СТА Н.Баасандорж: Нийтийн дууны үнэ цэнэ алдагдлаа

Удахгүй тоглолтоо хийх гэж байгаа хөгжмийн зохиолч, дуучин СТА Н.Баасандоржтой уулзаж ярилцлаа. Түүний “Зөн билэгтэй ээж” тоглолт тавдугаар сарын 26-нд Бөхийн өргөөнд болох юм.

-Grandnews.mn-ийн уншигчдын өмнөөс танд энэ өдрийн мэнд хүргэе. Таны энэ удаагийн тоглолтын онцлогоос яриагаа эхлэх үү?
-“Зөн билэгтэй ээж” тоглолт миний тавь дахь тоглолт боловч миний дуулаач талаараа хийж байгаа анхны бие даасан тоглолт. Өөрийнхөө зохиосон “Зөөлөн зөөлөн замбуулин” дуугаараа нэрлэсэн гээд уран бүтээлч, яруу найрагч нартай хамтран олон тоглолт хийж байсан. Энэ тоглолт маань анх удаагаа бие дааж хийж байгаагаараа онцлог.  
 

-Яагаад ганцаараа бие дааж хийхээр болсон бэ. Таны олон дууг хит болгосон дуучид дуулахгүй юу?
-Энэ бол миний ая зохиогч талаасаа биш дуучин талаасаа хийж байгаа тоглолт. Тоглолтод маань урилгаар дуучид биш “Болор цом”-ын эзэд ирж шүлэг уншина.
 

-Тухайлбал
-Ардын уран зохиолч П.Бадарч, Ц.Бавуудорж, Б.Ичинхорлоо, А.Эрдэнэ-Очир нар оролцоно. Энэ маань Эх үрсийн баярыг угтсан тоглолт. Тоглолтод ихэнхдээ ээжүүдийн дуу дуулна. Яруу найрагчид маань ээжүүдийн тухай шүлгээ уншина. Бүх тоглолтод дуучид л дуугаа дуулдаг бол энэ тоглолт яруу найрагчид ирж шүлгээ уншиж цомирлог маягаар үргэлжилнэ. Дуу шүлэг хосолсон сайхан тоглолт болно гэдэгт итгэж байна.

-Таныг хөгжмийн зохиолч гэдгээр чинь хүмүүс илүү мэднэ. Харин дуулаачийнхаа талаар арай дэлгэрэнгүй ярилцая. Хэд дэх жилдээ уран бүтээлээ хийж байна?
-1999 онд СУИС-д уртын дууны ангид Дэлгэр багшийн шавь болж орсон. Манай ангид дуучин Т.Батсайхан, Л.Болдбаатар, Л.Банзрагч, Г.Эрдэнэтунгалаг, Батболд гэх мэт олон алдартай дуучид нэг үе болон төгссөн. Нийтийн дууны ертөнцөд байр сууриа олчихсон энэ дуучидтай нэг багшийн удирдлага дор төгссөн. Би өөрөө бол 2000 оноос дуулж эхэлсэн. Оюутан байхдаа л би дуулья гэж яардаггүй байсан. Энэ хэддээ дууг нь зохиож өгдөг байсан. Ая зохиох бол миний мэргэжил биш миний хобби. Би хоббигоороо л хийдэг. Багшийн сургуулийн хөгжмийн ангийг 1994 онд дуу хөгжмийн багш мэргэжмилтэйгээр төгссөн. Олон сайхан хөгжмийн багш нарар хичээл заалгаж төгссөн хүн шүү дээ. Тэгээд албан ёсоор 2002 оноос л дуулах уран бүтээл минь эхэлсэн дээ.
 

-Таны нутаг ус хаагуур бэ?
-Баянхонгор аймгийн Гурван булаг суманд төрж, суралцаж төгссөн. Сургуулиа төгсөөд нутагтаа дуу хөгжмийн багшаар дөрвөн жил ажилласан. Тэгээд дараа нь би хөгжмийн багш хийх хүн биш юм байна гэж өөрийгөө мэдэрсэн. Тэнд хүүхдүүдэд юм зааж сургана гэж улсын төсвийн хэдэн төгрөг хороогоод зааж сургасан юм байхгүй шал дэмий байгаад яахав, өөрийнхөө сонирхолтой зүйлээ хийе гэж бодсон. Багаасаа л дуучин, урлагийн хүн болно гэж боддог хүн байлаа шүү дээ. Манай аав ардын авьяастай хүн. Долоон настайд минь уртын дуу зааж, том жижиг олон уралдаан тэмцээнд биднийг дагуулж явсаар урлагт дуртай болгосон. Үүнээс хойш дуучин болно гэж бодол сэтгэлээс гарахгүй явсаар дуучин болсон доо.

Би одоо чөлөөт уран бүтээлч. Түүнийхээ хажуугаар дуу бичлэгийн студи, продакшн ажиллуулдаг.

-Манайд ер нь тоглолтыг ашиг талаас нь харахад хэцүү гэдэг. Уран бүтээлчид хийсэн бүтээснээ тайлагнадаг боловч  ашиг олдоггүй гэдэг. Таны тоглолт ашиг олох болов уу. Ивээн тэтгэгч олон байна уу?
-Минийх мөн адилхан. Уран бүтээлийнхээ тайлан тавих гэж байна. Ашгийн юм байхгүй. Би 2000 оноос хойш тоглолт хийхгүй дөрвөн жил болчихсон байна. Ноднин тоглолтоо хийх гэж бодсоор ажил амжихгүй явсаар өдий хүрчихлээ. Намайг дэмждэг, уран бүтээлийг минь үнэлдэг сайхан сэтгэлтэй хүмүүсийн ачаар л тоглолт маань болж байна. Тоглолт хийхэд зардал их гардаг. Тэр их зардлаас минь хуваалцаж ерөнхий ивээн тэтгэгчээр “Нармон” компани хамтран ажиллаж байна. Мөн олон арван хүмүүс дэмжиж тусалж байгаад ярилцлагаараа дамжуулан баярлаж талархсанаа илэрхийлье.  

-Таньд хөгжим бичих, дуу дуулах хоёрын аль нь илүү ойр дөхөм байдаг бэ. Дуучин тэгээд хөгжим бичнэ гэдэг бас баргийн хүний барах ажил биш. Харин та хослуулаад ажиллаж байна гэхээр сонин байна л даа?
-Надад бол ая зохиох амархан байдаг. Дуучин хүн бол олон үзэгчийн өмнө ганцаараа зогсож үзэгчдийг байлдан дагуулах ёстой болохоор хэцүү юм шиг санагддаг. Өөрөө яалт ч үгүй, дуртай, сонирхолоортой болохоор ая зохиох нь амар санагддаг байх. Түүнээс биш амар юм гэж юу байхав.

-Нэг үеэ бодвол нийтийн дууныхны хүч жаахан сулраад байгаа юмуу даа. Нэг хэсэг нийтийн дууныхан байлдан дагуулж байлаа шүү дээ. Та юу гэж бодож байна?
-Тантай санал нийлж байна. Асар олон уран бүтээлч, дуучин, ая зохиогч төрөөд байна л даа. Тэр олон дуучдад чанарын шаардлага тавихгүй байна. Тэгээд бужигнаад хөл толгойгоо олохоо байчихсан. Энэ байдлаас болоод нийтийн дууны үнэ цэнэ буураад байгаа болов уу гэж бодож байна. Нэг дууг олны хүртээл болгох гэж нэлээн олон шат дамжлага дамждаг байсан. Эхлээд зохиогч шүлгээ бичин утга зохиолын хороон дээр очиж нэг ёсондоо шалгалтанд ордог. Тэгээд энэ шүлэг дуу болох юм байна гээд шалгагдсан даргын гарын үсэгтэй шүлгэнд хөгжмийн зохиолч ая хийгээд хөгжмийн зохиолчдын хороо бас дахиад батлана. За тэгээд зөвшөөрөгдөх юм бол нийтийн хүртээл болго гэсэн зөвшөөрөлтэйгээр цацагддаг байсан үе бий. Харин одоо бол хэн дуртай нь дуу хийж байна. Тийм учраас нийтийн дууны салбар цэгцрэх цаг үе нь болсон гэж бодож байна.

-Саяхан зохиолын дуучдын улаан хивсний ёслол боллоо. Та очсон уу?
-Би очиж амжаагүй. Урилга ирсэн.

-Магадгүй шагнал авах байсан болов уу?
-Мэдэхгүй. Миний хэдэн дуу нэр дэвшсэн сурагтай байсан.

-Ер нь тэгээд нийтийн дуу гэдэг өөрөө яг юу гэсэн үг бэ?
-Нийтээрээ л дуулдаг дуу.

-Тэгвэл нийтийн дуучин хүн гэдэг ямар байх ёстой бэ. Чамирхаж болохгүй гэж байгаа юм биш л дээ. Улаан хивсний ёслол хийх шаардлага байсан юмуу?
-Ер нь нэг тийм том наадам байх ёстой гэж бодож байна. Олон жилийн өмнө Алтан микрофон гэж юм явагдаад бас тэгээд алга болчихсон. Рок попын Пентотаник гээд том наадам болдог ш дээ. Яг түүн шиг бүгдээрээ оролцсон сайхан наадам бол шаардлагатай. Оны шилдэг дуу шалгаруулах “Морин хуур” наадам гээд болдог л доо. Энэ бол хөгжмийн зохиолчдын наадам, мэргэжлийн дуулаачдын дууг шалгаруулчихдаг. Дараа жилээс нийтээрээ олныг хамарсан наадам болгоё гэсэн яриа хөгжмийн зохиолчдын дунд бас яригдаж байгаа. Уг нь “Морин хуур” наадам намайг оюутан болоод ирж байхад үзэгчид олонтой, тэсэн ядан хүлээдэг үзэгчидтэй байсан. Түүнтэй адилхан “Болор цом” наадам байна. Одоо бас эргээд “Болор цом” сэргэж байгаа юм шиг байна. Манай “Морин хуур” наадам ирэх жилээс сэргэчих байх гэж бодож байна.

-Тэгэхээр нэлээн ажиллагаа, нэгдэл чухал юм шиг байна даа?
-Нэгдэл маш чухал. Түүнийг яаж гоё зохион байгуулах вэ гэдэг зөв сэтгэл, зөв менежмент хэрэгтэй.

-Хувийн амьдралынхаа талаар товч мэдээлэл өгнө үү? Эхнэрээсээ салсан гэж яригдаж байсан?
-Бид хоёр тийш болсон үнэн.

-Урлагийнхныг хөнгөн хийсвэр гээд яриад байдаг энэ талаар?
-Урлагийн хүмүүс гээд яриад байдаг. Тэр урлагийн хүмүүс нь хүний нүдэн дээр ил байдаг. Түүнээс биш урлагийн, олны танил хүмүүсээс гадна энгийн жирийн амьдралтай хүмүүсийн аль салж нийлж байгааг тэр гэхэв.

-Үзэгчид таны тоглолтноос юу мэдрээсэй, юуг их гоё хүлээж аваасай гэж хүсэж байна. Үзэгчдийг юу хүлээж байгаа бол?
-Тэндээс эхийн хайр, ээжийгээ хайрлах тэр сайхан сэтгэлийг мэдрээсэй гэж хүсч байна. Хүн бүхэн ээжийнхээ ачийг хариулах юмсан гэдэг. Ачийг нь хариулах гээд үнэ цэнэтэй бэлэг авч өгөх гээд мөнгө төгрөгний боломж гардаггүй үе ч байдаг. Миний бодлоор хүн өөрөө зөв үг үйлдэл үйлдээд явах юм бол эхийнхээ ачийг хариулж байгаа нэгээхэн хэлбэр болов уу гэж боддог.

-Мэдээж ганцаараа дуулж байгаа учраас бэлтгэл ажил их байгаа байх тийм үү?
-Тэгэлгүй яахав. Бэлтгэлээ базаагаад явж байна. Би 17, 18 дуу дуулна. Хажуугаар нь шүлэг, яруу найраг уншина. Би төгөлдөр хуур дарж ээжийн тухай дууг үзэгчидтэй хамтран дуулна. Тэгээд дээрээс нь нэгэн уран бүтээлч уригдаж оролцож байгаа. Хуучирч Одонтунгалаг хөгжмийн тансаг аялгууг үзэгчдэд өргөн барина. Ингээд ээжийн тухай цогц тоглолт хийх гээд явж байна.

Баярлалаа. Танд амжилт хүсье. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.grandnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл (1)

  • Amidral..
    saihan ehner chn jil huleene gej uujuu setgel gargachihaad juramtai huleej suugss suragtai.er hun bn da,gertee hari da...dalijiganaj aild suuj baih nas mun u..GERTEE HARI...GERTEE HARI..GERTEE HARI...
    2014 оны 06 сарын 04 | Хариулах
99090000
info@grandnews.mn
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2025