Нүдэнд дулаахан, цэвэрхэн, хөөрхөн үнэлгээг кино сонирхогчдоос авсан энэ бүсгүй урлагийн ертөнцөд ёстой л “гэрлийн хурд”-аар гарч ирсэн. Хорьж боломгүй 20 насандаа хичээл, ажлыг зэрэгцүүлэн завгүй хөдөлмөрлөж яваа нь түүний хувийн зохион байгуулалт сайтайн нэг илрэл. СУИС-ийн 3 дугаар курсын оюутан Б.Мишээл өсвөр насандаа газрын теннисээр улсын аварга болж байсан төдийгүй усан спортоор хичээллэдэг юм билээ. Ингээд Б.Мишээлийн ертөнцөд уншигч та бүхэн түр саатна уу.

-Сүүлийн үед маш хурдтай ахиж дэвшиж яваа залуу уран бүтээлчтэй уулзаж байгаадаа баяртай байна. Өөрийнхөө талаар манай уншигчдад дэлгэрэнгүй танилцуулбал?
-Юуны өмнө танай сайтын нийт уншигчдад энэ өдрийн мэндийг хүргье. Намайг Буянжаргалын Мишээл гэдэг. Одоо дөнгөж залуугаараа 20-хон насан дээрээ явж байна. СУИС-ийн 3-р курсын оюутан. АЖ Ж.Лхамхүү багшийн шавь. Аав, ээж, эгч, дүүтэйгээ амьдардаг. Айлын 3 охины дундах нь. Өөрийнхөө хүсэж зорьсон мэргэжлээр сурахын хажуугаар ажиллаад явж байна даа.
-10 жилээ хаана төгссөн бэ?
-Би Орчлонг төгссөн. Тэгээд шууд СУИС-д конкурсдээд орсон.
-Танай сургууль гүнзгий сургалттай, хичээлээр дардаг нөхцөл байдал дунд яг ийм мэргэжил сонгоно гэдэг эрс тэс санагдаж байна?
-Би жүжигчин болох сонголтыг маш гэнэт хийсэн л дээ. Анхандаа сэтгүүлч болно гэж боддог байсан. Манай Орчлон сургууль Кембрижийн хөтөлбөртэй, хүүхдүүдийг гадагшаа олон улсын сургууль руу их явуулдаг. Би ч гэсэн тэгж явах талаар бодож байсан боловч “Chance” агентлагт орсноор ирээдүйн хандлагаа өөрчилсөн. Сэтгүүлзүйн чиглэлээр дагнах гэж байсан чинь манай Нараа багш намайг жүжигчин болвол их ирээдүйтэй авьяастай юм байна гээд. Тэгээд би ер нь яагаад болохгүй гэж яагаад чадахгүй гэж гээд. Тэгээд л конкурсдсэн чинь тэнцсэн л дээ. Ер нь бол буруу сонголт хийгээгүй гэж боддог шүү. Сонголтондоо баярладаг, сэтгэл хангалуун байгаа.
-Нэгдүгээр курсдээ л “Дэлхийд дурласан сар” киноны гол дүрд тоглосон шүү дээ. Энэ бас их гэнэтийн байлаа. Урлагийн салбарт шинэ хүн “цоорч” гарч ирэх амар биш?
-Ер нь би өөрийгөө их азтай, хувьтай хүн гэж боддог. Нэгдүгээр курсдээ дөнгөж оюутан болоод гол дүр авна гэдэг бол хүн болгонд тохиогоод байдаг аз биш байх л даа. Дээрээс нь миний хувьд маш том үүрэг хариуцлага юм болов уу гэж бодсон. Аз гэдгээсээ гадна надад маш том үүрэг хариуцлага, маш олон хүмүүсийн итгэл ирж байгаа. Тийм болохоор би өөртөө маш том зорилго тавьсан л даа. Тэр киноны нүүр будагч анх надад санал тавьсан. Тэгээд би найруулагч Тулгаа ахтай очиж уулзаад дүр маань ч надад таалагдаад проб өгөөд тэнцсэн.

-Мишээл сүүлийн үед шинэ уран бүтээл бүрд оролцож байна. Никитоны “Үүлэн үст” клип, “Голланд сарнай” уран сайхны кинонд гол дүрийг бүтээлээ. Ёстой л өөрийн чинь хэлдгээр тууштай ахиж явна. Цаашдын алсын хараа?
-Оюутан хүүхэд болохоор төдийлөн шинэ уран бүтээл гаргаад хийгээд байж чадахгүй байна. Хичээлээ хийх хэрэгтэй. Сургуулиа төгссөний дараа надад маш том зорилт, бодсон бодол байгаа. Маш их зүйл байна л даа. Тэр болгоноо бага багаар ч гэсэн яваандаа өөрөө хийж байна. Сурахынхаа хажуугаар уран бүтээлд оролцоно гэдэг оюутан хүүхдэд маш чухал хичээл болдог юм байна. Зөвхөн СУИС-аас авах зүйлээ авахаас гадна амьдрал дээр олон хүмүүстэй харьцаад олон мундаг жүжигчидтэй, найруулагчидтай харьцаад ирэхээрээ урлагийг арай өөр өнцгөөс нь хардаг болдог юм байна.
-Танай хамаатнууд ч юмуу гэр бүлийнхэн дотор урлагийн хүн байгаа юу?
-Байхгүй. Би ганц урлагийн хүн нь.
-Эмэгтэй хүн болгонд гоо сайхан байдлаа хадгалдаг жор бий. Зарим үед амьдралын маш энгийн хэвшил гол түлхүүр нь болох жишээтэй?
-Эмэгтэй хүн мэдээж залуугаасаа гоо сайхандаа анхаарах ёстой байдаг. Би гоо сайхандаа маш их гэхээсээ бага анхаардаг байх л даа. Хичээл ихтэй, тэр бүр гоо сайханд ороод байх цаг зав байдаггүй. Ерөнхийдөө сардаа нэг удаа гоо сайхны салоноор үйлчлүүлчихдэг. Бүтэн биений спа-д орчихдог. Эмэгтэйчүүд өөрөө хэрэглэж байгаа бүтээгдэхүүнээ зөв сонгож авах ёстой юм болов уу. Миний арьс их эмзэг л дээ. Харшил өгдөг болохоор төдийлөн янз бүрийн юм хэрэглэж чаддаггүй. Дандаа алоетой ургамлын гаралтай зүйлүүдийг хэрэглэдэг. Миний ганц баримталж явдаг зарчим бол шингэн юм сайн уух. Тэр тусмаа ногоон цай байнга уудаг. Өдөрт их хэмжээгээр уудаг. Тэр хэрээр арьс маань гэрэлтдэг юм болов уу гэж би анзаардаг.
-Сүүлийн үед жингээ барина гэдэг асуудлыг их хурцаар тавьдаг болж л дээ. Заавал хэт илүүдэл жинтэй хойноо диет барих биш өмнө нь анхаарах тал дээр охид бүсгүйчүүд санал нэгтэй байна?
-Би таргалаад байдаггүй. Өөрөө их бага иддэг, жижигхэн ходоодтой. Их идсэн ч таргалдаггүй. Байнга хөдөлгөөнтэй байдаг болохоор ер нь таргалдаггүй шүү.
-Өөрийн чинь бодлоор гоо сайхны нууц юу вэ?
-Гоо сайхны нууцыг би хөдөлгөөн гэж боддог. Зөв хооллолт бас чухал. Би багаасаа спортоор хичээллэсэн л дээ. Газрын теннисээр 5 жил хичээллээд улсын аварга болж байсан.
-Ёстой шинэ мэдээлэл байна шүү. Ийм турьхан бүсгүйг газрын теннисээр аварга болтлоо амжилт үзүүлсэн байдаг?
-/инээв/ Би 9 настайгаасаа 14, 15 нас хүртлээ хичээллэсэн. Тэр хугацаанд олон тэмцээнд оролцож байсан. Гурван ч удаа улсын аварга болж байсан. Бас усан спортоор хичээллэдэг. Зун хичээлгүй үедээ усанд сэлэнгээ фитнессээр хичээллэдэг. Эрүүл чийрэг болохоор арьс ч гэсэн цаанаасаа гэрэлтдэг байх л даа.
-Өнөөдөр гэгээн хайрын өдөр. Валентины талаар сэтгэгдлээ хуваалцбал?
-Гэгээн хайрын баяр учраас залуу хүмүүсийн хувьд маш үнэ цэнтэй баяр байдаг байх л даа. Миний хувьд ч гэсэн маш үнэ цэнтэй. Бие биенийгээ чин үнэнчээр хайрлах, хайрлаж хайрлуулах хүнтэй байна гэдэг хорвоогийн маш том аз жаргал. Тийм учраас хайртай хүнтэйгээ энэ баярыг тэмдэглэх нь зүй ёсны хэрэг. Бие биедээ баяр хүргэж, бэлэг бэлдэн хамтдаа өнгөрүүлэх нь хосуудын хувьд хамгийн нандин дурсамж болдог болов уу.
-Мишээл хэр олон хүнд шоколад өгч байв. Хэр дурламтгай вэ?
-Жүжигчин хүмүүс хийж байгаа уран бүтээл, биеэ авч яваа байдлаасаа болоод дурламтгай ч юм шиг харагддаг байх. Гэхдээ янз бүр л байх. Гэхдээ миний хувьд бол би бас их хашир ч юмуу, тийм хүн байж магадгүй. Нэг удаа л Валентины баяраар хүнд өөрийнхөө гараар бялуу хийж өгч байсан. Тэрнээс шоколад ч юмуу тиймэрхүү зүйл өгч байгаагүй юм байна шүү.
-Одоо тэр Гэгээн хайрын өдрөөр “Үүлэн үст”-ээс бялуу авч байсан азтан хаана байна?
-Бид хоёр тэгээд ... хоёр тийш болсон доо.
-Хайрыг хамгийн товчхоноор юу гэж хэлмээр байна. Яг одоо бол ид залуу сайхан насан дээрээ явна. Энэ үед хайр ямар мэдрэмж төрүүлж байна?
-Миний хувьд нэг тийм сонин, содон мэдрэмж гэж бодож байна. Хүнд хайртай болоод хүнээр хайрлуулаад, хайрлана гэдэг зүрх сэтгэлээс гардаг маш сонин мэдрэмж. Яг тэр мэдрэмжийг юутай ч зүйрлүүлж чадахгүй юм байна.
-Мэдээж залуу бүсгүй юм чинь хааяа ч гэсэн сайхан залууд шохоорхлын харц шиднэ л биз дээ. Хамгийн түрүүнд юуг нь хардаг вэ?
-Биеэ авч явж байгаа байдал, хүнтэй харьцах харилцаа, боловсрол.
-Яг одоо Мишээл хайраа олсон уу?
-Сайн хэлж мэдэхгүй байна. Дөнгөж 20 насан дээрээ явж байгаа юм чинь. Гэхдээ урлагийн хүнийг ойлгож хайрлах хүн бас ховор байдаг байх аа. Хэцүү байх. Одоохондоо сайн хэлж мэдэхгүй байна.
-Гэхдээ найз залуу байгаа юу?
-Байгаа.
-Тэр хүнийнхээ юунд нь хамгийн их татагдсан бэ?
-Ер нь эрэгтэй хүн биеэ авч яваа байдал бүх талаараа хамт байгаа эмэгтэй хүнээ number one хүндлэх ёстой байдаг юм болов уу. Эмэгтэй хүнийг хүндэлдэг бас халамжтай, чин үнэнчээр зүрх сэтгэлээсээ хайрладаг байвал цаанаасаа л нүднээс нь тэр хайр мэдрэгддэг шүү, ер нь бол. Жүжигчин хүмүүс чинь хүнийг нүдээр нь уншчихдаг болдог гэдэг шүү дээ. Яг тэрэнтэй адилхан чин үнэнч байна уу, худлаа байна уу гэдгийг би тэр хүний нүднээс олж харсан байх л даа.
-Хайр сэтгэлийн тал дээр Мишээлийн баримталдаг зарчим. Залуус, охид бүсгүйчүүдтэй энэ сайхан Гэгээн хайрын өдөр хувийн зүгээс бодлоо хуваалцбал?
-Охид бүсгүйчүүдийн хувьд зөвлөх юм бол эмэгтэй хүн нууцлаг байх тусмаа илүү их үнэ цэнтэй болдог юм болов уу. Өөрийгөө бага багаар, жижигхээн жижигхэн алхмаар нээвэл тэр хүн чинь чамайг илүү үнэ цэнтэйгээр хайрлах юм болов уу гэж боддог юм. Хөвгүүддээ хандаж хэлэх юм бол хайрласан эмэгтэйгээ битгий гомдоогоорой. Эмэгтэй хүн гэдэг чинь их тийм эмзэг байдаг шүү дээ. Хүнд амархан дасдаг. Эмэгтэй хүн болгон л тэгж боддог байх. Эмэгтэй хүн болгон л амархан дасдаг байх. Тийм болохоор тэр эмэгтэй хүнээ битгий гомдоогоорой, битгий шархлуулаарай гэж би хүсмээр байна. Тэгээд нэгэнт бие биенээ хайрлаж байгаа юм чинь чин үнэнчээр л хайрлаарай. Битгий нэг нэгнийгээ гомдоож хуураарай. Залуу хүмүүсийн дунд хууралт, мэхлэлт гэдэг зүйл их байдаг байх л даа. Мэдээж энэ ч гоё харагдаад, тэр ч хөөрхөн харагдаад төлөвшөөгүй, тогтворгүй үе. Тийм болохоор нэг нэгнийгээ сэтгэлд нь юм хийчихгүй л хайрлавал үнэ цэнтэй хайр байх юм болов уу.
-Мишээл “Тэртээх ертөнцийн хөгжимчин” кинонд мөн гол дүр бүтээж байгаа. Валентинд кино чинь нээлтээ хийх билүү?
-Удахгүй дэлгэцийн нэгэн шинэ уран бүтээл цацагдах гэж байгааг дуулгахад таатай байна. “Black magic”, “Lemon” студи хоёр хамтарч хийж байгаа “Тэртээх ертөнцийн хөгжимчин” хэмээх кино юм. Кино маань Гэгээн Валентины өдрөөр нээлтээ хийх ёстой байж байгаад хойшлогдлоо. Маш гайхалтай хайрын тухай кино. Энэ кинонд би гол дүрийг бүтээсэн. Мөн маш олон чадварлаг жүжигчид тоглож байгаа. Багцаагаар бол 3-н сарын 8-нд нээлтээ хийх байх. Удахгүй шинэ уран бүтээлээрээ үзэгчидтэйгээ уулзья.
Цаг зав гарган ярилцсан танд баярлалаа.
У.ЦАХИРМАА
2014.02.14
Сэтгэгдэл (3)