бол өдийд Дээд шүүхийн дарга болчихсон явах байсан байх гэсэн бодол хааяа төрдөг юм. Хүний амьдралын төөрөг шүү дээ.
-Амьдралын өмнө бууж өгөх, мухардах үе танд байсан уу?
-Арай мухардах үе гарч байгаагүй. Гэхдээ амьдрал л юм чинь янз бүрийн асуудалд орооцолдож, сэтгэл санааны дарамтанд орж байсан үе бий. Гаалийнхны хэрэг гэж Монгол улсыг доргиосон хэрэг гарч, тэдэн дунд шалгагдаж 60 хоног мөрдөнд суусан. Гурван жил гаалийн Адьшаа гэдэг нэрээр хэвлэлийн баатар болж байлаа. Гэхдээ гаалийн Адьшаа гэж дуудуулж явснаараа бахархдаг шүү. Монгол улсын тусгаар тогтнол, аюулгүй байдлын баталгаа болсон энэ газар хэдэн зуун хүн эх орныхоо төлөө хөдөлмөрлөдөг. Тэр сайхан хамт олны дунд ажиллаж явснаараа бахархаж, залбирч явдаг юм.
-Нэгэнт илэн далангүй ярилцана гэснийх лавлаж байгаа юм шүү. Тэр өдрүүдэд яг бодит байдал дээр юу болсон юм бэ?
-Энийг надаас биш шийдвэрлэсэн хуулийн байгууллагуудаас асуувал зүгээр байх. Би тухайн үед бүх юмаа шалгуулсан. Шалгуулж, үнэн мөнийг тогтоолгосондоо баяртай байдаг. Шалгуулаагүй хүмүүс зөндөө байгаа шүү дээ. Гурван жил шалгуулсан, бичүүлсэн. Үнэхээр гэм буруутай байсан бол өнөөдөр би их л өөр байдалтай байсан байх. Энэ явдлаар миний насны барцад гарсан байлгүй дээ гэж боддог юм.
-Таны хувийн амьдрал олны өмнө тэгтлээ ил биш. Гэргийгээ бидэнд танилцуулаач?
-Уг нь нуугаад байх юм байхгүй. Би нэг эхнэртэй, гурван хүүхэдтэй (инээв). Манай гэр бүлийн хүнийг Саранчимэг гэдэг, эмч мэргэжилтэй, Завханы гаралтай хүн.

-Танайх дандаа хөвгүүдтэй байх шүү. Хэр хатуу гараар хүмүүжүүлж байна? Тэднийхээ боловсролд бас ямар байдлаар хандаж байна вэ?
-Хоёр хүү, нэг охинтой. Хатуу гараар хүмүүжүүлэхийн ач тус гэж байхгүй дээ. Хүн заяавал хүнс заяана, хүн бүр идэх хоолтойгоо ирдэг гэж өвөг дээдэс маань ярьдаг. Хүн хувь төөргөөрөө амьдарна даа. Түүнээс биш онц сурдаг нь мундаг, муу сурдаг нь муу хүн болно гэсэн ойлголт байхгүй. Боловсрол мэдлэгт нь гэхээс илүүтэй сэтгэлийн боловсролыг нь чухалчилж үздэг. Сайхан сэтгэл хүн бүрт зоргоор төлөвшдөг зан суртахуун биш шүү. Аав ээжийгээ хайрлах, найз охиноо хайрлах, хүнийг хайрлах, эх орноо хайрлах сэтгэлтэй байх чухал.
-Таны найз нөхөд, улс төр, бизнесийн хүрээллийг гадарлах юм. Бусдыг найз нөхдөөр нь шинждэгчлэн та тэдэнд ямар шалгуураар ханддаг вэ?
-Заавал шалгуур тавих хэрэгтэй гэж үү. Хүнд хэрэггүй хүн, хэрэггүй тус гэж байдаггүй. Хэн хэндээ тусалж л байвал дарга байна уу, цэрэг байна уу надад хамаагүй. Ямартай ч хамтын хүч гэдэг гайхамшигтай юм. Би олонтой хүн. Олонтой явах сайхан.
-Таны амжилт, хийморийн эхлэл юу байсан гэж та боддог вэ?
-Сайхан сэтгэл, зөв бодол байсан. Хэдий хувь төөрөг гэдэг ч хүний амьдрал зуун хувь өөрөөс нь шалтгаалдаг юм. Тэр хүний дотоод итгэл, сэтгэлээс шалтгаална. Хүн өдөрт сая төгрөгний хоол идэхгүй. Идэж уух юм хэмжээтэй байдаг. Олсон зөөснөө олонтойгоо хувааж идвэл сайн явахын эхлэл гэж боддог. Энэ хүнийг нар луу алхаж яваа хүн гэж болно. Олчихоод өөрөөсөө ч харамладаг хүмүүс ч бас байх юм. Энэ бол буруу тал руу хазайхын эхлэл.
-Танд төрөл бүрийн гуйлт, тусламж ирдэг нь мэдээж. Мөнгөний талаар та юу хэлэх вэ?
-“Ховд аймгийн хөгжлийн төлөө сан” байгуулагдаад 10 жил болохдоо олон хүүхдийн сургалтын төлбөр төлж, өвдөж зовсон нэгэнд тусалсаар ирсэн. Өгөх, туслах юм байгаад энэ юм. Байхгүй бол юу өгөх юм. Өгөх юм байхгүй үед бас хэцүү. Тусламж үзүүлдэг буяны байгууллага биш шүү дээ. Гол нь хэрэгтэй газар, хэрэгтэй үед, хэрэгтэй юманд зарцуулахыг хичээдэг.
Мөнгөний тухайд хэрэгтэй үедээ хэрэгтэй, хэрэггүй үедээ хэрэггүй харьцангуй эд. Хүний амьдралын хэрэглээ юм.
-Та нээрээ түрүү соёолонгийнхоо найрыг хийх үү?
-Гавьяа байгуулчихсан биш дээ, найр хийх нь юу юм. Гэхдээ нутгийнхаа уяачид, олон түмнийг баярлуулж соёолонгийнхоо хишгийг хүртээнэ. Ноднин Баян-Өлгий аймагт болсон Баруун бүсийн наадамд түрүүлэхэд мориныхоо бай шагналыг сумынхаа хүмүүст тараагаад өгчихсөн. Арав арав мянган төгрөг ноогдож таарсан. Гол нь мөнгө төгрөгийнхөө тоонд биш морины хишиг гээд хүмүүс их баярладаг юм билээ.
-Та ингэхэд хэдэн жил морь уяж байна вэ? Хурдан хүлэгт юу татаж оруулсан юм бол?
-Би морь уяад дөрвөн жил болж байна. Улс бүсийн наадмаас таван түрүү, нэг айраг авсан. Багадаа унаач хүүхэд байсан, бага нас минь малчны хотонд өнгөрсөн болохоор морь малд цаанаасаа татагдаж байгаа юм л даа. Яг хурдан моринд шимтэж орсон түүх бас сонин. Ховд аймагт Баруун бүсийн даншиг наадам болсон жил Ховдын уяачид их муу наадлаа. Бараг эхний аравт Ховдын морь ирсэнгүй. Хотоос очсон нэг уяачийн шүдлэн л түрүү авч байсан санагдана. Тэгэхэд одоо манай морьдын уяа сойлгыг тааруулдаг Отгоннасан уяачийн хонгор соёолон түрүүлсэн юм. Гэтэл морь цоллох болсон чинь Отгоннасангийн соёолонг аман хүзүүдүүлээд, нэг сайдын морийг түрүүлүүлчихдэг юм байна. Тухайн үеийн аймгийн удирдлагууд, морины комиссынхны хийсэн ажил л даа. Тэр чинь Ховдын наадам биш, Монгол улсын Засгийн газрын тогтоолоор болж байгаа Монгол төрийн даншиг наадам шүү дээ. Миний эгдүү их хүрсэн. Тэгээд маргаан үүслээ, сүүлдээ тэд дийлж, сайдынхаа моринд түрүү өгч, бай шагналаа ч аваад явсан. Тэгэхэд би аймгийн удирдлагуудад “Ийм муухай юм зохион байгуулж байхад манай Ховдоос яаж ч морь хурдлахав дээ” гэхэд “Тэгвэл чи чаддаг юм бол морь уяад Ховдын нэрийг гаргачихгүй юу” гэж байна. Нэг том түшмэлийн хэлсэн үг. Тэр үед “Улс бүсийн наадамд гурван жилийн дотор Ховдчуудынхаа нэрийг гарганаа” гэж ам гарсан юм. Ховдын морины угшлыг сайжруулж, тоосыг нь тэнгэрт өргөнө гэж ам гарсан тэр үеэс моринд шимтсэн. Ам алдвал барьж болдоггүй гэдэг дээ. Тэгээд л 2009 оноос хойш Монгол улсын Манлай уяач Отгоннасантай зам нийлж, улсын наадмаас хоёр дахь түрүүгээ аваад байна.

Ярилцсан М.УРАНЧИМЭГ
Сэтгэгдэл (24)