УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд асан Л.Болд Монголын улс төр, эдийн засгийн салбарт өөрийн орон зай, байр сууриа хэдийнэ бэхжүүлсэн олны танил эрхмүүдийн нэг. Түүнийг ардчилсан хувьсгалын удирдагчдын нэг, Ардчилсан намын нөлөө бүхий гишүүн, мөн “Бодь” групп, “Голомт” банкийг үүсгэн байгуулагч гэдгээр нь хүмүүс мэдэх боловч амьдрал, гэр бүлийнх нь талаар бага мэддэг. Хэвлэлд хувийн амьдралынхаа талаар тэр бүрий яриад байдаггүй энэ эрхэмтэй ярилцлаа.
-Таны гэр бүл, хувийн амьдралын талаарх мэдээлэл хэвлэлээр ховорхон гардаг. Уг нь зөвхөн улс төрд зориулагдсан хүн биш байлтай. Гэр бүлийнхээ талаар уншигчдад танилцуулаач.
-Манайх ам бүл тавуулаа. Гурван дүрсгүй охинтой. Би жирийн л нэг аав.
-Охидтой хүн их зөөлхөн байдаг байх. Гэртээ ширүүн ч дуугардаггүй биз?
-Тийм шүү. Охид цаанаа л нэг эмзэг нандин, эрхэмсэг. Ээж, аавдаа халамжтай, хариуцлагатай байдаг юм.Охид маань түрүүчээсээ тусад орчихсон болохоор гэр орныг цэмцийлгэнэ шүү дээ. Би хатуу талдаа хүн. Тэрийг ч мэдээд бурхан надад дандаа охид өгсөн юм шиг байна.
-Хатуу хүн гэнэ ээ? Ямар утгаараа вэ?
-Өөртөө болон бусдад хатуу шаардлага тавьдаг.
-Гэр бүлдээ цаг зав хэр гаргадаг аав бэ?
-Би амралтын өдрүүдээ гэртээ хүүхдүүдтэйгээ өнгөрөөх дуртай. Эхнэр маань харин бялуу хийх дуртай. Бид бүгдээрээ амарч байгаа үедээ гэртээ бялуу, боов, амттан хийгээд бужигнаж өгнө. Эсвэл агаар салхинд гарна. Ажлын өдрүүдэд өөрөө ажил ихтэй болохоор хүүхдүүдээ бас ачаалалтай байлгадаг юм. Хэн хэнээ үгүйлэхгүй тэр нь амар. Хичээлээс нь гадна тооны, япон сампингийн, төгөлдөр хуурын, балетын, морин хуурын, герман хэлний хичээлд явуулдаг. Ялангуяа том охиноо хэтэрхий их ачааллаар дараад байна уу гэж сүүлийн үед бодоод зөв үү, буруу юу гэж хүмүүстэй зөвлөлдөж байгаа. Охид маань бараг надаас илүү ачаалалтай амьдардаг. Бага нь ч яахав, гэртээ ээжтэйгээ эрхлээд л, сахилгагүйтээд байж байдаг юм.
-Тэр сахилгагүй нөхөр хэдэн настай юм бэ?
-Хоёр ой өнгөрч байна. Манайх 2008 оноос Хан-Уул дүүрэгт амьдрах болсон. Энд нүүж ирээд ийм хөөрхөн охинтой болсондоо бэлгэшээдэг юм. Хан-Уулын хүүхэддээ хамгийн их хайртай. Бага нь юм болохоор ер нь бүгдээрээ л түүний өмнө нурж өгнө дөө. Эгч нар нь жигтэйхэн эрхлүүлнэ. Одоо том охин маань 11-тэй, удаах нь найман настай.
-Та хүүхдүүдээ хэр их эрхлүүлдэг вэ. Ямар ч хатуу чанга хүн хүүхдүүдээ харахаар хайлсан тугалга шиг болдог шүү дээ.
-Эрхлүүлэлгүй яахав. Хүүхдээ эрхлүүлэх хамгийн сайхан аз жаргал. Гэхдээ яаж эрхүүлэх вэ гэдэг учиртай. Би хүүхдүүдээ бага гэлтгүй өөрсөдтэй нь холбоотой шийдвэрийг өөрсдөөр нь гаргуулдаг юм. Буруу шийд гаргавал өөртөө л гомдоно.Буруу гэдгийг нь мэдэж байсан ч тэр чигээр нь гаргуулчихдаг юм.
-Тэр үед таны санаа зовдог л биз дээ?
-Хатуу хандаж байгаа биз. Гэхдээ дараа нь алдаа хийхгүйн сургамж болог. Амьдралд суралцахад нь хэрэгтэй. Аав, ээжийгээ мөнхөд дагуулж явах биш. Эрт хэрсүүжих нь эргээд өөрсдөд нь хэрэг болно.

-Хүүхдүүддээ үргэлж хэлж захидаг сургааль тань юу вэ?
-“Монгол хүн байж...” гэдэг үгийг л их хэлдэг. Монгол хүн байж ингэж болохгүй, тэгж болохгүй. Монгол хүн ийм байх учиртай, ингэх ёстой гэж их хэлнэ. Багаас нь үндэсний үзэлтэй болгон хүмүүжүүлэхийг хүсдэг юм. Хүүхдүүд маань Монголыг муулсан үг яриа сонсч чаддаггүй. Ялангуяа гадаад хүүхдүүдтэй ийм зүйлээс болж муудалцдаг гэж байгаа. Охид гэхгүй үзэлцэж байхыг нь зөндөө харсан. Монгол хүний омголон зан юм шиг байгаа юм.
-Охиддоо үлдээх хамгийн том өв хөрөнгө гэвэл та юу хэлэх вэ?
-Эцэг, эхийн хувьд хүүхдүүдийнхээ авьяасыг нь нээж, тордъё л гэж боддог юм. Ажил мэргэжил сонгох, амьдрал зохиох зэрэгт нь оролцохгүй. Аав, ээж маань ч бидэнд тэгж ханддаг байсан.
-Ээж, аав гэснээс таныг нэрт эрдэмтэн Лувсанвандангийн хүү гэдгийг хүмүүс мэднэ. Эцэг, эхийнхээ нэр төрийг эрхэмлэж, хүний зэрэгтэй явах хэрэгтэй гэдгийг та их эрх ухамсарласан байх. Одоо охид тань ч бас энэ талаар боддог байх. Ер нь олны танил хүний ар гэр, үр хүүхэд хүмүүсийн анхаарал их өртдөг шүү дээ.
-Миний ээж, аав хөдөө малын захад өсч, хожим нь сургууль соёлын мөр хөөн хот хүрээ газар ирж амьдарсан эгэл жирийн хүмүүс байлаа. Аав маань Баянхонгорын, ээж маань Хөвсгөлийн уугуул. Тэдний үеийнхэн хөдөөгийн малчнаас эрдэмтэн, зохиолч, эмч багш болтлоо өөрсдийгөө боловсруулж, амьдрал ахуй, улс эх орноо өөд нь татаж өдий зэрэгт хүргэсэн сайхан түүхтэй хүмүүс. Аав, ээж маань зургаан хүүхэд төрүүлж, өсгөхийн хажуугаар өөр өөрсдийнхөө ажлыг нэр төртэй хийж, биднийг хүний зэрэгтэй амьдралд хүргэсэн ач буянтай улс. Аав маань хэл бичиг, гоо зүйн ухаан судалдаг эрдэмтэн, ээж маань эмч байлаа. Тэгэхэд цаг үе өнөөдрийнхөөс өөр байсан болоод ч тэр үү, бид эгэл даруу өсөцгаасөн. Эрдэмтний хүүхэд, эмчийн хүүхэд гэж ялгарах юм огт байгаагүй. Өнөөдөр аав, ээж маань ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн ч гэлээ үг, сургаалийг нь үргэлж санаж, захиа даалгаврыг нь биелүүлж амьдарч байна. Эцэг, эх, үр хүүхдийн ариун холбоо үүндээ л байдаг гэж би ойлгодог. Охиддоо ч бас үүнийг захидаг юм.
-Та охидынхоо авьяасыг нээж хөгжүүлэхийг хамгийн том үүргээ гэж боддог гэлээ. Ингэхэд охид юунд илүү авьяастай байна?

-Ер нь гадаад хэл, хөгжим, уран зурагт авьяастай. Том охин хэл сурах, найруулж бичихдээ, дунд охин уран зурагтаа, бага охин сахилгагүйтэхдээ авьяастай. Бага охин маань ой өнгөрөөд л IPAD эзэмшчихсэн шүү дээ. Ер нь адтай, ам хэл нь гүйцэгдэхгүй охид бий. Эхнэр маань бидэнд хайр, халамжтай, түшигтэй сайн бүсгүй байдаг. Уг нь санхүүгийн мэргэжилтэй. Одоо жинхэнэ супер ээжийн үүрэг гүйцэтгэж байна. Миний найдвартай ар тал.
-Та бизнест одтой, амжилттай эрчүүдийн нэг. Хүүхдүүд тань үүнийг өвлөж, үргэлжлүүлэх, цаашид өргөжүүлж, хөгжүүлэх нь гарцаагүй. Тэр цагт охидоо ямар бизнес хийгээсэй гэж хүсдэг вэ?
-Би бизнесийн нэлээн олон салбарт хүч үзсэн. Монгол улс, монголчууддаа хэрэгтэй гэсэн олон шинэ техник, технологи, үйлчилгээг анхлан нэвтрүүлж байсандаа сэтгэл хангалуун явдаг. Энэ зарчмыг нь минь хадгалж, улс эх орондоо хэрэгтэй өөр олон зүйлийг үргэлжүүлэн хийгээсэй гэж хүсдэг. Гэхдээ архи, тамхи, ашигт малтмал гэсэн гурван бизнесийг хэзээ ч эрхлэхгүй гэсэн зарчимтай. Хэрэв охид маань ирээдүйд бизнест орох болбол энэ зарчмыг минь үргэлжлүүлэх байх.
Цаг зав гаргаж илэн далангүй ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.
Сэтгэгдэл (6)