Монголын толгой бизнесмэнүүдийн эхлэл ганзага гаралтай гэдэг. Тэгвэл үүнээс хойших үеийн шинэ залуу бизнесмэнүүдийн давалгаа энэ зууны эхээр хүч түрсэн нь "Моннис", "Эко констракшн", "Алтай констракшн" зэрэг бүтээн байгуулалтаар гараагаа эхэлсэн шижигнэсэн залуусын арми. Тэдний нэг гуч дөнгөж гарсан насандаа амжилт дагуулж, орон зайгаа дархалсан "Алтай констракшн" компанийн захирал ноён Х.Бат-Эрдэнэ манай энэ удаагийн "Гранд би" булангийн хүндэт зочноор уригдлаа.
Цэл залуухан энэ бизнесмэн эр мөн ч их хэвлэлээр балбуулдаг. Сайн, муу дуулиан шуугианы гол баатрын байр сууриа алдаж үзээгүй. Тэр бүхэнд эмзэглэж, элдэв хэл зарга үүсгэдэггүй нь эрийн шийртэйнх. Нөгөө талаар олон түмний нүдэн дээр өөрийн гараар хийж бүтээсэндээ нүүр бардам, толгой гэдгэр амьдардагийнх элдэв хэл аманд ач холбогдол өгдөггүй юм байна гэх бодол өөрийн эрхгүй төрснийг нуух юун. Аав нь насаараа тээврийн жолооч хийсэн буурал. Тиймээс тэр төмөр хүлгийн хоббитой. Ээж нь Монголын анхны морин спортын мастер. Тиймээс тэр хурдан моринд орж, хийморьтой залуу уяачдын эгнээг нэгээр нэмсэн. Эгэл жирийн тээврийн жолоочийн хүүгээс их бүтээн байгуулалтын эзэн, нэр алдартай бизнесмэн төрсөн бахархам амжилтын түүх гэвэл чухамдаа түүнийх.
Яармагийн дэнж дэх таван ханатай гэрт эгэл дундаж айлд ах дүүстэйгээ бужигнаж өссөн ноён Х.Бат-Эрдэнэ багаасаа ачигч, грушикээс авахуулаад хийж болох бүхнийг хийсээр бүтээн байгуулалтын бизнест хөл тавьсан аж. Эр хүн тэмүүлэлтэй, зоригтой, зорилготой, ноён нуруутай, нүнжиг сэтгэлтэй байвал элсэн цөлд ч төгөл босгож болдогийг амьдралаараа харуулж яваа, хэвлэлд урьд өмнө нь ам нээж байгаагүй манай цаг үеийн гол баатруудын нэг ноён Х.Бат-Эрдэнийн яриаг уншигчиддаа хүргэж байгаадаа баяртай байна.
Монгол түмний их баяр наадам Улсын баяр болоод удаагүй байна. Та сайхан наадав уу? Хэр одтой наадав?
Тэгш ой давхацсан энэ жилийн баяраар их сайхан наадлаа. Морь маань сайн хурдаллаа. Компанийн маань бөх Бат-Эрдэнэ идтэй сайхан барилдаж, 1024 бөхөөс гарьд болж, өндөр цолонд хүрлээ. Өөрийнхөө хичээл зүтгэлээр энэ амжилтад хүрсэнд баяртай байна.
-Таны амидаа, танай нутгийн бөх юм байна лээ. Хэдийнээс танай компани бөхтэй болсон бол? Бөхийнхөө цолыг яаж мялаах гэж байна?
-Шинэ гарьд маань Говь-Алтай аймгийн Цээл сумынх. Одоо дөнгөж 25 настай цэл залуухан бөх. Начин цолтой байхдаа манай компанийн бөх болсон. Гурав дахь жилийнхээ нүүрийг үзэх гэж байна. Өсөх ирээдүтэй бөх гэж бид боддог байсан. Бөх маань ч өөрөө ирж хүсэлт тавьсанаар хамтран ажиллах болсон. Есдүгээр сарын эхээр цолных нь найрыг хийхээр төлөвлөж байна. Компанийн зүгээс мэдээж цолыг нь мялаана. Гол нь амжилт гаргасных нь дараа бус өмнө нь амжилт гаргах бүх нөхцлөөр хангаж өгөх нь чухал. Компанийн зүгээс орон байрны асуудал, бэлтгэл сургуулилтаа хийх боломж нөхцлийг үндсэндээ урьдчилаад шийдээд өгчихсөн байсан. Тийм ч учраас санаа зовох зүйлгүйгээр, зөвхөн спортод сэтгэл зүрхээ зориулж, бэлтгэл сургуулилтдаа анхаарч энэ амжилтад хүрсэн гэж ойлгож байгаа.
-Жил бүрийн наадмаар таныг наадмын зүлэг ногоон дэвжээн дээр хурдан буянаа хөтөлж, бай шагнал авах тэр мөчид олж хардаг. Таныг хурдан моринд ороход юу нөлөөлсөн бол?
-2007 оны сүүлээр их насны нэг морь авч, улсын наадамд зургаалуулж, моринд орж байсан түүхтэй. Даншиг халзан гэдэг хурдан буян бий. Тэр цагаас хойш улс бүсийн наадмаас тасралтгүй айраг, түрүү авч ирлээ. Моринд орох болсон гол шалтгаан нь удам судар, өвөг дээдэс маань эртнээс морь малтай, хурдтай хүмүүс байсан. Ээжийн аав Монгол Улсын алдарт уяач Төмөржаа гэдэг хүн байсан. Ээж маань Монголын морины анхны спортын мастер Төмөржаагийн Цэрмаа гэдэг хүн бий. Би ч багаасаа морь малд их ойр өссөн. Энэ бүхэн морь мал, хурдан хүлэгтэй холбогдохоос өөр аргагүйд хүргэсэн гэх үү дээ.
-Таны морьдын уяа сойлгыг хэн тааруулдаг вэ?
Ээжийн шавь нарын нэг, Монгол улсын манлай уяач Бат-Өлзий уяж сойдог. Уяачид Дугараа гэвэл андахгүй, сайн уяач байдаг.
-Наадмын дараа аймаг, сумдын ой, бүсийн даншиг гэх мэтээр монгол наадам үргэлжилдэг. Та энэ жил хаа хаана наадах төлөвлөгөөтэй байна?
-Манай уяач Өмнөговь руу зарим морьдоо аваад явах байх. Би өөрөө Архангайн Тамирын хурд руу явах төлөвлөгөөтэй байгаа.
-Хурдан хүлэг эр хүний хийморь лундааг далладаг гэдэгтэй санал нийлэх үү? Та хийморьтой эр хүн үү?
-Тэгэлгүй яахав. Эзнийхээ хийморь лундааг дагадаг гэдгийг хүлээн зөвшөөрнө. Морьд маань тасралтгүй айрагдаж, бөх маань идтэй сайхан барилдаж байна. Би хийморьтой эр хүн.
-Ингэхэд таны ярилцлагыг ер уншиж байгаагүй юм байна. Их нууцлаг гэж тодорхойлж болохоор юм уу даа. Бага нас, нутаг усныхаа талаар дотно яриа дэлгээч?
-Нууцлаг гээд байх юм байхгүй л дээ. Миний хийж байгаа ажил, манай компанийн эрхэлж буй бизнес олны нүдэнд ил цагаан байдаг. Хэн ч орж ирээд шалгаад өгье гэхэд нууж хаах юм байхгүй. Ер нь бол сонин хэвлэлийнхэнтэй ойр дотно биш учраас тэгж ойлгодог байж болох юм. Би Улаанбаатар хотод төрсөн. Аав, ээжийн уугуул нутаг Говь-Алтай аймгийн Шарга сум. Зуны амралтаараа нутагтаа очиж, өвөө, эмээ дээрээ мал ахуйд ойр дотно өссөн. Аав маань насаараа тээврийн жолооч хийсэн Хадбаасан гэдэг буянтай хөгшин байдаг. Монголын бараг бүх нутаг дэвсгэр, ялангуяа баруун аймгуудыг ачаа тээвэрлэж тойрсон хүн. Ээж насаараа спортод зүрх сэтгэлээ өгсөн, Монголын анхны эмэгтэй морин спортын мастер. Бид аав, ээжээсээ дөрвүүлээ. Ах Батбаасан, эгч Бадамцэцэг, дүү Батболд бид хэд эгэл жирийн дундаж айлд төрж өссөн. Бидний бага нас үндсэндээ Амгалангийн гэр хороололд өнгөрсөн. Таван ханатай гэрт ах дүүстэйгээ халуун дулаан аз жаргалтай бага насыг өнгөрүүлсэн дээ. Амгалангийн 27-р дунд сургууль, 8-р бага сургууль дүүргэсэн. Янз бүрийн бизнес, наймаа панз гэж явсаар хожуухан ТИС-ийн барилгын инженерийн ангийг дүүргэсэн.
-Таныг гүндүүгүй, эршүүд, хүнлэг эр хүн гэж олон хүнээс сонсож байлаа. Уулзахад та их даруухан, дотогшоо я гэмээр юм. Энэ гэр бүлийн хүмүүжлийн нөлөө юу?
-Миний зан характерыг хөндлөнгийн хүмүүс дүгнэх байх. Ер нь бол аавтайгаа их адилхан. Аав маань жинхэнэ монгол эр хүний зан чанарыг өөртөө шингээсэн, гүндүүгүй, тусч сайхан сэтгэлтэй хүн байдаг. Ээж маань ч хүний төлөө гүйж явдаг. Хоёр хөгшнийхөө энэ сайхан зан чанарыг өвлөж авч, удам судрынхаа үнэт зүйл болгохыг хичээдэг юм.
-Та бол манай цуутай залуу бизнесмэнүүдийн нэг. Шинэ цагийн бизнесмэнүүд ихэнх нь ганзагаар дамжиж энэ ертөнцөд хөл тавьсан байдаг. Таны хувьд бизнесийн тань эхлэл юу байсан бол?
-Аав ээж хоёр маань насаараа улсад ажиллаж, хөдөлмөрлөсөн улсууд. Социалист гэр бүлийн жишиг шүү дээ. Хоосон хонохгүй, хоёр идэхгүй дундаж айл байлаа. Багаасаа сургууль соёлд явахынхаа хажуугаар Амгалангийн цэргийн зам дээр очиж ачаа буулгах, автобусны буудал дээр самар, тамхи зарахаас авахуулаад хийж болох бүхнийг хийж явсан. Грушик хийж явсан үе ч бий. Харин үндсэн бизнес 97, 98 оны үеэс Баянгол дүүрэг, 6-р бичил хороололд автомашины гараш барихаас эхэлсэн. Тэндээсээ үүдэж барилгын компаниа байгуулж, орон сууц барьж эхэлсэн.
-Таныг хотын нөлөө бүхий эрхмийн жолооч байсан, тэндээс бизнест хөл тавьж амжилтад хүрсэн гэж ярьж, бичих нь их. Үүнд та ямар хариулт өгөх вэ?
-Янз бүрээр л бичдэг. “Хадгаламж” банкнаас мөнгө идсэн, тэр мөнгөөрөөө бизнес хийгээд явж байна гэх мэтээр. Би ямар нэг байдлаар улсын, хотын, төрийн мөнгөнөөс идэж, ууж, албан тушаалтнуудтай орооцолдож үзээгүй. Цэлмэг гэдэг хүний жолооч хийж байсан гэж их бичдэг юм. Энэ талаар надаас нэг ч сэтгүүлч ирж асууж байгаагүй. Асууя ч гэсэн би ярилцлага өгч байгаагүй. Өнөөдөр харин танай сэтгүүлд нэгэнт ярилцлага өгснийх хэлэхэд би хэн нэгэн хүний жолооч хийж байгаагүй. “Хадгаламж” банкнаас мөнгө идээгүй. Тэр байтугай улсын нэг ч тендер, нэг ч ажлыг авч хийж байгаагүй. Ирээд шалгасан ч болно. Өөрсдийнхөө хүч хөдөлмөр, хөрөнгөөр барилга байгууламжаа бариад, зараад, үйлдвэрээ бариад явж байна. Тийм ч учраас би элдвийн ярианд эмзэглэж, ач холбогдол өгдөггүй.
Хэвлэлд ярилцлага өгөөд, би тийм биш, ийм биш гээд байдаггүй маань ч ийм учиртай. Яахав тэгж бичих сонирхолтой хүмүүс байвал бичиж л байг. Бичлээ гээд би тийм болчихгүй. Гэхдээ бичиж байгаа хүмүүсийн ухамсарыг өрөвддөг юм. Хүний жолооч хийж байгаад ийм том компанийн захирал болчихсон гэж мөн ч олон сониноос олж уншсан. Хэрэв үнэхээр жолооч хийж байгаад том компанийн захирал болсон бол тэр хүнийг бид шүтэж, бишрэх хэрэгтэй. Тэр хүн хөдөлмөрлөж чадсан байна ш дээ. Харамсалтай нь би тэгж шүтэж бишрүүлэхээр жолоочийг нь хийж байгаагүй юм даа. Үнэхээр ийм амжилтын түүхтэй хүн байдаг бол би дэмжинэ. Өшөө олон ийм хүн гараасай гэж хүснэ. Тэгж байж энэ улс орон хөгжинө.
-Цэл залуухан бизнесийн амжилтанд хүрсэн таны хувьд бэрхшээл хэр тохиолддог вэ? Хэр хатуу захирал бол?
-Бэрхшээл тохиолдоноо. Бэрхшээлгүй, саадгүй ажил, амьдрал гэж юу байхав. Тэр бүхнийг зохицуулах ёстой. Хатуу захирлын хувьд хатуу шүү.
-Хүн бүрт амжилтын нууц, хүч байдаг. Таны амжилтын нууц, хөдөлгөгч хүч, хөшүүрэг нь юу гэж та үздэг вэ?
-Өөрийгөө мундаг амжилтад хүрчихсэн гэж ханах болоогүй байна. Хөдөлмөрлөсөн хүн бүр ашиг шимийг нь хүртдэг. Тэр л жамаар явж байна. Өшөө ч цааш явж, ихийг хийж бүтээе гэж боддог. Хэрвээ амжилтад хүрсэн гэж үзэж байвал гол хөшүүрэг, ар тал нь миний гэр бүл. Бид их халуун дулаан, нэг амьтай өсөцгөөсөн. Эгч маань байна. Компаниа байгуулсан үеэс эхлээд төрсөн ах, “Алтай констракшн” компанийн гүйцэтгэх захирал Батбаасан маань дэргэд байж, ажлын гол ачааг нугалж ирсэн. Эд маань хажууд байж, хазайх цагт түшиж, их ажлын голыг нугалалцаж ирсэн. Түүнээс Бат-Эрдэнэ гэдэг хүн ганцаараа яваад өдий хүрчихсэн гэвэл өрөөсгөл ойлголт болно. Ер нь гэр бүл гэдэг их чухал зүйл. Ялангуяа монгол гэр бүл их элгэмсэг, дотно халуун сэтгэлтэй, түүгээрээ ч бусад улс үндэстнээс ялгардаг. Харин сүүлийн үед ах дүүс бие биеэсээ холдож, сонин болоод ч байгаа юм шиг тал анзаарагдаад байгаа шүү.
-Таныг хурдан хүлгээс гадна төмөр хүлгийн хоббитойг мэдэх юм. Үзмэр гаргахаар дайны цуглуулга байдаг гэдэг?
-Хүн өөрийнхөө хүч хөдөлмөрөөр олж байгаа хөрөнгө мөнгөө дуртай зүйлдээ зарцуулдаг байх ёстой гэж боддог. Энэ бол учиргүй гангарч, гаараад бусдад илүүрхэх гэсэн хэрэг биш. Аав маань насаараа тээврийн жолооч хийсэн. Аавынхаа ачааны том тэргэнд ах бид хоёр бараг өссөн гэж болно. Тийм болоод ч тэр үү, манайхан бүгдээрээ машинд дуртай. Тиймээс сайн машинд гар татаад байдаггүй.
-Таны утас болоод машинуудын дугаар 0666-аар ижилссэн байдаг. Монгол хүн билгээр амьдардаг философийг та их эрхэмлэдэг бололтой юм. Та хэр шүтлэгтэй вэ?
-Шүтлэгтэй шүү. Гэлээ гээд сүрхий лам харгуйгаар яваад байдаггүй. Аав, ээж хоёр миний өмнөөс явж хамаг л ном судар уншуулж, арц хүж уугиулж явдаг улсууд. Миний бараг амьд бурхан болчихсон хоёр хүн байна. Жаахан л хэл ам гарвал аль хэдийнэ гандан гарчихсан явж байдаг. Аав, ээж хоёр дээрээ очоод, гарынх нь цайг угаад гарахад хийморь сэргээд, бүх зүйл тэгшрээд явчих шиг санагддаг юм.
-Зургаагийн тоо танд ямар бэлгэдэл илэрхийлдэг вэ?
-Гурван зургаа нийлээд бурханы сайхан тоо болдог юм. Тийм учраас гурван зургаагийн тоонд дуртай.
-Таны гэргий үзэсгэлэнтэй бүсгүй байдаг юм билээ. Таны хайрыг булаасан тэр бүсгүйтэй танилцаж болох уу?
-Гэргий маань бас надтай адил хэвлэлийнхээс зай барьдаг хүн. Товчхон танилцуулахад Түвшинбаярын Наранчимэг гэдэг. 1-р сургууль, МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг санхүү-эдийн засагч мэргэжлээр төгссөн. Одоо чөлөөт уран бүтээл хийхийн хажуугаар хувийн бизнесээ эрхлээд явж байгаа. Нөхөр, үр хүүхэддээ халамжтай бүсгүй бий.
-Гэргийгээ хүү төрүүлж өгсөнд нь гоо сайхны салон, үнэ цэнэтэй машин бэлэглэсэн гээд л хэвлэлүүд шуугидаг. Та ч халамжтай өрхийн тэргүүн бололтой юм?
-Хүний нөхөр, хоёрын хоёр хүүхдийн эцэг, бүхэл бүтэн өрхийн тэргүүн гэдэг утгаараа халамжтай байх ёстой л доо. Өрхийн тэргүүн гэсэн эрх эдэлж байгаа бол хариуцлагаа бас ухамсарлаж, гэр бүлээ жаргалтай, сайхан амьдруулах ёстой. Энэ бол миний хүлээсэн том үүрэг гэж би боддог. Гэр бүл гэдэг хүний хамгийн нандин эрхэм зүйл. Ажлаасаа ядраад очиход халуун дулаан гэр бүл тосож авна гэдэг юугаар ч солих аргагүй аз жаргал. Ийм аз жаргалыг надад бэлэглэж, миний гэр бүлийг бий болгож, авч яваа тэр бүсгүйд би хайрынхаа илэрхийлэл болгож бэлэг өгөх нь буруу зүйл биш биз дээ. Үнэ цэнэтэй гэдгийн тухайд баярхаж, сайрхсан хэрэг ер биш. Үнэхээр эхнэртээ хайртай бол тухайн хүн ямар үйлдэл хийж, юу бэлэглэх нь хувь хүний сэтгэлийн асуудал. Хайр, халамжаа илэрхийлж буй нэг хэлбэр гэж боддог.
-Гэргийтэйгээ яаж танилцаж байсан бэ?
-Энэ бол манай гэр бүлийн дотоод нандин асуудал биз ээ. Би ер нь сонин хэвлэлд ярилцлага өгөөд байдаггүй. Тэгээд ч гэр бүлийнхээ дотоод асуудлыг дэлгээд яахав. Аягүй бол эхнэр маань зэмлэнэ ш дээ (инээв).
-Юм хийсэн хүн л сайн муугаараа хэлүүлдэг жамтай. Таны талаар элдвийн хэл үг их гардаг. Байнга л дуулиан шуугиан тарьж явдаг эрхмүүдийн нэг. Та яаж хүлээж авдаг вэ?
-Нэг их ач холбогдол өгөөд байдаггүй юм. Бичих нэг нь бичээд, ярих нэг нь яриад явж л байна биз. Гэхдээ бодит амьдрал, хийсвэр яриа хоёр их ялгаатай. Намайг муулж бичлээ гээд би доош ороод эсвэл тийм болчихгүйгээс хойш эмзэглэдэггүй юм. Бичих тоолонд сэтгэл санаагаар унаад,үгүй ш дээ, худлаа ш дээ гээд сэтгүүлчидтэй заргалдаад яваад байх зав алга. Нерв ч алга. Шаардлага ч алга.
-Ам нээвэл уушиг нээ гэдэг. “Алтан сарнай” наадмын шилдэг залуугаар тодорч тэр цагаас та олны хараанд орж ирснийг санаж байна. МАСЗХ-ныхыг ээрч тойрсон хэл ам, залуучуудынх нь алдаа, оноо нэгэн үе Монголын нийгэмд халуу шатсан шуугиануудыг тарьж байсан өдрүүд саяхан мэт санагдах юм. Та ч тэдний дунд байсан. Хэвлэлээр мөн ч олон бичүүлсэн. Яг бодит амьдрал дээр юу болсон юм бэ?
-Халуухан сенсааци гэхээр “Хадгаламж” банктай холбоотой зүйлийг та ярьж байх шиг байна. Хэвлэлийнхэн “Хадгаламж” банктай хамаатуулж, гарчиглаж ирээд бичдэг. Тиймээс энэ тухай яриа гэж ойлгож байна. Манай залуучуудын холбоо түүнээс өөрөөр буруу зөрүү юм хийчихээгүй, олон сайхан зүйл хийж бүтээж, санаачилж, уриалж яваа сайхан энергитэй, хийж бүтээе гэсэн залуучууд цугласан газар гэж бодож явдаг. Одоо ч гэсэн тэгж боддог учраас дэмждэг. Тухайн үед нэг хүний гаргасан алдаан дээр дөрөөлж бүхэл бүтэн байгууллага, хамт олныг буруутгаж их бичиж байлаа. Өрөөсгөл л дөө. Яахав, Чимэдцэрэн гэдэг хүн алдаа гаргасан. Миний сайн найз. Одоо ч гэсэн найзаа гэж боддог. Хэрэв гомдож, өсөрхвөл хамгийн их гомдохоор болсон хүн нь би. Ямар ч гэм буруугүй хэрнээ хэлмэгдэж, 50 гаруй хоног Ганц худаг гэдэг газар суулаа. Хоригдлоо. Нэрээ усаа шалдаа ортол бичүүлсэн. Тэглээ гээд би доошоо ороод, дордчихгүй нь тодорхой учраас гомдоод, найз нөхөддөө өсөрхөөд байдаггүй. Одоо ч сайхан найзаа гэж бодож явдаг. Баяр наадмын дараа зав чөлөө гараад, хэрэв зөвшөөрлийг нь олговол найзыгаа эргэнэ гэж бодож байгаа.
Яаж яваад энэ хэрэгт орооцолдоод, баригдаж хоригдох дээрээ тулсан бэ гэвэл найз нөхдийн итгэлцэл дээр үндэслэсэн харилцаанаас үүдэлтэй. Би дансаараа хоёр удаа мөнгөний гүйлгээ хийчихсэн. Хэн ч гэсэн нэг найз дээрээ хүрч ирээд “найз аа, данс руу чинь хэдэн төгрөг хийчихье, гаргаад өгөөч” гэвэл үгүй гэх хүн ховор л байх. Чимэдцэрэн маань “Найзад нь данс байдаггүй ээ, хэдэн төгрөг шилжүүлчихье, нягтлангаа явуулаад бэлнээр нь гаргуулаад өгөөч” гэсэн. Тэр мөнгө ямар учиртай би мэдээгүй. Хар буруу санахгүйгээр компанийнхаа дансаар хоёр ч удаа гүйлгээ хийгээд, мөнгийг нь гаргаад өгчихсөн. Хуулийн үүднээс банкнаасаа авч байсан мөнгө нь манай дансаар дамжаад гарчихсан болохоор хардахаар өөр аргагүй нөхцөл үүссэн. Тиймээс хуулийн байгууллагыг буруутгах ямар ч үндэслэл байхгүй. Гэхдээ эцэстээ үнэн мөн нь олдож, учир тайлагдсан. Үнэн мөн нь олдоно ч гэж би найдаж байсан.
-Та нөхөрлөлд их үнэнч ханддаг, ач холбогдол өгдөг хүн бололтой. Нөхөрлөлд ямар шалгуур тавьдаг вэ?
-Хүнтэй нөхөрлөхөд учиргүй шалгуур, цензур тавиад явах нь хаашаа юм. Гол нь үнэнч, давхар бодолгүй, чин сэтгэлээсээ байх чухал шүү дээ. Би ер нь олон найз нөхдөөр хүрээлүүлж, тэдэнтэйгээ үргэлж хамт байж, цагийг сайхан өнгөрүүлэх дуртай. Нөхөрлөлд итгэлцэл хамгийн чухал.
-Та ч олон найз нөхөддөө байр сав өгч, буян болсон хүн. “Номин талст”-ын Дэлгэрмөрөнгөөс авахуулаад урлагийнхан их жин дардаг юм шиг ээ. Тийм ч учраас таныг хүмүүс их баян гэж ойлгодог?
-Тэр бол баян цатгаландаа хийдэг асуудал биш л дээ. Олсноо олон түмэнтэйгээ хуваалцъя гэж боддог хүн. Хүн мөнгийг олж байна, хагартлаа баяжаад, хав дараад явахын оронд бусадтай хуваалцаж, бусдад буян болохыг хичээдэг. Ер нь бол урлаг спортынхныг дэмжиж, тусалъя гэж боддог. Эд чинь кармандаа хуушуурын ч мөнгөгүй хэрнээ ард түмнийг хүнд хэцүү цагт хүртэл инээлгэж, баясгаж, үзэж харах юмаар дутаахгүй ирсэн улс. Урлагаас хүн амьдралын нэг гэрэл гэгээг олж харж, таашаал авч байдаг. Урлагийнхан маань өөрт байгаа ганц зүйл авьяасаараа бүхнийг авч явдаг. Тамирчид байна. Идэх хоолгүй байж л хамаг бяр хүч, бүх юмаа дайчилж гадагш явж амжилт гаргаж, эх орныхоо нэрийг гаргаж явсан. Хийж байгаа зүйлдээ зүрх сэтгэлээ үнэхээр зориулж чаддаг учраас урлаг, спортынхныг дэмжиж, тусалъя гэж боддог хэрэг. Тиймдээ ч манай компанийн нэр дээр нэлээн хэдэн тамирчин бий. Тэдэндээ нэлээн байр сав өгсөн. Урлагийнхныг ч гэсэн нэлээн дэмждэг. Энэ бол баярхаж цадархсандаа эсвэл юм нь илүү гарсандаа биш. Бусдыг дэмжье гэсэн санаа.
-Орчин үед компаниудын амжилт, нэр хүндийг нийгмийн хариуцлагаа хэр төвшинд биелүүлж байгаагаар нь үнэлж дүгнэдэг болсон. “Алтай констракшн” энэ тал дээр хэр мэдрэмжтэй компани вэ?
-Монгол улсад бүртгэлтэй үйл ажиллагаа явуулж байгаа компанийн хувьд нийгмийн хариуцлагаа биелүүлж яваа. Нийгмийн хариуцлагаа ухамсарлаж байгаагийн хамгийн том жишээ бол төлөх ёстой татвар төлөөсөө цаг тухайд нь үнэн зөв төлөх явдал гэж би хувьдаа боддог. Үүгээрээ компаниуд нийгмийн өмнө том хариуцлага үүрч байгаа. Манай компани нэлээн өндөр хэмжээнд татвар төлдөг аж ахуйн нэгжүүдийн нэг. Бидний төлсөн татвар төлөөс хүрэх ёстой газраа хүрч, нийгмийн эмзэг, ядуу буурай, өнчин, өвчтэй зовлонтой улсуудад хүрч, бага ч болов тус нэмэр болдог байх.
Бид ер нь гудамжинд явж байгаа ядуу буурайг шууд дэмжихээсээ илүү эхлээд компанийнхаа ажилчдын ниймийн асуудлыг шийдэх тал дээр илүү анхаарал тавьдаг. Энд ажиллаж байгаа улсууд сэтгэл хангалуун, нийгмийн асуудал нь шийдэгдчихсэн, байр савтай, унах унаатай, цалин мөнгө нь хангалуун байж тэдний ард байгаа хүмүүсийн амьдралын баталгаа хангагдана. Үүгээрээ энэ компани нийгмийн хүнд ачаанаас багыг ч гэсэн үүрэлцэж байгаа гэж ойлгодог. Ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдсний дараа мэдээж гадагшаа хандсан, буян хүмүүнлэгийн үйлсэд хувь нэмрээ оруулна. Одоо ч гэсэн тодорхой хэмжээгээр хүмүүнлэгийн үйлсэд хувь нэмрээ оруулдаг.
-“Алтай констракшн” компани ямар ямар чиглэлд үйл ажиллагаа явуулж байна? Хэдэн хүнийг ажлын байраар хангадаг вэ?
-Мэдээж барилга угсралтын салбарт үйл ажиллагааг эрхэлж байна. Барилгын материалын үйлдвэрлэлийн чиглэлээр гурван ч үйлдвэр ашиглалтад орчихсон байна. Уул уурхай, газар тариалангийн салбарт бас бизнес эрхэлдэг. Тогтмол 400-500, улирлын чанартай мянга гаруй хүнийг ажлын байраар хангаж байна.
-Өдий насандаа баялаг бүтээж, бүтээн босголт хийж буй таны насны залуу бизнесмэнээр бахархахгүй байхын аргагүй. Та хэзээ нэгэн цагт улс төрд лавхан орж, сонгуульд хүч үзэх үү?
-Улс төрд орох төлөвлөгөө ерөөсөө байхгүй. Хэзээ ч орохгүй гэж боддог. Зарим хүмүүс улс төрд орсноороо эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмэр оруулна гэдэг. Энэ бол өрөөсгөл ойлголт. Заавал улс төрд очиж үг хэлснээрээ үг нь үнэ хүндтэй болдог, баталсан хууль нь улс орны хөгжилд хувь нэмэр болдог юм биш л дээ. Хувийн хэвшилд бизнес эрхлээд явж байгаа хүмүүс ч гэсэн улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулж яваа. Миний хувьд ч гэсэн хийж буй хөдөлмөр, эрхэлж байгаа бизнесээрээ эх орныхоо хөгжилд цэцэглэлтэд хувь нэмрээ бага ч болов оруулъя. Ямар нэг байдлаар улс төрд орж, хутгалдъя гэж боддоггүй.
-Та хэр үрэлгэн бэ? Ер нь мөнгөний тал дээр таны баримталдаг зарчим?
-Ер нь үрэлгэн шүү. Нэлээн үрэлгэн талдаа. Гэхдээ мөнгийг зөв зарцуулж, үрэх гэдэг чухал зүйл байдаг. Олохдоо хүрвэл мөнгийг амархан олж болно. Харин зөв зүйлд, хэрэгтэй юманд зөв зарцуулж, үрэх хэцүү.
-Та эр хүний хувьд юугаар гангардаг вэ? Тэдний гоёл цаг, зангиа гээд хөвөрдөг..
-Нэг их сүйдтэй гангараад байдаггүй. Сайхан цаганд харин дуртай. Үндэснийхээ баяр наадмаар эртний сайхан хөөрөг барих дуртай.
-Хурдан мориноос гадна чөлөөт цагаа юунд харамгүй зориулдаг вэ?
-Нэг их чөлөөт цаг гараад байдаггүй юм. Зав гарвал найз нөхөдтэйгээ зааланд бөмбөг тоглоно. Сүүлийн үед харин гольфод цаг заваа их үрж байна.
Сэтгэгдэл (1)