Би амьдралын үнэт зүйл болох өөрийнхөө нөгөө талыг олсон

Хийлч Дэги гэх энэ хоёр үг хэдийнэ брэнд болжээ. Хүүхэн ялдам, өнгө ялгуун хийлийн эгшигээр сонгодог урлагийг түгээхдээ тэрээр тодорхой хүрээнийх хэмээх имижтэй, хайрцаг дахь энэ урлагийг зад тийрч, олон түмэнд хүргэсэн гавьяатай. Түүний хийлийн чавхдасаас хичнээн сонгодог эгшиг Дэги хэмээх залуу халуун, эрч хүчтэй, эрх уянгалаг ертөнцөөр баяжигдан бидний зүрх сэтгэлд хүрч ирсэн юм бэ дээ. Жилийн жилд, хаврын хаварт хайртай фенүүддээ тоглолтоо толилуулсаар нэгэнт орон зай, хүлээлт бий болгож амжсан тэрээр энэ удаад зуны дэлгэр өдрүүдэд ээлжит тоглолтоо хийх гэж байна. Тэгэхдээ дэлхийн чихийг анирдсан, олон улсад хандсан тоглолт хийх гэж буйгаа Дэги онцоллоо. Түүнтэй ярилцсанаа хүргэе.  

-Хийлч Дэги жилийн жилд, хаврын хаварт уран бүтээлийн тоглолт хийж, сонгодог хөгжмийн ертөнцөөр биднийг аялуулсаар үзэгчид нэгэнт хүлээдэг болчихож. Энэ жилийн тоглолт зуны дэлгэр цагт товлогдсон юм байна. Тоглолтын онцлог нь юу байх уу?

-Зуны дэлгэр цаг, ялангуяа долдугаар сар Монголын хувьд жуулчдын сар. Бусдад бид түүх, соёлоороо гайхуулдаг улирал. Ирсэн хүн бүр Монгол жилийн 4 улиралд ийм налгар, дэлгэр байх юм шиг санадаг сайхан цаг. Энэ жилийн тоглолтоо зун товлосон нь зөвхөн Монголд бус дэлхийд хандсан тоглолт хийе гэсэн санаа. Хөгжим бол хэлмэрчлэх шаардлагагүй урлаг. Тиймээс Монголын сонгодог урлаг ийм байна гэдгийг гадны жуулчдад харуулахыг хүсч байна. Энэ саналыг миний найз нөхөд ч ихээр тавьж ирсэн.

Дэлхийд хандсан тоглолт гэдэг маань зөвхөн жуулчны улиралд хийж байгаатай холбоотой биш. Энэ удаагийн тоглолтонд маань АНУ-ын нэртэй хийлч, П.И.Чайковскийгээс Америкт анх удаа мөнгөн медаль авчирсан авьяаслаг уран бүтээлч эмэгтэй ирж оролцоно. Дэлхийн хэмжээний чансаатай хийлчдийн нэг гэгддэг Дилана Женсон багш дээр би Америкт суралцаж байхдаа хичээл заалгаж байлаа. Энэ удаад миний эх оронд ирж, дэлгэр зунтай нь танилцаж, бас хамтран тоглооч гэдэг саналыг тавьсан. Тоглолтын нэр нь “Чайковскийн үдэш”. Тэр бүр уран бүтээлчдийн тоглодоггүй, чансаа шалгадаг П.И.Чайковскийн хийлийн  концертын 3 ангийг тоглоно. Тэр чигээрээ сонгодог, эрхэмсэг үдэш болно. Энэ утгаараа энэ бол дэлхийн хэмжээний тоглолт болно гэж онцолж болно. Тоглолт маань 7-р сарын 7-ны үдэш Тусгаар Тогтнолын ордонд болно.

-П.И.Чайковский бол яах аргагүй сонгодог урлагийн эрхэм дээд зиндаа нь. Сайхан мэдээ байна. Нөгөө талаар таныг сонгодог урлагийг массад ойртуулж, амт шимтийг нь эгэл үзэгчдэд мэдрүүлж өгсөн гавьяатай гэж би боддог. Таны эрч хүчтэй, орчин үелэг, донжтой имиж энэ үдэш тэр чанараа хадгалах болов уу. Хэт сонгодог тоглоод хүндэрчих болов уу гэсэн асуулт үзэгчдэд бас гарч ирнэ?
-Би үзэгчидтэйгээ ойрхон байж, хөгжмөө тайлбарлаж тоглох дуртай. Сонгодог хөгжмийг жирийн хүмүүст ойртуулах нь миний хамгийн том үүрэг гэж боддог. Харийн урлаг биш байгаасай гэж боддог нь миний уран бүтээлийн амин сүнс болж явдаг. Тэр утгаараа таны хэлдэгчлэн Дэги имиж энэ үдэш алдагдахгүй. Тоглолт бяцхан хүүхдүүдийн тоглолтоор эхэлнэ. Энд сонгодог ч байна, хөнгөн сайхан мэдрэмж ч байна. Аль алийг нь хослуулан. Би том байшин харуулахыг хүсэхгүй байна. Гүүр тавьж өгнө.

-Та бол ХБК-ийн бүтээгдэхүүн. Таны бага насны зургийг хараад төрсөн сэтгэгдэл гэвэл тэр л ягаан байшинд балчираасаа хүмүүжсэн хүүхдүүд дундаас тань шиг алдар хүндийн тавцанд гарч, урлагийн дэвжээнд хүчирхэг өрсөлдөж яваа нь ховор байна л даа. Дараа нь холын мөрөөдөл Америкт суралцлаа. Тэндэх он жилүүд, америк соёл таныг хувь ертөнц болоод уран бүтээлчийн хувьд маш сайн задалсан юм шиг анзаарагддаг. Та санал нийлэх үү?
-Тийм шүү. Хүн задрахад бэлэн болсон үедээ л задрахад бэлэн байдаг. Тэр бүх нөхцлийг ХБК, орос “школ” маш сайн тавьж өгсөн байдаг. Хүнийг язгуураар нь сургаж, суурь бат тавьж өгдөгөөрөө орос буюу академик школ гайхамшигтай. Сул тал нь голонгуй болгож орхидог. Хүн үргэлж өөрийгөө голж, өөртөө чамлалттай ханддаг болгочихдог гэсэн үг л дээ. Гэтэл америк соёл яг эсрэг туйл нь. Тэнд хүн өөрөө өөртөө Моцарт байхыг сургадаг, тунхагладаг. Хөгжмийг тоглохдоо чи өөрийнхөө өнгө аясыг гаргаад ирж болно, юу нь муу гэж америкчууд үздэг. Энэ хоёрын огтолцол дээр уран бүтээлч хүн өөрийгөө нээж, арга барилаа олж авах чухал.

-Дэги сонгодог урлагт имижээ бүтээж, брэндээ тунхаглалаа. Хатан хаан нь боллоо. Амжилтын нууц нь юу вэ?
-Би өөрийгөө хатан хаан гэж хэлэмгүй байна. Харин хийлч Дэги гэдэг брэнддээ дуртай. Энэ бол миний бахархал. Надад байдаг хамгийн том шагнал. Эцэг эхээс заяасан нэрийг ажил мэргэжлээрээ бий болгосон алдраар орлуулж, дуудуулж явна гэдэг сайхан л даа. Энэ бол гайхамшигтай сэтгэлийн таашаал.

-Үнэхээр ч та бол бидний үед амьдарч буй баатар. Таныг хувь мөн чанарыг ажиглаж байхад хэт өөрийнхөөрөө, ихэмсэг бардам амьдарч, оршиж чадаж байна. Ихэнх нүүдэлчин, жижиг үндэстэнд байдаг бие биеэсээ хамааралтай, өөрийнхөөрөө бус бусдад таалагдах гэж амьдардаг зан чанар танд байдаггүй. Зөвхөн өөртөө таалагдаж, өөрийнхөөрөө амьдрах агуу чанар танд байна.
-Баярлалаа. Эмэгтэй хүний амьдралд нас их чухал байдаг юм байна. Би бүсгүй хүний дэлгэрэх нас буюу гуч гарсан насан дээрээ зогсож байна. Хориод нас айж эмээх, сурч боловсрох, сонсож дуулах нэг ёсны авах нас байдаг бол гучаад нас өөрийгөө таньж мэдсэн, өөртөө эзэн байж, юу хэлэхээ, юу хүсч байгаагаа мэдэрдэг нас юм байна. Би яг л тийм насан дээрээ явна. Би дэлгэрч байна, эрч хүч мэдрэгдэж байна. Магадгүй тийм учраас таны нүдэнд тэгж харагдаж байгаа байх. 

-Бальзакийн нас гээд утга зохиол хүртэл мөнхөрсөн нас л даа, үнэхээр...
-Энэ насандаа олон гайхамшигтай зүйлийг бүтээх юмсан, эрч хүчээр дүүрэн байхсан гэж бодож байна. Сайхныг ч мэдэрч байна. Дуртай зүйлээ өөрийнхөөрөө хийхийг хүсч байна. 

-Та бол Монголын од, яах аргагүй сонирхлын бай. Тэр утгаараа таны хувийн амьдрал бусдын нүд чихэнд их содон байдаг нь нууц биш. Хэрвээ нууц биш бол хоёр дахь амьдрал, сонголтынхоо тухай манай уншигчидтай хуваалцаж болох уу?
-Миний уран бүтээл туурвиж, орон зайд нь багтаж яваа урлаг сонгодог, эрхэмсэг гэсэн тодотголтой учраас би хар, шартай хутгалдах дургүй. Миний имиж, эзэмшсэн мэргэжил  маань эрхэмсэг сайхны билэг тэмдэг учраас тэр байдлаа хадгалахыг хүсдэг. Тиймээс би тэгтлээ илэн далангүй байж чадахгүй нь. Бусад бүсгүйчүүдийн нэгэн адил амьдралыг үзэж туулж, жаргахдаа жаргаж, сурахдаа суралцаад явж байна.

-Бальзакын насан дээрээ яваа, түүнийгээ тун ч их мэдэрч буй хийлч эмэгтэйтэй хүүхэн ертөнцийн тухай ярилцмаар санагдаж байна. Эмэгтэй хүн хэн болох, амьдралд хэрхэн хандах ёстой, утга учир нь юу юм гээд олон асуулт байдаг. Та бодлоо хуваалцаач?
-Эмэгтэй хүнд эрчүүдийг бодвол илүү боломж ихтэй байдаг гэж би боддог. Асар олон тэр боломжуудаас авч, барьж чадсан нь амжилтанд хүрдэг. Гэтэл эр хүнд тэр болгон боломжууд байдаггүй.

Эмэгтэй хүн байгалиас заяасан гоо үзэсгэлэнтэй учраас түүнийгээ тордох нь үүрэг. Бүр энэ тэргүүний үүрэг. Хоёрдугаарт, эмэгтэй хүн өөрийнхөө дотоод руу өнгийж байх хэрэгтэй. Таны асууж байгаа эмэгтэй хүн байхын утга учир юу вэ гэдгийг өөрөөсөө байнга асууж байх хэрэгтэй. Эмэгтэй хүн хэрвээ сонсч л чадвал интуаци /зөн совин.сурв/ нь маш хүчтэй амьтад шүү дээ. Ийм чанар гэтэл эрчүүдэд байдаггүй. Энэ чухал чанараа хөгжүүлчихвэл эмэгтэй хүн өөртөө итгэл алдарч, эргэлзэх, бусдаас дэмжлэг хүсч, лам хараар явах ч шаардлага байхгүй. Хувь заяагаа сайн байгаасай гэж чин сэтгэлээсээ залбирчихаад явж байхад эмэгтэйчүүд бидэнд маш их баялаг бий.

-Сайхан хариулт байлаа. Санал нийлж байна. Ингэхэд залуу насыг алдаа нь хүртэл чимдэг гэдэг. Дээгийгийн хувьд залуу насны чимэг хэр их байдаг бол?
-Эртхэн тусмаа сайн гэж нэг үг байдаг байх аа. Нэгэнт алдахгүй хүн гэж байхгүй учраас эртхэн алдаад, амсаад, ухаажчихсан нь дээр гэсэн санаа. Амьдрал хүнд дааж баршгүй ачаа үүрүүлдэггүй юм шиг санагддаг. Харин тэр бүхнийг сөрж, давж гарах л чухал.

Хорь дөнгөж гарч явахад олон учрал ирдэг. Тэр бүхний дунд цочирдоно, айна. Тэгж явсаар өөрийгөө бий болгодог. Багшийн маань нэг үг санаанаас ер гардаггүй. Бүр амьдралын минь уриа, зарчим болсон нэг үг бий. Эмэгтэй хүн чадалтай л байх хэрэгтэй. Магадгүй миний өдий зэрэгтэй яваагийн нэг шалтгаан нь энэ үгийг би амьдралынхаа зарчмыг болгож явдагтай холбоотой болов уу.

Нээрээ өөрийн бизнестэй, сургуультай, оршихуйтай болчихсон мадамуудыг хараад надад нэг их сайхан сэтгэгдэл төрдөг. Амьдралын аз жаргал, амт, хатуу ширүүн бүхнийг өөрийнхөөрөө туулаад, хатуужаад бас баялгаа бүтээчихсэн мадамууд.    Тэд чадалтай байдаг. Би тийм мадам болохыг мөрөөддөг.

-Тэгвэл эмэгтэй хүний хүч нь юундаа оршдог юм бол?

-Ухаан. Амжилтын хамгийн том хэсэг. Дээр нь хувь заяа эерэг байх ёстой. Нийлээд асар их хүч.
 

-Алдар нэр танд юу авчирсан  бэ?
-Надад олон сайхан учралуудыг авчирсан.

Алдар нэр гэж юу вэ гэвэл ажил хөдөлмөр, хийж бүтээсэн зүйлс байдаг. Би хийлч гэдэг мэргэжил эзэмшээд хийж бүтээсэн. Би дуртай болоод л хийл тоглоод суусан юм биш. Энэ бол миний талх байсан. Энэ бол миний ажил байсан. Би ХБК-д алдартай хийлч болно ч гэж ороогүй. Сургуулиа төгсөөд ядаж л ажилтай болно, хоолоо олоод илчихнэ гэж бодсон. Ээж маань миний охин хийлч болоод ядахдаа л цэцэрлэгийн багш болно гэж хэлж байж билээ. Би хийлч учраас л, би сайн хөдөлмөрлөсөн учраас надад бас сайн хувь тавилан байсан учраас би алдартай болсон. Энэ надад сайн сайхан бүхнийг авчирсан.

-Ойрд сонсоогүй чин, үнэн үгс байна. Ийм залуу эмэгтэйгээс хайр дурлалын талаар асуухгүй өнгөрч чадахгүй нь. Хайр гэж юу вэ? Таны амьдралд юу өгдөг бол?

-Хайр бол ус.
Анужин багшаар “W” клубийнхээ нээлтэнд лекц уншуулахдаа нэг л өгүүлбэрийг яс махандаа шингэтэл тогтоож, шингээж авсан. Тэр бол эмэгтэй хүн 30 минут тутамд балга ус ууж байх хэрэгтэй. Хайр яг л ийм зүйл. Эмэгтэй хүн эр хүнээс ер нь юу хүсдэг гээч. Хайр халамжийг л хүсдэг. Ганцхан үүнийг өгчихөд л бусад нь аяндаа болоод явчихдаг. Хайр халамж жаахан дутаад ирэхээр эмэгтэй хүн гундаж эхэлдэг. Дотор нь  зэвүүцэл, гутрал төрдөг. Бүх юм утгагүй санагддаг. Тэднийг хайрлаад л байвал юу ч хийнэ. Балга ус шиг хайраар эмэгтэй хүн амьдардаг. Эсрэгээрээ эмэгтэй хүн эрэгтэй хүнийг маш сайн ойлгодог байх хэрэгтэй. Ухаалаг эмэгтэйчүүдийн хамгийн чухал зарчмуудын нэг. Эрэгтэй хүнийг сайн ойлгож чадвал эмэгтэй хүн хайрлуулах учраа олно. Тэгэхээр эмэгтэй хүнээс өөрөөс нь ундаргатай байгаа биз..
 

-Та ер нь эр ертөнцийг хэр ойлгодог эмэгтэй вэ?
-Амьдралын туршлагаас бий болдог зүйл юм билээ. Хүнтэй гэрлэж, хүүхэд төрүүлэхээсээ өмнө олон эр ертөнцтэй учирсан байж таарна. Тэр бүрд ойлгохоо ч мэдэхгүй, ойлгохыг ч хүсэхгүй гэхэд ч хаашаа юм, он жилүүдийг туулж ирсэн. Алдаагүй амьдрал, алдаагүй дурсамж гэж байхгүй. Энэ бүхэнд эр, эм хүмүүсийн хоорондын ертөнцийг ойлгодог болж байна. Ойлгох тусам хайрыг улам мэдэрч, улам ойлгож байна. Бусдыг хэт их хайрлаад байгаа бүсгүйчүүдийг хараад алдаж байна даа гэж боддог. Эмэгтэй хүн чин их сул, эмзэг ертөнц шүү дээ. Олон нугалаа, дэлбээтэй цэцэг. Түүнийг эрчүүдийн зүгээс ойлгох хэрэггүй. Ойлгоё гэхэд эр хүний нас ч хүрэхгүй. Зүгээр л хайрла. Битгий тэднийг дааруулж, усаар дутаа. Сайн усалж бай. Тэгвэл яаж ургаад байгаа нь мэдэгдэхгүй, хар аяндаа дэлбээлсээр байдаг. Түүнээс биш цэцэг өөрөө гүйж очоод хайрыг мэдрүүлэх гээд байх шаардлагагүй гэж боддог. Гэхдээ энэ миний бодол шүү дээ.  
-Эмэгтэй хүнийг зүгээр л хайрла, тэд хайрлах бус хайрлуулах ёстой гэж та ярилаа. Тэгвэл эрчүүд яах ёстой юм бол оо?
-Эрчүүдэд хамгийн чухал зүйл хийморь байдаг. Түшиг тулгуур нь болж, эр хүний үндсэн оршихуй онгод хийморийг нь тэтгээд явж байхад тэд бас юуг ч хийнэ. Эрэгтэй хүн навч биш, цэцэг биш харин түүнийг өөрөөсөө дэлгэрүүлдэг модны гол нь. Тэр мод хэзээ ч нуршгүй байх итгэлийг эрчүүдэд өгөх нь бидний үүрэг. Эмэгтэйчүүдийн амьдралдаа хийх том хөрөнгө оруулалт.
 

-Танд ямар эрчүүд таалагддаг вэ?
-Үнэнээ л хэлье, уучлаарай. Надад “Би бүгдийг зохицуулна” гэдэг эрчүүд л таалагддаг.
 

-Цаагуураа би хүчтэй эр хүнд татагддаг гэсэн үг байна?  
-Ер нь эрчүүд эмэгтэй хүнээс яахуу, ийхүү гэж асуухын оронд би чиний ар тал, бүгдийг зохицуулна гэдэг эрчүүд хамгийн гоё. Эмэгтэйчүүд удирдуулах дуртай. Тэднийг хүчирхэг оршихуйгаараа удирддаг, ийм, тийм байх ёстой гэж итгэлтэй, чадалтай хэлж чаддаг, араа даадаг эрчүүд бол жинхэнэ мужикууд. Эрчүүдийг өөрөөр нь хөдөлгөх хэрэгтэй.

-Нууц амраг, гуравдагч хүний талаарх таны бодол?

Орон зай бий болсноос үүсдэг зүйл. Хүн жаргалтай амьдрахыг хүсдэг байгалийн өгөгдөлтэй учраас хэн хэн нь бие биенээ дүүрэн байлгах хэрэгтэй болов уу.
 

-Таны амьдралын үнэт зүйл юу вэ?
Хүн амьдралынхаа үнэт зүйлийг яг юунаас олдгийг одоо мэдэрч байна. Биеийнхээ талыг олох л чухал юм байна. Энэ бол амьдралын үнэт зүйл. Үүн дээр итгэлцэл чухал. Бусдаар  нь хорвоод юуг ч өөрчилж, ямар ч шийдвэр гаргаж болно.

-Та хүнээ олсон уу?
-Олсон.

-Баяр хүргэе. Таньтай ярилцах таатай байлаа. Нээлттэй юм шиг атлаа нээгдэж өгдөггүй, чамин цоожоор түгжчихсэн юм шиг тэгтлээ нээгдэж өгдөггүй ертөнц та байлаа. Магадгүй сонгодог урлагийн танд өгсөн хүмүүжил, танд тусдаг гялбаа биз. Ямартаа ч Монголын ард түмэнд, бидний үед сонгодог урлаг хэмээх эрхэмсэг ертөнцийг ойртуулж, зүрх сэтгэл баярлуулж явдагт тань баярладаг шүү. Таны тоглолтод амжилт хүсье.
-Баярлалаа. Хүн энэ ертөнцөд даалгавартай ирдэг. Даалгавараа ухамсарлачихсан яваа. Биелүүлэх гээд хичээж явна. Амьдрал сайхан юмаар илүүддэггүй. Сайхан зүйлийг улам их болгох нь миний мэргэжил юм.

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • Зочин
    Хогшин овгонийг ногоо тал гэнэ ичиж амьдараачээ!
    2014 оны 05 сарын 27 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025